ӨГҮҮЛЛЭГИЙН ОЛОН ӨНГӨ АЯСЫГ ТОВЧ ТАЙЛБАРЛАХ НЬ


Чорос Даржаагийн Өлзийбаяр 
/Ph.D/, профессор
Хорьдугаар зууны Монголын уран зохиолын түүхийг ажиглахад өгүүллэг бичдэггүй зохиолч бараг байсангүй. Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэгддэг Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэхээс эхлээд аугаа их С.Эрдэнэ, Б.Бааст, С.Удвал, П.Лувсанцэрэн, С.Пүрэв, Б.Догмид, Д.Намсрай гээд урт цуваа үргэлжилнэ. Харин сүүлийн үе буюу өнгөрсөн зууны эцэс, энэ зууны эхэнд өгүүллэг бичиж байгаа зохиолчдын нэг нь Цэрэнтулгын Түмэнбаяр /1959/ болой. Тэрбээр уран бүтээлээ яруу найргаар эхэлсэн хэдий ч (“Хараацайн жигүүр” /1985/) сүүлийн хэдэн жилд үргэлжилсэн үгийн зохиол идэвхтэй бичиж  “Толгодын шивнээ” /1987/ “Удган” /1994/, “Мэргэнд буусан чоно” /1999/ “Өнчин чавхдас дуулдаггүй” /2001/, “Согоо суман” /2005/, “Шөнийн танго” /2006/, “Нар хурайлсан хийморь” /2008/ зэрэг номууд нь урт богино олон өгүүллэг, цөөн хэдэн туужаас бүрдэж байна. Эдгээрийн тухайд өгүүлбээс
  • Зохиолчийн өгүүллэгүүд эхлэл нь аажуу мөртлөө үнэмшилтэй, гол төлөв богино зайд үйл явдлын хурд сайтай, эцсийн шийдэл нь оновчтой байгаагаараа онцлогтой. Энэ бол уран санаа, ур чадвар хоёрын нийлбэр гэлтэй. Үүнийг олон өгүүллэгээр баталж болно. “Цааз” /2001/ хэмээх жижигхэн өгүүллэгт могойн чуулган эхэлж байна. Энэ үйл явдлын эхлэл. Гэтэл Толбот борын байр онгорхой байв. Тэрээр үерийн усанд шавхуурдуулсаар ядарч зүдэрсээр чуулган руугаа ирнэ. Энэ бол үйл явдлын өрнөл. Нэгэнт хууль зөрчсөн Толбот борыг могойнууд гэсгээж орхино. Энэ бол тайлал буюу шийдэл. Угтаа бол хүн байгалийн хатуу жам ёсыг уран сайхнаар үзүүлсэн нь энэ. Зохиолын төгсгөлд “Могойнууд Толбот борын онгорхой байсан зайг нөхөн жигдрээд, чуулган үргэлжлэв” гэсэн нь хорвоогийн хатуу зөөлөн бүхэн өөрийн хуультайн нотолгоо юм. Агуулга уран чадварын хувьд ийм онцлог ажиглагддагаас “Ц.Түмэнбаярын өгүүллэгүүд богинохон атлаа их багтаамжтай, хэл дүрслэл чамбай нь багахан цөөрөмд цөөн бус сувд тана гялтганахтай адил бөлгөө” /С.Эрдэнэ/, Зохиолын уран сайхны орон зай нь тодорхой цөөн тооны баатрууд, явцуу хүрээ, тодорхой богино хугацаагаар хязгаарлагддаг” /М.Петрова “Психологический проза”/ гэж эрдэмтдийг үнэлэхэд хүргэжээ.
  • Зохиолчийн нэлээд өгүүллэгт үндэсний тусгаар тогтнол, эх оронч үзэл санаа гарч байна. Эдгээр өгүүллэг нь агуулга утгаараа сэрэмжлүүлсэн болгоомжлуулсан аястай юм. Жишээ нь хэдийгээр эхийнхээ гарт өгүүтгэгдэж буй Жан овогт бол Монгол нутагт ирээд “Боржигон овогт Жаргалын Баянмонгол нэр авч дэвшиж дээшлэхийн мөрөөдөл болно (“Лууны зулзага” /2008/). Өгүүллэгийн яг энэ агшнаа Жан овогтын эхнэр цочирдсондоо өвдөж, төдөлгүй нялх хүүхдийн дуу часхийлээ… Лууны зулзага…” гэсэн тайлал төгсгөл нь зохиолын үйл явдал, үзэл санаа төгсгөлгүй үргэлжлэхийн уран сайхны тусгал болжээ.
Өөр нэг өгүүллэг “Могойн цустай архи” /2008/-д гол баатар Пүүжээ Солонгост хараар ажиллаж байгаад баригдан эх орондоо ирнэ. Харин азаар Солонгос ресторанд хэлмэрчээр ажилд оров. Эзэн Ёнд ихэд таалагдах болов. Гэтэл эзэн нь нэг өдөр Пүүжээг Их хурлын гишүүнд өрсөлдөх санал тавина. Гайхаж цөхөрсөн Пүүжээд Ён “Танай Монголд ажил явуулахад хүнд суртал нь дийлдэхгүй юм. Энэ төрд л өөрийн гэсэн хүнтэй болмоор байна. Тоглоом биш. Тэр их хурал, Засгийн газрын сайд, түшмэдүүд чинь угаасаа тийм төрөөгүй биз дээ. Чамаас  дээр юм юу байна. Чи хар л даа. Хоёрхон сая хүнийг, энэ их байгалийн баялаг, онгон зэрлэг өргөн уудам газар нутагт өлсгөж байна гэдэг чинь ухаантай хүмүүсийн ажил уу! Манай Солонгосын захын нэг бизнесмен залуу танай Ерөнхийлөгч болоход орвингоор нь өөрчилнө” гэх зэргээр шүүмжлэлтэй хандсан, үнэн санаа хэлсэн боловч эх оронд нь нэг л шунаад байгаа нь ойлгогдоно. Ингээд Пүүжээ Солонгосуудын дуулгавартай зарц болж хувирна. Тэр чинээгээрээ амьдрал нь сайжирч байлаа. Гэтэл нэг өдөр Ёны ах Солонгосоос ирж Пүүжээг “Могойн цусан барилдлагааны” бүлгэмд элсүүлэн эрхий хурууны өндөгний цусаа архинд дусаагаад өгсөний нь уусан билээ. Харин Монгол хүний сэтгэлийн муу ёрын билэгдлээр Пүүжээ ”Могойн цусан барилдлага” хэмээн энэ нэрийн ард ямар нэгэн муу ёрын утга нуугдаж байгааг зөн совингоороо мэдэрч байсан юм.” Дараа нь Пүүжээд цусан барилдлагадаа үнэнч эсэхийг шалгаж, монголчуудын бие биенээ яргалж байгаа бичлэгийг үзүүлэв. Энэхүү доромжлолыг тэсвэрлэж чадаагүй Пүүжээ солонгос эрхэмийн улаан нүүрэн дээр нь нударга буулгажээ. Энэ бол зохиолын зөрчлийн эцсийн туйл. Пүүжээгийн элэг нэгтнээ харамласан сүүлчийн арга байсан юм. Өгүүллэгт Пүүжээг элчилгүй өргөн тал, элсэн хунгарт амьдаар нь аваачиж хаясан хэдий ч харийн зарим баячуудын өтөл бэртэгчин санаархал эх оронч монгол залууг ялж чадаагүй юм. Үүнд л эдгээр өгүүллэгийн гол баатруудын далд санаархал өнөө бидний эхэлж ярьсан болгоомжлол туссаныг сануулна_ Өгүүллэгийн утга санааны гол ач холбогдол ч үүнд оршино.
  • Зохиолч Түмэнбаярын өгүүллэгт дэлхий дахины өөрөөр хэлбэл хүн төрөлхтөний амьдралын гайхамшиг, эмгэнэл өргөн хүрээнд тусгагджээ. Тухайлбал Таж махалыг бүтээсэн урчуудын хурууг тайрч цус урсгасан гэсэн аймшигт санааг дүрслээд төгсгөлд нь “Олон мянган урчууд, тэдний үр хүүхэд хань ижлийнх нь цус нулимсаар бүтсэн ертөнцийн гайхамшиг Таж махалын бунхан дэндүү гоо тансаг, басхүү дэндүү хүйтэн цэвдэг” (“Таж махалын нулимс” /1991-2001/) гэж уран сайхны эсрэгцэл хэрэглэсэн бол “Тайган” /1998-1999/ өгүүллэгт аугаа их соёлт баруун Европт хүртэл сайхан сайхан хөвгүүдийг засдаг байсан тухай өгүүлсэн харууслыг дурлалын гурвалжин дунд өрнүүлж, нөхөр нь эхнэртээ Герцигийн биеэр цус биш ус гүйж байгаа. үүнд зүрх сэтгэл гэж байхгүй, Яагаад гэвэл тэр тайган” гэж бичсэн захидлаар тайлал хийж урласан байна. Түүний “Цагаан сүүний домог” өгүүллэг нь дайн тулаан хайр энэрэл, хүнд л байж болох хамгийн хүчит мэдрэмж үр хүүхдээ хайрлах сэтгэлийн төлөө амиа зольж байгаа тухай эмгэнэлт түүхийг өгүүлж байна (/А.Гроховская “Цагаан сүүний домог” Ц.Түмэнбаяр “Согоо суман”)
  • Өшөө хорсол хүн ардад ямар их гай зовлонг тарьдагийг “Гаслан” /1996/ өгүүллэг тод харуулна. Энэ нь түүхэн үүднээс монгол ноёдын шунаг сэтгэл, төвд лам нарын өшөө хонзонгийн далд үйл байлаа. Монгол тайж Эсэнбөх Төвдийн орныг хүйс тэмтрэн талж, алт мөнгийг нь хуу дээрэмдсэн байна. Үүнийг мэдсэн төвдүүд Эсэнбөхийг замд нь угтаж алд цэнхэр хадаг аяга дүүрэн сүү бариад “Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй Цастын их оргилыг хатан зоригоор туулж, хэрэг зоригоо бүтээгээд эх нутгийнхаа дээсийг алхаж буй Их Чингисийн удамт баатруудын амгаланг эрж  сүр хүчийг айн бишрэхээс өөр аргагүй учир Далай ламын зарлигаар аяны замд чинь угтан түмэн амгаланг айлтган, мянган баяр хүргэж буйг таалан соёрхоно уу” хэмээн угтсан юм. Энэ бол үнэндээ улс  үндсээ гэсэн башир мэх байсныг Монгол ноёд тэр тусмаа Эсэнбөх огт ойлгосонгүй. Бүүр эсрэгээр нь айж л байна гэж бодож, улмаар архи, мах, хүүхэн гуравт мансуурсан монгол цэргүүдийг төвдүүд хиар цохив. Эсэнбөхийн шилбийг тас цавчив. Түүний догшролыг үл хайхран Төвдийн элч түүнийг замдаа хатаж үхэг хэмээн заналхийлэн дээгүүр нь алхан гарав. “Эсэнбөхийн нүдэнд түүчээ түүчээ тэргээр ачсан алт эрдэнэс, гал усанд хөрвөсөн их талаас Цаст уулыг чиглэн аажуухан урагшлах нь үзэгдэв ээ”. Хүн төрөлхтөний өс хонзонгийн сэтгэл зүй ийм санж. Монгол түмэн ийм маягийн түүх туулсан зам мөр зохиолчийн ийм сэтгэлгээнд дуудсан хэрэг биз. Өшөө хорслын ийм аймшгийг “Тэнгэрийн зүүд” /1995/, “Тургинэ хатны алтан зоос” /1999/ өгүүллэгт тод томруун нэн ойлгомжтой үзүүүлжээ.
Өөрөөр хэлбэл иймэрхүү зохиолд эмгэнэл нь илүү гүн гүнзгий тусгагдсан нь зохиолчийн сэтгэл зүй, хандлагын өөр нэг илрэл гэлтэй.
  • Утга зохиол аль ч үед тухайн нийгмийн цаг үеийн тусгал байдаг нь Ц.Түмэнбаярын өгүүллэгт илүү хамааралтай. Өөрөөр хэлбэл яг одоо бидний амьдарч байгаа зах зээлийн нийгмийн хүнлэг энэрэнгүй биш, бусдыг хайрлан хамгаалах өгөөмөр сэтгэл дутсан зэрэгтэй холбоотой ажээ. Үүнийг зохиолчийн, компьютер тоглоомд хэт шунахайрсан арван гуравтай хүү тавь гарсан өвгөн болж хувирсан аймшигт явдал /”Үхлийн вэб сайт” 2004/ техникжилтийн үр дүн мэт боловч хүнээр тоглох харгис үйл явдал мөн. Тиймээс вэб сайтыг хэрэглэгчээс дахин дахин лавлан асууж байгаа нь хөгшрүүлж болох эсэхийг нь нотолгоо болж байна. Тэрчлэн (“Есүсийн шавь” /1996/) бусдын шашинд хэт шүтсэнээс амь насаа алдсан гунигт явдал,харь оронд цагаачлалаар ажиллахын хор уршиг /”Сөүлийн гудамжийг цочоосон дуу”/ гээд олон талын асуудлыг хөндсөн нь үүгээрээ энэ зохиол дохио санамжийн агуулгатай болжээ. Нийгмийн өнгө төрхтэй харьцаж байгаа зохиолчийн уран санаа, уран дүрслэл болой. Ерөөс Түмэнбаярын зах зээлийн нийгмийн хэв шинж өргөн хүрээтэй дүрслэгдсэний нэг баримт нь “Буцах тийзгүй аялал” /2003/ тууж болой. Уг туужид хамгийн товчоор хэлбэл, Содонгончиг, банкны захиралыг сайхан хүүхэнтэй ойртуулан дүрс бичлэг хийсэн нь “Таны урд шөнийн өнгөрүүлсэн жаргалтай мөчүүдийн гайхамшигт хөргүүд таны сууж байгаа ширээний доод талын нүдэнд байгаа. Чадвал өнөөдөр орой 16 цагт 10000 долларыг бидний болзсон газар авчирч өг” хэмээсэн хатуу шаардлага болон хувирчээ. Энэ нэгдэх санаа. Хоср дахь гол санаа нь Дэнзэн мэтийн боловсролтой сэхээтнийг дуртай газраа очиж амьдарч /Италид/ чадаж байгааг үзүүлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл монгол хүн хаана яаж ч амьдарч чаддагийг энэ туужаас харж болно. Нөгөөтэйгүүр нууц амрагийн явдлыг нэлээд дэлгэрэнгүй үзүүлсэн нь “Буцах тийзгүй аялал” нэрт уран зургийг худалдан авах шалтгааныг тодруулахад ашигласан гэж болно.
  • АНУ-ын монголч эрдэмтэн Д.Айкман эхийнхээ ачийг монголчууд шиг уран зохиолдоо тусгадаг ард түиэн байхгүй гэж тэмдэглэсэн нь бий. Ерөөс Монголын уран зохиолд эхийн хайр энэрэл, ач буяныг дүрсэлсэн нь нэн элбэг. Ц.Түмэнбаяр зохиолчийн “Удган” /1992, “Уралын тэс мод” /2005/, “Цагаан сүүний домог” /1991/ өгүүллэгүүд үүний гэрч. Уулын бөө Тангуд эмээ, Урал нутгийн Наташа бүсгүй хоёрын үрээ гэсэн сэтгэл нэн адилхан. Энэ бол хүн төрөлхтний сэтгэлгээний нийтлэг шинж чанар. Тангуд бөөлж дуусахад “Ээжээ” гэх хүүгийнх нь дуу тэнгэрийн дуу мэт чихэнд хадав. Тангуд удган яг энэ агшнаа ганц хүү нь гал утаан дунд дуу нь холдон холдсоор газрын гаваар уусан алга болох зүүд мэт зүйлийг онгод сахиусандаа үзээд “Сахиус минь, удган ээж мод минь өршөө намайг гээд сульдан уналаа” Тэгвэл Наташа хүүгээ муу байгааг дуулаад Монголд ирж уулзсан боловч амьдын жаргалыг үзсэнгүй. Хүүгийнхээ төлөө огт мэдэхгүй газар луу бэдрэн явах Тангуд, Наташа хоёрыг үрээ хайрлах сэтгэлийг дутай ч зүйрлэмгүй. Тиймээс ч Тангуд насан туршдаа хүүгийнхээ сэвлэгийг хүзүүнээсээ салгаагүй. Наташа гучин жил “ууруулыг нь дэвтээх цай аваачиж өгнө” гэж өглөө бүхэн явж тааралдсан хүмүүсээс хүүгээ нэхэж байна. Мө “Цагаан сүүний домог” /1991/-т Ойрадын Шарбаатарын залуу хатан Насан, адилхан бүсгүйн үрийг аврахын тулд “Чи бид хоёр хаяа хатавч хоёрт алтан ясаа хэлтэлж, алаг махаа тасалж эх боллоо. Май охиныг ав. Хүүгээ аль. Чамд энэнээс өөрөөр хүүгийнхээ амийг аврах арга байхгүй. Охиныг минь өрнөөсөө унагасан үр шигээ өврөөсөө салгалгүй өсгөөрэй” гээд хүү, охин хоёроо солилцоно. Үр хүүхдээ хайрладаг монгол эхийн цагаан сүүний харамж энэ бөлгөө.
Зохиолчийн “Өндгөн эс” /1997/ өгүүллэг нь хэдийгээр орчин үеийн асуудал гэлээ ч монгол хүний сэтгэхүйд төдий л төрөхгүй үзэгдэл боловч эхийн сэтгэл зүй нэн зөрчилтэй дүрслэгдсэнээрээ сонирхолтой юм. Үрээ тээсэн эхийг харсан Солонго бүсгүй “Би ийм болох байсан даа”, “Би өөрөө ингэж хөхүүлдэг ч болоосой” “Миний охин надаас холдоход ингэж санана гэж үү” гэх харуусал, тээгч эхийн “Би наад мөнгий чинь авахгүй ээ, охиноо авна” гэсэн гуйлт, эцэст нь авч зугтаасан зэрэг нь монгол эх үрийн байгалиас эхтэй сэтгэл зүйн шинжин холбоо гэлтэй. Ерөөс Түмэнбаярын өгүүллэгт “баатрын дотоод ертөнц, түүний зовлон гуниг нь маш хурц бөгөөд урнаар илэрхийлэгдсэн байдаг. Өгүүллэгийн санаа хийгээд баатрын хоёрдмол төрхөд сэтгэл зүйн шинж нэвт шингэсэн байдаг нь /И.Регина /Анализ рассказ Ц.Түмэнбаяр “Удган”/ эх үрийн хүйн холбооны тухай өгүүлсэн эдгээр зохиолд бүр ч хүчтэй илэрнэ.
  • Ц.Түмэнбаярын  өгүүллэгт хүний дотоод сэтгэлгээний гоо сайхныг үйл явдлын өргөн болон явцуу хүрээнд үнэмшилтэй үзүүлсэн байна. Үүнд дөчин жилийн дараа Моцартын сонгодог хөгжмийг сонсоод нүд аньсан өвгөний үхэл /Ганц бие хөгжимчин” 1997/, сэтгэлийн гэрэл гэгээг нь огтхон ч ойлгохгүй гэрийнхэн нь галзуугийн эмнэлэгт хүргэж өгсөн эрүүл нэгэн /”Харалган” 1996/ гээд тоочвол бас цөөнгүй. Ялангуяа ертөнцийн гоо сайхан, эевэргүү зөөлөнг ойлгож ухаарсан “Харалган”-ы гол баатар Дэлэг эхнэр хүүхэддээ “…орчлонгийн үнэн өнгийг нэг ч удаа харуулаагүй, үгүй энэ шар өнгө мөн үү, нар ч бас сонин байдаг юм байна шүү дээ”, “Би энэ хорвоогий чинь ийм сайхан өнгөтэй гэж мэддэггүй байлаа шүү дээ” гэж ярьснаас үүдэн мэдлэггүй танил эмчийнх нь тэнэг дүгнэлт нэмэрлэн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэн хүнд тариа хийлгэснээс жинхэнэ галзуу руугаа орж байна. Энэ өгүүллэгийн далд санаа бол орчлон ертөнцийн гоо сайхныг огт ойлгодоггүй хүмүүс олон байгааг /эмч, эхнэр, хүү, охин гээд…/ гашуунаар шүүмжилсэнд оршино.
  • Зохиолчийн өгүүллэгт хүн байгалийн зохист харьцаа монгол ахуй сэтгэлгээний онцлогтой уялдан их л өрөвдөлтэй дүрслэгджээ. Тухайлбал “Согоо суман” /1997-1999/-д буудсан согоо нь охин нь болж үзэгдсэн “Нүгэлийн нүд” /1990/-д алсан үнэг нь азарган чоно болж хувирсан зэрэг нь монгол ухааралтай холбоотой бөгөөд нүгэл хилэнцээс ангид байхын уран сайхны сэтгэл зүйн тусгал болно. Тэгвэл “Өндгөн чулууны домог” /1985-1992/ бол Монгол байгаль, эх орон, монгол хүндээ л нөлөөтэйг айлын бяцхан хүүгийн тоглож байгаа чулуугаар төлөөлүүлэн өгүүлжээ. Наймаач хятадын хэлснээр “Энэ чулуун дотор ус байсан. Усан дотор бөөсөн чинээ хоёр алтан загас байсан юмсанж”. Харамсалтай нь гэнэн монгол эхнэр, нөхөр хоёр чулууг санамсаргүй угаачихсан нь алсуураа олз ашиг олох биш байгаль дэлхийгээ сүйтгэчихсэн хэрэг болжээ. Учир нь тэр өдрөөс хойш хавь орчмын булаг шанд ширгэж шороо тавин, газар омголтон хагарч, хүн мал ундаасахын зовлонд нэрвэгдэх нь тэр ээ. Зохиолчийн товч тайлал өнөө байгалийн зохицолдолгоог баталгаажуулж өгнө. Монголчууд эх нутаг, уул ус, эрдэс баялгаа хамгаалж чаддаг ард түмэн гэдгийг “Эрдэнэ уулын савдаг” /2008/ өгүүллэгээс үзэж болно. Зохиолын баатар Эрдэмтөгс олзлогдсон хятад данжаадад “Эрдэнэ уулын нууц судар” байгааг олж мэдэв. Хэдийнээ амиа хорлож үхье гэсэн бодол нь сарниж, судрыг авч нутаг явахаар зэхэж санасандаа хүрэв. Энэ бол Эрдэмтөгс бүсгүйн эх оронч үзэл болой. Ард түмнийхээ оюуны баялгийг авч эх орондоо ирэх энэ их үйлсэд нагац ахынх нь “Энд энэ эмийг найруулах нууц судар бий. Эдгээр эрдэнэс Эрдэнэ ууланд буй. Эрдэнэ уулын нууц судар энэ буй. Үүнийг харьтны болоод шуналт хүний гарт өртүүлж болохгүй” гэж захисанаас үүдэлтэй. Эрдэмтөгс “Эрдэнэ уулын нууц судар”-аас адис аван холын хол агуйн мухарт хэдэн үедээ олохооргүй газар чандлан нуув. Тэгээд Эрдэнэ уулын савдаг болж харийн олон хүнийг айлган сүрдүүлж сүнсий нь зайлуулаад эх нутагтаа, Эрдэнэ ууландаа шингэсэн болой. Энэ өгүүллэг ийнхүү монгол орны газрын баялаг нөөц, түүнийг хайрлан хамгаалах ардын ухааны тусгал болой.
  • Зохиолч Түмэнбаярын өгүүллэгт амрагийн явдлыг сэтгэл зүйн болон бие махбодийн талаас яруу, хурц тод дүрсэлсэн нь олонтаа. Үүнд “Сав шимийн амт” /1999/ өгүүллэгийг онцлон үзвэл зохино. Өгүүллэгийн гол баатар залуу бүсгүй өтөл эрийн бэлхүүсээр тэвэрч биедээ наалдуулахад хоёр бэлгэс дөнгөж учрахын төдийд бүсгүйн бусдаас харамлаж хавчиж асан, цавиндаа багтаж ядсан тачаал нь савд тавьж”, “чивчирсэн шодойг нь ховдоглон үмхэж амтархан амтархан яруу зөөлнөөр хөхөж, амсраараа цагаан хөөс цахруулан ивэлжээ”, Хижээл эр шодойгоо могой мэт гүрвэлзүүлэн гижигдэхэд бүсгүй өөрийн эрхгүй ивлэн займчина” гэх буюу “оог” хэмээн дуу алдан цавь нь хагжив” гэх зэргийн дүрслэл нь Д.Нацагдоржийн хэлснээр уран тачаангуйн хурц илдийг боловсруулж чаддаг хүмүүсийн явдал санж. Ийм өгүүллэгт “Шөнийн танго”, “Эрвээхэй шүхэртэй бүсгүй”, “Өндгөн эс”, “Ли бай”, “Халуун усны байшин”, “Харалган” зэрэг бүтээлүүд ч хамаарагдана. Зохиолчийн үзүүлсэн гол санаа бол бэлгэсийн энэ үйл ажиллагаа сэтгэхүйн их түрэлттэй холбоотойд оршино.
  • Түмэнбаяр зохиолчийг би, холбооны мэргэжлийн хүн гэж сонссон, Гэтэл түүний зохиолуудыг уншиж байхад босоо хөх нь гижигдэж, …үйлийн үр даллахад салхи хүртэл амьсгалаа татаж, цэцэг хүртэл цоморлигоо хумин чагнажээ” /”Харалган/ “хагсарсан биений агсага тайлжээ”, “бүсгүйн хонгорцогийн гүнд шахан хэдэнтээ годхийлгэв” /Сав шимийн ам/
  • “… Вэйн хатны жовгонд орж ирэв. /”Тэнгэрийн зүүд”/ ::: “нутгийн дээсэн дээр эд өөр яав л гэж дээ” хэмээн омойсжээ. /”Гаслан”/ Гонхолсон гэрүүдийн хамгийн урд… /”Магнай дээрх мэнгэ”/ гэх зэргээр хуучин үг хэллэгийг сэргээн хэрэглэсэн, оновчтой дүрслэг үгийг ашигласан зэргээс үзэхэд Монгол үг хэллэгээ эрхэмлэн, эрж хайж, шидэж шигтгэж чаддаг нь тодорч байнам.
  • Түмэнбаяр бидний үзэж байгаагаар амьдралын олон өнгө аясыг зохиолдоо тусгажээ. Гэхдээ юу хэлэх гэсэн нь тодорхойгүй, хуучин санааг идэвхтэй биш давтсан зэрэг дутагдал ажиглагдаж байгааг “Нартай цороо” /1994/ “Тунирхал” /2004/, “Том болгодог эм” /1998/, “Цагаан бүжиг” /2002/ зэрэг өгүүллэг нотолно. Олныг биш онцгойрсон хэдийг бичих нь туршлага сууж байгаа зохиолчийн “мөрийн хөтөлбөр” байх ёстойг түүнд заагаад ч яахав. Гэхдээ л зурвас тэмдэглэхгүй бол болохгүй нь. Бид Түмэнбаярын бүх өгүүллэгийг задлахыг чухалчилсангүй. Бас зарим өгүүллэгийг задлахад ч төвөгтэй байсныг хэлэх хэрэгтэй. Тиймээс хам цагийн хүрээнд дурдан товчлох аргыг хэрэглэв. Ерөөсөө ч түүний бүх зохиолыг хамрах шаардлагагүй. Гэхдээ түүний өгүүллэгүүдийг нийтэд нь судлан үзэхэд
Нэгдүгээрт, XXI зууны хүүрнэл зохиолын өгүүллэгийн төрөлд XX зуунаас эхэлсэн сэтгэл зүйн чиглэлийг хөгжүүлэхэд авьяас билэг, ур чадвараа зориулсан,
Хоёрдугаарт, Дэлхий дахины олон үндэстний зан үйл, сэтгэлгээний эерэг сөрөг талыг уран сайхны аргаар урласан,
Гуравдугаарт, Монголчуудын үндэсний өвөрмөц сэтгэлгээг эрт эдүгээгийн түүхэн нөхцөлд сэргээн дүрслэсэн.
Дөрөвдүгээрт, Өгүүллэгийн агуулгын багтаамж, зохиомжийн байгуулал хоёр сүрхий нягтарсан,
Тавдугаарт, Ихэнх өгүүллэг нь хүний сэтгэлийн эмгэнэлт, харамсалт, өрөвдөлт, тавгүйдэлт зэрэг сөрөг гэхүйц өнгө аясыг чадварлаг нээн илэрхийлсэн байна гэх зэргээр дүгнэж болох юм.                                     

Ном зүй

  1. Д.Галбаатар “Богино туульсийн шинэ хатан хаан” /”Монголын уран зохиолын шүүмж судлалын улсын уралдаан” эмхтгэл УБ 2006 он/
  2. Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор А.Гроховский “Цагаан сүүний домог” өгүүллэгийн тухай /”Утга зохиол урлаг” сонин 1996 он
  3. • Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхмийн дэд доктор М.Петрова “Психологическая проза Ц.Түмэнбаяр” илтгэл /www.tstumenbayar.blogspot.com/ /Дорно дахин судлалын олон улсын 37 дугаар их хурал 2004 он Москва/
  4. Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор И.Регина /Анализ рассказа Ц.Түмэнбаяр “Удган” “Удган модны тавилан буюу Тангуд удганы хувь заяа” /”Цог” сэтгүүл 2002 он/
  5. Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор П.Петрова “Удган өгүүллэгийн үг, найруулгын онцлог” сургалтын материал “Санкт-Петербургийн  их сургуулийн дорно дахины хүрээлэнгийн монгол судлалын тэнхмийн хичээлийн хөтөлбөр”
  6. С.Эрдэнэ “Үүлэн чөлөөний наран бус аа” “Мэргэнд буусан чоно” номын оршил
  7. Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор П.Петрова “Ц,Түмэнбаярын зохиолын эмэгтэй баатруудын хувь заяа” Алс дорнодын утга зохиолын симфозуми дээр тавьсан илтгэл 2006 он /www.tstumenbayar.blogspot.com/
  8. Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор П.Петрова “Нүүдэлчний сэтгэлгээний уран зохиол”
  9. О.Содномпил “Түмэнбаяр бүсгүйн гоёл” /Согоо суман. 2005. 3-4-р тал/
  10. О.Содномпил “Нар хурайлсан хийморь” 2008 /Ц.Түмэнбаярын “Нар хурайлсан хийморь” номын оршил 3-4-р тал/
                        2009.07.13   

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews