ГАНЦ БИЕ ХӨГЖИМЧИН


Зэвхий цонхигор царайтай үлбэгэр хөгшин эмэгтэйн зовхи нь унжсан том нүд толиноос гунигтай ширтэнэ. Норжмаа өөрийнхөө энэ дүрийг харахдаа дөч гаруй жилийн өмнөх залуугийн цог золбоо, гоо үзэсгэлэнгээ үгүйлэх мэт харамссан өнгөөр шүүрс алдлаа. Хормойгоо сөхөн хөлөө ил гаргахад арьсных нь цаанаас урт урт судлууд хөх туяа татуулан сүлжилдэнэ.

Шилбээ илж үзэхэд үнгэгдсэн илэг мэт. Эцэнхий цээжиндээ сувдан сондор унжуулж, тас хараар будуулан буржийлгасан үсээр духныхаа атирааг  далдалжээ.  Норжмаа байн байн цагаа хялалзаж, хэн нэгнийг хүлээсэн нь илт. “Яах гэж энэ олон жилийн хойно гэнэт утасдасны учрыг олж цөхөн гайхна. Гэсэн ч ганцаардсан эмэгтэй рүү эр хүн утасдах шиг ер бусын юм юу билээ. Энэ бол багынх нь, бүр анхных нь хайрын түймрийг шатаасан хүн.

Үнэндээ өдий болтол хэнд ч ам ангайгаагүй орчлон дээр олдсон ганц үрийнх нь эцэг. Арван долоон насанд алдар нэр, эх болох хувь заяаны аль нэгийг нь л сонгох учиртай байлаа. Норжмаад танхим дүүрэн алга ташилт, өнгө өнгийн цэцэг, олон эрчүүдийн шүлэнгэтэн ширтэж, шүтэн биширсэн харц, хайр сэтгэлээ илчлэн догдлох чичирхийлсэн дуунаас түр боловч сална гэдэг үхэл мэт бодогдсон юм.
Чингээд л насан туршид нь эрхэмлэн хайрлах байсан эр нөхрийнхөө оволзон дүрэлзэх зүрх, өвдөг сөхрөн гуйхыг юман чинээ үл ойшоон нэг л өдөр бодол болон шанаа тулж сууснаа гэнэт шийдэн, эмнэлэгт очсон билээ. 
Эргээд ирэхэд нөхрийнх нь царай сүнс нь зайлсан амьтан л ийм байдаг болов уу гэмээр цайж, гар, уруул, нүд нь хүртэл чичирч байсан юм. Хийсэн нүгэлдээ сэтгэл зовоо ч үгүй, өдий хүртэл харамсаа ч үгүй. Тэрбээр олонх эмэгтэйчүүдийн адил царай алдан доройтож муухай чавганц байснаас төрөл арилжих нь дээр санагддаг,  амьдралыг дурлалгүйгээр, эрчүүлгүйгээр төсөөлж тэвчдэггүй ч өдгөө хүртэл гон бие гозон толгой явжээ. Харин түүний насан туршийн ганц хань нь төгөлдөр баян хуур хөгжим байлаа.
“Дөчин жилийн дараа эрт урьд өнгөрсөн амьдралаа нөхөх гэж, эсвэл хэвлийдээ байхад нь бүрэлгэж орхисон үрийнхээ амийг нэхэх гэж үү... яах гэж...” хэмээн бодохоос л зүрхнийх нь цохилт түргэсч байлаа. Зүгээр нэг утасдсан бол өөр хэрэг. Харилцуурын цаанаас баяр баясгалан, аймшигт гашуудал хоёрын аль нэгийг шингээсэн дэндүү догдолсон дууны өнгө сонсогдоно. “Би чам дээр очмоор байна” гэж тулгасан, хаашаа ч гарах аргагүй ацан шалаанд орсон хүний бачуурсан гэмээр дуу гарсан. Өдий насанд гэрлэе л гэж лав хэлмээргүйсэн дээ. Тэгээд ч эхнэр хүүхэдтэй гэж бодлоо.
Норжмаа залуугийн цэцэг шиг дэлгэрч, шувуу шиг дэрвэж явсан үеэ тарчлан дурсахдаа, түүн лугаа тэмүүлэх мөнхийн хүсэлтэй байж, нэг хормоор ч болов өтлөхгүйн төлөө тансаг үнэрт гоёмсог цэцэг тарьж, түүнийгээ нүдний цөцгий мэт хайрладаг, заримдаа тэр цэцэгсээ утга учиргүйгээр гөлрөн мөрөөдөлд автах нь цөөнгүй. Өөрийг нь бахдан хүсэгчид биеэ тушааж, өршөөж боломгүй гэнэн загнаж явснаа дурсахдаа анхны эрээсээ хойш учирсан “хайртуудаа” хуруу даран сэмхэн тоолж ч үздэг. Заримыг нь ор тас мартжээ. Санаж байгаа нэгнийх нь нэр нь орж ирэхэд зүс нь танигдахгүй, зарим нь зүс нь тод ч нэр нь санагдахгүй. Заримаас нь хагацан салснаа санахад нүдэнд нь нулимс дүүрч хоолойд нь нэг юм тороод ирнэ. Чингэхээр тэр хагацан салснаа биш уулзан учирч, зугаа цэнгэлд улангасан умбасан гайхамшигт мөчүүдийг л дурсах дуртай. Харин анхны учирсан эрээ нэг ч хором мартаагүй юм. Тэр учрал өчигдөр юм шиг тод. Амьсгалыг нь түгжин, бүтэж үхтэл нь үнсэж билээ. Ямар халуун, аймшигтай шунаг уруул байсныг одоо бодоход ч биед нь ер бусын сэрэл үүсч, арьс нь жиргэнэх шиг хачин болдог. Норжмаа “Одоо тэр уруул хөрөө биздээ” гэж харамсангүй бодоод өөрийгөө шоолон жуумалзлаа.
Тэр түүнд өрөвдөлтэй хөгшин харагдахыг хүссэнгүй. Охин үеийнх шигээ зүрхийг нь булиглуулахгүй гэхэд ямар ч атугай түүнээс толиотой, жавхаатай яваагаа гайхуулъя гэж шийдлээ. Ядаж үр хүүхэдтэй байсан бол “миний залуу нас энэ” гэж бардамхан хэлээд намбатай сууж байхсан. Тэрбээр нэг эрд эзлэгдэнэ гэдэг гоо сайхнаа хамгаалах эрхгүй болно гэсэн үг гэж өөртөө хатуу шийдсэн эмэгтэй. Харин залуу нас нь даанч хурдан цахилгаан мэт зурсхийгээд өнгөрсөн шиг санагдана.
Норжмаа цагаа харахад арван таван цаг хорин минут болж байлаа.
Тэр арван таван цаг гучин минутанд ирнэ гэсэн. Нүүр царайгаа янзалж дуусаад, толинд нэгэнтээ хараад, цонх руу очлоо. Тэгтэл ч хаалганы хонх жингэнэн дуугарав. Сэтгэлийн хөдөлгөөнөө барих гэж түр амсхийгээд хаалгаа онгойлголоо. Багын амрагийнх нь идрийн золбооноос өчүүхэн төдий ч ул мөр үлдсэнгүй. Аймшигтай өтөлснийг нь хараад нүдэндээ итгэж цөхөхдөө “Бид хоёр бие биенээ голох л гэж уулзах гээ юу” хэмээн харуусан бодлоо. Өвгөн үнэхээр доройтжээ. Хусан таягаа тулан чүүчигнэн алхсаар ширээний дэргэдэх сандал дээр суухдаа байшингийн дотор талыг цэлхэрсэн галгүй нүдээр эргэн тойрон анхааралтай ажиглах нь эгээ л алдчихсан юмаа эрэх мэт. Норжмаа “Ишш хөөрхий, энэ залуу насаа эрж байгаа юм болов уу?” гэж доогтой бодлоо. Цай аягалж өгөхөд өвгөний гар салганан чичирч байлаа. Өвгөн:
-Чи өтлөөгүй байна шүү гээд инээмсэглэхэд нүүрний нь хамаг арьс атиралдан таталдах аж.
-Дөчин жилийн өмнөх шигээ байна гэх гээгүй биз дээ гэж ёоз муутай дуугарахад:
-Тиймээ гэлээ. Авгай түүнийг сонжих мэт харахад үнэхээр тэр Норжмаагаас хэдэн хувь илүү хөгширчээ. Тийм бөгөөтөл хамгийн анхны хайр нэхсэн харц өөхөлж, ус гүйсэн нүднээс зоригтой цацарч байхыг хараад Норжмаагийн бие зарсхийх нь тэр. Норжмаа тэсч чадалгүй:
- Чи яах гэж ирээ вэ? гэж төв, хүйтэн өнгөөр байцаах мэт асуув. Түүний харцнаас бүх бодлыг нь таасан өвгөн:
- Би их ядарсан байгаа биз гэлээ. Норжмаа:
- Ядраагүй хэн байгаа юм гэж тоомжиргүй хариулав.
- Чи ч шуугуулж явсан даа. Чам шиг хөгжимддөг хүн одоо үгүй болжээ. Чиний хөгжимдөхийг сонсоход хамаг бие бадайран хөшдөгсөн гэж намуухнаар хүүрнэн ярихад түүний ярианы өнгөрснөө дурссан төлөв өнгөнд автсандаа ч тэрүү Норжмаа:
-Толгой эргүүлсэн магтаал ухааныг минь булингартуулж байсан юм. Хөгшрөөд хэнд ч хэрэггүй чавганц болоход мөнхийн юм шиг хөөрөгдөж байсан магтаал, алдар нэр бишүүрхсэн хүүхэд шиг л нүүрээ буруулсан даа гэж тун ч гомдолтойгоор хэлэхэд хоолойд нь нулимс зангирч байлаа. Өвгөн:
-Сүүлийн хэд хоног чиний хөгжмийн аялгуу чихэнд хадаж, зүүдэнд сонсогдоод болохоо байлаа. Чингээд л тэсэлгүй чам руу утасдлаа шүү дээ хэмээн өршөөл эрсэн мэт хэлэхэд Норжмаа муухан жуумалзаад:
-Чи арай хатсан мөчрөөс навч цэцэг дэлгэрч байна гэж зүүдэлсэн юм биш биз гээд тэсгэлгүй инээд алдлаа. Өвгөн:
-Үгүй дээ. Норжмаа минь...  чамд би анхандаа голоо горойтол гомдож явлаа. Сүүлдээ эхнэр, үр хүүхэдтэй ч болж жаахан сатаарлаа. Алдар нэр, гоо үзэсгэлэн чинь тэнгэрт тулахад чиний зөв байж гэж бодсон шүү. Чиний хөгжмийн аялгууг сонсохдоо л уучилж, сэтгэл минь зөөлөрч... гээд чахалзуур дээр нь юм тээглэх  мэт гүлсхийн чимээгүй болсноо ширээний бүтээлэгний гоёмсог цэцгэн хээг гөлөрсөн чигтээ:
-Би ганцхан юмаар дутаж явлаа. Чиний аялгуунууд үгүйлэгдээд байна гэж шивнэх шахам хэллээ. Норжмаа ялимгүй санаа алдаад алгуур босч, төгөлдөр хуурынхаа ард суулаа. Тэрбээр:
-Ямар ая тоглох вэ? гэж шийдэмгий асуухад:
-Моцарт, хайрт минь Моцарт гэж учиргүй баярлаж догдолсон дуугаар хэлэв. Норжмаагийн чихэнд аль эрт сонсогдохоо больж, мартагдах шахсан хайрт минь гэдэг үг уйлмаар дотно дахиад хэлээч гэж гуймаар эелдэг дуулдлаа. Норжмаа ид цэцэглэж явсан үеийнх шигээ эгцлэн сууж, хөгжмийн даруул дээр хуруугаа эвлэгхэн тавив.
Түүний нүдэнд тайзан дээрх хилэн улаан хөшиг нээгдэж, амьсгал даран хүлээх танхим дүүрэн үзэгчдийн царай зурсгээд өнгөрөх шиг. Яагаад ч юм тэр үеэ дурсахад Моцартын хөгжмүүдээс хамгийн түрүүн “Гашуудлын хөгжим” санаанд нь орж ирлээ. Норжмаа хөгжмийн даруулыг намуухан дарж зөөлөн эгшиг үүсгэхэд өрөөн дотуур тунгалаг дуун улам бүр чөлөөтэй гоёмсогоор урсан, сэтгэлийг амруулах гэрэл гэгээ сацрах мэт огт өөр ертөнцөд живэн орох нь тэр ээ.
Амсаж ханаагүй янаг хайр, жавхлангийн гэрэл гэгээ цутган ирж, жаргалтай агшнаа шуналтайяа дурсахад, ухаан санаанд нь дараа дараагаар үерийн ус шиг орж ирэх аялгууг гүйцэж ядах мэт нарийхан ясан хуруунууд нь хөгжмийн даруул дээр харагдахтай үгүйтэй жирэлзэнэ. Мөр нь чичирхийлэн, нүдний нь харц тогтож ядан, шаналан гаслах мэт царайны нь өнгө байн байн хувирч, сүслэн бишрэх мэт толгойгоо хаялна.
Ус шиг цэнхэр пансан хөшигний наана цасан цагаан даашинзтай, намирсан хар үс нь гоолиг нурууг нь даган асгарч асан эгээ л нисэх гэж буй хун шувуу мэт явсан орь залуу насандаа эгэн очлоо.
Норжмаагийн хамаг хүч чадал, оюун ухаан хөвчрөн чангарч, урд өмнө нь огт санаанд ордоггүй байсан алдаа эндэл, гуниг баяр нэгэн зэрэг цээжинд нь үерлэн, хөгжмийн аялгуугаар дамжуулан анхны хайртаасаа, хорвоо ертөнцөд мэндэлж амжаагүй цорын ганц үрээсээ өршөөл гуйн уйлж буйгаа ч мэдсэнгүй. Түүний нулимс өөрийн эрхгүй урсаж, хөгжмийн даруул дээр борооны дусал шиг унахыг ч анзаарсангүй.
Тэр ер бусын тачаангуйгаар энэ орчлонгоос алдсанаа эргүүлж нэхсэн их шуналаар тоглож байлаа. Аялгуу нисэн нисэн эргэлдэж ертөнц хийгээд өнгөрсөн ирээдүйг бүрэн эзлээд намуухнаар төгсөхөд Норжмаа асар хүнд ачааг нуруун дээрээсээ авч хаясан мэт енгэнэтэл шүүрс алдав.
Тэрбээр зочныхоо зүг харцаа тусгахад сандлын түшлэг налан нүдээ анисхийн сууж байв. Норжмаа алгуур босч очлоо. Гэтэл тэр нь насан туршийнх нь хүсэл биелсэн хүн л ийм амгалан тайван нойрсдог болов уу гэмээр завьжиндаа ялимгүй инээмсэглэл тодруулан дэндүү жаргалтайгаар амьсгал хураасан байлаа.                                                      
Улаанбаатар
1997 оны ҮП сарын 12 


0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews