* * *

Учирсан болгондоо зориулж
шүлэг бичиж явсангүй
Уулгамч зангаар тэр бүрт
ухаангүй дурлаж явсангүй
Гэгэлгэн дууны аянд цайлган итгэл сэмэрч
Гил хар үсэнд минь
насны хяруу унахад
Гэнэдсэн хайрын үг
зүрхний шархыг сэдрээв үү
Гундсан насыг минь аргадан
зүүдэн дундаас амилав уу
Дэвэлзсэн ааш минь номхорч
эрвэлзсэн харц тогтоход
Тэсгэл алдсан хүслээр
адгаж наддаа ирэв үү
Хэнзхэн хайр нялхарч
томоогүй гэнэн аашлах нь
Хэнийх нь ч буруу юм бэ дээ
миний ижил “тэнэг“ минь
Гандсан хөх салхи шиг
дотор жихүүцэх үдшээр
Ганихарсан хагацлын гунигт
сэтгэл хөндүүрлэж ханасан шүү
Гарцаагүй энэ дурлал
намайг олзлох ёстой юм бол
Гараа аль, хамтдаа живье
АЛДВАЛ Ч АЛДАГ!

Улаанбаатар
1999-7-12

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews