МӨРӨӨДЛИЙН ЭГЧ


/өгүүллэг/
Ц.Түмэнбаяр
2011-05-13
Улаанбаатар хот

Би тэр үед дөнгөж долоохон настай байжээ. Цасан шуурганд салхи сөрөн алхахад томдсон хуучин хүрэмний минь хормой хөөрөгдөн жихүүн жаварт нуруу, гэдэс хайрагдана. Салхинд алдчихгүйн тулд талхны мөнгөө чанга базсан гар минь бадайран бээрч, сарьс шиг хоёр дэлдэн чих минь тасран алдаж час часхийнэ. Ядаж дэлгүүр хол, гурван гудамжны цаана. Дэлгүүрийн хаалганд савуулах шахам арай гэж ороод бадайрсан алгаа алгуурхан дэлгэж, мөнгөө өглөө.
Талхаа энгэртээ тэврэн дэлгүүрээс гарахад өөдөөс мөс мэт салхи шавхуурдан хайр найргүй хацрыг минь алгадахад, амьсгал минь бөглөрч, толгойгоо дальжгасхийлгэхэд өнөө муу хүрэмний нь энгэр хоёр тийш ярагдан, далавч шиг хийслээ. Би талхаа газар алдаж, хунгарласан цасанд элээ шиг л нэвсгэсхийн уналаа. Цасан хунгарт хамраараа хатган унах тэр агшинд хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх залуухан эгч намайг татаж босголоо. “Миний дүү бос, Хөлдлөө ш дээ” хэмээн цасыг минь гөвж өгөхөд тэр эгчийн хөгжүүн баясгалантай царай, тунгалаг хар нүднээс урьд өмнө миний хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их гэрэлт хайр асгарч, энэ хүйтэнд хаанаас нь гардаг халуун бэ гэмээр хачин дулаахан гараараа тасрах шахсан чихийг минь дарж, хоёр гарыг минь атгаж бүлээцүүлэхэд бүхий л бие минь халуу оргих шиг болсон сон. Би бүр юу ч гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л эрүү амаа зодолдуулан дагжтал чичрэн зогсоход өнөө эгч товч нь тасраад уначихсан хүрэмний энгэрийг лав гэгч нь зөрүүлээд, захы минь босгож, газар алдсан талхыг минь тэврүүлэн “За дүү минь дэгдээд харьчих” гэж өхөөрдсөн өнгөөр инээмсэглэн хэлж билээ. 

Би талхаа тас тэврэн гэрээдээ гүйснээ өөрийн эрхгүй эргэн өнөө эгчийн араас мэлмэртэл ширтэн хоцорсон сон. Тэр эгч цасан шуурганаас гэнэтхэн гарч ирсэн шигээ тэнгэрээс тасралтгүй лавсан унаж өтгөрөн ээрсэн их цасан дунд цоглог алхсаар шингэн алга болсон сон. Түүнээс хойш нөгөө эгчийг гараад ирэх болов уу гэж бүтэн өвөлжин цөхөртлөө хүлээсэн ч бараа сураггүй. Хавар цас хайлж, газар тарлантахад “цасан дундаас ирсэн, цасан дунд шингэсэн мөрөөдлийн эгч минь…” гэж шийдсэнээсээ хойш түүнийг харуулдахаас больсон.
Гэвч үйлийн хорвоод эргэлдэх хэрмэл амьдралын минь утга учир, битүүлэг мөрөөдөл чухам тэр дулаахан гарыг олоход л юм шиг, орчин тойрондоо тааралдсан бүсгүй хүн болгоноос итгэл хайрласан шидэт харцыг эрсээр л явлаа.
Намайг талханд явуулсан авга эгчийнхээ нүднээс олох гэж харлаа. Тэрний нүднээс хайр урсах нь бүү хэл, яг тэр цасан шуургатай өдрийн тэнгэр шиг хүйтэн жавар сэнгэнүүлэн шилбүүрдэх нь тэр. Тийм болохоор харахаас жихүүдэс хүрэн жийрхдэг болсон.
Миний ээжид… гэж бодоод ээжийнхээ нүд рүү горьдон ширттэл ямар ч доромжлол залхаалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн хүлцэнгүй бор нүд айдсаар мэлтийж байлаа. Түүнээс хойш би ээжийнхээ нүднээс дальдардаг болсон.
Намайг “Эмээ, эмээ” хэмээн гүйж очиход өөдөөс тосон чадлаараа л хурдлан майжганасаар ирдэг, энэ орчлонд намайг хүн болж төрсөнд минь баярладаг, магадгүй бас харамсдаг эмээгийнхээ өөдөөс нухацтай хартал “надаас хойш яана даа” гэх итгэл алдарч хярлайсан, аврал эрэх мэт цөхрөнгүй харцтай тулгараад, бас л, дахин харахаас гэрэвшдэг боллоо.
            Зүүд зөнгийнхөө хязгаараас ч тэр нүдийг хайж үзсэн. Зүрхнийхээ гүн лүү улам шигдэн дотогшлох гунигаасаа ч хайсан. Гэтэл эхэр татан шүүрс алдахаас өөрийг мэдэрсэнгүй.
Би “мөрөөдлийн эгчтэй” учирсан тэр өдрөөс хойш анхны цас хаялах болгонд ер бусын цовоо цолгиноор сэтгэл хөглөгдөн, тэртээ дээрээс нисэн ирэх ивээл хайрыг хүлээн цагаан тэнгэр өөд илбэдүүлсэн мэт гөлөрдөг билээ. Гэвч тэр эгч харь ертөнцийн гэгээнээс тасарч цастай хамт ирээд тэр цастайгаа буцчихсан юм шиг…ор мөргүй.
Харин амьдралын нугачаан дунд бүдэрч унаад айдас түгшүүр, гаслант нулимсанд живэхэд өнөө эгч зурсхийтэл гэрэлтээд “Миний дүү бос” хэмээн аядуу намуухан ч “Чи чадна” гэсэн итгэлтэй сэргэлэн өнгөөр хэлж, зүрх сэтгэлийн минь шархыг илааршуулж орхиод л алга болчихно.
Тэр хүйтэн цаснаас “мөрөөдлийн эгч минь” намайг татаж гаргаагүй бол миний сэтгэл тэр чигтээ царцах байсан биз ээ.
Бээрч улайсан гарыг минь атгасан халуун илч л өнөө болтол миний судсаар гүйж, гудмалсан харанхуй хавцал мэт амьдралыг тэр эрчим хүчээр туулж яваа ч юм шиг…      
            Хожим түймэр шиг дүрэлзэх дурлалдаа шатсан амраг бүсгүйнхээ нүднээс тэр харцыг олох гэж шуналтайгаар цоо ширттэл, тэрний минь нүд харин, надаас хязгааргүй их хайрыг цөхрөлтгүй нэхэн мэлмэрч байлаа.

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews