Ц.Түмэнбаяр: Бүтээлүүдээс минь үндэсний үнэр ханхалж байгаасай гэж боддог

Д.Нацаг­дор­жийн нэрэмжит шагналт зо­хиолч Ц.Түмэнбаяртай ярилц­лаа.

-Уран бүтээлээ нам гүмхэн туурвиад л байна уу?

-Өгүүллэгийн шил­мэл түүврээ гаргаад удаагүй байна. "Мөрөөд­лийн үзэг" драмын жүжиг бичлээ. Одоо Д.Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламын тухай "Ногооноороо тасарсан навч" хэмээх туужаа бичиж эхэлсэн. Энэ жилдээ багтаж хэвлүүлнэ. Бас энэ ондоо багтаж туужуудаа эмхэт­гэж хэвлүүлчих санаатай сууна.
-Өнгөрсөн жил "Тусгаар тогт­нолын төлөө" жүжгээрээ оны шилдэг бүтээлийн "Алтан өд" шагнал, "Талын хөх чоно" дуу тань "Морин хуур" наа­дамд гурав­­дугаар байр эзэлсэн байх аа?
-Өнгөрсөн жил олон түүхэн тэгш ой тохиосон. Энэ онд уран бүтээ­лийн ганзага дүүрэн байлаа. Эд­гээр ойд зориулж зохиолчид олон  бүтээл туур­висан ч ихэвчлэн түүхэн нэг хүний тухай бүтээлүүд зонхи­лох хувийг эзэлсэн. Миний хувьд улс төрийн түүхэн үйл явдал буюу түүхнээ Хиагтын гэрээ хэмээн тэмдэглэгдсэн Монгол, Орос, Хятад гурван улсын 1914-1915 оны хоо­ронд жил шахам хэлэлцэж байж хийсэн улс төрийн гэрээнээс сэдэв­лэн телевизийн олон ангит жүжиг бичсэн. Тухайн цаг үед тусгаар тогтнолоо бүрэн зөвшөөрүүлж чадаагүй ч гэсэн бидний өвөг дээдэс, эх орончид маань эр зориг, ухаанаараа хэрхэн тэмцэж өнөө­гийн тусгаар тогтносон улсын  үндэс суурийг хэрхэн тавьсныг харуу­лахыг зорьсон. Хиагтын гэрээ­ний талаар социализмын үеэс л буруу ташаа ойлголттой явж ирсэн юм. Түүхийн судалгааны хувьд үнэн зөв дорвитой бүтээл гараагүй бай­саар өдий хүрсэн билээ. Харин Түүхийн ухааны док­тор, Түүхийн төв архивын даргаар ажиллаж байсан О.Батсайхан Богд хаант Монгол Улсын үеийн түүхэн сэдвээр 2010 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Тийм учраас Монгол Улс түүхэндээ анх удаа дипломат аргаар хувь заяагаа шийдвэрлэсэн, ээдрээтэй бас улс төрийн олон талын ач холбог­дол­той үйл явдлаар жүжиг бичиж олон түмэндээ хүргэхийг чармайсан.

-Энэ жүжиг МҮОНТВ-ээр нэг удаа гараад л өнгөрсөн. Цааш нь олон хүнд хүргэх боломж бай­гаагүй юм болов уу?
-Түүх нь өөрөө эргэлзээтэй. Хаашаа, ямар замаар явсан нь тодорхойгүй. Дэлхийн улс гүрнүүд ч  хаашаа явж байгаагаа мэдэхгүй, эдийн засгийн их хямрал нүүрлэж, дэлхийн нэгдүгээр дайны уур амьс­гал эхэлчихсэн цаг үеийн үйл явдал. Тийм учраас Үндэсний телевиз миний бүтээлээс гадна энэ үйл явдлуудтай холбоотой олон баримтат кино, нэвтрүүлэг хийсэн болохоор олон дахин нэвтрүүлэх боломжгүй байсан байх аа. Харин интернэтээр нэлээд цацагд­сан. Одоо ч сайтуудад байгаа. Жүжгээ тууж болгон бичиж байна.

-Яагаад тууж гэж. Тэртэй тэр­гүй жүжиг болчихсон зохиол шүү дээ?
-Жүжигт тусгагдаагүй олон  санаа, үйл явдал хоцорч үлдсэн юм. Түүнийгээ нэмж оруулах гээд. Ер нь аливаа улсын тусгаар тогт­нол гэдэг бол эцсийн эцэст үндэс­ний эрх ашгийг хамгаалсан төрийн алтан хайрцагны бодлогын үр дүн гэж би ойлгодог. Тэрхүү алтан хайрцагны бодлого нь ямар үнэ цэнэтэйг мэдрүүлэх нь цаг хугацаа­гаар тодорхойлогддоггүй гэдгийг давхар харуулахыг хичээ­сэн. 200 гаруй жил харийн түрэм­гийлэлд байж байгаад НҮБ-д элсэх хэм­жээнд хүртлээ улс төрийн дэв­шилд хүрсэн улс манайхаас өөр бараг байдаггүй. Тусгаар тогтнолоо олж авсан нь үнэхээр тэнгэрлэг хувь заяа юм даа. Тэр тэнгэрлэг хувь заяа нь Монголын алтан ургийн төрийн алтан хайрцагны бодлого гэж боддог.

-Анх яруу найргаар утга зохиолд хөл тавьсан гэдэг?
-Би үргэлжилсэн үгийн зохиолч шиг байгаа юм. Арван жилийн сургуулийн сурагч байхдаа л шүлэг, өгүүллэг аль алийг нь оролдож бичиж байсан. Өгүүллэг бичнэ гэдэг маш хэцүү. Тийм болохоор анх шүлгээрээ орж ирээд хажуугаар нь өгүүллэгээ бичсээр байсан ч дан­даа гологдож байлаа. Сүүлдээ харин ур чадвар дээшилсэн.

-Үргэлжилсэн үг бичиж бай­гаа залуус цөөхөн байгаагийн шалтгаан юунд байгаа бол. Зо­хиолчид зүрхийг нь мохоо­гоод байдаг юм уу?
-Мохоогоод байсан юм огт байхгүй. Аль ч улсын зохиолчдыг ажиглахад  шүлэг бичдэг хүмүүс нь олонхи байдаг. Монголын уран зохиолын түүхэнд ч мөн адил тийм л байсан. Харин шашны болон эртний уран зохиолынхоо хувьд голдуу роман, тууж байдаг. Богино өгүүлэмжээр  үлгэр голдуу байдаг шүү дээ. Шүлэг бол тухайн үеийн сэрэл мэдрэмжээр хурдан хурц орж ирдэг. Тэр үед нь буулгах амархан. Залуу насанд энэ мэд­рэмж нь илүү хурц байдаг юм билээ. Тийм болохоор шүлэг бичих хүмүүс нь илүү олон байдаг болов уу.

-Хүүрнэл зохиолыг хэрхэн бичдэг гэж?
-Хүүрнэл зохиол бичихэд хоёр чухал зүйл байдаг. Нэгдүгээрт сэрэл мэдрэмжээсээ илүү бодол, ухаанаа түлхүү зарж бичдэг. Хоёр­дугаарт тухайн зохиолыг бичихэд бичих гэж буй сэдвийнхээ талаар өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Шүлгээр сэтгэлээ гаргаад бичиж болно. Хүүрнэл зохиолд ядаж л үйл явдал өрнөж байгаа орчин, дүрээ тодорхой гаргах хэрэгтэй. Ялангуяа реалист өгүүллэгт их анзаарагддаг. Гуравдугаарт монгол хэлний найруулга, өгүүлбэр зүй маш чухал. Залуус энэ дээр их алддаг. Дээрээс нь ном уншихаа больчихсон. Уран гоё хэллэг хэрэг­тэй. Шүлэг шиг уран гоё хэлсэн өгүүллэг бий. Түүнд нь утга, чана­рын холбоос байхгүй бол цаашаа явахгүй. Уг утга чанарын холбоосыг оруулж ирэхдээ л тааруухан бай­гаа юм. Хийсвэр сэтгэлгээг бодит амьдралтай холбож бичихэд хүнд­рэлтэй. Учир шалтгааны холбоо­сыг олохгүй бол болохгүй. Түүхэн зохиол бичиж байлаа гэхэд тухайн цаг үе нь ямар байв. Эдэлж хэрэг­лэж байсан хувцас, үг хэллэгээс эхлээд судлах зүйл бишгүй тул­гарна. Язгууртны амнаас харцын үг гарч болдоггүй. Тэр үгийг нь онож сонгох гээд асуудал байдаг. Өгүүллэг бичдэг хүн олон бий. Харин хүний сэтгэлд хүртэл бичигд­сэн нь ховор байна даа.

-Таны өгүүллэгүүд дотор түүхэн сэдэвтэй бүтээлүүд тань олны анхаарлыг илүүтэй татдаг. Та өгүүллэгүүдээсээ юуг илүү мэдрээсэй гэж хүсдэг вэ?
-Миний уран бүтээлүүд аль ч сэдвээр ямар ч төрлөөр бичсэн эцсийн дүнд үндэсний үнэр хан­халж, монголчуудыг монгол хүн гэдгээ ойлгож, бахархаж, яс үндэс, тусгаар тогтнолоо гэсэн чин сэтгэл нь ямагт сэргэж байгаасай л гэж хүсдэг.

-Сүүлийн үед утга зохиолд модернист, авангард, постмо­дер­нист гэх мэт олон урсгал чиглэл гарч ирээд бие биеийгээ үгүйс­гээд эхэллээ. Энэ ямар учиртай юм бол?
-Модерн гэдэг чинь орчин үе, шинэ юм гэсэн утгатай болохыг толь бичигт тайлбарласан байдаг. Үүнийг манай утга зохиол судлаач, доктор Д.Галбаатараас эхлээд судлаачид л сайн тайлбарлах байх. Миний хувьд аль ч урсгал чиглэлийн зохиолууд эцсийн бүлэгт хүний сэтгэлийг ариусгах л зорилготой гэж ойлгодог. Социа­лизмын үед хүмүүжүүлэх ач холбогдолтой ч гэж ярьдаг байсан. Ертөнцийн юмс үзэгдлийг тайл­барлах, учир зангилааг олох, гоо сайхны мэдлэг олгох, түгээх учир­тай. Бүх урсгал чиглэлүүд эцсийн бүлэгт В.Инжинаашийн хэлсэн "Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас

Хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун" гэдэг үгэнд захирагдана.

-Гэхдээ уламжлалаа хэт үгүйс­гээд байдагт гол учир нь байгаа юм биш үү?

-Уламжлалаа үгүйсгэж болох­гүй. Харин өөрийнхөө чигийг бариад явж болно. Бусдыг үгүйсгэж л болохгүй. Хүн газар дээр төрсөн болохоор газар дээрээ л бууна. Бодит зүйлээс л хийсвэр сэтгэлгээ гарч байгаа шүү дээ. Тиймээс реализмаас модернизмыг салгаж болохгүй гэж боддог. Жюль Верний зөгнөлт зохиолууд дээр үлгэр мэт гардаг шидийн үзэгдлүүд нь хожим шинжлэх ухааны олон нээлт болж гарч ирээд ХХ зуунд 80-аад хувь нь биелсэн гэж үздэг шүү дээ. Чиний хэлж байгаа тэр үгүйсгэл ганцхан утга зохиол дээр байдаггүй юм билээ. Хөгжим, уран зургийнхан ч бие биенийхээ "изм"-үүдийг үгүйс­­­гэн маргалдаж л байдаг. Ялангуяа зураачдад бүр илүү тод илэрдэг.

-Үгүйсгэл, зөрчил гэхдээ хөг­жил ч байж болох юм даа?
-Зөрчилгүй хөгжил гэж байхгүй гэдэг. Хүмүүс хэлж ярихаа өөрийн­хөөрөө хэлнэ л биз. Цаг хугацаа өнгөрсний дараа хүн төрөлхтний түүхийн үйл явцад хаягдах нь хаяг­даад үлдэх нь үлдээд явна. Хадны сүг зураг гэхэд л цаг үеэ өнөөдөр бидэнд харуулсан том урлаг болж байна. Тэр сүг зураг бодит амьд­ралаас үүдэлтэй. Ахуйгаа л тэр хадан дээр зурж үлдээсэн. Эндээс л зураг анх үүсч олон урсгал чиг­лэлээр салбарлан хөгжлийн зам­даа гарсан гэж ойлгодог.

-Электроникийн мэргэжлээ­сээ татгалзаад утга зохиол со­нир­хох болсны тань шалтгаан юунд байв?
-Сургуулийн сурагч байхдаа түүх, уран зохиол, дуу хөгжим, биеийн тамир гээд сонирхдоггүй зүйл байгаагүй. Харин нэг чигийг бариад гарч ирсэндээ л баярлаж байна. Аль аль тийшээ савчиж яваагүй. Би техникийн мэргэжилтэй болно гэж боддоггүй байлаа. Ха­рин түүхч, эсвэл уран зохиолч болно л гэж бодож явсан. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ ал­даа­гүй. Байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг гэдэг хүний нүдийг нээж, сэтгэн бодох чадварыг нэмэг­дүүлдэг. Тиймээс мэргэжил маань  уран бүтээлээ хийхэд чухал нэмэр болдог. Дор хаяхад л вэб сайт, блогоо хүн гуйхгүй өөрөө хийчихнэ.

-"Утгын чимэг" богино өгүүл­лэгийн наадамд түрүүлээгүй л болохоос олон шагнал хүртсэн байх аа?
-Би энэ наадамд 13 удаа орсон байдаг. Дөрвөн удаа дэд, мөн дөрвөн удаа шагналт байрт шал­гар­сан. Үлдсэн дөрөвт нь шилдэг 12 өгүүллэгийн нэгт шалгарч байлаа. Нэг удаа түрүүлчихээд алга болчихдог хүмүүс бий. Харин олон жил тайз­наасаа буухгүй байна гэдэг зохиол­чийн чансааг харуулж байгаа хэрэг гэж боддог.

-Уран бүтээлчид "Болор цом"-ыг яруу найргийн, "Утгын чимэг"-ийг богино өгүүллэгийн дээд хэмжүүр мэтээр ойлгодог. Харин та юу гэж боддог вэ?
-Энэ хоёр талтай. Нэгдүгээрт, "Болор цом", "Утгын чимэг" наад­мууд уран бүтээлийг олон нийтэд хүргэдэг. Хоёрдугаарт, уран бү­тээлч­­дийг урагшаа хөгжихөд нь түлхэц болж байгаа юм. Эл урал­даануудад өрсөлдөхдөө би ямар түвшинд явж байна вэ гэдгээ мэдэх шалгуур болж өгдөг. Энэ наад­муудад яадгаа алдсан муу зохиолч, яруу найрагчид оролцдоггүй. Ерөн­хий утга зохиолын үнэлэмж, чин хандлагыг харуулж өгдөг гэж боддог. Тэр хэр зэргийн зохиолч вэ гэдэг нь ерөнхийдөө харагдана. Эдгээр наадмууд ерөнхий л боло­хоос туйлын шалгуур биш. "Болор цом", "Утгын чимэг"-т тэргүүн байр эзэлж байгаа уран бүтээлүүд хам­гийн сайн нь гэдэгтэй санал нийл­дэггүй. Харьцангуй сайн бүтээлүүд байна уу гэхээс туйлын сайн зохиол энэ наадмаар ирэхгүй. Уралдаанд орж байгаа хүн байр эзлэх гэж л яг үнэндээ урьд нь биччихсэн байсан ч гэсэн түүнд л зориулж бүтээлээ өгч байгаа шүү дээ. Уралдаанд байр эзлээгүй, уралдаанд зориулагдаагүй өчнөөн олон бүтээлийг хэлж барахгүй. Туйлын сайн бүтээл цаг үеийн шалгуур дааж л үлддэг.

Э.ЭНХБОЛД
Эх сурвалж: http://www.dailynews.mn/?vfile=30&vmet_id=27275&vmet_main=1060&vt=new&vl=&vdate=2010-11-30&vofile=&left=yes&vpage=

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews