Манж Чин улсаас Монголд хэрэгжүүлэхийг оролдсон шинэ засгийн бодлогын мөн чанар, агуулга












 Г.Дашням 
XIX зууны сүүлийн хагаст Ази тивийн асар өргөн уудам нутаг дэвсгэр, олон арван үндэстэн угсаатныг хүчээр нэгтгэсэн, хөгжлөөр (сул дорой Манж Чин упс нь империалист гүрнүүдийн ашиг сонирхлын өрсөлдөөний талбар болж, нутаг дэвсгэрт нь ноёрхол нөлөөгөө тогтоохын төлөө шинэ шинэ тэмцлийг өрнүүлэв. Хүчирхэг гүрнүүдийн өмнө хүчин мөхөсдсөн Манж Чин улс удаа дараа эрх тэгш бус гэрээг хүлээсээр эцэст нь хагас колони улс болон хувирав. Үүнд, 1984-1985 онд Францтай, 1894-1895 онд Японтой хийсэн дайнд ялагдаж, 1899-1901 онд Хойд Хятадад өрнөсөн Ихэтауны бослогыг дарах далимаар Япон, Герман, Англи, АНУ, Франц, Хаант Орос, Итали, Австри-Унгарын цэргийн хамтарсан хүчин Бээжинг эзлэн авч, тэгш бус гэрээнүүд тулган хүлээлгэж, дайны төлбөрт дөрвөн сая 500 мянган лан мөнгө төлөх үүрэг хүлээсэн нь шийдвэрлэх нөлөө үзүүлж, империалист гүрнүүдийн түрэмгийлэл, Манжийн төрийн үхээнц дорой байдалд дургүйцэх олон нийтийн дургүйцэл эрс хурцдаж, дотоодод нь "шинэчлэлийн" үзэл санаа дэлгэрэх нөхцлийг бүрдүүлэв.
Манж Чин улс хагас колони улс болон хувирах тутам түүний харъяанд багтсан улс орон, газар нутагт гадаадын капитал нэвтрэх үүд хаалга нээгдэж, Монгол нутагт хуваарьгүй ноёрхсон хятадын худалдаа-мөнгө хүүлэх капиталтай Хаант Орос, Япон, Англи, Герман, АНУ зэрэг орны капитал өрсөлдөх болов. Тэдгээрээс Европ дахь нөлөө, байр суурь нь хумигдахын хирээр дорно зүг газар нутаг, нөлөөний хүрээгээ тэлэх нэн идэвхитэй бодлого явуулах болсон Хаант Орос улс, "Азийнхан Азидаа ноёрхох" үзлийг туг болгосон шинээр хүрхэгжиж буй Япон улс нь гол өрсөлдөгч болон тодров. Хаант Орос, Япон улс нь Монгол, Манжуур дахь ашиг сонирхлоо зохицуулах, тэрхүү “ашиг сонирхол" гэгчээ гуравдагч улс гүрнүүдээс хамгаалах зорилгоор тохиролцох шаардлагатай болж, 1907,1910 онд нууц хэлэлцээр байгуулснаар Монгол, Манжуур дахь нөлөөний хүрээгээ хувааж авав. Үүнчлэн Манж Чин улс нь идэрмэг чийрэг асан цагтаа хүчээр хураасан газар нутгуудаа бусдад алдах бодитой аюул нүүрлэв.
Ийм нөхцөлд, Манжийн төрийн илүү алсын хараатай язгууртан түшмэдүүд мөхөж буй төрөө аврахын тулд дотооддоо зарим шинэчлэл хийж, улс орноо хүчжүүлэн, гадны даралт, дотоодын бослого тэмцэл, дургүйцлийг намжаах арга зам хайх болжээ.
  Чингээд 1900 оны VIII сард улс оронд шинэчлэл хийхийг зөвшөөрч, шинэчлэлийг хэрхэн явуулах тухай айлтгал, бодрол бичиг өргөхийг уриалсан Манжийн эзэн хааны зарлиг гарч, 1901 оны эхээр шинэчлэлийг эрхлэн хэрэгжүүлэх байгууллага "Ду бань чжэньу чу” байгуулагдсанаар шинэчлэлийг дээрээс удирдаж хийлгэх болсон байна1.
Ийнхүү Манж Чин улсын түүхэнд "Синьчжэн" буюу "Шинэ засгийн бодлого" хэмээн нэрлэгдсэн шинэтгэл эхэлжээ. Шинэ засгийн бодлого нь Манж Чин улсын улс төр, цэрэг, засаг захиргаа, эдийн засаг, соелын салбарыг хамарсан өргөн хүрээтэй шинэтгэл байсан боловч Манжийн эзэн хаант төрийг халах бус харин төрийн бодлого, тогтолцоонд зарим өөрчлөлт засвар оруулах замаар түүнийг бататган хадгалахыг зорьж байснаараа заримдаг шинжтэй байв.
Манж Чин улсын бүх нутаг дэвсгэрт явагдсан шинэ засгийн бодлого Монголд хэрэгжихдээ Манжийн төрөөс Монголын талаар баримталж ирсэн уламжлалт бодлого, монгол орны газар зүйн байршил, аж ахуй, соёл, шашин шүтлэгийн онцлогтой холбогдон өөрийн өвөрмөц өнгө төрхтэй явагдсан байна.
Монголын түүх бичлэгт Манж Чин улсаас Монголд явуулсан шинэ засгийн бодлогыг XIX зууны сүүлийн хагаст эхэлсэн хэмээн үзэх хандлага байдаг. Энэ нь XIX зууны сүүлчээс Манжийн төрөөс Монголын талаар явуулж байсан төрийн бодлого нь гадаад, дотоод шалтгааны улмаас аажмаар хувьсаж, Монголын ноёд, лам нар, шарын шашинд үзүүлж байсан "дотночлох", хөхиүлэн дэмжих явдал буурч, Манжийн төр дэх хятад түшмэдийн нөлөө шахалт, хятадын шинээр төрж байсан хөрөнгөтнүүдийн ашиг сонирхлыг арга буюу харгалзан Монгол дахь хятад худалдаачид, тариачид, цагаачдын талаар гаргасан хориг хязгаарлалтаа цуцалж, 1880 онд Манжуур, Монголын нутагт хятад тариачид, хэрмэл цагаачдыг бөөнөөр нь зохион байгуулалттай оруулах албан ёсны шийдвэр гарч, уг ажлыг эрхэлсэн тусгай товчоо байгуулсан2, түүний мөрөөр хятад иргэдийг монголд олноор нүүлгэн суурьшуулж атар газрыг хагалбарлан тариалуулах болсон нь хожим монгол нутагт хэрэгжүүлэхийг оролдсон шинэ засгийн бодлогын гол үндсэн чиглэл бол лавшран  гүнзгийрснээр тайлбарлагдана. Гэвч тийн үзэх нь Манж Чин гүрний хэмжээнд явагдсан шинэ засгийн бодлогоос өмнө тэрхүү арга хэмжээ Монголд хэрэгжиж эхэлсэн мэт ташаа ойлголт төрүүлж, Монголд хэрэгжүүлэхийг оролдсон шинэ засгийн бодлогын мөн чанар, түүний олон талт арга хэмжээ, Манж Чин улсын аажмаар хувьсаж байсан төрийн бодлого болон шинэ засгийн бодлогын ялгамжийг бүрхэгдүүлэх талтай байна.
Монголд хэрэгжүүлэхийг оролдсон шинэ засгийн бодлого нь Манж Чин улсын Монголын талаар явуулж байсан төрийн бодлогын дээр дурдсан хувьсал өөрчлөлттэй түүхэн залгамж холбоотой боловч түүхийн шинэ нөхцөлд илүү өргөн цар хүрээнд, эрс хийхийг оролдсон шинэтгэл байв.
Монголд хэрэгжүүлэхийг оролдсон шинэ засгийн бодлогын агуулга нь "иргэдийг нүүлгэн суурьшуулж, хязгаарыг бататгах" бодлогоор цөм хийж:
Улс төрийн хүрээнд: Шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх "Засагт тус хийх яам"-ны хуралдаан, "Цаазын засаг" буюу "Үндсэн хуульт засаг"-ийг төсөвлөх хэрэгт монгол ноёдыг татан оролцуулах замаар шинэ засгийн бодлогыг хүлээн зөвшөөрүүлж, дэмжүүлэх,
-    Монгол орныг захиран баримтлах байгууллага ГМТЗЯЯ-ыг шинэ нөхцөлд тохируулан өргөтгөн зохион байгуулах, монгол орны засаг захиргааг өөрчлөн хятадын засаг захиргааг байгуулах, орон нутгийн эрх мэдлийг манж, хятад түшмэдэд шилжүүлэх,
-  Монгол дахь манжийн цэрэг, цагдан сэргийлэх хүчин, хилийн харуулыг (шинэчлэх, өргөтгөн бэхжүүлэх замаар монгол орныг гадны нөлөөнөөс тусгаарлан хил хязгаарыг бататгах, дотоодын эсэргүүцэл тэмцлээс сэргийлэн хамгаалах,
Эдийн засгийн хүрээнд, Манж Чин улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэн, төрийн хоосорсон санд нөхвөр болгох зорилгыг үндэс болгон:
-Монгол нутагт хятад иргэдийг үй олноор нь суурьшуулан, атар газрыг хагалбарлан тариалуулах,
-Уурхай байгуулан ашигт малтмалын баялгийг олзворлох
-Дайчин улсын банк байгуулан монголын банк санхүүгийн үйл ажиллагааг хяналтандаа авах
-Хятадын худапдаа, мөнгө хүүллийн капиталыг дэмжин, түүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
-Гаалийн хороо, Тээчийн хороо, Худалдааны хороо зэрэг олон байгууллага байгуулж монголоос олох орлогыг нэмэгдүүлэх
-Зам тээврийг хөгжүүлэн, монгол нутгийг дайруулан төмөр зам тавих,
Соёлын хүрээнд, Хятадын соёлын нөлөөг дэлгэрүүлэн, монголын уламжлалт соёлыг хятадчилах явдлыг гол болгон:
-Манж, хятад хэлбичгийн сургууль олноор нээж, монгол хөвгүүдийг сурган хятад хэлбичгийн боловсролтой манжийн төрийн албан хаагч бэлтгэх,
-Хятад бичиг албан хэрэгт хэрэглэх, монгол газарт хятад бичээч урьж ажиллуулах, монгол хүн хятад бичиг сурах, хятад нэр хэрэглэхийг хориглосон цааз хуулийг халж өөрчлөх,
-Манжийн төрийн бодлогыг зөвтгөн сурталчлахад чиглэсэн "Монгол үгийн бодрол" хэмээх сонинг хятад, монгол бичгээр хадмаллан дармаллаж, аймаг, хошууд, Монгол дахь хятадын байгууллагуудад тархаах зэрэг үндсэн ниглэл, арга хэмжээгээр илэрч байсан бол,
Шашин шүтлэгийн хувьд, Манж нар XIX зуунд Монголын шарын шашныг хүндэтгэн үзэж, анхаарал халамж тавих нь эрс буурч, шал нөлөөг хязгаарлах, Монголын шарын шашны тэргүүн Жибзундамба хутагтын дүрүүдэд үзүүлдэг урьдын зарим хүндэтгзл татгалзах, эрх дархад нь халдах болсон нь шинэ засгийн бодлогын үед хэвээр үргэлжилж:
онголчуудын шарын шашныг хөнгөтгөн үзэж, хавчин гадуурхах, шашны зан үйлийг нь басамжлан доромжлох
Сүм хийдийн халдашгүй байдалд халдан, хурпын гэрийг цэргийн гэр болгох, зул хүжийн хөрөнгийг нь цэргийн хэрэгсэл богохыг оролдох
-  Нас идэр лам нарыг сургууль үйлдүүлэн цэрэгт татах, цагдаа болгох
-  Богд Жибзундамба хутагт, Эрдэнэ шанзудбагийн яамны эрх баригчидтай шууд зөрчилдөн тэмцэлдэхэд хүрсэн байна.
               Дотоод, гадаадын судлаачид монголд хэрэгжүүлэхийг оролдсон шинэ засгийн бодлогыг өөрсдийн бүтээлдээ олонтаа хөндөн авч үзжээ. Хятадын зарим түүхчид шинэ засгийн бодлого нь Монголд ашиг тус бүхий арга хэмжээ байсан мэтээр нотлохыг оролдон, түүний Монголд, үзүүлсэн эерэг нөлөө гэгчийг товойлгон үзүүлэхийг хичээх тал бий. Тухайлбал, Тайваний судлаач Чэнь Вэйсинь "Манжийн төрөөс Монголд нэвтрүүлсэн шинэ засгийн бодлого нь монгоп нутгийг хөгжүүлэн урагшлуулж, Монголын нийгмийн дэвшилд зохих хэмжээний ач холбогдолтой шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлснээр "бүхий л байдал урьдынхаасаа дэвшилттэй болсон" хэмээгээд, Монгол дахь шинэ засгийн бодлогын эерэг тал нь Манж Чин улсын хойд хил хязгаарыг бататгах, газар хагалбарлах зэрэг ажлаас ихээхэн ашиг олж, Манж гүрний сан хөмрөгийг доройтлоос аврах, хүн амын хөдөлгөөнийг зохицуулж, хүн амыг нягтарсан бүсээс сийрэг нутаг руу шилжүүлэх, гэрлэлтийг урамшуулж, боловсролыг хөгжүүлж, монгол нутагт улс төрийн тогтвортой байдал хангах, Монгол дахь хань үндэстний тариачид монгол үндэстнийг түшиглэж, монгол хэл сурч, монгол заншил дагаж, монголын харъяат болж, монгол хүүхэнтэй гэрлэвэл хань үндэстний хүн монгол нийгэмд нэгдэн нийлж, монгол хятад холилдон суух хэлбэршлийн илэрхийлэл болох байсанд оршино гэжээ3.
               Гэтэл Монгол дахь шинэ засгийн бодлого нь хятад орноор төвлөсөн Манж Чин улсын ноёрхогч үндэстэн манж, мөн улсын газар нутаг, хүн амын ихэнх хэсгийг бүрэлдүүлж, Манжийн төр дэх байр суурь, нөлөө нь улам бүр нэмэгдэж байсан хань үндэстэн, тусгаар тогтнолоо алдсан боловч манжийн феодалуудтай тогтоосон уламжлалт харилцаандаа тулгуурлан Хятад орноос тусгаарлагдмал байдалтай явж ирсэн монгол үндэстний эрх ашгийн уулзвар, зөрчлийн зангилаа болжээ. Тиймээс тэдгээр үндэстнүүдийн үндэсний ашиг сонирхол нь давхцах буюу огтлолцож байв. Манжийн эзэн хаан Цайтянь, Хуан Тайху Цы си тэргүүтэй манжийн феодалууд нь ямар нэг арга хэлбэрээр Манжийн эзэн хаант төрөө авран гарахыг эрмэлзэхдээ хятадын хөрөнгөтнүүд, хятад түшмэд, олон нийтийн зүгээс дэвшүүлсэн саналд өөрсдийн байр сууринаас хандаж байсны дотор урьдын холбоотон асан монголчуудын талаарх зарим асуудалд нилээд болгоомжтой хандаж байв. Үүний нэг баримт нь, Күнзийн ёсны сурталт хань үндэстэн, шарын шашныг шүтлэгээ болгосон манжийн феодалуудын санал зөрөлдөөн болно. 1903-1905 онд Юань Шикай, манж хааны угсааны нэгэн вантай нэр хамтлан эзэн хан Цзайтянь, Хуан тайху Цы Си нарт айлтгал өргөн шарын шашныг хүндлэн, түүнд сүйтгэл гаргах нь арилгавал зохих муу суртал хэмээгээд, Дотоод, Гадаад Монголын хутагт нар, Юнхэгүн, Долон нуурын зэрэг сүмийн лам нар, түвд, тангуд газрын хутагт нарын цалин пүнлүү, хайр хишиг, тэдгээр газрын сүмийн зул хүжийн зардлыг нэгмөсөн хасах, гучаас доош насны лам нарыг хар болгон бичиг, цэргийн эрдэмд сургах, сүм хийдийн дугануудыг сургуулийн гэр болгож,- сүмийн зул хүж, хурлын зардал болон лам нарын газар, тариа, түрээс, эд мөнгө, мал цөмийг хурааж бичиг сургуулийн зардалд хэрэглэх, гучаас дээш насны лам нарыг гэр бүлтэй болгон хүн амыг өсгөх мэт саналыг удаа дараа дэвшүүлэхэд, хариуд нь "шарын шашин болбоос манай их Чин улс угаас шүтэж улс тогтнон бадарсан үндэс мөн... дээд хаан өвөг нарын үеэс тахин шүтсээр ирсэн шарын шашнаа гээх үгүй. Одоо үүнээс хойш энэ мэт үгийг дахин айлтгаж болохгүй” хэмээн ихэд буруушааж, шарын шашны сүм хийд, лам хуврагуудын хөрөнгө, бурхан шүтээн, зул хүжийн тулгуурыг батлан хамгаална хэмээн зарлиг буулгаж, уг зарлигийг шарын шашин бүхий харъяат бүх газарт нийгмээр зарлахыг тушааж байжээ. Гэвч уг зарлигийг монгол газарт зарласангүй4. Үүнчлэн Манжийн төрийн эрх баригчид, хятадын хөрөнгөтнүүд, хятад түшмэдийн хооронд Монголд явуулах бодлоп талаар зарим нэг зөрчил гаравч тэр нь Монгол орныг бусад улс гүрнүүдэд алдахгүй батлан сахиж, бүрмөсөн колоничлох бодлого манж, хятад үндэстний ашиг сонирхол давхцаж, Монголд өмнө дурдсан шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлэхэд саад болсонгүй. Тийнхүү манж, монголын фөодалуудын холбоотны маягийн уламжлалт харилцаа төгсгөл болж, монголчуудын үндэсний эрх ашгийн эсрэг манж-хятадын нэгдмэл эрх ашиг үйлчлэх болжээ. Иймд, Монголд хэрэгжүүлэхийг оролдсон шинэ засгийн бодлогын ач холбогдол, эерэг тал хэмээн гадаадын зарим судлаачдын үздэг зүйл нь тухайн түүхэн цаг үеийн манж, хятад үндэстний ашиг сонирхлын байр сууринаас асуудлыг авч үзсэн өрөөсгөл дүгнэлт болно.
Монгол үндэстний хувьд шинэ засгийн бодлого нь тусгаарлагдмал байдал нь устаж, Хятадын дотоод муж болох, үржил шимт газар нутгаа тариалангийн иргэдэд алдаж, дөрвөн зүйлийн мал адгуулан аж төрөх язгуурын идээшил олсон амьдралын хэв маяг, үндэс алдагдаж таслагдах, хятадын соёл, күнзийн сурталд автагдан хятадчилагдах, монгол нутагт үй олон хятад тариачид, цагаачид гэр бүлийн хамт нүүдэллэн ирж монголчуудтай хольцолдон суух, хятад, монгол хүмүүс ураг барилдахыг зөвшөөрсөн зэргээс газар нутаг, улс төр, эдийн засаг, соёлын хувьд бүрэн колоничлогдож, үндэстнийхээ хувьд мөхөж, уусан хайлах бодит аюулыг авчирсан үйл явц байв. Чухам үүнд, Монголд хэрэгжүүлэхийг оролдсон шинэ засгийн бодлогын мөн чанар оршино.
Монголчууд гадаад өртөнцөөс түгжигдмэл битүү байдалд он удаан жил оршиж, олон улсын хэрэг явдлын талаарх мэдээ тун хомс эайсан нөхцөлд шинэ засгийн бодлогын тухай мэдээлэл манжийн төрийн байгууллагын албан шугамаас гадна гурван өөр шугамаар нэвтэрч байв. Түүнээс хоёр нь Манж Чин улс, Хаант Орос Улсын зүгээс мснголчуудын үзэл санаанд нөлөөлөх арга зам, хэрэгсэл болжээ. Үүнд:
1. 1908-1909 онд Хятадын Гирин мужийн захиргаанаас эрхлэн Монгол үгийн бодрол" хэмээх сар тутмын сэтгүүлийг монголчуудад зориулан хятад, монгол бичгээр хадмаллан бүтэн нэг жилийн хугацаанд гаргасан. Тус сэтгүүл нь манжийн шинэ засгийн бодлогыг монголд хэрэгжүүлэхэд үзэл суртлын талаар тус дэм болох зорилготой байв. Манжийн төрөөс санхүүжигдэж байсан энэ сэтгүүл нь уг чанартаа Манж Чин улсын засгийн бодлогыг тусгаж байсан бөгөөд монгол уншигчдыг манжийн эзэнт ёсонд үнэнчээр хүмүүжүүлэх, бусад улс орноос монголд нөлөөлөх замд нь саад учруулах зорилготой"5 байсан ажээ. Сэтгүүлд, монголчуудын аж ахуйг өөд татах, гэгээрүүлэх чиглэлийн өгүүлэл нийтлэгдэж байсан нь шинэ засгийн бодлогын дээрх чиглэлийн үйл ажиллагааг дэмжихэд зориулагджээ. Тийм өгүүллийн "эцсийн зорилт Монгол улсын эдийн засаг, соёлыг хөгжүүлэхэд биш харин Манжийн эзэнт улсын зах хязгаар нутагт худалдаа үйлдвэрлэлийн ажлыг янзалж өөд татахад оршиж байв"6. Монголын атар газрыг хагалбарлан тариалж байгаагийн учир холбогдлыг тайлбарлахдаа монгол иргэнийг баян чинээлэг болгох зорилтоос үүдэлтэй гэжээ. Сэтгүүлд монгол, хятад иргэд нэгэн дор хамтран амьдарч, холилдон уусахыг зүйл бүрээр дэмжиж, "Бидний хүн иргэд зүй нь цөмөөр хамтарч нэгдвэл зохино.  Бидний улсын үхэж төрөхөд хамаатай учир буй" гэх зэргийн өгүүлэл нийтэлж, монголчууд бусад гуравдагч орны иргэдтэй харилцахдаа туйлын болгоомж сэрэмжтэй байхыг давтан сануулж байв. Тус сэтгүүлийг санхүүжүүлж байсан Манжийн төр нь дотооддоо хямрах болсноос тус сэтгүүл нь 1909 оны 5-р сараас хэвлэгдэхээ зогсчээ. Манжийн төрөөс монголчуудад үзэл суртлын талаар нөлөөлөх гэсэн дээрх сэтгүүлийн халааг 1911 оны VIII сараас эхлэн Манжийн төрийн байгууллагаас эрхлэн Бээжинд дармаллан гаргах болсон "Монгол үгийн сэтгүүл" хүлээн авчээ. Эл сэтгүүл хэвлэгдэн гарах үед монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах тэмцэлд нэгэнт шуудран орсон байсан тул шинэ засгийн бодлогыг сурталчилж чадсангүй, харин манжийн төр, түүний суурин дээр байгуулагдсан Дундад Иргэн улсаас Монголын тусгаар тогтнолыг цуцлан, хүчээр нэгтгэх бодлогод үйлчилсээр 1914 онд хаагджээ.
2. Хаант Орос улсын Засгийн Газар Монгол дахь өөрийн худалдаа, үйлдвэрийн эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах, Монгол дахь нөлөөгөө үзэл суртлын талаар бататган, манж, хятадын зүгээс монголчуудад зориулан гаргаж байсан сэтгүүлтэй өрсөлдөх зорилгоор 1909 оны 5 сараас эхлэн "Монголын сонин бичиг" хэмээх тогтмол хэвлэлийг гаргажээ. Хаант засгаас санхүүжүүлэн Харбины Хятадын төмөр замын оросын захиргаанаас эрхлэн гаргаж байсан тус сонин нь Манжийн шинэ засгийн бодлогын хөнөөлт шинж чанар нүдэн үзтэл илэрхий болсон цаг үед хэвлэгдэн гарах болсноос монголд шинэ засгийн бодлогыг гардан хэрэгжүүлэгч Сандо амбан болон монголчуудын зөрчил тэмцэл, Сандо амбаны зүй бус мушгиу үйлдэл, манж-хятадын төлөөний түшмэдийн дур зоргоороо авирлал, үндэс, эрх ашгаасаа урван газар нутгаа худалдаж буй феодалуудыг шүүмжлэн, "Сандо тэргүүтэй олон муу түшмэдийг монгол газраа хүнд тушаалд хэрэглэснийг үнэхээр мэдэхгүй, "Үнэнхүү сэтгэлээр монгол газар орныг бүрнээ баллаж, иргэнээ тариалуулан, дотор газрын болгох зорилт тавьсан уу?"7 хэмээх эрс хурц асуудлыг хөндөн тавьж монголын үндэсний тусгаар тогтнолын үзэл санааг дэмжиж байв.
"Монголын сонин бичиг" нь Манж Чин улсаас Монгол дахь Хаант Орос, Япон зэрэг улсын нөлөөг хаах гэсэн оролдлогыг баримтаар шүүмжилж, эсэргүүцэл илэрхийлэх болжээ.
Ийнхүү Манж Чин улс, Хаант Орос улсаас өөрсдийн төрийн бодлого, худалдаа аж үйлдвэрийн эздийн эрх ашгийг хамгаалан монголчуудад зориулан гаргаж байсан тогтмол хэвлэлүүд нь монгол дахь шинэ засгийн бодлогыг тус тусын байр сууринаас тайлбарлан, үзэл суртлын талаар өрсөлдөн тэмцэлдэх зэвсэг болжээ. Эдгээр тогтмол хэвлэл нь монголд шинэ засгийн бодлого хэрэгжиж эхлээд хэдэн жилийн нүүр үзсэн хойно хэвлэгдэн гарах болсноос шинэ засгийн бодлогыг явуулах болсон шалтгаан, түүний агуулгыг тайлбарлахыг чухалчилсангүй, харин монтол дахь шинэ засгийн бодлогын хэрэгжилтийн явц, түүнтэй холбогдсон зөрчил тэмцлийг намжаан бууруулах буюу хурцатган гүнзгийрүүлэх чиглэлийг нийтлэлийн бодлогодоо барьж байв. Тиймээс шинэ засгийн бодлогын мөн чанар, үр дагаврын талаар бүрэн мэдээлэл өгч чадахгүй, чадах ч нөхцөлгүй байснаараа мэдээлэл нь өрөөсгөл шинжтэй байсан. Харин "Монголын сонин бичиг нь шинэ засгийн бодлогын хор хөнөөлийг зарим талаар илчилж, түүнийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөнийг дэмжиж байснаараа монголчуудын үндэсний ухамсрын хөгжилтөд эерэг нөлөө үзүүлснийг тэмдэглэвэл зохино.
3.Хятад оронтой хөршлөн, хятад иргэд монголчуудтай олноор хольцолдон суусан монголын зах нутагт шинэ засгийн бодлого эн тэргүүнд хэрэгжиж, түүнийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн өрнөх болсон нь шинэ засгийн бодлогын мөн чанар, үр дагавар, хор хөнөөлийг Халхын ноёд, лам нар бодитойгоор ухаж ойлгоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Ар Монголын ноёд, лам нар, худалдаачид, жинчид, сүсэгтэн олон алба, амины хэргээр зорчихдоо Өвөр Монголын нутаг, хүн ам хятадчилагдан уусах гашуун зовлонд хэрхэн нэрвэгдэж буйг нүдээр үзэх болов. XX зууны эхэнд Өвөр Монголын нутаг дахь хүн амын дөнгөж гуравны нэг нь монголчууд болсон ба зөвхөн 1902-1908 онд Өвөр Монголд 7 сая гаруй му8 газрыг шинээр хагалбарласан байна9.
Өвөр Монголд Манж Чин улсын колоничлон уусгах бодлогыг эсэргүүцсэн дургүйцэл тэмцэл газар сайгүй дэгдэж, зэвсэгт бослого хүртэл өргөжих болсноос 1905 оны намар Жирмийн чуулганы өмнөд  Горлос хошууны Тогтох тайжийн удирдсан, 1905 онд Их чуулганы Зүүнгар хошууны туслагч тайж Дашпилийн удирдсан 1907 онд Жирмийн чуулганы Жалайд хошууны Цогдалайн удирдсан бослогууд тэмцлийн арга хэлбэр, цар далайцын хувьд ихээхэн дуулиантай хэрэг явдал болов.
Өвөр Монголын ард түмний хөдөлгөөн нь XIX зууны сүүлч гэхэд Хятадын колоничлол, газар хагалбарлах, хятад тариачдад газар түрээслэх, худалдах, харийн шашныг эсэргүүцсэн шинжтэй аажмаар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний шинжийг олж байсан нь10 нийт монголчуудын тусгаар тогтнолоо сэргээх үзэл бүрэлдэн төлөвшихөд чухал түлхэц болсон юм.
Өвөр Монголын үндэсний үзэл бүхий ноёд, лам нар Хятадын колоничлох бодлого ширүүсэхийн хирээр Ар Монголын ноёд, лам нартай холбоо барьж, шинэ засгийн бодлогын хөнөөлт чанарыг баримтаар илчилж, хамтран тэмцэх арга замыг сүвэгчлэх болов. 1907 онд Өвөр Монголын Харчин ван Гүнсэнноровын хошууны түшмэл Хайсан, Алмас-Очир нар Их Хүрээнд хүрэлцэн ирж, Халхын ноёд нартай уулзан, Манж-Хятадын дарангуйлал, монголчуудын цаашдын хувь заяаны талаар зөвлөлдсөнөөс мэйрэн Алмас-Очир нь Хятадын талаас олон монгол үндэстэнг харгислан дарлаж байгаа баримтуудыг илтгэн тодорхойлж, энэ тухай хэрхэн эсэргүүцэх аргыг бэлтгэмү" хэмээн Халхын ноёдод[1] тусгай захиа бичиж өргөжээ. ийм бичиг монголын бусад нутгаас ирүүлж байсны нэг нь Илийн жанжны[2]- захиргаат Хар шаарын торгуудын олон ноёдоос засаг Төмөржингээр илгээсэн захидал болно. Уг нууц захидалд "Энэ уг (Манж Чин улсын Г.Д) санаа сэтгэл урьдаас анги болсны дээр манай олон монголыг боол хийж, монголын газарт тоо томшгүй хятад нүүлгэж хүргээд, монголын газрыг хятадад булааж аваад тариачин болгож монгол ноёдод тус тус мөнгө өгөөд албат нарт хятад ноёд захирч таван өрх хятадад нэг өрх монгол өгч салган, монгол хүнийг таван жилийн дотор мунхаг боол хийж авъя хэмээн нэгэнт завдаж"12 бүх дурджээ. Хэдийгээр энэ захидал Их Хүрзэнд цаг тухайдаа хүрэлцэн ирж чадаагүй боловч шинэ засгийн бодлого хэрэгжихийн хирээр нийт монголчуудад уусан хайлах бодит аюул өдөр ирэх тутам нүүрлэн айсуй.
Халхын ноёд, лам нарт мэдэгдэж, үндэсний ухамсрыг нь өдөөн, нийт монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд гол мөхлөг, түшиг тулгуур болох түүхэн үүргээ ухамсарлахад түлхэц үзүүлсэн олон бичиг баримтын  ерөнхий агуулгыг илтгэх нэгэн гэрч баримт болно.
Жич, Манж Чин улс шинэ засгийн бодлогыгхэрэгжүүлэх хэрэгт монгол ноёдыг татан оролцуулах, тэднээс дэмжлэг олох үүднээс төвд болон орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан байгууллагад монгол ноёд, түшмэдийг томилон ажиллуулсан нь шинэ засгийн мөн чанар, үр дагаварыг гүнзгий танин мэдэхэд ихээхэн нөлөөлжээ.
1910 оны X сард нээгдсэн Манж Чин улсын төрийн байгууллыг өөрчлөн, үндсэн хуульт засагт шилжих асуудлыг хэлэлцэх "Засагт тус хийх яам" -ны хуралдаанд хоёр зуугаад хэлэлцэгч түшмэд оролцсоноос Ар, Өвөр Монголоос арваад ноёд хэлэлцэгч түшмэлээр оролцсон. Хуралдааны явцад монголын хэлэлцэгч түшмэд монгол нутагт иргэдийг нүүлгэн суурьшуулах, атар газрыг хагалбарлан тариа тариулах зэрэг монголчуудын оршин тогтнох, аж төрөхүйд үлэмж харштай хэргүүдийг зөхөн айлтган мэдүүлж, хэлэлцүүлэх замаар зогсоох ямар ч боломжгүйг гүнзгий ойлгожээ. Энэ тухай тус хуралд хэлэлцэгч түшмэлээр оролцсон Дархан чин ван Пунцагцэрэнгээс VIII Богд Жабзундамба хутагттай тогтмол харилцаж байсан захидалд тодорхой тусгагдсан байдаг13.
Орон нутагт ажиллаж байсан монгол ноёд, түшмэд шинэ эргэлтийн бодлогын хөнөөлт чанарыг танин мэдэх илүү боломжтой байснаас тэдний нилээд хэсэг нь тэрхүү арга хэмжээг эхнээс нь мөн эсэргүүцэгч хүчин болсон юм. Хожим тэдний дундаас Манж- хятадын ноёрхлыг эсэргүүцсэн зэвсэгт бослого, үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нэртэй төлөөлөгчид цөөнгүй төрөн гарсан билээ.

Эх сурвалж: "Түүхийн товчоон" 2006 он УБ хот. Ховд Их Сургууль. 
                        Түүхийн тэнхим



[1]   Л.Дэндэв. XX зууны монголын түухийн эх сурвалж. УБ., 2003, тал 27-35
13 Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл. Баримт бичгийн эмхтгэл. УБ., 1982. тал 263
10  Монгол улсын түүх. Дөтгөөр боть. УБ., 2004. тал 273

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews