Егүүтгэл

Төгөлдөр хуурын даруулыг арван хуруу тэмтчиж
Төөрсөн сэтгэлийн гүнээс эх дэлхийгээ эрлээ.
Хар цагаан даруулаас
Харууслын дуу цахиртаж
Халуун зүрхний гүн рүү
Хархираа гол шиг цутгалаа.
Бөөсөн чинээ үрс нь бөөрнөөс нь сорж
Зулзаган чинээ үрс нь
Зулайнаас нь цөмлөж
Хархын чинээ үрс нь
Хавирганаас нь өмлөж
Шоргоолжин чинээ үрс нь
Шороо болгоныг булаацалдаж
Ханахыг мэдэхгүй шуналаар
Хар турлиах шиг хашгирцгааж байна.
Хэмлэх шүдэнд хэрчүүлж
Хэхрэх хоолойд тээглэсэн
Бөөрөнцгөн чинээ дэлхий минь
Бөмбөлзтөл чичирч
Торгоож цөхсөн тэнхлэгтээ
Тогтож ядан салганана.

Гарцаагүй үхлийн ирмэг дээр
Галт шуургаар тургиж
Газар дэлхийн хэвлий
Гашуун нулимсаа цацлаа.

Төрүүлсэн үрсдээ егүүтгэгдсэн
Төрөлх эх дэлхий минь
Төсөөлшгүй сансрын дайдад
Төмрийн хаягдал шиг цацагдах нь ээ.

Ц.Түмэнбаяр

1 comments:

shamsiya said...

Яасан гоё шүлэг вэ...

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews