БОГИНО ТУУЛЬСЫН ШИНЭ ХАТАН ХААН


Ардын зохиолч С.Эрдэнэ МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Түмэнбаярыг утга зохиолын ертөнцөд орж ирээд удалгүй жаргачихдаг “үүлэн чөлөөний наран бус аа” хэмээн итгэлтэй тодорхойлсон байдаг.Тэр үнэн аж.
1980-аад оны бүсгүйчүүлээс утга зохиолд өөрийн олбог суудлаа баттай эзэлсэн зохиолчийн нэг бол Ц.Түмэнбаяр мөн.
Ажилчны районы залуу зохиолчдын нэгдэлд данс даяатай ч манай нэгдлээр /МУИС/ гүйж, Ж.Оюунцэцэг, Бя. Энхтуяа, бас Энхтуяа, Д.Сумъяа, У.Булган... зэрэг бүсгүйчүүлтэй шүлэг “хаялцаж” явах үеэс нь зүс таних болсон юм. Түүнээс хойш Ажилчны районд Дариймаа, Туяа, Лхагвасүрэн гээд бүсгүйцүүл үргэлжилсэн зохиол руу “ханарч” байна гэнэ. МЗЭ-ийн дэргэдэх “Яруу найргийн танхим”-ыг Ц.Түмэнбаяр нар дүүргэж гэнэ гэх сураг ажиг чих дэлсэх. Тэр ийн өөрийгөө эрж хайж, үгийн урлагийн нууц увдист суралцаж явсныг мэдэх хүний нэг нь би юм. 1980-аад оны сүүлээс миний анд, яруу найрагч А.Мягмаржавын эрхэлдэг “Барилгачин” сэтгүүлд Ц.Түмэнбаяр ажиллах болсноор бидний хооронд уран бүтээлийн холбоо тогтсон билээ.

Тэр, найрагт дуртай, ер нь л үеийнхэндээ яруу найрагч болох нэгэнд тооцогдож байв. Гэвч нэг л мэдэхнээ хүүрнэл зохиол руу хэлбийж, сүүлдээ бүр түүгээр “өвчлөх” төлөв үзэгдэж эрэлсэн юмдаг. Одоо богино өгүүллэгийн нэртэй мастер болж. “Утгын чимэг” богино өгүүллэгийн улсын уралдаанд хэдэнтээ аман хүзүүдэж, бас айрагдсанаар түүнийг санагалзах уншигч олшрон, зохиолчдын дунд нэр хүнд өссөн билээ. Гэхдээ энэ нь түүнийг яруу найргаас урвасан гэсэн үг хараахан биш юм.
Анхны шүлгүүд нь нарийн мэдрэмж бүхий уянгын баатрын сэтгэл зүйн дотоод ертөнцийг нээхэд чиглэж байв. Эх үрийн холбоо, бүсгүй сэтгэлийн хүлээлт, гуниг шаналан, хайрлахуй хийгээд хагацахуйн эгзэгт агшин дахь баатрын сэтгэл хөдлөлийн ярвигтай илрэл, адармаатай шилжилтүүд болон тэдгээрт шингэсэн гоо сайхны үнэт чанарыг нээх оролдлого найрагчийг бусдаас ялгаруулж байлаа.
Тэдгээрээс энэ онд хэвлүүлсэн шинэ түүвэрт “Доомбор”, “Алтайн цагаан салхи” /1982/, “Нүд” /1984/, “Үдшийн үлгэр” /1985/, “Монгол гэр” /1987/, “Үдэлтийн дуу” /1988/, “Дуртгал” /1989/ зэрэг анхны шүлгүүдээс оржээ. Түүний залуу үеийн шүлгүүд бүсгүй хүний сэтгэлийн дотоод ертөнцийг /хайр, учрал, учирлал, ээнэгшил, хагацал, тунирхал, айдас болгоомжлол, учраа үл олохуй, хязгааргүй хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болсон элементүүд элбэг/ зоригтой дэлгэж, чөлөөтэй илэрхийлсэн байдаг ч уран чадвар, туршлага дутахыг зовлон үе үе үзэгддэг байв. Шинэ номд орох шүлгийн сонголтоо сайн хийсэн тул тэдгээр өө сэв тэр бүр ажиглагдахгүй байна. Харин ч:
Жолоогүй сэтгэл гэдэг ёроолгүй тэнгистэй ижил биш үү
Зуурдын жаргал гэдэг үүрдийн зовлонтой адил биш үү
Зураг шиг сайхан эр хүнийх л шүү дээ, зүрх минь
Зуурдын жаргалд мансуураад яах вэ дээ, сэтгэл минь / Нэргүй шүлэг /1982/ “Тэнгэрийн зүүд” УБ 2005. 30-р тал/ хэмээн хайрын эргүүлэгт сэтгэл алдарсан бүсгүйн сэтгэлийн тэсрэлт, дуун алдалтаас гадна энэхүү хүслийн үрээс “ирээдүйн” том алдаанд хүрч болохыг мэдэрсэн бүсгүйн дотоод эмзэглэл, зовиурыг өөрт нь үл захирагдаж, үл ойлгогдох зөн мэдрэмж, дотоод гулбиралаар илэрхийлсэн чамбай шүлгүүд эзэлжээ. Тэдгээрт ухаарлаас гадна уншигчийн сэтгэлийг сэрвэлзүүлэх нууцлаг өнгө аяс, уянгын хөг аялгуу шингэмэл, сэтгэлийг сэлрээх яруу дүрслэл элбэг байна. Найрагчийн 1990-ээд оноос хойших шүлэгт нэгэнтээ жаргаагаад одсон зуурдын учрал, залуу бүсгүйд үл захирагдах хүсэл, хожимдсон хайрын өглөг, аз туршсан хайрын сонголт, итгэл алдралт, төөрөлдсөн хайр, нууц амрагийн явдал, үүрдийн хагацал зэрэг сэтгэл зүйн шинжтэй бодрол шүлгүүд зонхилох хандлагатай болсныг тэмдэглүүштэй.
Мөн эротик дүрслэлүүд, тухайлбал бүсгүй хүний бэлгийн дур хүсэл, учралын үеийн онцлог, түүнд хандах хандлага, илэрхийлэх байдал... гэх мэт эрчүүдэд тэр бүр ойлгогддоггүй эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн “маш нууц”-д хамаарах эмзэг асуудлуудыг хөндөж, түүнийгээ амьдралаас олсон ухааралтай хослуулах, харшуулах маягаар бичсэн шүлэг нэлээд байна. Энэ нь нийгмийн өөрчлөлтийн онцлог үеийн тусгал байж мэдэх юм. Тухайлбал: “өвсний гал шиг дүрэлзэх амьдрал дундуур, уулын гол шиг өнгөрөх залуу насанд минь, үүлэн чөлөөний нар шиг богинохон жаргал амсуулж, үүнээс илүү хувьгүй гэж хагацааж одсон” /Дуртгал 25-р тал/ нэгэн түүхээс үүтгэн:
Салхиа сөрж үүл нүүдэггүйн адил
Цагаа сөрж дуртгал эргэхгүй нь үнэн
Чулуу мөргөсөн шил тэсдэггүйн адил
Хагацал мөргөсөн дурлал амилахгүй нь үнэн /”Дуртгал” 1989/ хэмээн уянгын баатрын ухаарлыг гүн ухааны шинжтэй гаргалгаа болгон хувиргасан бол бүсгүй хүний амьдралын нэгэн чухал хэсэг хүлээлт хийгээд дур хүслийн оргил үеийн байдлыг:
Тогтож чадахгүй догдолж дэвхцэх зүрх минь
Товчоо олохгүй энгэрээ тэмтчих гар минь
Дуу алдам, торгон агшиныг хүсээд байна
Дурлалд живж, тачаангуйн тэнгэрт хөвмөөр байна
Шимширтэл санасан элгээ дэвтээж шүүрс алдмаар...
Шунаг уруул, зөөлөн гарт чинь үнгэгдмээр... /”Уулзахгүй удахад...” 27-р тал/ хэмээн илэрхийлсэн нь ханат гэрт ханилаагүй ч хайртай хархүүгээ хүлээж адгасан бүсгүйн “жаргал” мөрөөдөх бие сэтгэлийн шаналал, үүлэн бороог хүсэмжлэх агшин, хүсэл, хясал хослосон бие сэтгэлийн дотоод зөрчилт тал, эрчимт чанарыг тод дүрсэлсэн бол дараагийн мөрүүдэд түүнийгээ бүсгүйн хүсэл сэтгэлийн агуу их орон зай руу холбируулан:
Хайр асгарах энгэрт минь, нялхран нялхран эрхлээч дээ
Халуу шатсан цээжинд минь ивлэн ивлэн эрхлээч дээ
Чамдаа би цэцэг шиг дэлгэрье. Хайрт минь
Чинийхээ сульдтал жаргахыг чимчигнэтэл мэдэрье, даанч сайхан /мөн шүлэг/ хэмээн урласан нь хэнд ч үл захирагдах жам ёсон, буруутгаж үл болох гуйлт, чин хайр, хүслийн уран хослол юм. Найрагчийн ил тод дүрслэл, сэтгэл сэрвэгнүүлэх адвиш аяс, өгүүлэмжийн түргэн хувирал бүхий хайрын шүлгүүд эрчүүлийн мэддэгээс ихээ өөр өвөрмөц ертөнцийг уншигчдын өмнө тавьдаг онцлогтой. Үүнээс гадна ухаалаг эргэцүүлэл, эрс сонголт, жинхэнэ хайрын тухай бодрол давамгайлсан, романтик уран сэтгэмж, гэгээн цайлган тэмүүлэл, сэтгэл хөдлөлийн эрчим, уянгын сайхан хэллэгтэй цөөнгүй шүлэг бий. Тэрээр нэргүй шүлэгтээ:
...Хэнзхэн хайр нялхарч томоогүй гэнэн аашлах нь
Хэнийх нь ч буруу юм бэ дээ, миний ижил “тэнэг” минь
Гандсан хөх салхи шиг, дотор жихүүцүүлэх үдшээр
Ганихарсан хагацлын гунигт, сэтгэл хөндүүрлэж ханасан шүү
Гарцаагүй энэ дурлал, намайг олзлох ёстой юм бол
Гараа аль, хамтдаа живье. АЛДВАЛ Ч АЛДАГ /Мөн тэнд. 1999/ хэмээн хором зуур аз сорьсон гэнэтийн шийдэлд хүрч байгаа уянгын баатрын сэтгэл зүйн хэв шинж давтагдаагүй содон сэргэг байгааг хэлэх хэрэгтэй. Иймэрхүү өвөрмөц нээлттэй:
Буруу энгэрээр зөрсөн чиний, миний учрал
Буцааж болох ч биш дээ, үйлээр ирсэн үрийг
Мэргэн шооны нүхэнд даатгаа билүү заяагаа
Мэлзэж ирсэн тохиолыг буцаалтай билүү яалтай /Нэргүй шүлэг 7-р тал. 2002/,
Янаг хорвоогийн гашуун үнэнд
Ялагдаж үлддэг нь жам юм аа
Явъя даа..... минь бүү хоргод
Яруу найрагчийн зовлонг ойлгодог
Ямар ч бурхан орчлонд байхгүй /мөн мэнд 13-р тал/-н ухаарал,
***
Шанхаар тоглох салхи нь
Сэтгэл хөндөөд өнгөрөв өө
Сайхан дууны монгол эр
Сэмхэн даллаад одов оо...
...Нулимс зангирсан аялгуу нь
Цээжинд хадаад горьгүй ээ
Нүгэл болтлоо адлагдсан ч
Дуусах нь яасан дурлал вэ? /”Нэргүй шүлэг” 19-р тал/ өвөрмөц мэдрэмжид үндэслэсэн мэдэрхүйн шүлгийн мөрүүд төлөөлж чадах буйзаа.
Найрагчийн “Ээжээс заяасан...” , “Мэнгэ” /1991/, “Зүүд” /1992/ дуртгал шүлэг, эх нутаг, байгалийн сэдэвт “Заг”, ”Хулангийн ус”, “Алтайн цагаан салхи”, “Говийн зүүд” монгол уламжлалт ёс заншлын сэдэвт “Монгол гэр”, “Нүүдэл”, соёл түүхийн сэдэвт “Үзмэрийн танхим дахь чулуу”, “Ван Гогийн зургууд” эх үрийн харилцааны сэдэвтэй “Охиндоо”, “Бүүвэйн дуу” /зориулал/, ертөнцийн жам ёс, ёс суртахууны сэдэвтэй “Гөлөг”, “Аалз” /зураглал/, “Таван хус”, “Сохор юм шиг хорвоо...”, цэрэг эх орны сэдэвтэй “Ганцын давааны дууль”, “Хар зүрхийн хөх нуур” зэрэг чамбай бүтээлүүдээ шинэ түүвэрт буй.
Энэ мэт Ц.Түмэнбаярын шүлгийн хэлбэр галбир өөрчлөгдөж, хэрсүү ухааны шүншиг суун, агуулгын цараа тэлж, амьдралын хар цагааныг харьцуулан харах сонирхол гүнзгийрч, зохиолчийн залуу хийгээд өдгөөгийн бичлэг сэтгэлгээний хувьсал, зааг ялгаа илт ялгарах болжээ.
Зохиолч өнгөрсөн он жилүүдэд уран бүтээлийн замд хормын төдий ч алмайран саатсангүй. Шүлгээ тэрлэж, “Удган”, “Өндгөн эс”, “Өндгөн чулууны домог” өгүүллэг, туужийн номуудаа таталхийлэн “шидэлж”, кино зохиол, жүжиг, бүр орчин үеийн модерн бүжгийн жүжгийн цомнол зохиолоороо тайз дэлгэцийнхнийг гялаалгаж явааг утга зохиолын хүрээнийхэн мэдэх юм.
Зохиолч Ц.Цэдэнжав нэгэнтээ “Энэ жаахан шар хүүхэн ирээдүйд юм үзүүлнэ шүү” гэж хэлсэн гэдэг. Ц.Түмэнбаяр угаасаа их хөдөлмөрч, урамсаг зохиолч. Өвгөн “уяач” алдаагүй бололтой. “Согоо суман” /2005/ ном үүний гэрч юм. Түүний өгүүллэгийг Петербургийн залуу монголчид нэлээд судалжээ. Харин манай судлагч, шүүмжлэгчид хаа нэгтээ ганц нэг сайшаалын үг өгүүлбэр хавчуулахаас өөрөөр “ганхийсэнгүй”.
Доктор М.Петрова /Петербург/ өнгөрсөн онд Москвагийн Дорно дахин судлалын олон улсын 37-р их хуралд “Монголын зохиолч Ц.Түмэнбаярын сэтгэл зүйн зохиолууд” илтгэл тавьж: “Өнгөрсөн зууны алдарт зохиолч С.Эрдэнийн шавь... Ц.Түмэнбаярыг өгүүллэгийн мастер гэж хэлэх үндэстэй. ...Богино зохиолын төрөл болох-эссе, нийтлэл, өгүүллэг, туужууд нь нийгэмд гарч буй өөрчлөлтүүдийг /дор нь/ түргэн тусгадаг...зохиолын уран сайхны орон зай нь тодорхой цөөн тооны баатрууд, явцуу хүрээ,...богино цаг хугацаагаар хязгаарлагддаг.
Хайр сэтгэл, ёс суртахуун, түүхэн сэдвүүд өнөөдөр зохиолчийн сэтгэлийг догдлуулж байгаа бөгөөд өгүүллэгийнх нь баатрууд орчин үеийн хот хийгээд хөдөөгийн алслагдсан суурингийн оршин суугчид, заримдаа түүхэн нэрт хүмүүс байдаг. Олонх өгүүллэгийн үйл явдал өнөөгийн суурин иргэншил рүү алхаж байгаа монгол оронд өрнөдөг. Нүүдлийн соёл иргэншлийн тухайд хот гэдэг бүхэлдээ харьцангуй шинэ үзэгдэл учраас үйл явдал өрнөх газар орны хувьд өмнө төдий л хөндөгдөөгүй өвөрмөц орон зай болохыг тэмдэглэх нь зүй юм. Ц.Түмэнбаярын гол сэдэв нь орчин үеийн хотын хүний амьдрал, хувь заяа байдаг бөгөөд үүнээс шалтгаалан өгүүллэгүүдийнх нь дүрүүд амьдралд өөрсдийн байр сууриа эрэлхийлсэн залуу хүмүүс” /Уг номын 223-р тал. Орчуулгын найруулгыг бага зэрэг зассан/ зонхилж байгааг зөв олж харжээ.
“Согоо суман”-д зохиолчийн олон жилийн хөдөлмөрийн үр болсон олонх бүтээл нь багтжээ. Түүний эссе хэлбэрийн богино өгүүллэгүүд ухаалаг, эрэгцүүлэл шаардсан цомхон өгүүлэмжтэй, агуулгын багтаамж өргөн, сонирхолтой зохиомж, цэгцтэй хэл найруулга, яруу дүрслэл тэгш цогцолсон нь таатай сэтгэгдэл төрүүлэв. Зохиолын нэлээд хувь нь нүүдлийн аж ахуйн хэвшил дэх хүн ба суурин иргэншлийн нөлөөгөөр бий болсон шинэ асуудлууд, ялангуяа хүний сэтгэл, хотынхны цоожтой хаалганы чинад дахь амьдралаас сэдэвлэгджээ. Хөдөөгийн бор ахуйгаас эхлээд хотын гял цял амьдралын дотоод агуулга, хүн чанарын эвдрэл, хөгжлийн хэмнэл, техникжилт, хүүхдийн сэтгэл зүй, хайр сэтгэл, харьд амь дүйн мөнгө цуглуулж яваа монгол залуусын хувь заяа, нийгэм дэх ёс суртахууны уналт хийгээд ардын домог хуучис, эртний түүхийн улбаа мөрийг мөшгин уран сайхнаар баяжуулан нөхсөн олон өгүүллэг нь давтагдаагүй шинэ санаа, шинэ шийдэл, шинэ дүр, шинэ асуудлыг дэвшүүлж байгаа нь яруу найргаас илүү хүүрнэл зохиол түүнд илүү нийцтэйг харуулж байна.
Үүнийг “Нүцгэн натур” /1996/ өгүүллэгээр төлөөлүүлж болно. Царайлаг бүсгүй Ганцэцэг хэд гурван төгрөгний хэрэгцээ байснаас санамсаргүй таарсан ганц бие зураачийн даржин гэрт нүцгэнээр зуруулахыг зөвшөөрөх ба зураачийнд анх орохдоо “хачин их жийрхэж”, очих бүрдээ “хурдан дуусаасай” гэж хавьчиж суудаг ч аажмаар орчиндоо дасч, ур авъяасын өмнө бүсгүйн сэтгэл сэм сэмхэн хөглөгдөн, “Энэ намайг нүцгэнээр минь харж суухдаа юу боддог бол, хүсдэг болов уу”? гэсэн саваагүй бодолд ороогдон, сүүлдээ бүр “аль болохоор удаан янз бүрийн эвлэгхэн хөдөлгөөнөөр зуруулахыг хүсэх болоод”, эцэстээ “Би чамд л зуруулна. Чамаас өөр хэний ч өмнө насан туршдаа нүцгэлэхгүй хэмээн ам алдан шахаж” байгаа баатрын сэтгэл зүйн гүнзгий хувьсал нь аажимдаа гүн хайр болж хувирах явцыг гайхалтай сайхан нээжээ. Энэ нь Ц.Түмэнбаяр сэтгэл зүйн маш нарийн мэдрэмжтэй, түүнийгээ урнаар илэрхийлэх их авъяастай зохиолч.
Бүсгүйн хайр зөвхөн өөрөөс нь зураачид чиглэсэн нууцхан хайр байлаа. Энэ хайр зураачийн гайхамшигт мэдрэмж, авъяас билгийг шүтэн бишрэх бүсгүйн сэтгэл хийгээд өөрийг нь эс өдөх даруу зан чанар, илэн далангүй эелдэг харьцаанаас үүдэлтэй байв. Харин зураачид Ганцэцэгийн сайхан бие бялдарыг бүтээлдээ мөнхлөх шунал хүслээс өөр ямар нэг санаа зорилго байсангүй. Энэ түүний мэргэжлийн эрэл нээлт, олз омог байв. Яагаад ч юм Ганцэцэгт зураач надад хайртай, намайг хүсч байгаа гэх нэг бодол бий болсон байлаа. Гэвч үзэсгэлэнгийн нээлтэд “хайртай” гэдэг үг хүсэж, цэцэг тэврэн очсон үзэсгэлэнт бүсгүй талархлын үг сонсож, гомдлын нулимстай үлдэх нь харуусалтай. Түүнийг хэн ч гомдоогоогүй. Тэр өөрөө л дурлаж, харамсалтай нь тэр ганц талаас гарсан хайр байж. Сүүлчийн агшинд ч тэр хайраа зураачид илэрхийлээгүй билээ. Ийнхүү нэгэн гоо бүсгүйн сэтгэлийн ертөнцийг задлан шинжилж, уран бүтээлчийн өвөрмөц шинэ зан төрхийг бүтээжээ.
Судлагч М.Петрова зураачийг хүйтэн хөндий сэтгэлтэй, ёс суртахууны доголдолтой хүн мэтээр дүгнэсэн нь эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлогоор тайлбарлагдах болов уу. Харин ч натур бүсгүйдээ “сээтэн хаяж” гүйгээгүй зураач соёлтой, ухаалаг залуу хүн юм. Бүсгүйн хувьд ч ёс суртахуунаар доголдсон юм алга. Хүний хүсэл сэтгэл хязгааргүй, бүсгүй хүний сэтгэл эмзэг, нүдээ олоогүй хайр зовлон болдог гэдгийг сэтгэл зүйн үүднээс нухацтай харуулсан юм.
Үүний эсрэг гэмээр өгүүлэмжтэй “Халуун усны байшин” /1999/ өгүүллэг ч нийгмийн хурц асуудал хөндсөн чамбай бүтээл болжээ. Хөдөөгийн нэгэн сумын төвийн халуун усны газар хүний эрх чөлөөг эдэлж, жаргах завшаан олдог залуу хосын “гайхамшигтай” атлаа гунигтай, инээдэмтэй атлаа “нулимстай” амьдралын бараан түүх зохиолчийн уран сайхны нээлт, ур дүй, ёгт хурц сэтгэлгээг илтгэнэ.
Эцэг эхийн хамт амьдардаг шинэхэн хосод эрхлэн жаргах хэрэгцээ их. Тэд сумын төвийн халуун усны хөгц чийг ханхалсан умгар өрөөнд долоо хоногт хоринхон минут усанд орох нэрээр эхээс төрсөн хоёр биеэрээ учран, хосын жаргал эдлэнэ. Гэрийнхэн нь хүүхдүүд усанд орохоор явлаа гэж бодох, сумын төвийн төрхгүй банди нар тэдний явдлыг хэдийнээс мэдэх болсон тул халуун усны цонхны сараалж нүхээр шагалзаж тэдний “үл үзэгдэх далд ертөнцийн амьдралыг ханатал харж хөхрөлдөх”. Түүнийгээ кино үзэх гэнэ. Хамгаас хэцүү нь төд удалгүй халуун усны үйлчлэгч бүдүүн бор авгай “цаг чинь болчихлоо, дараагийн хүн усанд орох гээд байна, гараач” хэмээн дүлий хүний ч чихний хэнгэрэг хагармаар хашгичин “Энэ хоёр усанд орохоороо ерөөсөө цаг барина гэж байхгүй, гарахаа мэдэхгүй” гэж зарлах. Залуу эр дэмий л “тэнэг авгай” хэмээн бухимдан хувцаслах. Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг, бүр жаргалтай ч юм шиг ийм нэг явдлыг өгүүлнэ.
Долоо хоногт хорьхон минут олдох энэ л жаргалдаа хоёр залуу насан туршдаа мансуурч явахыг л хүсдэг аж. Усанд орохоосоо илүү янаг хайрын явдалдаа халууцсан бүсгүйн царай аз жаргал, ичингүйрэл хоёроор улаа бутран гарч ирэхдээ усанд орохоор ирсэн хүн, үйлчлэгч хоёроос ичин, нүүр буруулах нь өрөвдөлтэй, бас жаргалтай. Энэ бол хөдөө төдийгүй хотынхны нийгмийн эмзэг асуудал. Бас монгол аж төрөх ёсонд өөрчлөлт шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг зохиолч ийн ичиж, бас нүүр улайм хурц, инээдтэй атлаа нулимстай, жаргалтай атлаа цөхрөлтэйгээр харуулжээ. Чухам энэ асуудлын тухай том болсон хүүхэд, хүргэн, бэртэйгээ хамт чихэлдэн амьдардаг хотын эр эм хоёр аргаа барахдаа хотын захын хямд буудалд өрөө хөлслөн “учирч” байгаад “янхан” хэмээн эргүүлийн цагдаад “чихдүүлсэн” тухай золбин онигоог өөрийн эрхгүй санагдуулам нийгмийн эмгэнэл, улс орны нүүр царай юм. Энэ өгүүллэгийг сэтэртнүүдэд уншуулвал ичиж нэг мэдэх юм даа.
“Согоо суман” түүвэр дөрвөн хэсэгтэй. Тэргүүн хэсэгт “Шөнийн танго” буюу янаг амрагийн, удаах хэсэгт “Таж Махалын нулимс” буюу түүх, домог, уран сэтгэмжийн, гутгаар хэсэгт “Хилэнцэт хорхой” буюу домогт явдал болон байгаль экологи, байгалийн жам ёсны , дөтгөөр хэсэгт “Буцах тийзгүй аялал” түүхэн болон орчин үеийн ёс суртахууны сэдэвт хошой туужаа оруулсан байна. Түүний богино өгүүллэг, тууриуд ганц хоёрхон хуудсанд багтсан, сонирхолтой өгүүлэмж, олны сайн мэддэг атлаа мэдэхгүй мэт маяглах ээдрээтэй хурц асуудлын учир шалтгааныг баатрын сэтгэл зүйгээс эрж хайн үнэмшилтэй, улайм цайм дэлгэсэн байдаг нь уншигчдыг их татдаг.
Тэргүүн хэсэгт орчин үеийн нийгэм- ёс суртахууны ялзралыг илчилсэн бүтээлүүд оржээ. Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн сөрөг үр дагаврын аюул сүйтгэлийг харьд суугаа эхнэрээсээ далдуур өөр нэгэн бүсгүйтэй ханилж олдсон үр урагаа өөр эхэд тээлгэн төрүүлсэн хийгээд эцэстээ гэр бүлийн доторх хүчирхийлэлд хүрсэн түүхийг “Өндгөн эс” /1997/ өгүүллэгт, интернет хүний оюуны гайхамшигт нээлт боловч түүнийг сөрөг аюулыг мэдэхгүйгээс бяцхан хүү хориотой тоглоомын сайт руу мөнгө төлөн орж улангасан тоглосноос амь насаа алдсаныг “Үхлийн вэб сайт” /2004/, ядуу амьдралын шахалтаар харийн шашны номлолд автан, эхийнхээ элгийг хатаан дахин төрөхөөр амиа егүүтгэх бяцхан охин “Есүсийн шавь” /1996/, бэлгийн гаж донтны зан төрх, сэтгэл зүйг нээсэн “Шөнийн танго” /2004/, шоронгийн өргөст торны цаана эгэл хүн, араатан болж хувирах үйл явцыг өгүүлсэн “Ял” /1988/ зэрэг өгүүллэгүүд нийгэмд аюултай үзэгдэл болж байгааг баатруудынхаа сэтгэл зүйн хүрээнд оновчтой уран шийдсэн цагаа олсон сэрэмжлүүлэг болжээ. Тэхдээ амьдралд тохиолдсон ямар нэг аймшигт явдлыг өгүүлэх биш тэдгээрийн нийгэм-сэтгэл зүйн үндсийг нээн харуулах билиг авъяас нь Ц.Түмэнбаярын зохиолыг хүч чадалтай, үнэ цэнтэй болгож байдаг. Чин сайхан хайр хэзээ ч хөрдөггүйн учир ёсыг өгүүлсэн /олны магтаалд сагсуурч, хөнгөн явдалд хөтлөгдөн, толгой нь эргэсэн хөгжимчин бүсгүйд залуудаа хаягдсан өтөл эр /авааль нөхөр/ эмгэн болсон хөгжимч бүсгүйнд ирж, түүнийг сүүлийн удаа “хайрт минь” хэмээн дуудаж, сэтгэлийн урам хайрлаад Моцартын хөгжмийн намуун аялгуунд “гүн нойрсож” буй өвгөний сэтгэлийн агуу их ертөнц/ “Ганц бие хөгжимчин” /1997/, гэр бүл, хайр сэтгэлийн халуун дулаан харилцааг элдэв ёс журамын хүлээсэнд оруулж, эр нөхөртэйгээ ёс төдий хүйтэн хөндий харьцдаг үхмэл зан төрх нь олон эрийн толгойг залгисан “Эрвээхэй шүхэртэй бүсгүй” /2001/ зэрэг сэтгэлд жихүүдэс төрүүлсэн давтагдаагүй содон дүр, яруу сайхан хэл бүхий чадварлаг бичлэг Ц.Түмэнбаяр тогтож төлөвшжээ.
Залуу монголч А.Гроховская, Ц.Түмэнбаярын өгүүллэгийн ерөнхий онцлогийг “Хэмжээ томгүй, цөөн баатрын зан төрхийг ялгаруулан урлахдаа тэдний орчин тойрныг төдий л анхаардаггүй, харин цөөн гол чухал шинж тэмдэгээр нь баатруудын дотоод ертөнцийг таних, тэдний шаналал энэлэлийн гүнийг тод мэдрэх боломж уншигчдадаа олгодог. Зохиолчийн ийм гайхалтай амжилт нь сэтгэл зүйн нарийн аргыг хэрэглэсний үр дүн юм” /”Цагаан сүүний домог” өгүүллээс/ гэж дүгнэжээ. Ийм шинж тэмдэгүүд зохиолчийн “Сөүлийн гудамжийг цочоосон дуу” /1998/, “Арын хөндийн жавар” /1986/, “Ажаа” /1989/, “Харалган” /1996/, “Том болгодог эм” /1996/, Диваажинд өмсөх гоёл” /1998/, “Гэгээ” /1992/, “Тунирхал” /2004/, “Сумтай үзэг” /2002/ зэрэг олон арван бүтээлд нь нэг адил хамаарах юм. Зохиолч амьдрал дахь үлэмж далдлагдсан ертөнц буюу баатрын сэтгэл зүйг задлахад гол анхаарлаа тавьдаг нь түүний амжилтын гол үндэс юм. Тийм учраас зохиолд нь уншигчаа уйтгарлуулах энгийн хүүрнэл, мөрдөн өгүүлэх сунжирсан бичлэг, уран үгээр нэмж чимэх зэрэг бичлэгийн хуучин барил маш ховор ажээ.
Үүнийг “Диваажинд өмсөх гоёл” өгүүллэгээр жишээлж болно. Хоёр хуудас энэ туурийн агуулгын багтаамж өргөн. Зохиолч энэ зохиолоороо өөд болоочдын үнэтэй эдлэл дээр ах дүүс, үр хүүхэд нь шуналын гал өрддөг бичлэг сэтгэлгээний нэгэн хуучин загварчлалыг эвдсэн төдийгүй гол баатруудынхаа сэтгэл зүйг маш нарийн задалжээ. Хөдөөгийн шалдар булдир амьдралын замд нэгэн гэрийн эр эм хоёрын сэтгэлд эртнээс инагш үүсч хуралдсан гүн шарх, сэв сорвийг амьдралынх нь сүүлийн хэсэгт гайхалтай сайхан илаарьшуулах нь түүний сэтгэл зүйн өгүүллэгийн ур хийцийн ерөнхий төрхийг тодотгоно.
Цэрэнпил самган “насан өөд болж” гэх үгтэй хамт, түүний “алтан саан эмжээртэй, минжин дотортой хамбан дээлийг “хэн авах” бол гэдэг бодол нутгийн мэддэг, таньдаг бүхний анхаарлыг юунаас илүү татжээ. Энэ өгүүллэгийн урвуу зохиомж, давхар өгүүлэгдэхүүн, үйл явдлын зэрэгцээ шугам анхаарал татна. Тухайлбал: Цэрэнпил бүсгүй минжин дээлтэй болсон ба хайр сэтгэл, гэр бүлийн түүхийн нэг шугам, нөгөө нь хөгшнийг үгүй болсны хойно минжин дээлний хувь заяа хэрхсэн тухай хоёр өгүүлэгдэхүүнийг давхар зангилаа, тайлалтай зохиомжилжээ.
Цэрэнпил самган хоёр идэж хоосон хоноогүй хорвоог өнгөрөөсөн “дампуу” Содном гэгчийн эхнэр байж. “Дампуу” эхнэрээ хорь хүрээгүй байхад нь хүчээр шахам авч суусан ч “олигтой жаргаагаагүй хүн. Амьтан хүнээс ичиж зовох гээчийн таягдаж “ар, өврөөрөө өнгөрсөн охид, хүүхнүүдийн хормой хотноос чангааж”, ханиа “шар махтай нь хатаах”-ын туйлыг үзүүлж, ааг омгоо багтааж ядан “хэд хоногоор оронгүй оргодол шиг архи авгай эргүүлэн золбирчихоод... хий нь гарсан гүзээ шиг шалчийсан хойноо “Үхлээ, хатлаа, хүний хань юм бол түшиж ав, үгүй юм бол хөдөө хээр хүүрээ тавих минь” гэсээр үнэрхэж тунирхаж ирэх нь тоймгүй байж. Тэр нас хэвийх үедээ “...яаж санаанд нь орсон юм”, гэргийнхээ “дөчөөд насанд нь” дээр өгүүлсэн минжин дотортой сайхан дээлийг “хуруу хумсаа хуйхлан бараг өөрөөсөө нууж шахам хэдэн төгрөг цуглуулан хийлгэж” бэлэглэжээ. “Дампуу” Содномын сэтгэлийн ертөнцийг зохиолч: “Яахав хөөрхий, насаар нь зовоосон юм. Одоо ямар өсөх нас биш, хүний нүдэнд өртөх өнгөтэй, өөдтэй юм өмсөж эдэлж явсан биш. Ганц шөнө сэтгэлийг нь амар хонуулсан биш. Бүтэлтэй бүтэлгүй элдвийн хүүхнүүд намайг булааж чадаагүйдээ атаархаж явдагийг юугий нь нуух вэ. Тэд миний төлөө энэ муу шиг минь шаналж, элгээ эмтэлж, өрөө өмөлсөн биш дээ...Дампуу Содном эхнэрээ хайрлах ухаантай юм байна гэж бодог” хэмээн дотоод ярианы хэлбэрээр нээсэн бол “амьдралдаа тоотой хэдхэн торго эдэлсэн Цэрэнпил дээлийг хараад үнэмшиж чадахгүй баярлаж, авч зүрхлэхгүй гар нь чичирч байгаа” торгон агшинд хайр, баяр, ойлголцлын үл мэдэг цагаан цагаан туяа тэдний сэтгэлийн гүнээ бүдэгхэн татаж буй нь мэдрэгдэнэ. Энэ агшинд өрнөлийг эрчимжүүлэн Содномын “За май, ав даа, ав” гэх удтал сонсоогүй аргадангуй дуунд сэтгэл алдрах гэргий нь “дээлээ эргүүлж тойруулж үзээд догдолсондоо ч юмуу, ийм юм эдэлж яваагүйдээ ч жийрэхсэн үү, мэнчийтэл улайсан нүүрээ даран инээд алдах”, “Өмс, өмс, өмсөөд үз. Миний хөгшин” гэх Содномын эевэргүү зөөлөн үгс нийцтэй хослон, дээлэнд гэхээсээ илүү эр нөхөртөө баярласан “Цэрэнпилийн царай гэрэлтэн, дээлэн дээрээ шар бажгар ороож, ганц гоёл болсон хуучивтар саатай алчуураа толгойдоо зангидан ижилсүүлэхэд, Содном нааш цааш нь эргэлдүүлэн хормой хотыг нь засахдаа:
Урд хормойноос нь улаан цурав банди нар увуу цувуу унаг
Хойд хормойноос нь хорчгор дэрчгэр банди нар хоргол хомоол шиг цуваг хэмээн дугтрахад: Цэрэнпил “Болиоч. Яасан ичдэггүй юм. Амьтан дуулбал юу гэх юм” хэмээн яльгүй аальгүйтээд баярлаж гялалзсан нүдээрээ тас шилбүүрдэн толины өмнө эргэлдэх” нь эвлэрлийн бүлээн дулаан амьсгал тээжээ. Содном энэ зуур эхнэрийнхээ хөхөн баясахыг таг мартсанаа мэдэрч: “Аятайхан хувцаслачихвал ч миний муу авгай хэнд ч гологдохгүй сайхан хүүхэн юм гээч. Би гэдэг өгөр толгой хөөрхийнхөө сэтгэлийг харлуулж, хийморийг гутааж гүйцсэн хог байна даа” хэмээн бодохуйд түүний сэтгэлийн гүнээ улам бүр нялхран зөөлрөх мартагдсан хайрын аялгуу дахин зөөлөн эгшиглэж, гэм буруутай ч гэргий хүүхдээ орхилгүй, алдсан ч алдаагаа ухаарч чаддаг дөмөг эрийн зан төрх рүү шилжиж, улмаар “Цагаан сараар өмсүүлэх гэж зориуд хийлгэсэн юм. Амьтан ах дүүгийнхээр гоёчихоод золгоно доо хө. Хоёулаа” хэмээн нүүр дүүрэн инээж суух нь гэмтэн бус харин ч онгирч хөөрч явахдаа чин хайраа будад алдалгүй сэтгэлдээ хадгалж чадсан гэрийн тэргүүний уран дүр, сэтгэлийн ертөнцийг дэлгэж чадсан билээ. Энэ агшинаа Цэрэнпилийн “Би чинь дандаа дээрэлхүүлж яваагүй юм шүү. Гурван үрийг нь төрүүлж, хазайхад нь түшиж, халтирахад нь босгож явдгийг эр нөхөр минь ойлгож, санааныхаа мухарт намайгаа гэж явдгийг амьтан мэдэг” хэмээн бодож суугаа бие биеийг уучилж, урд урдаасаа тоссон ойлголцол нэгэн битүү тойрог болж байгаа нь зохиолчийн сэтгэл зүйн уран шийдэл юм. Бусад өгүүллэгүүдэд ч иймэрхүү санаанд оромгүй уран нүүдэл, сэтгэл хөдөлгөсөн уран дүрслэл зонхилж байна.
Ямар үнэтэйг мэдэхгүй, сайхан минжин дээлээ Цэрэнпил орсон гарсан хүнд “Содном авч өгсөн юм” гэж үзүүлнэ”, ойр хотлын авгай хүүхнүүд “Содном эхнэртээ тийм дээл аваад өгчихдөг зайтай эр юм. Ухаанд нь ухна ишиг уначихаагүй айхавтар чоно бол” гэлцэн сэм шивнэлдэн, далим гаргаж өнөө дээлийг нь үзнэ” Тэр жилийн цагаан сараар гоёсонгүй. Учир нь цагаан сарын өглөө хажуу айлын чавганц өлөн хир суусан даалимбан дээлээр, үй зайгүй үерхэж, нулимс, цай хоёроо хуваалцсан уужим сэтгэлт Хандаа нь үзмэн хүрэн пүүсүү өмссөн нь түүний дээлийн дэргэд даржин тул өмсөж зүрхлээгүй бөгөөд нандигнан баадагнаж авдарт хийсэн түүхтэй. Эр нөхрөө бүрлээч болсноос хойш түүнийгээ дурсаж хааяа нэг гаргаж үздэгийг эс тооцвол хорин жил салхи үзүүлээгүй.
Өгүүллэгт тавьсан гол асуудал нь үнэтэй дээлэнд бус гэр бүл хайр сэтгэл гэдэг эмзэг нарийн атлаа хичнээн эрхэм дээд зүйл болохыг нэг гэрийн эр эм хоёрын эмгэнэлтэй атлаа гайхамшигтай амьдралын мөчлөгт харуулж, Цэрэнпил самганыг өнгөрсний дараа хүүхдүүд нь мөнөөх үнэтэй, ганц ч өмсөж гоёж чадаагүй минжин дээлийг хэн нь ч авалгүй “муу ээж минь диваажинд өмсөг” гэж байгаа нь зохиолчийн шинэ нээлт юм. Энэ мэт хүүхэд насны гэгээн хайр, хөгтэй атлаа амьдрал зөгнөсөн алтан агшинг тусгасан “Цагаан бүжиг”, багшийнхаа сумтай үзэгний хулгайд хардагдсан жаал хүүгийн сэтгэлийн багтрал хийгээд түүнийг хүрээлсэн багш- эцэг эх- ангийнхны сэтгэл зүйн хувиралыг тусгасан “Сумтай үзэг”, хаа сайгүй сүм дуганаа босгосон харийн шашны номлолд урхилагдан ядуурал гуйранчлалаас огоот салахаар “ертөнцийн эзэнтэй учрах” гэж нөгөө ертөнц рүү амиа егүүтгэн одох Мөнхнасан охин хийгээд түүний эхийн сэтгэлийн гуниг гаслан зэрэг эмзэг сэдвүүд зонхилжээ.
Ийнхүү Ц.Түмэнбаяр харьцангуй шинэ хотын болон уламжлалт хэмээдэг хөдөөгийн сэдвийг хослуулж, ур чадварын дээд түвшинд тусгаж чаджээ.
Ц.Түмэнбаярын түүхэн болон домгийн сэдэвт өгүүллэгүүд сэтгэлгээ, урлалын хувьд том байр эзэлж байна. Алив түүхийн онцлох хэрэг явдлууд ямар нэг хэлжээгээр түүхэнд үлддэг ч их төлөв хураангуйлагдан товчлогдсон байдаг. Тэдгээр онцлог том хэрэг явдлуудын хооронд холбоос болсон хэрэг явдлууд цагийн уртад жижиг сажигт тооцогдох, мартагдан орхигдох юмуу нууцлагдан үлдэх явдал түүхэнд элбэг тохиолддог. Тэдгээр холбоос болсон хэрэг явдлыг уран бүтээлч логикийн үүднээс нягтлан үзэж, уран сайхны аргаар нөхөн сэргээх эрэл үе үеийн зохиолчдын хүч оюуныг сорьсоор ирсэн. Ц.Түмэнбаяр түүхэн уран зохиолын энэ хүнд хүчир, эмзэг нарийн салбарт ихээхэн туршлага хуримтлуулжээ. Түүхийг уран сайхны аргаар боловсруулах чадвар бол зохиолчийн нэг гол эрдэм мөн.
Тухайлбал ертөнцийн нэг гайхамшиг Таж Махалын ордны давтагдашгүй гайхамшигийг хүн бүр гайхан шагшрах боловч ч тэрхүү гайхамшгийг урласан түүх, оролцсон хүмүүсийн хувь заяа, босгосон шалтгаан хийгээд Монгол угсааны хаан Аржуманд Бану Бегам гэгч хайрт хатнаа алдсан гуниг уйтгар нимгэлэх зорилгоор золиос болгон дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган уран дархчуулыг цуглуулж Таж Махалыг бариулсны дараа дахин ийм орд бунхан “ертөнцөд давтагдах учиргүй” хэмээн бүгдийнх нь гарыг цавчиж золиослосон гашуун түүхийг мэддэггүй. Мөн хааны хатуу харгисыг үл мэдэх урчууд цаг хугацааны шахаанд орохдоо барилгын “ажил дууссан” гэж хаанд худал мэдүүлснээс ялын хүндийг эдэлжээ. Урчууд арга буюу “хатны тань магнайг зуны үд дундын наран гийгүүлэн, алсаас бадмаараг мэт гэрэлтэж, нарны цацрага асгаран байх”-аар төлөвлөсөн хэсгийн ажил дуусаагүйг хичнээн учирласан ч хаан эс хэрэгсэж, цаазыг гүйцэтгэжээ. Ийнхүү Таж Махалын ордны хамгийн эрхэмсэг дээд хүндэтгэл, уран шийдэл байх хэсэг дутуу үлдсэн аж. Тэр цагаас хойш “олон мянган урчууд, тэдний үр хүүхэд, хань ижлийнх нь цус нулимсаар бүтсэн ертөнцийн гайхамшиг Таж Махал бунхан дэндүү гоо тансаг” боловч, “басхүү дэндүү хүйтэн цэвдэг” дүр төрхөөрөө хүн төрөлхтөнд үлджээ. Түүнийг зохиолч “Энэхүү хуучин балгадын... битүү айдас төрүүлэм далдын түгшүүрт өөрийн эрхгүй зүрх автаж, үл мэдэгдэх ертөнцийн цуурайг ханандаа нуусан мэт. Хатны гэгээн царайд зуны дунд сарын үдийн наран гийж, бадмаараг мэт гэгээ цацрахын оронд түүний гантиг мэт магнайд цагийн үргэлж борооны дусал тэртээ дээрээс үл мэдэгхэн тусах нарны бүдэг гэгээнд цусан улаан өнгөнд хувилан, чимээтэйгээр унаж, хатны чамархайг даган нулимс мэт урслаг билээ” /106-р тал/ хэмээн түүхийн нууцыг тайлж, тансаг ордны битүүлэг хүйтэн аяс амьсгалын дотоод учир шалтгааныг гайхалтай сайхан дүрсэлж, гайхамшигт хийгээд эмгэнэлт явдлын гоо сайхны нөхцмөл харьцаанд нь санаагаа шингээсэн байна.
Өртөө зам дагасан эгэл хүмүүсийн эх оронч үйлсийг мөнхөлсөн “Өдтэй бичиг” /1995/, Монгол хятадын эртний харилцаанд холбогдох түүхийн өш хорслын ээдрээ будлианыг Амгай хаан /Амбагай/ өөрийн биеэр охиноо харьд хүргэж өгсөн түүх ба Вэй улсын хааны хоёр өөр угсааны хатдын хоорондын тэмцлээр харуулсан “Тэнгэрийн зүүд” /1995/, эх үрийн мөнхийн холбоог “Удган”, Эсэнбөхийн Төвдөд хийсэн дайны ялагдлын учир шалтгааныг “Гаслан”, Өгөөдэйн хоёр хүү Гүюг, Годан нарын хувь заяаны төөрөг, Их хатан хааны сэнтийд шунасан Тургинэ хатан хийгээд лалын удган Фатима нарын хэрэг явдлаар монголын их хааны ордонд болсон цуст аллагыг гэрч ба гэмтний дотоод өчиглөлөөр нээсэн “Тургинэ хатны алтан зоос” /1999/, халх ойрдын дайны үеийн тодорхойгүй түүхэн хэрэг явдлуудыг Ойрдын Шарбаатарын угсаа залгах хүүгийн хувь заяаг ухаант хатдын уран аргаар авч үлдсэн /хоёр хатан хүүхдээ сольж амь насаараа дэнчин болгосон/ тухай “Цагаан сүүний домог” /1991/, Халхын Чин ван Ханддоржийн хүүгийн гунигт хувь заяаны тухай хүүрнэх “Урд уулын зэрэглээ”, Тан улсын их шүлэгч Ли Байн уйтгарт амьдрал болон өрнийн ордон шилтгээний үжид амьдрал, язгууртны сэтгэл зүй ба маяг ёсны тухай тус тус өгүүлэх “Ли Бай” /1996/, “Тайган” /1999/ богино өгүүллэгүүд ур чадварын дээд түвшинд бичигдсэн аж.
Энэ мэт хайрын гурвалжингийн тухай “Буруу энгэртэй дээл”, ганцаардал хийгээд нийгэм дэх илүүдэл хүний асуудлыг хөндсөн “Мануухай” зэрэг ёс суртахууны олон зохиол нь зохиолчийн иргэний байр суурь эр зоригийн илэрхийлэл боллоо гэж болно.
А.Гроховская “Цагаан сүүний домог” өгүүллэгийг судлаад “Зохиолчийн ийм гайхалтай амжилт нь сэтгэл зүйн нарийн /психоанализ/ арга хэрэглэсний үр дүн юм... Европ хүнд гайхалтай санагдах тал нь Ц.Түмэнбаярын барил, Х.Л. Борхес, Г.Г.Маркес нарын зэрэг Латин Америкийн зохиолчдын богино өгүүлэгт илэрдэг энгийн амьдралаас бодот бус, хийсвэрлэлд шилжих дотоод утгын аясыг санагдуулж байгаа явдал юм”, доктор И.Регена “Удган” өгүүллэгийн тухай “Орчин үеийн монгол уран зохиолын өгүүллэгийн төрөлд эгэл жирийн хүний хувь тавилангийн онол, өнгө хувирал агуулагдаж байна. “Удган”-ыг уншихад юун түрүүн зохиолчийн, хүний дотоод сэтгэл рүү илүү хандсаныг харах болно. ...Баатрын сэтгэл зүйн талыг хөндсөн энэ өгүүллэгт гол баатрын хувь тавилангийн эмгэнэлт эргэлтэд санаа зовохоосоо илүү амьдралын нөхцөл хэрхэн хүндэрч, түүнд хүмүүс яаж хандаж байгаад илүү эмзэглэсэн санагдана. Тэр өөрөө жирийн хүн бус, үлгэр домгийн мэт хувь тавилантай билээ... Өгүүллэгийн санаа хийгээд баатрын хоёрдмол төрхөд сэтгэл зүйн шинж нэвт шингэсэн” /”Удган модны тавилан буюу Тангуд бөөгийн хувь заяа өгүүлэл” 231-р тал/ гэж үнэлсэн. Эл өгүүллэгийн баатар нь нэг талаас удган буюу оюун санааны амьд биелэл, нөгөө талаасаа хүний төрлийг олсон энгийн хүний хоёрдмол шинж агуулсан нь зохиолчийн дүрийн урлал дахь эдүүгээчлэлийн томоохон жишээ юм.
Энэ бүхнээс би хувьдаа зохиолч урлал зүйн олон арга найруулга тэр дундаа уламжлалт хийгээд модерн бичлэг сэтгэлгээний хэв маягуудын аль алийг хэм тэнцүү эзэмшсэн туршлагатай уран бүтээлч болжээ гэдгийг л мэдэрч байна. Түүний “Хилэнцэт хорхой” хэмээх бүлэг зохиол ч ур чадварын дээд түвшинд бичигдсэн юм. Энэ тухайд доктор М.Петрова “Бичлэгийн далд утгатай хэв маяг нь хүний сэтгэл хөдлөлийн эрч хүчийг судлан шинжилж тайлбарлан үзүүлсэн сэтгэл зүйн зохиол болохтой нь холбоотой” болохыг тодорхойлжээ. Эл бүлэгт өнгөц харвал байгаль дахь амьтдын амьдралын жам ёсны тухай голлон өгүүлсэн мэт боловч тэр нь хүний аж төрөл, зан чанар, амьдралын үнэн дүр төрхийн төлөөлөл болж байгаа нь гайхалтай юм. Тухайлбал “Хилэнцэт хорхой” /1997/ өгүүллэгийн Жү овогт болон хилэнцэт хорхойн амьдралын онцлогийг далдуур ижилсээсэн бичлэг сэтгэлгээний маяг, Ертөнцийн төрж өсөх, үхэж үгүй болохын жам ёсыг хотны нохой, гэрийн эзний /хүүгийн/ нөхөрлөлийн түүхээр харуулсан “Ачаа дагасан нохой” /1998 чуулгандаа яарч улаан нялга болтолоо зүтгэж ирсэн могой хийгээд чуулгандаа чуулсан могойдын хатуу хуулиар амьдралын жам, хууль засаглалын тухай сонирхолтой өгүүлсэн “Цааз”, нүгэл хийгээд шунал, хүн хийгээд байгалийн шүтэлцээний сэдвээр өвгөн анчны хувь заяаны тухай өгүүлэх “Нүглийн нүд”, байгаль нийгмийн хүрээнд идэш тэжээлийн төлөөх тэмцэл, бэлгэ залгах инстинкт, хүчтэй нь хүчгүйгээ идэх амьдралын аймшигт хууль үйлчилдгийг эрэгчин эмэгчин аалзны амьдралын хуулиар илтгэсэн “Идэш” өгүүллэгүүд монголын богино хэлбэрийн өгүүлэлт зохиолд модерн дүрслэлийн хэв маягууд хүчтэй нэвтэрч байгааг харуулж байна.
Түүний нийгмийн хуучин тогтолцооноос шинэ тогтолцоонд шилжих шилжилтийн үеийн нийгмийн амьдралын дэвсгэр дээрх монгол хүний алба амьдрал, ёс зүйн агуулга дахь өөрчлөлт, хайр сэтгэлийн шилжилт хэлбэлзлэлийг өндөр албан тушаалтнаас гудамжинд хаягдаж эцэст харьд цагаачлан одож амьдралын сүүлчийн өдрүүдээ хүлээх болсон ухаалаг сэхээтэн, “Казино” байгуулахын төлөө юу ч хийхээс буцахаа болсон Содонгончиг, банкны залуу захирал, гэр бүл, бусад бүсгүйчүүдийн холбоо сүлбээ, үйл хэрэг, байр суурь, сэтгэл зүйн эсрэгцлээр нэгтгэн харуулсан “Буцах тийзгүй аялал” /2004/ болон хувь тавилангийн эрхээр Богдын бага хатнаар өргөмжлөгдөн эр нөхрөөс хагацан амьдралын гашуун хувь заяа үзсэн Гэнинпилийн хувь заягаар хэлмэгдүүллийн үеийн монголын нийгмийн байдал, анги бүлгүүдийн хоорондын тэмцлийг тусгасан “Магнай дээрх мэнгэ” /2000/ туужууд монгол тууж бичлэгт бас тэмдэглэх ололт юм. Туужууд хэт сунжирсан урт өгүүлэмжээс татгалзаж, хэмжээний хувьд богиносон үйл явдлыг нягтруулан, уран санаа бүхий оновчтой дүрслэл, цэгцтэй логика байгууламжаараа түрүү үеийн тууж бичлэгээс ялгарахын дээр домог зүй, бодот дүрслэл, амьтан ба хүний үйл заяаны холбоог огт өөр юмуу ижил мэт болгон хийсвэрлэх, дам дашрамдуулан санаа хаях, үндсэн дүрслэлээс салбарласан бусад өнгө аясуудыг ялган товчоолох, бэлгэдэл, ёр бэлгэ, ёгт далд санаа, зоримог сэжиглэл, сэтгэлийн хөөрөл ба уналтын эрчим, шилжилтүүдийг онож хийх заримдаа бүр декаденс агуулга болон абсурд маягийн дүрслэл тохиолдох нь түүний уран бүтээлийн чухал онцлог мөн билээ.
Хэдийгээр түүний зохиолд дутуу дулимаг зүйл, санамсаргүй гэхээр алдаа, чанар муутай зарим шүлэг гээд өө сэв эрвэл болох ч өнөөдөртөө түүний хэртэй өгүүллэгч ховорхон санж. Сэтгэл зүйчлэл, модерн хандлага, эрэл туршилтууд хийн, түүх болон домгийг уран зохиолд ашиглах арга зүйд шинэ өнгө аяс оруулж, эх хэлээр найруулах төрөлх чадвар, яруу сайхнаар илэрхийлэх эрдмийг тэгш эзэмшсэн эл даруу бүсгүй хол явах тэнхээ суужээ.
Ийнхүү зохиолч Ц.Түмэнбаярын шүлэг, өгүүллэгийн хоёр номыг уншаад энэхүү сэтгэгдлээ бичив. Монголын утга зохиолд 1980-аад оныхон хэмээн нэрлэгддэг биднийг “шилжилтийн үеийнхэн” гэх нь ч бий. Бас залуу судлагчид “Мөнгөн үеийнхэн” гэж байхад нөгөө нэг хэсэг нь “соцреализм” руу шахах нь ч байдаг. Та үүгээр сэтгэл ханалгүй эх зохиолтой нь танилцагтун. Алив уран бүтээл өөрийн нууц, хувилгаан шидийг уншигчийнхаа өмнө өөрөө л нээдэг. Магадгүй бид өөрийгөө болон өрөөлийн энэ цагийн бодот дүр төрхийг олж харна гэдэгт итгэж байна.


Доктор, профессор Д.Галбаатар

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews