Ван гогийн зургууд

1.
Итгэмээргүй тэнэг Ван Гог чамайг
Илбэдээд ч болов сэрээх юмсан
Солиорохдоо таталсан чиний зургууд
Сохор зоосны үнэгүй хаягдсан ч
Өнөө цагийн хонжоо хайгчдын
Өвөр түрийг “ногооноор” дүүргэнэ.
Турж үхсэн чиний ходоодыг
Тулам тулам будаагаар дүүргэхсэн.
2.
Улаан тутрагийн тариалангийн талбайд
Усан нулимс цусан өнгөтэй болж
Дэндүү хурц улаан туяанд
Дэлхийн нар бүдгэрч байхад
Дэмийрсэн Ван Гог Японыг зүүдлэж
Дэвэрсэн сэтгэлээ янханд эзлүүлж
Чихээ огтолсон гашуун тунирхал
Чимээгүйхэн чиний зүрхэнд асгарсан
Чихээ огтолсон цусны чинь үсэрхийд
Чивэлт эмсийн тачъял хөдөлж байна.
Дөжиртөл хашгирлаа ч юу ч сонсохгүй
Дүлий орчлонд чихээр ч яах юм.

Хатсан бийр дахиад дэвтэхгүй
Халаглан дуудлаа ч Ван Гог төрөхгүй.

3.
Холын хүсэл, намрын салхи
Хонгор зүс, наалинхай ааш
Улаан үзэмний цагаан тариалан
Уйлуулсан орчлонгийн инээсэн даажигнаа
Ван Гогийн зургууд

Салхин сэнсний жигдхэн эргэлт
Самуурсан сэтгэлийн чихарсан чимээ
Далай шиг амьдралын давчуухан зөрөг
Далласан зовлонгийн гарцаагүй тохиол
Ван Гогийн зургууд

Хоригдлын өрөө амьдралын амсхийлт
Чахалзуурт чангарах цаазын олс
Үгүйртлээ цөлмүүлсэн нүцгэн мөчир
Үндсээ үгүйлж хорчийсон навчис
Ван Гогийн зургууд

Ажилд нухлагдаж сульдсан гараараа
Алаг үрээ энхрийлэн тэврэхэд
Тариан талбайн нугачааг элэглэх
Духны нь үрчлээнд хйлс бүдчинэ.
Ван Гогийн зургууд

Үнгэгдсэн цаас шиг эрвээхэй чавганц
Үнсэлтийн халууныг үгүйлэн гансрахдаа
Дол цохисон хйгшин эрийн
Дотоожны үнэрт ой гутавч
Өсгөлүүн охидын чийрэг шилбийг
Өөхөлсөн нүдээрээ ширэв татна.
Ван Гогийн зургууд

Дундуур шатсан лааны үлдэгдэл
Дутуу татсан тамхины иш
Гунигтай савлах дүүжин дэнлүү
Гудамжны үзүүрээс ёлтойтол ширтэнэ.
Уруулын будагтай жүнжний ёроолд
Улаахан дарсны охь тунана
Цөмөөд хаясан самрын яс
Цөхөртлөө хүлээсэн итгэлийн сүнс
Билъяардын ширээ, оноогүй бөмбөг
Бяцхан охины томоогүй шохоорхол
Ван Гогийг зургууд
4.
Хатсан мөчрөөс амь олж
Харанхуй шөнөөс гэгээ шүүрч
Тэмтчин мөлхөх бяцхан навчис
Тэнгэр өөд тэмүүлэн хашгирна.
Ван Гогийн зургууд

Хараал дундаас ерөөл төрдгийг
Хагацал дундаас учрал ирдгийг
Нулимсан дунд инээж болдгийг
Нуусан ч эс нуусан ч
Нүдэнд үзүүлж, чихэнд дуулгах
Ван Гогийг зургууд
Зөн совин даллана.
Зөвхөн үнэнээрээ л…

Улаанбаатар
2004 он

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews