Монголын Зохиолчдын Эвлэл тэргүүнээ сонголоо

Монголын зохиолчдын их хурал энэ сарын 20, 21-нд болж өнгөрчээ. Тус хурлаар зохиолчид  өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаагаа тайлагнаж, ирэх дөрвөн жилд МЗЭ-ийг удирдах бүрэлдэхүүнийг сонгосон байна. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргад Г.Мэнд-Ооёо, П.Батхуяг, Ц.Хулан, Ц.Буянзаяа, Жа.Баяржаргал гэсэн таван хүнийг нэр дэвшүүлснээс зохиолч Ц.Буянзаяа 96 хүний санал авч Удирдах зөвлөлийн даргаар сонгогджээ. Харин удирдах зөвлөлийн бусад гишүүдээр Ү.Хүрэлбаатар, Б.Галаарид, Б.Баярсайхан, Ц.Түмэнбаяр, Б.Золбаяр, Д.Галбаатар, О.Сундуй, Г.Ганболд Л.Одончимэд, О.Чинбаяр, Ж.Нэргүй, Б.Ичинхорлоо, Лхамноржмаа, Галсанбүх нар сонгогдон, ирэх дөрвөн жилд МЗЭ-ийг удирдан ажиллахаар болсон байна.

ШИНЭ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР


Монголын Зохиолчдын Эвлэлийн XV их чуулган хэдхэн хоногийн өмнө хуралдаж өнгөрсөн 4 жилд хийгдсэн ажлуудаа нийт гишүүддээ танилцуулж мөн ирэх 4 жилд удирдан авч явах гишүүдээ сонгосон. Их чуулганаас сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр анхны хуралдаанаа хийлээ.

МЗЭ-ээс 4 жилд хийх ажлын хөтөлбөрийг хэлэлцэж, мөн МЗЭ-ийн гүйцэтгэх захирлыг томиллоо. Ирэх 4 жилд хийгдэхээр тусгасан ажлын эхний хэлэлцүүлгээр МЗЭ-ийн веб сайтыг шинэчлэн сайжруулах, мэдээ мэдээллийн хувьд тогтворжуулж гишүүдийнхээ уран бүтээлийг тогтвортой нийтлэж сурталчлах, МЗЭ-ийн эрдэм шинжилгээний хурлын тэнхимийг шинээр байгуулах, уран зохиолын номын дэлгүүр нээх, МЗЭ-ийн төв хэвлэл “Цог” сэтгүүл, “Утга зохиол урлаг” сонины менежмэнтийг сайжруулах, гишүүдийнхээ ном бүтээлийг хэвлэх үйлдвэрүүдэд хөнгөлттэй хэвлүүлэх, хэвлэх эрхийг худалдан борлуулахад зуучлалын арга хэмжээг зохион байгуулах, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг сэргээх, уншигч-зохиолчдын уулзалтыг сэргээн тогтмолжуулах зэрэг олон ажлыг хэлэлцсэн байна. 

МЗЭ-ийн дүрмэнд гүйцэтгэх захирлыг нэг удаа улируулан сонгох заалт байдаг бөгөөд уг заалтын дагуу гүйцэтгэх захирал Г.Мөнцэцэгийг улируулан сонгох эсэх талаар нууц санал хураалт явуулжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100%-ийн саналаар Г.Мөнхцэцэгийг улируулан сонгохоор болсон байна. Мөн энэ өдөр МЗЭ-ийн Хяналтын зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдан шинэчилсэн журмаа баталж хийх ажлуудынхаа чиг үүргийг тодорхойлон ажил хүлээлцэх комисс байгуулжээ.

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews