Ц.ТҮМЭНБАЯР: “ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ” ЖҮЖГЭЭ ЭМЗЭГЛЭЛЭЭС БИЧСЭН

Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Удвал сангийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа 2011 онд  бүтээлийн арвин их хурыг буулгажээ. Түүний энэ жил бүтээсэн томоохон бүтээлийн нэг нь 1914-өөс1915 оны хооронд хийгдсэн Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээний тухай түүхэн баримтад тулгуурласан “Тусгаар Тогтнолын Төлөө” теле-жүжиг байлаа. Түүний урланд зочилж хэдэн үг солиллоо.
- Чи хэдийнээс уран бүтээл бичиж эхэлсэн бэ?- Дунд сургуулийн сурагч байхаасаа л уран зохиол сонирхож, шүлэг бичих гэж оролдож эхэлсэн дээ. 1980-аад онд анхны шүлгүүд минь төвийн хэвлэлд гарч эхэлснээс хойш уран зохиолын замд эргэлт буцалтгүй орсон.
- Гурван хүүхдийг өсгөх бойжуулахын хажуугаар уран бүтээл, утга зохиолын ажил хийнэ гэдэг амаргүй байхаа?- Ямар хүнийг жаргалтай гэх вэ ? гэдэг асуултанд нэг хүн, “Xамгийн дуртай юмаа хийж байгаа хүнийг жаргалтай гэнээ” гэж хариулсан байдаг. Би тийм л хүн юм, Мэдээж эх хүнд гурван хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ уран бүтээлд цаг зав, сэтгэл зүрхээ зориулна гэдэг амаргүй даваа,
- Хүүхдүүд өсөх тусам бичиж хийх ажил чинь хөнгөрч байв уу, хүндэрч байв уу?- Оросын нэг мундаг үг байдаг, “Жижигхэн хүүхэд жижигхэн  бэрхшээл, том хүүхэд том бэрхшээл” гэдэг. Надад аль аль нь байна даа,
- Чамайг ер нь юу хөглөж, хурцалдаг вэ?- Уран бүтээл хийхэд амьдралд тохиолдсон бүхий л үйл явдал, уншсан, үзсэн харсан сонссон, найз нөхдийн урам хайpласан үг, бас атаа жөтөө, хорон үг ч оюун ухааныг минь хурцалдаг

- Зохиолч байх, гэрийн эзэгтэй байх гээд л олон үүргийг хэрхэн хослуулж ирэв дээ?- Бусдын л жишгээр… Амьдралаа, уран бүтээлтэйгээ хамт л үүрч явна даа, Нэг удаа намайг хоёр том цүнхтэй юмтай таксинд суухад жолооч нь « ямар их новш  үүрч явдаг юм » гэлээ. Би түүнд « энэ чинь новш биш, би амьдралаа үүрч явна » гэсэн чинь « Нээрээ тийм л байх даа, хүүхнүүд л хойно » гээд учиргүй инээж билээ,
- Өнөө цагт өгүүллэг, тууж, эсвэл роман, жүжиг бичээд амьдрал залгуулна гэдэг бараг “үлгэр” талдаа юм шиг санагддаг...- Зохиолчид гэдэг үйлтэй улс, Жүжигчид, дуучид ч гэх юм уу бусад мэргэжлийн хүмүүс өөрсдийнхөө дуртай ажлыг хийгээд түүнийхээ хөлсөөp амьдардаг бол зохиолчид эрхэлсэн ажлаа тухайлбал сэтгүүлч, эмч, инженерийнхээ ажилтай зэрэгцүүлж  уран бүтээлээ хийдэг. Дан уран бүтээлээр амьдралаа залгуулна гэж байхгүй.
- Аав чинь чамд маш их нөлөө үзүүлсэн гэж чи нэг удаа ярьж байсан, чухам яаж нөлөөлсөн юм? Юу хийдэг хүн байсан бэ?- Миний аав эмч, лам, бас жолооч хүн байсан. Арван зургаан жил шоронд суусан. Хүнийг гаднаас хараад л чухам ямар хувь заяатай болохыг нь хэлж чаддаг хачин хүн байлаа, Жолооч, эмч, ламын энэ гурван ажлаасаа болж л шоронгийн хаалга татсан юм билээ, Аав минь намайг 17-той байхад шоронгоос гарч ирээд миний хувь заяаг хэлсэн. Тэр үед нь би огт үнэмшээгүй, Дөрвөн жилийн дараанаас хэлсэн нь биелж зах зухаас нь амсаж эхлэхэд л итгэсэн. Эдүгээ би яг л аавынхаа хэлсэн тэр зургаар л амьдарч явна,
- Маш завгүй явах шиг санагддаг. Өглөө хэдэд босоод орой хэдэд унтдаг вэ?- Ер нь амьдрал чөлөө завгүй шүү дээ, Гэхдээ өгье гэвэл ганцаасаа уйлья гэвэл сохроосоо... гэхчээр зав гаргах юмандаа гаргана, Ялангуяа хүүхдүүддээ маш их зав гаргаж чаддаг.
 - Чи ер нь зохиол бүтээлээ хаана бичдэг вэ? - Гэртээ, ажил дээрээ, хаана ч бичнэ дээ, Гэхдээ компютер дээр шууд бичдэг болохоор голцуу ажил дээрээ л бичнэ дээ...
- Ямар зохиолоо их дажгүй болсон гэж боддог вэ? - Төрүүлсэн хүүхдээ хүн сайн муу гэж ялгадаггүй шиг тийм зохиол минь муу болсон гэхэд хэцүү. Бүгд л сэтгэлийг минь шаналгаж төрсөн юм болохоор. Гэхдээ илүү их сэтгэл хөдөлж, хөдөлмөрлөж бүтээсэн зохиолууд бий, “Мэргэнд буусан чоно”, “Удган”, “Урд уулын зэрэглээ”, “Бичигт хадны домог”, “Ли бай”, “Лууны зулзага” зэрэг олон өгүүллэг, “Ганцын давааны дууль”, “Монгол гэр”, “Талын хөх чоно” зэрэг шүлэг гээд нэрлэвэл бүгдий нь хэлчих гээд байна. Түүхэн зохиолууд маань хүний сэтгэлд их хүрдэг. Өнгөрсөн зун бичсэн “Тусгаар тогтнолын төлөө” жүжгээ их бодож, хөдөлмөрлөж, бас их эмзэглэж бичсэн,
- Тусгаар Тогтнолын Төлөө жүжгийг бичих санаа хэрхэн төрөв? Юу их нөлөөлөв?- Би Улсын түүхийн төв архивт ажиллаж байхдаа 1900-аад оны үеийн бичиг баримтыг цэгцлэх ажилд оролцож байлаа, Энэ үед гурван улсын гэрээний тухай Хичээнгүй сайд Цэрэндорж гуайн гар бичмэлийг олж үзэж билээ, Ер нь эх түүхэндээ хайртай, уншиж судлах, уран зохиол болгож бичих сонирхол маань энэ жүжгийг бичихэд их нөлөө болсон. Түүнээс гадна өнөөгийн Монголын тусгаар тогтнол жинхэнэ хүчирхэг Монгол улсын үеийн тусгаар тогтнолтой харьцуулахад даанч өрөвдмөөр санагддаг. Моодуун хааны үеийн Хүннү гүрэн, Их мэргэн Чингис хааны үеийн Их Монгол улсынх шиг тийм тусгаар тогтнол, тийм төрийг монгол цус судсаар нь урсаж байгаа хүн бүхэн хүсч байгаа. 200 гаруй жил Манжийн дарлалд байсан Монголын ард түмэн тусгаар тогтнолоо олж авахын тулд ямар их хүч ухаан, зориг самбаа гаргаж, амь хайргүй тэмцэж байсныг бахархан бодохдоо, Монгол эх орноо худалдаж байгаа өнөөгийн төрийн унхиагүй зүтгэлтнүүдээс ичихдээ, хожмын өдөр хүчирхэг Монгол улсын тусгаар тогтнол жинхэнэ утгаараа мандан бадрахыг хүсэхдээ энэ жүжгийг бичсэн.
- Хүмүүс жүжгийн тань талаар юу гэж байх юм?- Хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Ялангуяа түүхчид, Богд хааныг товойлгон гаргаагүй байна ч гэх шиг. Гэтэл зарим нь яг цагаа олсон үедээ энэ зохиолыг бичжээ гэх зэргээр,,, Миний хамгийн их баярласан нь юу вэ гэвэл Өвөрмонголчууд ар Монголынхон манийгаа өмөөрч энэ жүжгийг бичиж, телевизээр цацлаа хэмээгээд “Талын хөх чоно” дуугий минь нууцаар дуулцгааж явна” гэж сонссон явдал. Яг үнэндээ Өвөрмонгол, буриад, Шинжианы монголчуудыг хавханд орсон хөлөө тас хазаж хаяад амиа авардаг чоно шиг л тэдний горьдож, итгэсэн нулимстай нүд рүү нь шороо цацаж л Ар Монголоо тусгаар улс болгож авч үлдсэн шүү дээ, Ямар их үнээр өнөөгийн энэ тусгаар тогтнол олдсоныг мэдээсэй билээ...
- Энэ жүжгийнхээ баатарууд болон тоглосон жүжигчид, найруулагчдын  талаар тодруулж яриач?- Б.Туяа хэмээх залуу найруулагч маш зоригтой орсон. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Талын хөх чоно” шүлгийг блог дээрээс маань уншаад л дуу хиймээр байна гэсэн. Богинохон хугацаанд их эрч хүчээр энэ жүжиг бүтсэн. Оролцсон жүжигчид зураглаачид, зураач, гол нь жүжигчин уран бүтээлч гэхээсээ монгол хүний үндсэрхэг үзэл л чин сэтгэлээсээ оролцоход гол түлхүүр нь боллоо гэж бодсон. Чагдаржав ноёнд Ардын жүжигчин Цэрэндагва, Би Гуа Фанд Соёлын гавьяат зүтгэлтэн Равдан, Хичээнгүй сайдад соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Батбаяр, Миллерт Гэрэлсүх, Манлай ванд Ялалт зэрэг арав гаруй жүжигчин оролцсон. Түүхэнд, тэр тусмаа Монгол улсын тусгаар тогтнолд чухал үүрэг гүйцэтгэж, амь насаа зольсон хүмүүсийн дүрийг бүтээж байгаагаа маш их хүндэтгэлтэй бас храиуцлагатай хүлээж авсан.
- Энэ зохиолыг бичихэд хэцүү бэрх юм нь юу байв даа? - Энэ үйл явдал бол хурал юм. Хурлыг яаж үзэгчдэд сонирхолтой болгож хүргэх вэ, бас түүхэн үнэнийг гуйвуулахгүйгээр уран сайхны аргаар, бас бүтэн жил шахуу үргэлжилсэн хэлэлцээрийн хамгийн чухал үйл явдал, шийдлийг яаж оновчтой оруулах вэ гэх мэт хүндрэл тулгарсан. Гэвч түүхийн зөвлөх түүхийн ухааны доктор Г.Дашням, Д.Өлзийбаатар нар маш чухал зөвлөгөө өгч, их тус болсон,
- Хэдийд нь судалгаагаа хийж, хэдийд нь бичдэг вэ?- Судалгаа гэвэл 1980-аад оноос л сонирхож үзэж байсан. Яг жүжиг бичихэд зориулсан судалгаагаа хоёр жилийн өмнөөс хийсэн.
- Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд тань баярлалаа. Ярилцлагын сүүлчийн хормыг чамд үлдээе...- Энэ завшааныг ашиглаад гадаадад уран бүтээлээ туурвиж яваа уран бүтээлчид, найз нөхөд, тусгаар тогтнолын төлөө, Монгол эх орныхоо төлөө зүрх нь цохилж явдаг гадаадад ажиллаж амьдарч байгаа бүх монголчууддаа Монгол улс хүчирхэгжин мандах болтугай хэмээх ерөөл өргөхийн хамт, жүжгийнхээ дуугаар тусгаар тогтнолын халуун мэнд дэвшүүлье.

                                                                                  Ярилцсан З.Эрдэнэбат  (Germany)


[...]

“Тусгаар Тогтнолын Төлөө” жүжгийн дуу - Талын хөх чоно

[...]

“ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ...” ЖҮЖИГ ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗЭЭР ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаярын “Тусгаар тогтнолын төлөө” гурван ангит теле жүжиг 2011 оны 07 сарын 13-ны 20.45-аас эхлэн Үндэсний телевизийн эфирээр цацагдаж эхэллээ.

Монгол газар шороон дээр анхны төр байгуулагдсаны буюу Хүннү гүрэн үүссэний 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Богд хаант Монгол Улсын 100, Монгол Улсад орчин үеийн диломат харилцаа үүссэний 100, Ардын хувьсгалын 90, НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулан бүтээсэн энэ жүжгийг залуу найруулагч Туяа, Монгол Улсын ардын жүжигчин Бирваагийн Мөнхдорж нар найруулж, гол дүрд Ардын жүжигчин Цэрэндагва, Гавьяат жүжигчин Равдан, Соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Батбаяр, СТА Пүрэдорж, Ганхуяг, Даваасүрэн, Гэрэлсүх, Ялалт зэрэг арав гаруй жүжигчин тогложээ.
Жүжгийн түүхийн зөвлөхөөр Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаяр, Г.Дашням нар ажиллаж, Монгол Улсын ардын багш Чоймаа үг хэллэгийг нягталсан байна.

Жүжгийн дууны шүлгэнд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ая тааруулж, СТА Э.Төрмандах дууллаа.

200 жил алдагдсан Монгол улсын тусгаар тогтнолын тухай хэлэлцсэн Хиагтын Гурван улсын гэрээгээр сэдэвлэн бичсэн энэ жүжигт Монголын өвөг дээдэс, төрийн зүтгэлтнүүд хэрхэн амь хайргүй тэмцэж, Хөх чоно мэт хавханд орсон хөлөө тас хазан өнөөгийн Монголын бүрэн тусгаар тогтнолын суурийг тавьсан тухай өгүүлнэ.
[...]

МӨРӨӨДЛИЙН ЭГЧ


/өгүүллэг/
Ц.Түмэнбаяр
2011-05-13
Улаанбаатар хот

Би тэр үед дөнгөж долоохон настай байжээ. Цасан шуурганд салхи сөрөн алхахад томдсон хуучин хүрэмний минь хормой хөөрөгдөн жихүүн жаварт нуруу, гэдэс хайрагдана. Салхинд алдчихгүйн тулд талхны мөнгөө чанга базсан гар минь бадайран бээрч, сарьс шиг хоёр дэлдэн чих минь тасран алдаж час часхийнэ. Ядаж дэлгүүр хол, гурван гудамжны цаана. Дэлгүүрийн хаалганд савуулах шахам арай гэж ороод бадайрсан алгаа алгуурхан дэлгэж, мөнгөө өглөө.
Талхаа энгэртээ тэврэн дэлгүүрээс гарахад өөдөөс мөс мэт салхи шавхуурдан хайр найргүй хацрыг минь алгадахад, амьсгал минь бөглөрч, толгойгоо дальжгасхийлгэхэд өнөө муу хүрэмний нь энгэр хоёр тийш ярагдан, далавч шиг хийслээ. Би талхаа газар алдаж, хунгарласан цасанд элээ шиг л нэвсгэсхийн уналаа. Цасан хунгарт хамраараа хатган унах тэр агшинд хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх залуухан эгч намайг татаж босголоо. “Миний дүү бос, Хөлдлөө ш дээ” хэмээн цасыг минь гөвж өгөхөд тэр эгчийн хөгжүүн баясгалантай царай, тунгалаг хар нүднээс урьд өмнө миний хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их гэрэлт хайр асгарч, энэ хүйтэнд хаанаас нь гардаг халуун бэ гэмээр хачин дулаахан гараараа тасрах шахсан чихийг минь дарж, хоёр гарыг минь атгаж бүлээцүүлэхэд бүхий л бие минь халуу оргих шиг болсон сон. Би бүр юу ч гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л эрүү амаа зодолдуулан дагжтал чичрэн зогсоход өнөө эгч товч нь тасраад уначихсан хүрэмний энгэрийг лав гэгч нь зөрүүлээд, захы минь босгож, газар алдсан талхыг минь тэврүүлэн “За дүү минь дэгдээд харьчих” гэж өхөөрдсөн өнгөөр инээмсэглэн хэлж билээ. 

Би талхаа тас тэврэн гэрээдээ гүйснээ өөрийн эрхгүй эргэн өнөө эгчийн араас мэлмэртэл ширтэн хоцорсон сон. Тэр эгч цасан шуурганаас гэнэтхэн гарч ирсэн шигээ тэнгэрээс тасралтгүй лавсан унаж өтгөрөн ээрсэн их цасан дунд цоглог алхсаар шингэн алга болсон сон. Түүнээс хойш нөгөө эгчийг гараад ирэх болов уу гэж бүтэн өвөлжин цөхөртлөө хүлээсэн ч бараа сураггүй. Хавар цас хайлж, газар тарлантахад “цасан дундаас ирсэн, цасан дунд шингэсэн мөрөөдлийн эгч минь…” гэж шийдсэнээсээ хойш түүнийг харуулдахаас больсон.
Гэвч үйлийн хорвоод эргэлдэх хэрмэл амьдралын минь утга учир, битүүлэг мөрөөдөл чухам тэр дулаахан гарыг олоход л юм шиг, орчин тойрондоо тааралдсан бүсгүй хүн болгоноос итгэл хайрласан шидэт харцыг эрсээр л явлаа.
Намайг талханд явуулсан авга эгчийнхээ нүднээс олох гэж харлаа. Тэрний нүднээс хайр урсах нь бүү хэл, яг тэр цасан шуургатай өдрийн тэнгэр шиг хүйтэн жавар сэнгэнүүлэн шилбүүрдэх нь тэр. Тийм болохоор харахаас жихүүдэс хүрэн жийрхдэг болсон.
Миний ээжид… гэж бодоод ээжийнхээ нүд рүү горьдон ширттэл ямар ч доромжлол залхаалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн хүлцэнгүй бор нүд айдсаар мэлтийж байлаа. Түүнээс хойш би ээжийнхээ нүднээс дальдардаг болсон.
Намайг “Эмээ, эмээ” хэмээн гүйж очиход өөдөөс тосон чадлаараа л хурдлан майжганасаар ирдэг, энэ орчлонд намайг хүн болж төрсөнд минь баярладаг, магадгүй бас харамсдаг эмээгийнхээ өөдөөс нухацтай хартал “надаас хойш яана даа” гэх итгэл алдарч хярлайсан, аврал эрэх мэт цөхрөнгүй харцтай тулгараад, бас л, дахин харахаас гэрэвшдэг боллоо.
            Зүүд зөнгийнхөө хязгаараас ч тэр нүдийг хайж үзсэн. Зүрхнийхээ гүн лүү улам шигдэн дотогшлох гунигаасаа ч хайсан. Гэтэл эхэр татан шүүрс алдахаас өөрийг мэдэрсэнгүй.
Би “мөрөөдлийн эгчтэй” учирсан тэр өдрөөс хойш анхны цас хаялах болгонд ер бусын цовоо цолгиноор сэтгэл хөглөгдөн, тэртээ дээрээс нисэн ирэх ивээл хайрыг хүлээн цагаан тэнгэр өөд илбэдүүлсэн мэт гөлөрдөг билээ. Гэвч тэр эгч харь ертөнцийн гэгээнээс тасарч цастай хамт ирээд тэр цастайгаа буцчихсан юм шиг…ор мөргүй.
Харин амьдралын нугачаан дунд бүдэрч унаад айдас түгшүүр, гаслант нулимсанд живэхэд өнөө эгч зурсхийтэл гэрэлтээд “Миний дүү бос” хэмээн аядуу намуухан ч “Чи чадна” гэсэн итгэлтэй сэргэлэн өнгөөр хэлж, зүрх сэтгэлийн минь шархыг илааршуулж орхиод л алга болчихно.
Тэр хүйтэн цаснаас “мөрөөдлийн эгч минь” намайг татаж гаргаагүй бол миний сэтгэл тэр чигтээ царцах байсан биз ээ.
Бээрч улайсан гарыг минь атгасан халуун илч л өнөө болтол миний судсаар гүйж, гудмалсан харанхуй хавцал мэт амьдралыг тэр эрчим хүчээр туулж яваа ч юм шиг…      
            Хожим түймэр шиг дүрэлзэх дурлалдаа шатсан амраг бүсгүйнхээ нүднээс тэр харцыг олох гэж шуналтайгаар цоо ширттэл, тэрний минь нүд харин, надаас хязгааргүй их хайрыг цөхрөлтгүй нэхэн мэлмэрч байлаа.
[...]

Талын хөх чононд би хайртай


Хорин зууны тэртээгээс шившиж тавьсан сум
Холын цэнхэр хязгаараас над руу харвасан од
Гунигт хар нүднээсээ оч үсэргэн цоо ширтэх
Гурамсан сур шиг хөвчирсөн
Талын хөх чононд би хайртай.

Бөмбөр шиг нижигнэх морин туурай тачигнаж
Бөөн хар үүл мэт үхэл нөмрөн айсуйд
Амь онилсон сум амьсгал тоолон нэхэхэд
Амьдралаас суга үсрэн аглаг тайгад сураггүй шингэх
Аяа, даанч тэнгэрлэг
Талын хөх чононд би хайртай.

Шаналсан сэтгэлээ тас хазан
ганцаардал руу зулрах эрх чөлөө
Шархалсан зүрхээ зөвхөн
нулимсаараа л долоож илааршуулах бардамнал
Чивчирсэн судсаар нь монгол гал буцлан урсах
Чинэрсэн халуун дөл
                        Талын хөх чононд би хайртай.

Хэнгэрэгийн дуу ертөнцийн анирыг цочооход
Хээрийн чоно гэрэлт үүлэнд хувилахуй
Мөрөөдлийн дуу-шидэт улианд чинь ховсдуулж
Мөнх тэнгэрийн дайдад хамтдаа живнээ,
                                                Талын хөх чоно минь!!!!!!

                                                2011-05-02  06 цаг
[...]

Намар оройн дуу - Шүлгийг Ц. Түмэнбаяр

[...]

Егүүтгэл

Төгөлдөр хуурын даруулыг арван хуруу тэмтчиж
Төөрсөн сэтгэлийн гүнээс эх дэлхийгээ эрлээ.
Хар цагаан даруулаас
Харууслын дуу цахиртаж
Халуун зүрхний гүн рүү
Хархираа гол шиг цутгалаа.
Бөөсөн чинээ үрс нь бөөрнөөс нь сорж
Зулзаган чинээ үрс нь
Зулайнаас нь цөмлөж
Хархын чинээ үрс нь
Хавирганаас нь өмлөж
Шоргоолжин чинээ үрс нь
Шороо болгоныг булаацалдаж
Ханахыг мэдэхгүй шуналаар
Хар турлиах шиг хашгирцгааж байна.
Хэмлэх шүдэнд хэрчүүлж
Хэхрэх хоолойд тээглэсэн
Бөөрөнцгөн чинээ дэлхий минь
Бөмбөлзтөл чичирч
Торгоож цөхсөн тэнхлэгтээ
Тогтож ядан салганана.

Гарцаагүй үхлийн ирмэг дээр
Галт шуургаар тургиж
Газар дэлхийн хэвлий
Гашуун нулимсаа цацлаа.

Төрүүлсэн үрсдээ егүүтгэгдсэн
Төрөлх эх дэлхий минь
Төсөөлшгүй сансрын дайдад
Төмрийн хаягдал шиг цацагдах нь ээ.

Ц.Түмэнбаяр [...]

“TALE ABOUT MOTHER’S MILK” НОМЫН ТАНИЛЦУУЛГА


Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, богино өгүүллэгийн нэрт мастер Ц.Түмэнбаярын “Tale about Mother’s milk” хэмээх номонд түүний 9 өгүүллэг англи-монгол хэлээр хэвлэгджээ. Эдгээр өгүүллэгийг Монголын нэртэй орчуулагчид Г.Дашдаваа, Т.Очхүү, Цогт, В.Цогмаа нар орчуулж, Шинэ Зеландын их сургуулийн профессор багш, монгол судлаач Deborah Rhode  нар шүүн тунгаасан байна.
            Монголын нэрт зураач Д.Бадамын уран бүтээлээр номоо чимэглэжээ. Энэ номонд зохиолчийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын дэд байрт шалгарч байсан “Сүүдэр”, “Тэнгэрлэг үхэл”, Улаанбаатар хотын ойд зориулсан өгүүллэгийн улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Цав цагаан цамцтай залуу” болон уншигчдийн танил болж, гадаад дотоодын судлаачид, уран бүтээлчдийн анхаарлыг татсан  “Цагаан сүүний домог”, “Мэргэнд буусан чоно”, “Ажаа”, “Нүцгэн натур”, “Өндгөн чулууны домог”, “Шөнийн серенада” зэрэг өгүүллэгүүд орсон ажээ.
Ц.Түмэнбаярын тухай тодорхой мэдээлэл авахыг хүсвэл www.tstumenbayar.blogspot.com web site-аар орох буюу tumenbayar_59@yahoo.com e-mail, 99249466 утсаар холбоо барьж болно.

[...]

"The shadow" буюу Сүүдэр (Англи хэл дээр)

[...]

"Internet lover" буюу "Интернэтийн амраг" (Солонгос хэл дээр)










[...]

"The nude model" буюу "Нүцгэн натур" (Солонгос хэл дээр)








[...]

“Уралын тэс мод” буюу “Уралская рябинушка” Орчуулсан М.Петрова

Санкт-Петербургийн улсын их сургуулийн
Дорно дахины факультетийн
Монгол хэлний ангийн доцент Петрова.М.П.



Монголика-7  
2007 он 
Санкт-Петербург





[...]

“Хилэнцэт хорхой” буюу “Скорпион” Орч, М.Петрова

Санкт-Петербургийн улсын их сургуулийн
Дорно дахины факультетийн
Монгол хэлний ангийн доцент Петрова.М.П.



Монголика-5 
Санкт-Петербург
2001 он





[...]

Ц.Түмэнбаярын өгүүллэгүүд Санкт-Петербургийн их сургуульд



Ц.Түмэнбаярын өгүүллэгүүдийг 1993 оноос эхлэн Санкт-Петербургийн их сургуулийн Түвд- Монголын салбарын уран зохиол судлалын тэнхимд Монгол хэл уран зохиолын хичээлийн хөтөлбөрт, 1996 оноос Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль болон жүжигчин, найруулагч бэлтгэдэг бусад сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулан судалж, оюутнууд тайз дэлгэцийн бүтээл, судалгааны ажил хийж эхэлжээ.



[...]

ТЭНГЭРИЙН ЗУУД

Введение и перевод с монгольского М. П. Петровой

УБ., 2005.

Стр.14

Никогда я стихов не писала,
Посвящая конкретным событиям,
И любовь свою не отдавала,
Всем, случившимся на пути моём.

С каждым звуком тоскливой песни
Угасает светлая вера,
И слова любви так не к месту
Ранят сердце, как острые стрелы.

Иней лет чёрных прядей коснулся,
За плечами нелёгкие годы,
Может быть утешеньем вернулся
Лёгкий призрак любви и свободы?

Неужели на мне задержался
Твой порхающий радостный взгляд?
Неужели мне не показалось,
Что глаза твои страстью горят?

Завертела любовь, закружила,
Поздно, глупо, наивно, смешно,
Вновь я в жизни своей ощутила
То, что даже забыла давно.

Зябким вечером  ветер суровый
Мою душу до дна иссушил,
Одиночеством, грустью, разлукой
И печалью её затопил.

Если ж эта любовь неизбежна –
Предначертана свыше судьбой,
Дай мне руку, утонем – так вместе,
Пусть ничто не разлучит с тобой.

Улан-Батор. 1999-07-17.

Стр.15

Как жаль, когда мгновения…

Как жаль, когда мгновения уходят безвозвратно,
И то, что на свидании грустил – мне жалко и досадно.

Как жаворонок в предрассветной стуже ты дрожал,
Как быть? Ты тайной и слепой любви не избежал.

Твой быстроногий рыжий конь несётся вдаль,
Душа свободна и светла - прощай, печаль!

При встрече не отводим взгляд – к чему скрывать?
Но нет – и жалостью к тебе душа полна опять.

И снова слёзы на глазах – осенняя роса,
И листьев пёстрых на воде бесшумная краса.

Не знаю плакать или петь, уж поздно или рано,
И облик твой в моих глазах заволокло туманом.

Гора Тушэ гун. 1993-10-22
[...]