ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ШАТАРЫН ӨЛЗИЙБАЯР

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын ая тааруулсан "ТАЛЫН ХӨХ ЧОНО" дуу "Морин хуур 2011" наадмын гуравдугаар байрын шагнал хүртлээ. Түүний туурвисан “Вариаци Токката” хэмээх зохиол нь дэлхийн дэвжээнд өрсөлдөн шалгарч том шагнал хүртлээ гэсэн мэдээллийг уншигч та лавтайяа сонссон байх. Тэрбээр энэхүү зохиолоороо “Гоо марал”-ын тэргүүн шагнал хүртэж, “Алтан намар-2010” наадмын шилдгийн шилдгээр шалгарч ёстой л залуу халуун насны ид хав, эрдэм чадлаа гайхуулж байсан тэр мөчөөс хойш  нэгэнтээ жил орчмын хугацаа өнгөрчээ. Дараагийн “Алтан намар” ч ээлжлэн ирж хөгжмийн зохиолчид маань авьяас онгодоо хөглөн өөрсдийн туурвисан бүтээлүүдээ уралдууллаа.



   Ш.Өлзийбаяр энэ удаад Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт бичжээ. Энэ нь түүний “Алтан намар” хөгжмийн наадамд зориулан туурвисан томоохон бүтээл юм. Концертыг Улсын хөгжмийн хүрээлэнгийн симфони найрал хөгжимд өнөө цагийн чадварлаг хуурч Г.Шинэцог гоцлон хөгжимдөж, удирдаач Н.Бүтэнбаяр удирдан тоглууллаа.

   Зохиогч Дорнын говьд төрж өссөн, чамгүй сайн хуурч болохынхоо хувьд энэ зохиолдоо морин хуурын дуурьслын боломж чадавхийг бүхий л талаас нь нээн харуулахыг зорьсон байна. Энэхүү концерт нь өнгөрсөн долдугаар сард ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод зохиогдсон Монгол туургатан хөгжмийн зохиолчдын “Пентатоника” наадамд амжилттай тоглогдож, “Алтан намар-2011” наадмын шилдэг бүтээлийн уралдаанд оролцон, аравдугаар сард Монгол улсын хөгжмийн хүрээлэнгийн өвөл цагийн нээлтийн концертонд шалгаран тоглогдсон бүтээл. Үнэхээр  сонссон хэн бүхний сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй тийм их эрчмийг агуулсан төдийгүй зохиогч, тоглогч хоёрын авъяас мэдрэмж гагцхүү нэгэн цэг дээр огтлолцож, аялгуун гайхамшгийг бүтээх ажээ. Морин хуур нь угаас нумт хөгжмийн зэмсэг учраас энэ зохиолд өрнийн нумт хөгжмийн зэмсэг болох хийлийн олон штрих, техникүүдийг ашиглахыг эрмэлзсэн нь ажиглагдлаа. Тухайлбал, хурдтайгаар үсэргэн тоглох үргэлжилсэн гуравлал (триоль) нь “Морин хуурт зориулсан концертуудад урьд өмнө нь байгаагүй, шинэлэг зүйл бөгөөд сургалтанд ийм төрлийн дасгалыг оруулах хэрэгтэй” хэмээн концертын гоцлооч, морин хуурч Д.Шинэцог ярьсан. Ерөөс монгол хөгжимд нэн түгээмэл тохиолддог наймт, арван зургаат хэмнэл нь хурдтай, тоглоход хялбар бөгөөд хөгжимчид ч үүнд гаршсан байдаг. Харин хурдан темп-д  нумаар үсэргэн тоглох үргэлжилсэн триолийн хүчтэй хувь нь (доль) нумын татах ба түлхэх хувь дээр ээлжлэн таарч байдгаараа их хүндрэлтэй байдаг ажээ. Н.Бүтэнбаяр удирдаач энэ тухай “Триолыг хурдан темпэнд хийлээр хөгжимдөхөд ч ярвигтай байдаг бөгөөд үсэргэж тоглоход хөгжимчнөөс үүнээс ч илүү нарийн ур чадамж шаарддаг” хэмээн хэлсэн юм. 
Өлзийбаяртаа эрүүл энх сайн сайхан, амьдралд нь аз жаргал, уран бүтээлийн их онгод хийморийг хүсэн ерөөе.

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews