Судлал шүүмжлэл: Удган модны тавилан буюу Тангуд бөөгийн хувь заяа

Илево Регена /дэд доктор, монгол судлаач/
/Санкт Петербургийн их сургууль Дорно дахины хүрээлэн/
Орчин үеийн Монголын уран зохиолын өгүүллэгийн төрөлд эгэл жирийн хүний хувь тавилангийн онол өнгө хувирал агуулагдаж байна. Ц.Түмэнбаярын “Удган” өгүүллэгийг уншихад юун түрүүн зохиолчийн, хүний дотоод сэтгэл рүү илүү хандсаныг олж харах болно. Гол баатрын хувь тавилангийн эмгэнэлт эргэлтэд санаа зовохоосоо илүү, түүний амьдралын нөхцөл хэрхэн хүндэрч, түүнд хүмүүс яаж хандаж буйд илүү эмзэглэсэн санагдана. Уран сайхны дүрслэлийн аргаар сэтгэлзүйн талыг хөндсөн энэ өгүүллэгт, үгээгүй ядуу, ганцаармал, орон гэргүй, харж хамгаалах хүнгүй хөгшний талаар өгүүлэх бөгөөд зохиолын ихэнх хэсгийг эхийн хайр, хүүгээ гэсэн өгөөмөр сэтгэл нь ийм хувь тавиланд хөтөлснийг үзүүлнэ.
Түүний хэлж байгаа үг хэллэгээс хувь хүнийх нь зан чанар, оюун санааг нь мэдэж болно. Тухайлбал өөрт нь сайхан сэтгэлээр хандаж үг хэлсэн хүнд: “үнэн бол үс чинь цайг, худлаа бол яс чинь цайг” гэж хэлдэг. Эмгэний үг ер бусын уран цэцэн, аялгуу зохистой. Бусдын аргалыг хулгай хийж байхад нь “Хөөе чавганц, яагаад аргал хулгайлаад байгаа юм” гэхэд хариуд нь: “Гүд ухаагийн өвс гүйдэг малын баас, танайх гэсэн тамга нь хаа байна, хүнийх гэсэн хүрээ нь хаа байна” хэмээн хэлж буй нь үлгэр домгийн дүртэй болгож байгаа юм. Хүүхдүүд түүнийг “шулмас” гэдэг. Үнэхээр ч тэр шүүр унаж нисдэг үлгэрийн шуламтай төстэй.
Тэр өөрөө жирийн хүн бус, үлгэр домгийн мэт хувь тавилантай билээ.
Өгүүллэг гурван хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь эмгэний өнгөрүүлсэн амьдралын үр дүнг өгүүлнэ. Хоёрдугаар хэсэгт Тангудын залуу насны тухай өгүүлэх бөгөөд эхнийхтэйгээ адил ямар нэгэн оршилгүйгээр, түүний амьдралын нэгээхэн хэсгийг шууд барин авч: “… Өндөр Тангуд нэртэй өтгөн хар хөмсөгтэй, хурц сэргэлэн нүдтэй, гав шав хөдөлгөөнтэй шалбалзсан охиныг” гэж түүний гадаад дүр төрхийг үзүүлээд…” хэл чинь хурц, нүүр чинь эрэмгий, нүд чинь өлөн, зөн совин чинь зөв, зөвлөх үг чинь мэргэн…” хэмээсэн ерөөлийн үгийг хамт оруулсан байна.
Ингээд арван долоон нас хүрмэгц нь тэнгэр бурханы зарлигаар Тангуд өөрийн өвөг дээдсийн уламжлалаар бөөгийн удам угсаагаа хадгалан үлдэх болдог. Түүний дүр төрх төдийгүй ерөөс тэрхүү зарлиг нь өөрөө домогтой төстэй. Тангуд алс хөвчийн тайгад төрж, амьдарч ирсэн. Өнчин өрөөсөн байсан тул “хар ус ууж, хадны хаг идэх” зэргээр хооллон хүн болж өсчээ. Харин түүнийг удган болсноос хойш амьдрал нь өөрчлөгдөж, бугын арьсаар дулаалсан урцанд, булга минжинд хөлбөрч байна. Хүмүүс түүний өмнө толгой бөхийн сөгдөж, хөлийн нь доор хамгийн үнэт бэлгийг өргөн барьж байна. Тангудын залуу насны амьдрал болон түүний хорвоогоос халих үеийн амьдрал өдөр шөнө шиг ялгаатай. Бүхнийг бишрүүлж, хүндлэл хүлээсэн залуу бүсгүй насны эцэст хүн бүхний нүдэнд орсон хог, хумсанд орсон өргөс мэт үзэн ядмаар эмгэн болон хувирчээ. Энэхүү эрс ялгаа нь зохиолын эмгэнэлт санааг улам хүчтэй болгож, урьдчилан хэлж болдоггүй хувь заяаны тухай бодоход хүргэнэ.
Баатрын дотоод ертөнц, түүний зовлон гуниг нь маш хурц бөгөөд урнаар илэрхийлэгдсэн байдаг. Өгүүллэгийн санаа хийгээд баатрын хоёрдмол төрхөд сэтгэлзүйн шинж нэвт шингэсэн байна. Тангуд бол оюун санааны /сүнсний, сүсэг бишрэлийн/ амьд биелэл болсон удган байсан. Гэхдээ тэр хүний төрлийг олсон нэгэн байж. Энэхүү хоёрдмол санаа нь түүний дотоод зөрчлөөр тодорхойлогдоно. Эндээс түүний тарчлаан, сэтгэлийн доторхи байнгын зөрчил нь үүснэ. Жирийн эмэгтэй, удган эмэгтэй хоёрын хувь заяаны өөр өөр тавилан хоорондоо тэмцэлдэн зөрчилдөж байна. Аль аль нь агуу бөгөөд хүчтэй. Тэд ээлж дараагаар хэн хэнийгээ ялж, давах боловч эцэст нь хоёулаа цуцаж энэ тулалдаанд үхэж үрэгдсэнээр дуусна. Эрчүүд түүнийг удган, бөө гэдгээр бус бүсгүй хүн гэдгээр хараасай гэж Тангуд бүсгүй хүснэ. Эрчүүдийн хүлцэнгүй, дуулгавартай харц түүний эмгэнэл байлаа. Нэгэн удаа түүнийг чоных мэт зууван нүдээр, тачъяангуй ширтэх эрийн харцыг анх удаа олж харсан бөгөөд түүний харц бусдын адил хүлцэнгүй биш байлаа. Тангуд бүсгүй тэр харцанд эзэмдүүлснээ өөрийгөө буруутай мэт бодож, өвөг дээдсийнхээ сүнснээс өршөөл эрэн наминчилж энэхүү харцыг мартуулж өгөхийг хүсч байна. Энэ бол дүрийн хоёрдмол шинжийг илэрхийлж буйн жишээ бөгөөд баатрын сэтгэлийн дотоод үймээн зөрчлийг үзүүлж байгаа юм. Тангуд үнэндээ ийм л харцыг хүсч, цангаж байсан бөгөөд харин түүнтэй учирмагцаа айж, санаа сэтгэлээсээ арчин зайлуулахыг хүсч байна.
Хоёрдмол чанар зөвхөн Тангудын дүрээр зогсохгүй, ерөөс өгүүллэг бүхэлдээ ийм шинжтэй. Түүнийг эмэгтэй хүнийх нь хувьд өгүүлэнгээ, удган гэдгийг нь сануулдаг. Түүнчлэн удганы тухайд өгүүлэхдээ юуны түрүүнд тэр эмэгтэй хүн гэдгийг сануулдаг. Тангудын амьдрал бол хоёр мөн чанарын байнгын зөрчил юм. Зохиолч акцентаа ялигүй өөрчилмөгц дээрх хоёрын аль нэгний давуу шинж харагдаад ирнэ. Ийм аргаар баатрын дотоод сэтгэл дэх өөрчлөлтийг тодорхойлж байна. Жишээ нь түүгий залуу насыг үзүүлэхдээ хүний мөн чанарыг илүү зурж үзүүлсэн байдаг. Хэдийгээр тэр удган, бөө боловч хүнээс төрсөн хүн. Аймшиггүй зоригт анчин залуу түүний сэтгэлийг эзэмдэж, нэгэн шөнийг хамт өнгөрөөгөөд алга болсноос хойш, тэдгээр хүн бусын мэтээр дүрсэлж бичсэн байх юм. “Эхээс төрөөгүй эрэгнээс гарсан” гэх мэт. Зохиолч түүний дотоод ертөнцийн өөрчлөлт, хөдөлгөөний учир шалтгааныг хөөж судалсны эцэст хөөрхийлөлтэй байдалд хүрч байгааг нарийн дүрслэн үзүүлжээ.
Хэзээ нэгэн цагт залуухан, хүсэл тэмүүлэлтэй сайхан бүсгүй хожим нь зүрх сэтгэл нь хоосорсон, хувь тавилангийн буулганд цөхөрч туйлдсан нэгэн болсныг сонирхолтойгоор өгүүлсэн байна.
Сахил санваараа умартаж тэр хүүхэд төрүүлсэн. Хүний сэтгэл оюуны хоёрын эвлэршгүй хүчний тэмцэл дундаас түүний хүүдээ хандах хандлага хурц тодоор илэрч байна. Эх хүн үрээ яаж хайрладаг тэр л хайраар хүүгээ хайрлах бөгөөд үүний зэрэгцээ хайр найргүй зодож занчиж байгаа нь түүний чулуун зүрхтэйг харуулна. Дараа нь гашуудан харамсаж, удган модноос өршөөл эрэн гуйж, асгаран цалгих хайраар хүүгээ тэврэн авна. Хүүгээ үхсэний дараа удган үнэхээр цөхөрч хоосорно. Цан хэнгэргээ удган модондоо үлдээгээд, харанхуй шөнө үл мэдэг зүгт одно. Тангудын дүр, домогт удган модны дүр төрхтэй нийлдэг. Энэхүү модыг эрт цагт бүхий л омог аймгаараа тахин шүтдэг байж. “Удган мод ойн цоорхойд газрын ганц гадас мэт сондгойрон ургасан нь Тангудын гав ганцаар хувь заяа мэт” гэсэн нь Тангудтай хамааралтай. Тэрээр өөрийн аугаа их хүч чадал авъяасаараа олон хүний хувь тавиланг аварсан юм. Дээд тэнгэрээс илгээсэн илч гэрэл эхлээд түүнийг гэрэлтүүлж, түүгээр дамжуулан бусдад хүрнэ. Тангуд эмгэн яг л энэ мод шиг өөрийнхөө омог отгийнхны өмнөөс залбирч, тэдний төлөө айн түгшдэг. Тэрээр “урт, ахар жолоотой үр садыг минь хүний зэрэгт хүргэгтий. Уулын чанад явсан эрсийг минь эргүүлж хайрлагтий” гэж өөрийн отгийн хувь заяаг өршөөн соёрхохыг гуйна. Гэвч түүний амьдрал аянганд цохиулан салбарч эвдэрсэн удган мод мэт зовлон гунигт живэх болно. Омог аймгийнхны шүтээн болсон удган модны хувь тавилан нь Тангуд бөөгийн хувь тавилантай төстэй. Нэгэн удаа, тэдгээр омог отгийнхонд зовлог тохиохын өмнө харийн хүмүүс ирж, удган модны үр жимсийг хуу хаман, салаа мөчир юуг нь хугалж эвдээд оджээ. Гэгээн шүтээнд нь гар хүрсэнд тэнгэр бурхан хилэгнэж, догшин салхи тавьсан байна. Энэ тухай уг зохиолд өгүүлэхдээ: “Тэнгэрийн үүл бараан утаа мэт тогтож чадахгүй сандчиж, сүмбэр уул нурах мэт их чимээ гаран тас няс бууж…. тэнгэр хилэгнэн хар шуурга тавьж, удган модыг ниргэн унагажээ…” хэмээжээ.
Түүнчлэн нэгэн шөнө, тэр нэгэн эр өөрийн отгийн шүтээн удган бүсгүй рүү аймшиггүйгээр довтолж, хувь тавиланг нь балчиг намагт унагаад оджээ. Тангуд бөө ингэж сахил санваараа умартаж, хүний ёсыг эрхэмлэснээр тэнгэр бурханыг өөрөө хилэгнүүлсэн билээ. Ингэснээр Тангуд бөө, мөнөөх шүтээн болсон удган модтойгоо адил аянганд ниргүүлсэн мэт салбарч хэмхрэн үлдсэн юм. Аянганд ниргүүлж орвонгоороо эргэсэн удган модыг дүрсэлсэн нь үнэндээ Тангуд бөөгийн байдлыг тодорхойлж байгаа хэрэг. Түүний сэтгэл зүрх нь яг л салаа мөчрөө газар дэвсэн, эмгэнэлтэйгээр гулдайж унасан удган модыг санагдуулна. Тангуд энэхүү азгүй тавилангаа гав ганцаар туулна. Түүний энэ зовлонг хэн ч анзаарсангүй. Харин тэрээр өөрөө энэ бүхнийг ойлгон, сэтгэлийн гүн зовлон, тэвчишгүй гүн харуусал тээсээр, “хэзээ ч тайгаасаа гарч байгаагүй, тал газрыг хэзээ ч үзээгүй” хаашаа гэдгээ өөрөө ч мэдэхгүй явж одно. “... Ойр орчны байц хад түүний инээдийг давтан цуурайтна. ”Амсаж эдэлсэн дэндүү их зовлон нь түүний сэтгэл дотрыг нь бүр мөсөн хоосруулжээ. Тэрээр “хаана очихоо ч үл мэдэн...” явсаар хүч барагдан цааш чявах тэнхэлгүй болж унаад, тэр газраа үүрд үлдсэн юм. Түүнд хаана, яаж амьдрах нь эдүгээ хамаагүй болжээ. Амьдрал нь ийнхүү орвонгоороо эргэж, гэр оронгүй, бадарчлан тэнүүчилсэн, харсан уулзсан болгондоо ад үзэгдэн, хэнд ч хэрэггүй эмгэн болон хувирчээ. Түүний удган байх үеийн омголон, баян тансаг амьдрал нь зүүд зэрэглээ мэт санагдана. Тэрээр одоо “бойны газраас нохойтой булаалдан хонины толгой олдог...” амьдралын хар балчиг шаварт шигдсэн эмгэн болов. Олсон хонины толгойгоо чанаж болгоод “шүдгүй улаан буйлаар зажилна.”
Зохиолын үг өгүүлбэр болгон зохиолчийн ур чадвар, гоо зүй, уран сайхны сэтгэлгээний дээд түвшинг харуулна. Үг болгон утгатай, хэлц, холбоо үг болгоны цаана мэргэн санаа, хурц тод дүрслэл байдаг. Зохиолын хэл нь яруу сайхан бөгөөд өгүүллэг нь үлгэр домог шиг, гол баатар нь үлгэрийн баатар мэт санагдана. Гэлээ ч энэ бол үлгэр биш, ер бусын эмгэнэлт хувь тавилантай бодит хүний дүр. Энэ бол хүний зүрх сэтгэлийн шаналан тарчилгаан. Зохиолч түүний тухай “Тангуд бол энэ дэлхий дээрх азгүй тавилан, зовлон бүхэн ганц биед цогцолсны амьд биелэл. Тэрээр эрэгнээс төрөөгүй эхээс төрсөн” гэжээ.
Тангуд бол чөтгөр шулмас ч биш, галзуу солиотой амьтан ч биш юм. Түүний хүйтэн, хэн хүнд аймшгийн сэтгэгдэл төрүүлэм гадаад төрх нь ердөө л шархадсан сэтгэлийн үүл мананд хучигдсаных юм. Хүмүүст тэр ямагт хайнга хандах бөгөөд тэд өөрийг нь үзэн ядаж, тэр бүү хэл айж байгааг нь хараад эмгэнэн гашуудавч бас л тэвчиж өнгөрөөнө. “Тэр үнэндээ тэднийг тийм болоосой гэж хүсээгүй билээ. Амьдралынхаа эцсийн өдөр хүртэл тэрээр “өвдсөн хүнд эм болж, өлссөн хүнд идэш болж тайгадаа эргэж төрөх болтугай гэж залбирсаар явсан юм. Тангуд өөрийгөө үйлийн үрээ эдэлж яваа гэж бодно. Тэрээр нүгэл үйлдмэгцээ төрөлх нутгаа орхин, хувь тавилангаас оноосон зам мөрийг хөөсөн. Хувь тавилан түүнийг амьсгалах сүүлийн мөчөө хүртэл зовоохоор хатуу шийтгэсэн юм. Тангудын амьдралын төгсгөл бол түүнийг насан туршид нь дагасан зовлонгийн төгсгөл гэхэд болох юм. Тангуд “өлсөөд эсвэл өвдөөд үхсэн алин болох нь бүү мэд… Түүний улаан буйлтай шүдгүй ам нь агуй мэт харлана.”
Тангуд дотроо хадгалж байсан зовлонгоо гадагш гаргаж илэрхийлэхийг хүссэн мэт нүүр царайд нь аймшигт дүр төрх тогтож үлдсэн харагдана. Өгүүллэгийн энэхэн хэсгийг уншихад л гол баатрын тухай хүчтэй сэтгэгдэл дүр төрх санаанд бууна. Тангуд бол гарцаагүй хүчтэй, чадалтай бие хүн юм. Тэр өөрийнхөө зовлон гунигийг тэнцвэржүүлж чадаагүй боловч энэ нь түүний сул дорой шинж бус, зөвхөн байгалиас заяасан хэт мэдрэмтгий шинжээ харуулсных юм. Тангуд бол зөвхөн удган бөө бус “Зүрхэнд нь сүү… хурсан эх хүний тавилангаас зайлсхийж чадаагүй эмэгтэй хүн. Тэрээр цээжиндээ хүүгийнхээ сэвлэгийг хадгалж, дэмий л шаналсан сэтгэлээ хуурах гэж түүнийг үнсэн үнэрлэж явсан юм. “Аз жаргалтай хүмүүсийн баяр баясгалан нь азгүй хүмүүсийн зовлонг даажигнах мэт түүнд санагдана”. Тэвчишгүй энэ зовлонгоо тэрээр зүхлээр илэрхийлнэ. Магадгүй ингэснээрээ сэтгэл санаа нь ялихгүй тайвширдаг ч юм билүү.

Орчуулсан
Ж. Отгонсүрэн

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews