"ТАЛЫН ХӨХ ЧОНО" МОРИН ХУУР-2011-Т ГУРВАЛЛАА

Монголын хөгжмийн зо­хиолч­дын холбооноос уламж­лал болгон зохион бай­­гуулдаг "Морин хуур-2011" наадам энэ сарын 15-ны өдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэ наадам 25 дахь жилтэйгээ золгож, Монгол Улсын Ерөнхий­лөгчийн ивээл дор хоёр дахь удаа­гаа зохион байгуулагдаж буй нь энэ наадмын онцлог гэж байв. Оны шилдэг дуу шал­гаруулах тус наа­дамд өнөө жил 106 уран бүтээл өрсөлд­сөнөөс шүүгчид 26 дууг үлдээж энэ өдөр тайзнаа эгшиг­лүүлсэн юм. Наадмыг нээж Мон­голын хөгжмийн зохиолчдын хол­бооны тэр­гүүн УГЗ Б.Бямбабаяр үг хэлж, бүтэн жил хүлээсэн уран бүтээлчдийн битүүхэн догд­лол ийнхүү эхэллээ. Нээл­тийн үеэр МХЗХ-ны нэрэмжит шагналыг "Морин хуур" наад­мыг санаачлагч МҮОНРТВ-ийн найруулагч Х.На­ран­­гэрэлд олгож, "Эгшиг" студийн захирал Д.Майдарыг Соёлын тэр­гүүний ажилтан цол тэмд­гээр шагнав. Ямар ч байсан эхлэх цагаасаа нэлээдгүй хоцорч эхэл­сэн наадмын салхийг Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг, Ц.Буян­­нэмэхийн ая "Эзэн Чин­гэсийн эв эеийн дуу"-гаар хөшиг нээгдсэн юм. Түүний араас 25 дуу дуулагдаж түүнээс шил­дэг 18 дуунд шагнал гар­дууллаа. Тайз­наа эгшиг­лэсэн уран бүтээлүүдээс үзэгч, сон­согчдын сэтгэлийг хөдөл­гөж чадсан цөөхөн дуу дуулагд­саныг дурдах нь зүйтэй болов уу. Нэгэн хэвийн нутаг, уул ус, ээжийн тухай дуу түлхүү дуу­лагдлаа. Үндэсний онцлогоо харуулсан уран бүтээлүүд тайзнаа амилсан гэж болох ч наадмын өмнө дэлхийд Мон­гол Улсын нэрийг гаргах дуу дуулагдана гэж байсан зо­хион байгуулагчдын үг зөрж эхлэв үү дээ гэж бодогдсон. Эдгээр дуунууд харин Мон­голдоо бол өнөө "од" боло­хоор бүтээлүүд байсан юм. Үүн дундаас онцлоход Д.Нацаг­доржийн шагналт, зохиолч Ц.Түмэн­­баярын шү­лэг, Ш.Өлзий­баярын аялгуу, СТА дуучин Э.Төр­мандахын дуулсан
 

"...Чивчирсэн хөх судсаар буцлан урсах омогт гал минь

Чинэрсэн чин халуун цээжнээс оргилон цоргих дөл минь

Гунигт хар нүднээсээ оч үсэргэн цоо ширтэх

Гурамсан сур шиг хөвчрөх талын хөх чоно..." "Талын хөх чоно" дуу нойр­моглон байсан үзэгчдийг сэрээж, омогших сэт­гэлийг нь өдөөж өглөө. Мөн СГЗ Ш.Гүрбазарын шүлэг, УГЗ Т.Сэр-Одын ая "Монголын их үнэмшил" дууг гавьяат жү­жигчин, ДБЭТ-ын гоцлол дуу­чин С.Мөнгөнцэцэг, "Ньюанс" хамтлагтай хамтран дуулж үзэгчдээс өндөр үнэлэлт авсан. Тайзны ард дуучид дуулах ээлжээ хүлээж дог­долж байгаа нь мэд­рэгдэж байв. Сонирхуулахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжан­цан­гийн үгийг нь бичсэн "Хатад дамжсан бүүвэй" дуу орол­цож шилдэг дуу­гаар шалгар­сан юм. Энэ үдэш ардын жү­жиг­чин ганц дууч оролц­сон нь Ш.Чимэдцэеэ байсан бө­гөөд "Цай тань боллоо ээжээ" гэсэн шинэхэн уран бүтээлээ сонир­хууллаа. Шил­дэг 18 дуунд УГЗ Б.Бямба­баярын ая данг нь тааруул­­сан хоёр дуу, СГЗ Ш.Гүр­базар, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир нарын шүлгээр бүтсэн хоёр хоёр дуу шалгарчээ. Наадамд алс хол Увс аймгаас залуу дуучин Отгонтуяа ирж оролц­сон нь хүмүүсийн анхаа­­ралд өртөөд авна лээ. Гавьяат жүжигчин Б.Саран­туяа, Ядам­сүрэн нар "Хайрын бэлэг", "Увертура" хамт­лагийн дуучин Г.Пүрэв­дагва "Аз жаргалын ундарга" зэрэг уран бүтээ­лүүдээрээ аялгуу нэмэв. Эдгээр дуунуудаас гадна "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэр­мөрөн, "Хар сарнай" хамт­лагийн дуучин С.Амармандах нарын "Нууц товчоо мину", "Монгол ээж" дуунууд үзэгч­дийн сэтгэлд хүрч чадсан. Тэрхэн хоромд тайзны ард байсан дуучид бүгд тэр гур­вын уран бүтээлд анхаарал хандуулж бараг л тайзан дээр нь гарч ирээд үзэж бай­гаа харагдав. Энэ мэт­чилэн дуулагдах ёстой дуунууд хүмүү­сийн сонорыг мялааж дуусав. Харин тэр мөчөөс эхлэн дуучид болон үзэгчид өөр өөрсдийн үнэ­лэлт дүгнэлтийг өгч эхэлсэн. Тэр дуучин дуулахдаа ийм алдаа гар­га­­сан. Амьдаар дуулсангүй, фоног­раммтай дууллаа. Үнэн гэж байдаг бол яг энэ дуу л түрүүлэх ёстой гээд хувь хувийнхаа үнэлэм­жээр дэм­жиж буй дуучдаа хэдийн түрүүл­чихсэн мэт ярьж суув. Гран при шаг­налт­ныг тодруулахын өмнө зу­раач Н.Хишигчулуун "Домог" хэмээх уран зургаа Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ч.Сан­гидоржид гардуу­лав. Түүний араас Эйч Ди про­дакшны зүгээс хөгж­мийн зо­хиолч Б.Бямба­баярын 1000 ширхэг цомгийг ивээн тэтгэж гаргахаар бол­лоо. Мөн хөгж­мийн зохиолч Ш.Өлзий­баярын "Талын хөх чоно" дууны клипийг үнэгүй хийж өгөх эрх гардуулсан юм. Шүүг­чид дүн гаргах­даа нэлээд­гүй маргалдаж, хэл­цэж, зөвлөж байж 100 гаруй уран бүтээ­лээс гран при шагналтныг тод­руулжээ. Шилдэг 18 дууг танил­цуулс­ны дараа тэргүүн шагналыг хөгжмийн зохиолч С.Мөнх­батын аялгуу, М.Хү­рэл­­­сүхийн шүлэг, СТА, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянгын дуулсан "Хурмас­тын дууч шувуу" хэмээх шинэ­хэн уран бүтээл гран при шагнал хүрт­лээ. Шагналыг МҮОНРТВ-ийн за­хи­рал М.Наран­баатар, МҮОНТВ-ийн захирал Ц.Оюун­­дарь, Төрийн хошой шаг­налт Н.Жанцанноров нар морин хуур, өргөмжлөл, мөн­гөн морин хуурыг гардуулав. Хөгж­мийн зо­хиолч С.Мөнх­бат гавьяат жүжиг­чин Ц.Түвшинтөгсийн дуулснаар олны хүртээл болсон "Сүүдэр цармын цэцэг" дууны ая зо­хиогч гэдгээрээ олонд танигд­сан юм. "Хурмастын дууч шувуу" хаа хүртэл нисэхийг таашгүй юм. "Морин хуур 2009"-ийн тэргүүн дуу "Бөхөн шарын нуруу" хэрхэн сүн­дэрлэс­нийг ард түмэн мар­таагүй байгаа юм. Үдшийн 23 цаг хэвийж бай­хад өндөр­лөсөн наадмын дараа гран при шагналт уран бүтээл­чидтэй ярилцлаа.

Э.ЭНХБОЛД
Эх сурвалж "Өдрийн сонин" 

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews