Юнь-Нань замд


2001 оноос хойш буюу МЗЭ-ийг залуучууд удирдах болсон цагаас манай зо­хиолч­дын гадаад харилцаа эрс өргөжсөн. Өнгөрсөн зур­гаан жилийн хугацаанд зо­хиол­чид маань Хятад, Орос, Америк, Вьетнам, Энэтхэг, Солонгос, Тайвань зэрэг олон орноор айлчилж, тэдгээр ул­сын зохиолчид ч гэсэн Мон­гол Улсад зочилсон.

Орон орны зохиолчид бие биен­тэйгээ танилцан улмаар хамт­­ран ажиллаж нөхөрлөх, зохиол бүтээлээ солилцон орчуулж, уншиж судлахад дээрх айлчлалууд үлэмжхэн тус нэмэр болсон нь дамжиг­гүй. Зөвхөн энэ намар л гэхэд Монголын зохиолчдын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг Тайвань улсад айлчлаад ир­сэн бол саяхан манай таван зохиолч Хятадын зохиолчдын хорооны урилгаар БНХАУ-ын өмнөд нутаг Юнь-Нань му­жаар зочиллоо. Энэ айлч­ла­лын­хаа тухай болон очсон газар нутгийн сонин хачнаас уншигчидтайгаа хуваалцъя.



Тус айлчлалын бүрэлдэ­хүүнд Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлө­лийн гишүүн Д.Галбаатар, Монгол Улсын төрийн шаг­налт зо­хиолч Ц.Доржготов, цагтаа Соёлын яамны дэд сайд асан, өд­гөө УЗДС-ийн захирал Ш.Цэнд-Аюуш, Д.Нацаг­дор­жийн нэ­рэм­жит шагналт зо­хиолч Ц.Түмэнбаяр нар болон энэ­хүү тэмдэглэлийг хөтлөгч миний бие багтсан юм.

Бидний очсон Юнь-Нань нутаг бол манайхны харь­цан­гуй бага мэд­дэг, өмнө нь эдийн засаг, аялал жуулч­лалын хувьд хаалттай байсан муж юм байна. Бээжингээс Улаанбаа­тар хүртэл онгоц нэг цаг гучин минут нисдэг бол, тус муж руу очиход Бээжин­гээс гурван цаг нисдэг чамгүй хол газар юм билээ. Монго­лын Их гүрэн дэлхийг захирч байсан XIII зуун буюу Хубилай хаан Хята­дыг эзлэн суусан цаг үеийн түүх дурсгал энэ нутагт олон­таа тааралдаж байлаа. Юнь-Нань мужийн төв Кунь-Мин хотоос 200 га­руй км зайтай Шин Мэн хэ­мээх нэгэн тосгон байх. Энэ тосгонд амьдран суух 5000 гаруй “монголчууд” өөрс­дийгөө Мон­­голын удам угсаа гэдгээрээ ихээхэн ба­хар­хана. 700 гаруй жилийн турш мон­гол гэдгээ мартал­гүй, харин ч удам угсаандаа омогшин монгол ёс заншилтай хол­боотой гэр музей-цогцол­бор байгуулан, тэр үед энэ нутгийг захирч байсан Ар Төмөр жанжинд зориулан орд харш босгон, жил бүр үндэс­нийхээ баярыг тэмдэглэн суугаа нь сайшаалтай. “Мон­голын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулан Хэр­лэнгийн Хөдөө аралд бос­госон хөшөөнөөс маань огт­хон ч дутахааргүй томоос том хөшөөг тосгоны­хоо төвд сүн­дэр­лүүлж, дээр нь “Бид 750 жилийн турш монгол угсаагаа хамгаалан сууж байна” гэж монгол бичгээр сийлжээ. “Угсаа нэгт монголчууд маань” хэмээн хөл хөөрцөг болон, том ширээ засч, тар­ган мах чанан, монгол дуу дуулах эдгээр хүмүүсийг харж суусан бид “нутаг усаа гэсэн хүсэл тэмүүлэл гэгч ямар агуу юм бэ” хэмээн ярилцаж байлаа. Ч.Чимэд гуайн шүлгээр зохиосон “Би Монгол хүн” дууг Өвөр­ Мон­го­лын дуучин Тэнгэрийн дуулс­­наар нь тэд их сайн мэддэг юм байна. Ирсэн зочдодоо гур­ван­таа архи сөгнөн, мон­гол хувцсаараа гоёсон охид бүсгүйчүүд нь:
“Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог оо”
хэмээн цангинатал дуулахад Ц.Доржготов гуай маань тэд­нийг өрөвдөн нулимс унагаж суугаа харагдсан. Хариуд нь бид ч бас тал нутгаасаа авч гарсан “Чингэс” архиа задалж, монгол дуу дуулж өглөө. Ц.Түмэнбаяр эгч маань ур­тын дууг нугалаа юуг нь таа­руу­лан эвлэгхэн дуулчих­да­гийн буянд бид хэд ганц энэ тос­гонд ч биш олон газар Түмээ эгчээ урдаа барьсан даа.

“Танай энд урьд нь Ар Монголоос хүн ирж байв уу” гэж намайг асуухад:
“Өвөр Монголоос л хү­мүүс хааяа ирдэг. Ар Мон­го­лын хүн ирж байгаагүй. Тэр тусмаа Монголын зохиолчид манай нутагт ирнэ гэдэг бид­ний хувьд хүндтэй үйл явдал боллоо” хэмээн ярив. Мон­го­лын тал нутагт очиж, цэлмэг тэнгэрийг нь үзэх хүсэл­тэйгээ хэлж, дахин учрахын ерөөл тавин, дуулж бүжиг­лэсээр биднийг үдсэн эдгээр хүмүүс энэ аяллын маань мартагдашгүй нэгэн дурсамж болж үлдсэн.

Уг нь бидний аяллын зам Улаан­баа­та­раас- Бээжин, Бээжингээс Юнь-Нань муж, улмаар тус мужийн нийслэл Кунь Мин хот тэгээд аялал жуулчлалын үзэсгэлэнт орон Ши Шуан Бань Наа, муждаа хамгийн баян хот Лю Ши, монголчуудын тосгон Шин Мэн гэх мэтээр үргэлжилсэн боловч би яагаад ч юм бэ энэхүү тэмдэглэлээ Монголын их байлдан дагуулалтын үед үлдэж хоцор­сон “нутаг нэгтнүүд”-ээсээ эхэлчихлээ.

Ер нь Юнь-Нань 43 сая хүн амтай,17 мужтай, мужийн төв Кунь Мэн хотод л гэхэд таван сая гаруй хүн амьдардаг гэнэ. Нийт 26 үндэсний цөөнх аж төрдөг энэ мужийн хамгийн баян хот нь Лю Ши юм байна. Хятадын алдартай тамхинууд дээр сүм шиг хэлбэртэй өндөр цамхгийн зураг байдаг даа. Энэ цамхаг ч бас Монголчуудтай холбоотой бөгөөд долоон зуун жилийн өмнө энд томоохон цэргийн хуаран байрлаж байсан хэмээн нут­гийн­хан нь танилцууллаа. Тус сүмийн дэргэд нэгэн тамхины үйлдвэр байна. Эргэн тойронд нь цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, спорт цогцолбор байгуулагд­сан энэ газрыг хэрвээ үйлдвэр гэж хэлээгүй л бол, хэн хүн хараад мэдэхээр­гүй тийм сайхан орчинг бурдүүлсэн байх юм. Хубилай хааны үеийн уг цамхгийг “лого”-гоо болгосон энэ үйлдвэр Хятадын тамхины үйлдвэрлэлд дээгүүр байр эзэлдэг бөгөөд ажилчид нь нэг сард 6000 юаний цалин авдаг гэж орчуулагчаа хэлэхэд итгэлгүй дахин лавлахад нээрээ тийм гэх юм. Учир нь үйлдвэр нь бүрэн автоматжсан, цөөхөн хүн ажилладаг гэнэ. Юнь-Нань муж нь чийглэг дулаан уур амьсгалтай учир тамхи, цай ихээхэн тариалдаг газар юм байна.

Энэ мужийн бас нэг сонирхол татсан газар бол Ши Шуан Бань Наа. Мужийн төвөөсөө нэг цаг орчим онгоцоор нисэж очдог, гадаад, дотоодын жуулчдын хөл тасардаггүй энэ газар үнэхээр үзэсгэ­лэн­тэй. Говь, хангай, тал хээрийн бүсэд дөрвөн улирлын өнгөнд амьдран суудаг бидний хувьд бол үзэх юмтай л хот. Гэр орноосоо өвлийн шахуу хувцастай гарсан биднийг арваннэгдүгээр сарын 2-нд Ши Шуан Бань Наа-д буухад, энэ хот Монго­лын зохиолчдыг зөөлөн бороо шив­рүү­лэн, шөнөдөө 20, өдөртөө 31 хэмийн халуун дулаан уур амьсгалаар угтан авлаа. Тус хотынхон ч жуулчдад үйлч­лээд сурчихсан найрсаг гэдэг нь жиг­тэй­хэн улс байх юм. Нэг сая орчим хүнтэй энэ хотын 30 гаруй хувь буюу 300 мянга нь Дай үндэстэн. Дайчууд нь Тайландын Тайчуудтай угсаа нэг боловч ёс заншлын хувьд арай өвөрмөц онцлогтой. Үндсэн­дээ гурван төрлийн Дайчууд байх бөгөөд тэднийг усан дайчууд, хуурай дайчууд, богино өмсгөлт дайчууд гэж хуваадаг гэнэ. Өвөл болдоггүй, цас огт үзээгүй энэ нутагт хамгийн хүйтэндээ л нэмэх 10 хэм хүрдэг байна. Хаа сайгүй далдуу мод ганхах, хулс найгах, гадил жимс зүгээр л гудамжинд нь ургаж байх битүү ногоон модоор хучигдсан энэ газрын үзэмжийг үгээр өгүүлээд баршгүй. Тайланд, Лаос, Вьетнам хаяаханд нь байх чийглэг дулаан энэ газарт аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой. Үүнийгээ ч тэд сайн мэдэрдэг бололтой хаа сайгүй төрөл бүрийн жимсний ногоо, үндэснийхээ онцлогийг тусгасан хувцас, гар урлалын бүтээгдэхүүн худалдаалж сууна. Жуулчдыг “саадаг” гол газар нь “Дай парк”. Ургамлын, амьтдын, зааны, эрвээхэйн, сармагчингийн, шувууны гэх мэт толгой эргэм олон жижиг паркаас бүрдэх “Дай парк”-ийн хаалга болгон дээр үндэснийхээ хувцсаар ижилссэн дай бүсгүйчүүд ганц хүн орж ирсэн ч хамаа­гүй бүгдээрээ дуулж бүжиглэн, бөмбөр нүдэн “Ноёнтоон та тавтай морил” хэмээн ялдамхнаар тонголзох нь жаахан хөөргөн хүний бол “хэдэн бор”-ыг нь дорхноо шавхчихаж мэдэхээр.

Жуулчид дугаарлан зогсох агаарын дүүжин бүхээгэнд нь суугаад эндхийн газар орны байдлыг дээрээс нь бүхэлд нь харж болно. Гурав, дөрвөн уул дамнуулан, ган троссоор татсан тус бүхээг нь нэг талдаа дөчин минут орчим зорчино. Тэртээ доор гол мөрөн мушги­ран урсаж, битүү ногоон ой дундаас олон сармагчин бахиралдах нь сүрдмээр агаад таатай. Лянхуа цэцэг дэлгэрэн, тогос шувуу өдөө дэлгэн, өнгө бүрийн том том эрвээхэй эргэлдэн нисэх, заан хөлбөмбөг тоглон байх ийм үзэсгэ­лэнтэй, үзэх юм ихтэй газрыг байгуулж чадсан нь тэдний гайхамшиг гэлтэй.

Очсон хот бүхэндээ л бид зохиолчид­той уулзалт ярилцлага хийж, уран бүтээл, эртний түүх дурсгалын тухай халуун яриа өрнүүлж байлаа. Төрийн шагналт зохиолчтой, Соёлын яамны дэд сайдтай, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн хоёр ч гишүүнтэй, Зохиолчдын хорооны өдөр тутмын ажлыг мэддэг хүнтэй манай багийнхан хаа ч очсон, ямар ч зохиол­чийн асуултад бүрэн дүүрэн хариултыг өгч, тэдний зүй ёсны хүндлэлийг хүлээж явсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ялангуяа манай Д.Галбаатар ах Японд олон жил багшилсан тул Хубилайн байлдан дагуулалтын тухай Япон-Хята­дыг харьцуулсан олон сонирхолтой зүйлийг ярьж, тухайн цаг үетэй холбоотой хүндхэн хүндхэн асуулт тавьж, Хятадын зохиолчдын түүхийн мэдлэгийг шалгаж явсныг энд дурдмаар байна. Монгол угсааныхан амьдардаг Шин Мэн тосгоны нэгэн гуанзныхан гэхэд л “Энд Монгол Улсын Соёлын яамны дэд сайд асан хүн ирэв” хэмээн Ш.Цэнд-Аюуш гуайгаар өөрөөр нь худам монгол бичгээр би­чүүлж, дээр нь биднээр мөн хуучин бичгээр бүгдийнх нь гарын үсгийг зу­руулж авсан. Үүнийг нь бид хэд “Манай хоолон гэрт Монголын ийм ийм том зохиолчид ирж байсан” гэж сурталчлан ашиг орлогоо нэмэх гэж байгаагаас зайлахгүй хэмээн хошигнож явлаа. Очсон газар болгондоо дөрвөөс таван одтой зочид буудалд нэг нэгээрээ байр­лаж, шөнөдөө халдаг гудасны градус тохируулсан шигээ тавлагхан явсан бидний аяллыг ая тухтай байлгахад Хятадын зохиолчдын хороо, тэр тусмаа Зохиолчдын хорооны дэд дарга мөн Юнь-Нань мужийн дарга Данзан гуай ихээхэн анхаарал тавьж байсныг дур­далгүй өнгөрч болохгүй. Данзан хэмээх энэ төвд хүн өнгөрсөн зун хэсэг зохиол­чийн хамтаар Монголд айлчилж, Чингэс хааны төрсөн нутаг Хэнтий аймгаар аялсан юм. Энэ аяллынх нь турш МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Х.Чилаажав тэргүүтэй бидний хэдэн нөхөд хөдөө хамт явж, чадах ядахаараа л сэтгэлээсээ хандсан нь түүнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Байсхийгээд л Монголд айл­чил­сан тухайгаа дурсан ярьж, манайханд баярласан талархсанаа дахин дахин илэрхийлж байв аа. Тэрээр хэдийгээр Бээжинд хурал хуйтай байсан боловч бидний аяллын явцад байнга утсаар холбогдон ямар санал хүсэлт байгааг асууж, Юнь-Нань мужид очихоо­роо гэртээ зочлохыг урьж байв. Улмаар Юнь-Наньд эхнэр нь биднийг тосон авч гэртээ аваачин шар тос амтагдсан төвд үндэсний цайгаар дайлсан. Мужийн дарга хүн ингэж амьдрахаас яах вэ гэмээр тансаг байшин, тохилог гэр орон, өнгө өнгийн загас сүлжилдсэн үзэс­гэлэнтэй цөөрөмтэй юм билээ. Аяллын төгсгөлд биднийг Хятадын Зохиолчдын хорооны удирдлагууд, дэд дарга Данзан, Гадаад харилцааны дарга Ли Жин Ши нар Бээжин хотод хүлээн авч уулзлаа. Энэ уулзалтад Монгол Улсаас Бээжинд суугаа манай хэвлэлийн атташе, ор­чуу­лагч Я.Ганбаатар байлцав. Хятадаар маш цэвэрхэн, чөлөөтэй ярих түүнийг Хята­дын зохиолчид ихэд хүндэтгэн харьцаж байсан. Манай уншигчид Я.Ганбаатарыг Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд 2006” шагнал авснаар нь, “Моодун Шаньюй” түүхэн роман, “Юань улсын үеийн монгол­чуу­дын хятадаар бичсэн шүлгийн сонгомол” хэмээх орчуулгын бүтээлээр нь сайн мэдэх болсон биз ээ. Хятадын зохиолч­дын хороо нь Бээжин хотын төвдөө 12 давхар байшинд байрлах ба давхар бүрийг нь ресторан зоогийн газар, спорт цогцолбор, хурлын танхим, усан бассейн, оффис гэх мэт тус тусдаа чиг үүрэг­тэй­гээр зохион байгуулсан байх юм. Төрийнхөө халамжид, улсын төсвөөс санжүүждэг 12 дэд даргатай, 7000 гаруй гишүүдтэй, үндсэн 96, туслах 800-гаад ажилтантай Хятадын зохиолчдын хороо ч лут гэж жигтэйхэн юм аа. Өөр хаана ч, юунд ч ингэтлээ атаархаж яваа­гүй миний бие хэзээ манай зохиолчид ийм сайхан өргөөтэй болно доо хэмээн бухимдан бодож явснаа нуух юун. Тэрбум хол гарсан хүн амтай энэ улсад долоо мянгахан зохиолч байна гэдэг бага тоо санагдсан ч Хятадын зохиолч­дын хо­рооны гишүүн болно гэдэг нь чамгүй өндөр шалгуурыг давдаг болол­той. Учир нь бидний очсон Юнь-Нань муж гэхэд 1700 зохиолчтойгоос 160 нь л Хятадын зохиолчдын хорооны гишүүн байх юм. Урьд нь би Хятадын хамгийн баян муж болох Шан-Дунь 3000 гаруй зохиолчтой, тэдний 200 гаруй нь Хятадын зохиолчдын хороонд харьяаллагддаг гэж дуулж байсан.

Мөн “шар”-ыг минь хөдөлгөсөн нэгэн зүйл бол Хятадын орчин үеийн утга зохиолын музей. Бао-Жин гэх хүний байгуулсан энэ музейд бид бүхний мэдэх Мао-Дун, Лю-Шин нарт зориулсан тусгай танхим байх агаад Хятадын шинэ үеийн утга зохиолыг 1920-иод оноос хойш арав арван жилээр нь тоймлон үзмэржүүлсэн байх юм. Энэ ч бас бидэнд санаа авах нэгэн зүйл болсон.

Манай Утга зохиолын дээд сургууль Лю-Шин-ий нэрэмжит их сургуультай хамтран ажиллахаар болж, хоёр орны зохиолчид харилцан айлчлалаа уламж­лал болгох улмаар өргөжүүлэх, зохиол бүтээлээ харилцан орчуулах ажлыг шинэ түвшинд гаргахаар тохиролцсон зэрэг чамгүй олон амжилттайгаар энэ удаагийн айлчлал өндөрлөлөө. Хааны ордныхоо зүүнтээ босгосон том самбарт олимп болох өдрийг сар, хоног, цаг, секундээр нь тооцон “Олимп-2008”-д өдөр шөнөгүй бэлдэн, ажил хөдөлмөр буцлан буй Бээжин хотоос биднийг Хятадын зохиолч­дын хорооны гадаад харилцааны хэлт­сийн дарга Ли Жин Ши, тус хэлтсийн ажилтан Ян Сү Ши, орчуулагч Солонгоо нар үдэж мордуулсан юм.
МЗЭ-ийн бодлого зохицуулалтын ал­баны дарга, яруу найрагч М.Саруулдалай

Эх сурвалж:http://www.tulhuur.com/index.php?option=com_content&view=article&id=7948%3AYUni-Nani+zamd&Itemid=245 






0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews