ЯРУУ НАЙРАГЧ  Б.ГАЛСАНСҮХ: МОНГОЛЧУУД БИД ОЮУНЛАГ, БҮТЭЭЛЧ АРД ТҮМЭН.

Яруу найрагч Галсүх-ийг танихгүй хүн бараг байхгүй. Түүнийг голдуу “Модернист”  Галсансүх гэж дуудна. Тэрээр саяхан Америкт болсон “Уран үгсийн чуулган” -  Утга зохиолын наадамд оролцоод монголдоо очсоны дараахан нь холбогдож ярилцлаа. 

Асуулт:  - Америкт ямар хотуудаар явав?
Хариулт -  Чикаго, Лос Анжелос, Лас Вегас ороод Guns & Roses -ийг сонсоод,  эргэж ирээд Чикагод “Уран үгсийн чуулган”даа оролцлоо.
ААмерикийн хүч чадалыг мэдэрсэн юм биздээ... Ямар сэтгэгдэл төрөв?
X -Америкт бол яахавдээ, хүмүүс хэлж байдаг ш дээ ... Америк ороод нэг үзчих юмсан,  зарим нь бүр Америкт очиж үзээд үхэх юмсан энэ тэр гээд...Тэгээд яахав, тэр Америк тивд хөл тавилаа. Тэр газарыг харлаа. Хамгийн их таалагдсан юм юу байв гэхлээр хүн бүрийн эрх, аюулгүй байдлыг хамгаалж байгаа нь их таалагдлаа. Би өмнө нь нилээн хэдэн ороноор явж байсан. Орост бол газар сайгүй л бичиг баримтаа шалгуулж явлаа. Америкт бол хэн ч шалгахгүй байгаа нь гайхалтай санагдсан.

Тэгсэн мөртлөө хэн хаана юу хийгээд байгааг мэдээд байдаг юм шиг билээ. Хүний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж чадсан нь их таалагдлаа. Бас өөр нэг таалагдсан юм нь болохоор хүнсний аюулгүй байдал. Манайд бол хулхи юм захаас аваад л байгаа ш дээ, тэгэхэд тэнд бол хүнсний чанар, аюулгүй байдалд их анхаарал тавьдаг нь  анзаарагдсан.
А - " Америкийн Монголчууд" гэсэн тодотголтой монголчууд бий болжээ. Тэр монголчууд, монголд байгаа монголчуудаас юугаараа ялгагдах юм?
X - Нэгдүгээрт тэр нийгэм нь хүмүүсийг хүмүүжүүлчихдэг юм байна.  Миний мэдэх зарим нөхөд босс мосс гээд л мундаг, янз бүрийн ажил эрхлээд монголд явж байсан хүмүүс үхсэн хатсан ч юмуу гэмээр сураггүй алга болчихсон, тэгсэн харин  ихэнх нь Америкт явж байхтай таарлаа. Эрүүл энх, сайн сайхан, нийгмээ дагаад архи дарс, элдэв юмнаас хол, жинхэнэ амьдрал гэдгийг ойлгочихсон явж байна шүү дээ!
А - Миний бодлоор авьяас чадвартай зохиолч, яруу найрагчид гадаадад гараад өөрсдийн авьяас чадвараа “алчихдаг” юм боловуу гэж боддог юм. Чи энэ талаар юу гэж бодож байна?
Х - Тэнд очоод яг яруу найргаа дагнаад, англи хэлтэй яруу найрагт ойртоод яваад байгаа юм байхгүй байгаа юм шиг санагдсан. Тэрүүхэн хавьдаа , цөөн монголчуудынхаа хүрээлэлд хар ажил хийгээд явж байгаа л хүмүүс байгаа ш дээ. Хүний хэлнээс, хэлний боловсролоос нь шалтгаалж байгаа болохоор тэр Америкийн яруу найргийн хүрээлэлтэй харьцах боломж бага байгаа байх л даа. Тийм учираас манай тэнд байгаа яруу найрагч, зохиолчидын хувьд нилээд хэцүү талдаа юмуудаа гэж анзаарлаа.  Ер нь цаашдаа бол манайхан хэл усаа сайжруулаад тэр хүрээнд нь нэвтэрч орох хэрэгтэй юм гэж бодсон.
А - Чамаас нэг тийм амьдралын эрч хүч их мэдрэгддэгсэн. Одоо ер нь ямар байна даа?
Х - Ха, ха, ха (инээв)... Үзээд л байнаш дээ. Амьдрахын эрхэнд есөн шидээр л үзэж байна шүү дээ! Хэл ус сайн сурах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгож байгаа. Хөгширсөн гэж өөрийгөө гололгүйгээр англи хэлийг  сурна гэдэг зорилго өмнөө тавиад сууж байна. Манайхан  англи хэлтний яруу найргийн хүрээнд ороосой гэж боддог.
Одоо бол хэцүүлдээ, гадаадад байгаа тэр хэдийгээ тэг ингэ гэж шахах боломжгүй, тэд маань ажил хийж амьдарлаа авч явна, тэгээд яруу найргаа ингэнэ тэгнэ гэдэг бол хэцүү асуудал. Ер нь бол маниусын үе ингээд л өнгөрөх байхаа даа. Биднээс хойч үеийнхэн л англи хэлтнүүдттэй хүчээ үзэж явах байх.
А - Сүүлийн хорь гаран жилд монголд бослого хөдөлгөөн их дэгдлээ, тэглээ гээд өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа юм барагтайхан л байна гэж би боддог.  Чи энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
Х -  Одоо ер нь бол их хэцүү цаг үе байна л дааИтгэл найдвар даах хүн гэж алга
Бүгд л төрийн албан хаагч болох гэж, төрийн аль нэг тушаалд тэмүүлцгээж байна.  Би төрд гарч ирвэл илүү их ашиг олох юм байна, тендер нэрийн дор би хэдэн зуун сая, хэдэн тэр бумаар нь мөнгө идэж болох юм байна гэдэг ойлголт суучихаад үхэн хатан тэмцэлдэцгээж байна. Саяханы орон нутгийн сонгуулиар бүр дайн дажин болон алдлаа.
А - Ер нь бол авьяас чадвар муутай, “амьсгал” царайлсан гарууд л эрх мэдэлд тэмүүлдэг юм шиг?
X - Асар олон хүмүүс тэмүүлж байна ш дээ. Хүн болгон шуналтай. Төрөөс л амархан баяжчихья гэсэн хүмүүс л тэр зүг түлхүү яваад  байна. Тэгээд дараа нь төрийн албанаасаа халагдаад ирэхээрээ баяжиж хөлжиж чадаагүй нь архичин болоод дуусч байна.  Эсвэл гадаадруу зугтаагаад алга болж байна.
А - Чи зөн совинд итгэдэгүү?
X - Итгэдэг.  Ер нь бол яруу найраг гэдэг маань нэг талаасаа зөн совин л дoo.
А - Ер нь чиний хувьд улс орныхоо ирээдүйн талаарх итгэл найдвар гундуухан байгаа юмаа даа?
Х -  Юундаа гундахавдээ хөө! Одоо харин нэг сайхан шүлгийн ном гаргана гэж бодож явна. Түүхэн шүлгүүд болох байх.
А - Чи өнөөдөр, өнгөрсөн, ирээдүй гурван цагийн алинд нь илүү амьдардаг хүн бэ дээ?
Х -  Би гурвууланд нь л амьдардаг. Гурван цагт амьдардаг даа.
А - Өөрийнхөө хүчээр амьдрах гэдгийг юу гэж ойлгодог вэ?
X - Хүн ер нь өөрийнхөө хүчээр л амьдрах хэрэгтэй. Өөрийнхөө хүчээр амьдарч чадахгүй бол амьтан болно биздээ?!
А - Монголд өөрчлөлт шинэчлэл тэгээд яг явагдаж байна уу?
Х - Өөрчлөлт шинэчлэл ч гэж дээ... төрийн албанд очоод л мөнгө идэх гэсэн баахан хүмүүс л байна ш дээ. Одоо монгол маань нэг үеэ бодвол мөнгөтэй болчихож, төр нь мөнгөтэй болчихож, тэгээд л төрд орж аваад л, ямар нэгэн хурган дарга ч хамаагүй болоод  мөнгөний эрх мэдэлтэй болох гэсэн хүмүүс... Сая орон нутгийн сонгуулиар гэхэд л.... төсвийг нь (өчнөөн тэрбүм төгрөгийг) орон нутгийн эрх мэдэлд өгөх сургаар  аймгийн дарга,сумын дарга, дүүргийн дарга болохгээд л үхэлдэж байна aa…
А - Сэтгэлийн тэнхээ чинь барагдаж, буцах няцах, шүлэг энэ тэр бичихээ больё гэсэн бодол төрж байвуу?
Х -  Өө, үгүй үгүй, шүлгээ болиод байхдаа яадаг юм! (инээв) Шүлгээ бол өөртөө л зориулж бичдэг. Тэгээд өөрөө сайхан таашаал авдаг болохоор тэр сайхан таашаалаас хэн салья гэж бодохов.
А - Чи телевизийн нэг ярилцлага дээр тэмцэл тулаанд уриалаад байсан, тэр зам дээрээ хэвээрээ юу? нас ахиад...
Х - Хэвээрээ, хэвээрээ ... гэхдээ одоо итгэж болох хүн байхгүй болж дээ.
Монголчууд маань “галзуу” юм шиг л болчихож.  Миний нэг танил хэлж л байсан , монгол чинь “галзуугийн орон” болчихож гэж…зарим нь лам болж галзуураад, зарим нь бөө болж галзуураад, зарим нь дарга болж галзуураад, сүлжээний бизнесчин болж галзуураад...манай хүмүүс дотроо байгаа болохоор энэ өвчингөө мэдэхгүй байна л даа...
 А - Би хүнийг амьтанлаг, хүмүүнлэг, тэнгэрлэг гэж гурав ангилж үзмээр юмуудаа гэж бодож явдаг. Амьтанлаг нь зөвхөн амьтны зөн, хэрэгцээгээрээ л амьдардаг, хүмүүнлэг хүн нь өнөөгийн хүн төрөлхтний үнэт зүйлсээр баримжаалж амьдардаг, харин тэнгэрлэг нь болохоор бүтээлч хүн юм гэж...чи алинд нь өөрийгөө хамааруулах вэ?
Х - Үгүй одоо намайг ямар хүн болохыг бусад хүмүүс л хэлдэг байхдаа. Би хувьдаа бол тэнгэрлэг байхсан л гэж бодож явдаг.
А - Юунаас их урам зориг, онгод орж ирдэг вэ?
Х - Номноос, дуу хөгжимөөс, уран зургаас, киноноос, гэр бүлээсээ гээд л урам зориг авдаг, өгдөг юм их олон байна оо.  Хүн өөрийгөө давтаад л олон ном бичээд байж болно л доо. Гэхдээ би тэгэхийг хүсдэггүй. Одоо харин түүхийн сэдэвтэй шүлэг зохиол бичихгээд судлаад л үзээд л байгаа...
А - Монголд одоо хувь хүн их цөөхөн болжээ гэж боддог...
Х - Харин тиймээ, хувь хүний чанар нь устчихсан. Бүгд л нэг сүрэг дарга нар, бие биенээ тал тохой татаж намирсан улс, сүрэглэсэн бөөн бөөн луйварчид...сүлжээний бизнесчингүүд л байна.
А - Бага залуу насандаа ямар хүсэл зорилготой явав? биелэж хэрэгживүү?
Х - Сайн шүлэг бичих юмсан л гэж бодож явсан, тэр хүсэл маань биелээгүй л явна даа.
А -  Яруу найргаас гадуур ямар нэгэн юманд хүчээ үзэх дуртай юу?
Х - Үгүй ээ, үгүй. Олон юманд ийш тийшээ салбалзаад яахав гэж боддог. Яруу найрагтаа л хүчээ үзэж явбал болно.
А - Чамайг модернист яруу найрагч энэ тэр гээд л шуугих юм. Чи ер нь модернист шүлэг бичье гээд бичдэг юмуу, эсвэл чиний бичсэн шүлгийг хүмүүс модернист шүлэг байна гээд байдаг юмуу?
Х - Өө тэр нэрийг чинь надад  судлаач С.Энхбаяр л өгчихсөн юм. Би бол яруу найрагт шинэлэг байх юмсан л гэж боддог. Тэрнээс биш хүмүүсийн бичсэнийг давтаад л , аль нэг изм дуурайгаад л улиг болсон юм бичихгүй юмсан л гэж боддог. Тэр модернист гэнүү, юу гэнэ надад ер хамаагүй. Хүмүүс л тэгээд байдаг юм билээ.
А -  За миний асуух асуулт дууслаа, чамд ярилцлагынхаа сүүлчийн зайг үлдээе.
Х - Зөвхөн Америкт байгаа гэлтгүй, ер нь гадаадад байгаа үзэг нэгт нөхдийнхөө дунд сая би маш ойр дотно сайхан явж байгаад ирлээ. Урьд нь би сайн мэддэггүй байсан, сая “Уран үгсийн чуулган”-д очихдоо тэднийхээ аж амьдрал бүх юмыг харж үзэж яваад ирлээ. Монголчуудаараа үнэхээр бахархаж явлаа. Хүний нутагт амьдралын тулд, юм хийж бүтээхийн тулд үнэхээр зүтгэж явааг  нь харлаа. Бидний амьдралд боловсрол их нөлөөлдөг юм байна. Тэнд очсон доод түвшиний хар ажилчин - хятад бол ногоогоо л тарьдаг юм байна, япон бол загасаа л барьдаг юм байна.  Монголчууд бол шал өөр юм хийгээд явчихаж байна шүү дээ. Тэдэндээ хандаж хэлэхэд: -Үнэхээр та нарыг монгол эх  орон чинь харж байгaа шүү.  Сурах мэдэх ёстой сайн юмыг нь сураад, хийх ёстой юмыг нь хийгээд эх орондоо хурдан ирээрэй, Oдоо цаг дор нэг монгол гадагшаа явахад оронд нь хоёр хужаа орж ирээд байна шүү монголчуудаа! гэж хэлмээр байна.  Бас сая Чикаго-д болсон  “Уран үгсийн чуулган” бол монголчууд үнэхээр оюунлаг ард түмэн болохоо харууллаа. Үнэхээр бид чинь оюунлаг, бүтээлч ард түмэн юм гэдэг бол мэдрэгдэж байна лээ.Монголчууд чинь  цуглаад бас оюунлаг наадам хийдэг улс юм шүү гэдгийг тэр нутаг усныханд мэддэг болгохын тулд сонин хэвлэлд нь мэдээ өгч байх хэрэгтэй юмдаа гэж бодож явлаа. Гадаадад байгаа манай зохиолч, яруу  найрагчид эх орноо сурталчилж тэр орныхоо сонин хэвлэлд их юм бичиж баймаар.
-          За баяраллаа Галсансүхээ, амьдрал болоод уран бүтээлд тань их амжилт хүсье.

Ярилцсан З. Эрдэнэбат


0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews