Ганцын давааны дууль

Алтайн хүү Жамцын Галиндэвт
Сүү өргүүлж аргадуулсан
Эрхэмсэг тэргүүт уулсаас
Шүлэг найргийн эхэнд
Алтай байдаг нь юуных вэ
Үгийн цэцнээс сорлож
Үзгийн хурцаар тэрлэх
Үглэл магтаалын эхэнд
Алтай байдаг нь юуных вэ

Домгийн нугачаат уулс
Дорнын салхиар хүүрнэнэ
Далан үедээ дуулах
Далай туульс хайлна
Хуйнд орох тавилангуй
Хутга сэлмийн зуунд
Эр цус нь буцалсан
Эзэн Чингисийн идэрт
Алтайн оргил давах
Амины золиотой хүслэн
Омогт Монголын цээжинд
Оргилж байсан цаг аа.
Цавчим Алтайн царам
Цастай болоод мөстэй
Цавчлах морьдын амгай
Цантай болоод хөлдүү.

Од дагжих шөнийн
Олойргүй хөх тэнгэрийг
Тэвхдэж боссон Алтай
Эмнэг адуу шиг цамнав.
Онгон тэргүүний нь онголж
Ором гаргасан Монголыг
Цухал нь бадарсан Алтай
Цурхирах шуургаар нүдэв.
Түүчээ түүчээ тэргийг
Түмэн түмэн үрсийг
Исгэчин ганирах салхин
Ирт мэс шиг хяргав.
Маналзах нүдний аяганд
Манхан тэнгэр дайвж
Аврал гуйсан чарлаан
Мөсөн эргүүлэгт живэв.
Алтайн ховдог сарьдгууд
Амиар ханахгүй догшровч
Тэнгэрийн зарлигийг зөрчсөн
Тэрслүү Найманыг дарах
Андгай хатуу Чингис
Арагшаа буцах эрхгүй ээ.
Хийсгэн цөлөх салхи
Хилэнт Алтайг номхотгох
Аргын урныг сүвэгчилж
Аврал өршөөл гуйв.
Эдийн дээдийг өргөхөд
Идий нь чамлаж шуурав
Эрдэнийн дээдийг өргөхөд
Шидий нь голж шуурав.
Идээний дээдийг өргөхөд
Амты нь голж шуурав.
Эр ганц үрийн
Элэг нэхэж шуурав.
Хаан Чингис зарлигдан
Хамаг Монголоо цуглуулан
Олзонд ирсэн цэргүүдийг
Очтой нүдээр ширтэж
Бор зүрх нь чичирсэн.
Боолын харцыг шинжиж
“Түмний үрийг түймэрдэж
Бумны үрийг булсан шиг
Захирах хөх тэнгэр
Заан сүмбэр Алтай
Хүний ганцыг нэхэж байна
Хүрээд ир гэж хилэгнэж байна.
Цусан төрөлт эхийн тань
Ясан төрөлт эцгийн тань
Үр удмыг үлдээе
Үхэх цагтаа гэрээслэе
Хүслээрээ тахил болох
Хүний ганц хүү байна уу“ гэв.
Төрт эзний үг
Төмөр цаазаар хангинаж
Дээд тэнгэрийн зарлигтай
Дэр нэгсэн буувай.
Өршөөл горьдсон харц
Өр зүрхийг цоргивч
Өмөлзөх тэдний дотор
Өчнөөн эрчүүд байвч
Хатуу зарлигийн өмнө
Хар амиа зольж
Халуун голомтоо аврах
Хатан зоригтон гарсангүй.
Олзны баатрын харц
Овтой агаад ёжтой.
Завьжиндаа нуусан инээд нь
Зальтай болоод даажинтай.
Эзний нуман хөмсөг
Эрчлэх дээс шиг зангирав.
Элчилгүй тэнгэрийн өмнө
Мэх дутан гундав.
“Хилэнт их Монголын
Хийморийн од харваа юу“ гэх
Гол зурсан гомдол
Гогцоорон зангирахын цагт
“Би“ гэх дуу
“Биш“ гэхийн аргагүй
Догшрох шуургатай арсан
Догдолсон өнгөөр цангинав.
Сүү ивэлгэх эхийн
Цээжинд асаж өндийсөн
Сүлдэндээ злбирах эцгийн
Голомт түшиж өссөн
Хүний ганц Арилдий
Үрийн ганц Арилдий
Илд мэсний ир нь
Итгэлт нөхдийн сүлд нь
Давших цагийн даль нь
Дайны газар сум нь болсон
Эрийн сайн Арилдий
Эрмэг баатруудын дундаас
Эгцэлж урагшаа алхав.
“Асар тэнгэрт өчиг өгсөн
Агуу эзний тангараг хатуу
Дэлхийн зулайд дэрвэж боссон
Дээд Монголын хүрэх газар хол оо.
Цаглашгүй мөнх тэнгэр минь
Цаст царман Алтай минь
Өрцнөөсөө тасалж үр болгосон
Өврөөсөө өндийлгөж хүн болгосон
Өнчин ганц ижийг минь
Өршөөн нигүүлсэх болтугай“ гээд
Залуу цээжинд булгилах
Халуун зүрхээ өргөлөө.
Үйзэн хөх тэнгэр
Үүл сүвэлсэн Алтай
Эмийн заяа гомдоож
Эрийн сорыг авлаа
Эхийн элэг өмөлж
Үрийн ганцыг залгилаа.
Догшрих салхин зогтусч
Долоон бурхан цочисхийв.
Үймж сандачсан тэнгэр
Үүлээ үргээж цэлмэв.
Газрын алганд төрсөн
Тэнгэрийн зүүд Арилдий
Эзэн Чингисийн зүрхэнд
Нуугдаж унасан нулимс
Эр цэргийн цээжинд
Нүүгэж ассан гал аа.
Хүний ганцыг авч
Хүсэл нь ханасан Алтай
Агшин зуур тайвширч
Аймшигт хилэнгээ номхотгов.
Жингийн цуваа шиг Алтайгаас
Жилийн газар тодорч
Алсын мянган уулс
Алган дээр шиг үзэгдэв.
Төрийн хөх эрчүүд
Төмөр дөрөө гаслуулан
Түүхийн чулуун зөргөөр
Түмнийг тунгаан урагшлав.
Дэлт морьдын төвөргөөнөөр
Дэлхийн цээжийг бөмбөрдөхөөр
Тэрэгний дугуй тэрчигнүүлж
Монгол нүүдэл хөдлөв өө.

1994-12-16
Улаанбаатар

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews