Ц.ТҮМЭНБАЯР: ТЭНГЭРТ ХАМГИЙН ОЙРХОН АРД ТҮМЭН БОЛ МОНГОЛЧУУД


Г.Нямгэрэл
Монголын зохиолчдын хороо гэж үүднээсээ эхлээд номын үнэр ханхалсан их айл бий. Тэр босгоор давсан хэнбугай ч өөрийн эрхгүй ном шагаймаар мэдрэмж төрдөг. Энэ айлын гурван давхарт МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Ц.Түмэнбаяр хэмээх даруухан бүсгүй уран бүтээлээ туурвиж сууна. Тэрбээр үргэлжилсэн үгийн зохиолчид жилдээ нэг удаа бүтээлийнхээ шандсыг сорьдог “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд нийт 12 удаа байр эзэлсэн. Тиймдээ ч бидний яриа уран зохиолоос төдийлөн хөндийрсөнгүй.
-Нийт хилчдийнхээ өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Баярлалаа. Хилчиддээ ч мөн бидний ярилцлагыг унших өдрийн мэндийг хүргэе. Энэ жил их олон тэгш ой тохиож байна. Монголын газар нутаг дээр төрт ёс тогтсоны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Эрх чөлөөний хөдөлгөөн буюу Манжийн 200 жилийн дарлалаас чөлөөлөгдсөний 100, Ардын хувьсгалын 90, Дипломат харилцаа тогтоосны 50 жил гэх мэт олон түүхэн тэгш ой нэгэн зэрэг тохиосон их ховор жил байна. Үүнийг дагаад Хил хамгаалах байгууллага, Батлан хамгаалах яам, Хууль зүй дотоод хэргийн яамны тэгш ойнууд мөн таарлаа. Монгол улсын тусгаар тогтнол гэж ярихад Хил хамгаалах алба зайлшгүй холбогдоно.
Манай улсын тусгаар тогтнолыг хамгаалж байгаа гол хүмүүс нь хилчид юм.  Тэгэхээр хилчид гэдэг маш их үүрэг хариуцлага хүлээсэн, бас их азтай хүмүүс шүү дээ. Нэг удаа Хилийн цэргийн дээд сургуулийн ойгоор зарласан богино өгүүллэгийн наадамд “Зүрхэн дээр босгосон сүлдэт багана” нэртэй өгүүллэгээ бичиж тэргүүн байрт шалгарч байлаа. Дараа нь тэр наадамд ирсэн өгүүллэг, нийтлэлүүдээр ном гаргахад миний энэ өгүүллэгээр нэрлэсэнд их баярлаж явдаг. Би өөрөө их үндсэрхэг үзэлтэй, эх оронч сэтгэлгээтэй хүн.
-Таныг өөр мэргэжилтэй гэж сонссон юм байна. Уран зохиол руу “урвах” болсон шалтгаан нь юу байв?
-Би холбооны техникч мэргэжилтэй хүн. Монгол бичиг сурах гэж улсын түүхийн төв архивт бичээчээр орж байлаа. Яагаад монгол бичиг сурах гэсэн юм гэж гайхаж магадгүй л дээ. Гол нь хуучин монгол бичиг болон манж хэл дээр байгаа Монголын түүхийн номыг уншихад байсан юм. Монголын түүх бол их дайчин. Түүх нь үндэсний тусгаар тогтнол, хил хязгаар, хилийн дээстэй холбоотой. Түүхийн архивт бичээчээр ажиллаж байхдаа тусгаар тогтнолын талаар гүн бат ойлголттой болсон. Түүхэн олон зохиолынхоо сэдэв, материалыг тэндээс олж авсан. Тиймдээ ч миний бүтээлүүд дундаас эх орон, тусгаар тогтнол, хилийн тухай зохиол бүтээл хүний сэтгэлд илүү хүрдэг. Жишээлбэл “Жанчхүүгийн даваанаас нааш Халхын нутагт шаахайн мөр бүү гарга” гэж хэлсэн Чин ван Ханддоржийн тухай “Урд уулын зэрэглээ” гэж өгүүллэг байна. Тэр хүн яагаад тийм эх оронч болсон юм, яагаад ингэж хэлэх болсон юм? Үүний учир шалтгаан нь юу юм бэ гэдгийг олохын тулд энэ өгүүллэгээ бичсэн. Их олон хүнд таалагдсан юм билээ. Одоо болтол ач холбогдол нь хэвээрээ, хүмүүс ярьсаар байдагт нь би баярладаг. Ер нь багаасаа уран зохиолд дуртай хүүхэд байсан даа.
-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин юу байна. Хамгийн сүүлд ямар зохиол дээр ажиллав?
-Өнгөрсөн зун чамгүй ажил амжууллаа. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр манжийг нутгаасаа хөөн гаргаж, Богд хаант Монгол Улсаа тунхагласан хэдий ч манай тусгаар тогтнолыг тэр үед хүлээж авах орон Түвдээс өөр байгаагүй. Бусад нь тусгаар тогтнолыг чинь хүлээн зөвшөөрлөө гэж хэлээгүй. Гэхдээ улсын хэмжээнд харьцаж байсан. Тиймээс 1915 онд гурван улсын гэрээ хийхээс өөр аргагүй болсон. Гэтэл дэлхийн түүхэнд яг манай улс шиг өөрийн тусгаар тогтнолоо авч үлдсэн автономит төртэй улс хэзээ ч байгаагүй. Энэ хэлэлцээрээр манай улс өөрсдийнхөө статусыг авч үлдсэн юм. 2010 онд О.Батсайхан гэдэг эрдэмтнээс өөр бүрэн хэмжээгээр энэ хэлэлцээр ямар ач холбогдолтой байсан, яагаад тэр хэлэлцээрийг хийх болсон юм гэдгийг хэн ч нарийн тодорхой гаргаж ирээгүй байлаа. Би энэ үүднээс Монголын төрийг тэргүүлж байсан цөөхөн хэдэн хүн энэ улсынхаа тусгаар тогтнолыг авч үлдэхийн тулд ямар бодлого явуулж байсан юм бэ гэдгийг харуулъя гэж “Тусгаар тогтнолын төлөө” гэдэг гурван ангит жүжиг хийлээ. Зөвхөн гурван улсын гэрээ хэлэлцээрээр гэсэн үг шүү. Гэрээ гэдэг хурал. Хурлаар жүжиг хийнэ гэдэг их төвөгтэй. Уйтгартай болох талтай. Тийм болохоор урдах түүхээ хойш нь татах, хойтох түүхээ урагш татах гэсэн уран зохиолын аргаар баримтат жүжиг бичээд үзэгчдэд хүргээд байна.
-Тухайн жүжгийг бичих болсон учир шалтгаан нь юу байв?
-“Тусгаар тогтнолын төлөө” гэдэг нэртэй. Яагаад гэхээр 1915 оны гэрээгээр манайхан тусгаар тогтнолоо бүрэн олж авч чадаагүй юм. Хязгааргүй эрхт Богд хаант Монгол улсыг байгуулж, түүнийг автономит улс болгон нэг ёсондоо Богдын хязгааргүй эрхийг устгасан. Устгахдаа хагас тусгаар тогтносон байдалтай байж, сүүлд манайх хил хязгаараа тогтоосон гэдэг. Үүний суурь нь 1915 онд байгуулсан гурван улсын гэрээ байсан гэдэг. Хэрвээ манайх Өвөрмонгол шиг автономит улс байсан бол өөрийн гэсэн хил хязгааргүй байх байсан. Харин манайх өөрийн гэсэн нутаг дэвсгэр, хил хязгаар, он тоолол, хаан төртэй. Нутагтаа Хятадын болон Оросын цэргийг оруулахгүй. Зөвхөн манайд сууж байгаа төлөөлөгчийг хамгаалах 150, 150 цэрэг л орно. Мөн худалдааны эрхээ бид өөрсдөө мэднэ. Бусад оронтой харилцах, албан бичиг явуулах бүрэн эрхтэй. Ийм учраас бид бүрэн тусгаар тогтносон улс мөн. Тэгээд дөчин хэдэн онд НҮБ-д элсэх өргөдөл өгөхөд, мөн хил тогтооход, эдийн засгийн харилцан тогтоох зөвлөлд элсэхэд, дараа нь 1961 онд НҮБ-д элсэхэд хүртэл нөгөө 1915 оны гурван улсын гэрээ гол үндэс болж байсан гэдэг. Энэ үүднээс гурван ангит жүжиг бичсэн. Уран зохиолд анх удаа энэ хэлэлцээрийн тухай бичсэн юм. Монголчуудыг зөвхөн морин дэл дээр сэлэм эргүүлж яваад тусгаар тогтнолоо олж авсан гэж гадаадыхан боддог. Харин 500 гаруйхан мянган хүн амтай, тэдний ихэнх нь лам болчихсон, зарим нь өвчтэй, хүүхэд эмэгтэйчүүд зонхилсон, бичиг үсэггүй, Манжийн эрхшээлд байсан ард түмэн тусгаар тогтнолоо олно гэдэг маш хүнд асуудал байсан нь мэдээж хэрэг. Төрийн хар хайрцагны бодлого маш нарийн “явж” ирээд 1911 оны хувьсгалыг хийж, 1915 оны хэлэлцээрт хэрхэн оролцсоныг бодож энэ жүжгээ бичсэн.
-Нэгэнт тусгаар тогтнолын тухай ярьж байгаа болохоор тусгаар тогтнол юун дээр оршин тогтнодог юм бол гэж асуумаар санагдлаа?
-Энэ их чухал зүйл. Д.Пүрэвдорж багшийн “Тусгаар тогтнол” гээд шүлэг бий. Тэр шүлгийг би шүүмжилж байгаа юм биш. Энэ бол сайхан шүлэг. Дөнгөж гарсан даруйдаа хоригдож байсан гэдэг. Анх “Тусгаар тогтнол чамайг тунхаглан би магтъя, тусгаар тогтнол чамайг цусаараа би бичье” гэж байсан юм. Харин одоо болохоор “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би” гээд сольсон байна билээ. Би зургадугаар ангид байхдаа 48 хуудастай дэвтэр дээр “Азийн Монгол”, “Чингис”, Тусгаар тогтнол” зэрэг шүлгүүдийг нь бичиж байгаад багш нарын зөвлөлгөөний хурлаар орж, пионерийн гишүүнээс хөөгдөх гэж байсан хүн. Эдгээр шүлгүүдийг цээжээрээ мэднэ. Гэтэл энэ шүлэгт тусгаар тогтнол гэж юу юм бэ гэдэг зүйл нь байхгүй. Чамайг тэнд бичнэ, энд магтан дуулна гээд байдаг. Ингээд бодохоор эрхгүй хүнд тусгаар тогтнол гэж чухам юу юм бэ гэсэн бодол төрнө дөө. Тэгвэл тусгаар тогтнол гэж өөрийн гэсэн хил хязгаартай. Төрөөс тогтоосон хууль цааз нь ард иргэддээ тэнцүү үйлчилж чаддаг, хилийн гадна бусад орнуудтай ижилхэн хэмжээнд харилцдаг байхыг бүрэн тусгаар тогтнол гэнэ гэж би хувьдаа боддог. Төр гэж дотроо өөрийн ноёрхлыг тогтоож чадсан, ард иргэд хүлээн зөвшөөрсөн хууль цаазтай, хилийн гадна талд бусад орны хаадын өмнө толгой бөхийхгүй ижил зиндаанд харилцахыг хэлж байгаа юм. Үүнийг л зөвхөн хүчирхэг төр гэж хэлнэ. Харин өнөөдрийн төр бол гадныхан орж ирэнгүүт бөхөлзөөд хамаг газар шороогоо ухуулаад, хил хязгаараа дотогш нь татаж өгдөг. Үүнийг бүрэн тусгаар тогтнол гэж хэлэхгүй. Өнөөдөр  манайх тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж л байна. Яг бүрэн тусгаар тогтнолоо олж аваад хүчирхэг төрөө байгуулж чадаагүй.
-Эх орон гэдэг ойлголтыг зохиолч эмэгтэй хэрхэн тайлбарлах юм бол гэж сонирхож байна?
-Эх орон гэдэг зөвхөн газар шороо биш. Эх орон гэдэг ард түмэн юм. Тэдний үзэл бодол, тэмцэл, түүх энэ бүгд нийлж байж эх орон болно. Эх орон гэдэг зөвхөн газар шорооны төлөөх тэмцэл биш. Би тийм л бодолтой байдаг. Миний эх орон бол Монгол нутаг минь тэр чигээрээ юм. Эх орон гэдэг өөрөө их том үг.
-Таны зохиол бүтээлийг мэдэх хүмүүс үзэл бодлыг тань гадарлана. Таныхаар үндсэрхэг үзэл гэж юу вэ?
-Үндэс угсаандаа хайртай, түүнийхээ төлөө тэмцдэг, үнэнийг олох гэж явдаг хүнийг үндсэрхэг хүн гэж хэлнэ. Гэхдээ үндсэрхэг үзэл бол хоёр янз. Нэгдүгээрт хэт үндсэрхэг үзэл гэж байна. Үүнд жишээ нь дэлхий ертөнц дээр ганцхан ари үндэстэн байх ёстой гэсэн Гитлер багтана. Түүний үзэл зөв боловч дэлхий ертөнц дээрх бүх үндэстнийг үгүйсгэсэн нь хэт үндсэрхэг үзэлтэй хүн л ийм байдаг байх гэмээр. Гэтэл Чингис хаан үндсэрхэг үзэлтэй хүн мөн үү гэвэл мэдээж мөн. Гэхдээ Чингис хаан энэ дэлхий дээр ганцхан Монгол байх ёстой гэж хэлээгүй. Харин Монгол хүн бол дэлхийн зулай дээр байх ёстой гэж үзсэн. Энэ бол үндсэрхэг үзэл. Энд нэг сонин юм ярихад 500 мянгахан хүн амтай байсан манай улс яагаад бие даасан улс хэвээр үлдэж чадсан юм бэ гээд аваад үзэхээр дэлхийн бүх улсуудаас хамгийн ихээр наранд ойрхон нь Монгол юм байна. Дэлхийн цөмд 8000 градусын халуун лаав эргэлдэж байдаг. Гал гэдэг чинь дандаа дээшээ тэмүүлэлтэй байж оргилно биз дээ. Тэр дөл нь Монголын газар нутгийн дор байна. Монголыг Азийн цээж гэдэг. Ази гэдэг бол тив. Азийнхаа хувьд цээж, харин дэлхийн бол зулайд нь байдаг. Монгол хүн яагаад хийморьтой байдаг юм, яагаад мөнх тэнгэрийн зарлигаар гэж ярьдаг юм гэхээр тэнгэрт хамгийн ойр ард түмэн Монголчууд.  Зулай дээр нь байгаа ард түмэн гэдэг бол нарны, сансрын энерги, дэлхийн цөмийн халуун голомт дээр байрладаг. Дорноговь аймгийг дэлхийн энергийн төв гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм их энергитэй болохоор манай газар нутаг, хүний оюун ухаанд сайнаар нөлөөлдөг байх нь. Дээр нь бид газар нутгийн асар их баялагтай. Хаана алт эрдэнэс байна тэнд мөн эмийн ургамал ихээр ургадаг. Тэр эмийн ургамлыг идсэн малын махаар хооллож байгаа бидний эд эрхтэн эрүүл, оюун ухаан саруул гэсэн үг. Ийм судалгаанууд ч байдаг.
-Таны богино өгүүллэгүүд их уран мэдрэмжтэй, санаа нь гүн байх шиг санагддаг. Хэдийнээс чухам өгүүллэг бичиж эхлэв?
-Ер нь би багаасаа уран зохиолд дуртай, шүлэг зохиол оролддог хүүхэд байсан. Гэхдээ өгүүллэг бичих нь илүү хэцүү. Тийм учраас анх шүлэг бичиж гарч ирсэн. Миний анхны ном шүлгийн түүвэр байдаг юм. Уран бүтээлч хүн бусдад өөрийгөө илэрхийлэх арга гэж байна шүү дээ. Миний хувьд шүлэг, өгүүллэг, жүжиг, тууж, роман зэргээс алинаар нь түлхүү бичвэл хүмүүст сайхан мэдрэмж төрүүлэх вэ гэж бодсон. Тэгээд өгүүллэгийг бусад төрлөөс илүү бичиж чадмаар санагдсан юм. Гэхдээ би одоо ч шүлэг бичдэг. Харин би яруу найрагч биш.
-Хүмүүс онгодыг их олон янзаар тайлбарлах юм. Таныхаар онгод гэж юу юм бэ. Та хэзээ бүтээлээ туурвидаг вэ?
-Онгод бол юм бичихэд нөлөөлөх нь нөлөөлнө. Хүмүүс гунихаараа, эсвэл баярлахаараа онгод орж юм бичлээ гэдэг. Гэхдээ өгүүллэг бол өөр. Яруу найрагчид зарим нь 100 татаад нэг шүлэг бичлээ гэдэг. Харин би бол хэзээ ч 100 грамм татчихаад шүлэг бичихгүй. Сэтгэл хөглөгдөнө гэж юм байдаг. Онгод гэдэг үгийг хэрэглэх ч дургүй. Сэтгэл хөглөгдлөө гэж хэлдэг. Түрхэн зуур сэтгэл хөдөллөө гээд цаад бичих зүйл маань бүрдээгүй бол болдоггүй. Сэтгэл хөглөгдөөд, бичих суурь материалаа бүрдүүлж чадсан үед  хүнээс сайхан бүтээл гарна.
-Аль ч салбарт эмэгтэй хүн манлайлагч байна гэдэг их хэцүү юм шиг ээ. Үе үеийн зохиолчид дунд ч цөөхөн эмэгтэй харагддаг. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Эмэгтэй хүн зохиолч байна гэдэг хэцүү. Үнэхээр ямар ч салбарт эмэгтэй хүн амжилт гаргахад эрчүүд тун дургүй хүлээж авдаг. Энэ бол зөвхөн уран зохиолын ертөнцөд болдог юм биш. Эмэгтэй хүнээс чамгүй авъяас, хөдөлмөр, эрсдэл шаарддаг нь урлаг, уран зохиолын талбар байдаг. Зарим тохиолдолд амьдралаа хүртэл эрсдэл болгохыг шаарддаг. Яагаад гэхээр уран зохиолоор хүн төдийлөн мөнгө олохгүй. Эмэгтэй хүн чинь ар гэрээ авч явах, үр хүүхдээ өсгөх хэрэгтэй. Үүний хажуугаар шүлэг, өгүүллэг бичнэ гэхээр цаг, заваас эхлээд олон зүйлийг золиослох хэрэг гарна. Тэр нь хүнд. Дээр нь надад хүмүүс, “Чамайг эмэгтэй зохиолчид дундаасаа дээгүүр тооцогдоно гэж бодож байна” гэдэг. Эмэгтэйчүүд дундаасаа шүү. Гэтэл миний өрсөлдөгч нар дандаа л эрэгтэйчүүд байна. “Тусгаар тогтнолын төлөө” жүжгийг хэн бичсэн юм, хэн анх санасан юм? Хэн ч санаж бичээгүй. Үүнийг уг нь эрчүүд л санаж бичих ёстой байсан шүү дээ. Жинхэнэ эх орон гэж хашгирдаг хүмүүс хийх ёстой. Тэгэхээр би тэд нартай л өрсөлдөж байгаа биз дээ. “Утгын чимэг” гэдэг богино өгүүллэгийн наадамд хэдэн эмэгтэй хүн ордог юм? Би ганцаараа л байдаг. Бусад нь дандаа эрчүүд. Энэ наадам 16 удаа зохион байгуулагдахад би 12 удаа байр эзэлсэн. Түүнээс би таван удаа хоёрдугаар байрт шалгарсан байна. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Бодит байдал л энэ. Ингээд харахаар миний өрсөлдөгч нар дандаа эрчүүд л байгаа биз дээ? Хүн болгон надад “эмэгтэйчүүд дотроосоо” гэдэг. Би тэгэхэд нь дуугүй л байдаг. Би “Утгын чимэг” наадамд орохдоо эмэгтэй зохиолчдоо биш эрчүүдээ юу бичиж ирэх бол, хэр байгаа бол би тэдэнтэй л өрсөлдөнө шүү дээ гэж бодож ордог.
-Анхны өгүүллэгийнхээ тухай ярихгүй юу?
-Анхны гэхээсээ илүү өгүүллэг болжээ гэж тоогдсон нь гэвэл “Учралд хөтлөх зам” юм. Мал тууж яваа хүний тухай бичсэн. Түүний дараа “Дуутай орчлон дундардаггүй” гэж өгүүллэг бичиж байлаа. Гэхдээ эд нар бол учиргүй сайн болоогүй л дээ. Тухайн үедээ бол гайгүй гэгдэж байсан. Жишээлбэл миний шилмэл өгүүллэгийн түүвэрт энэ хоёр  багтахгүй.
-Та ингэхэд хичнээн гарын шавьтай вэ. Сайн зохиолч болно гэж найдлага тавьдаг шавь нар ч бий биз. Тэд нартаа юу гэж аминчлан захидаг вэ?
-Зөндөө бий л дээ. Гэхдээ тэд намайг багшаа гэж бодох эсэх нь өөрсдийнх нь хэрэг. Би энэ маань уран бүтээлч болох байх гэж найддаг, намайг багшаа гэж боддог их цөөхөн шавьтай. Яг хуруу дараад тоолбол арав гаруй л юм байна. Над дээр таны шавь болъё гэж ирсэн залуусаас би хамгийн түрүүнд, “Чи юуны тулд зохиолч болох гэж байгаа вэ?” гэж асуудаг. Тэгэхээр урдаас “Зүгээр сонирхоод л байгаа юм” гэдэг. Тэр буруу. Бичмээр л санагдах ёстой. Дараагаар нь “Чи юу уншсан юм бэ?” гэхээр Д.Нацагдорж ... гэх мэт гээд л орхидог. Тэр хүний сонирхол нь тодорхойгүй, уншсан юм нь тоотойхон байхаар зохиолч болно гэдэг хэцүү. Цаанаасаа, чин сэтгэлээсээ утга зохиолын хүн болъё гэж хүсч мөрөөдөж ирсэн хүний хандлага, сэтгэл гээд бүх зүйл нь ондоо харагддаг. Гэхдээ над дээр одоогийн байдлаар ясны зохиолч болох хүн нэг ч орж ирээгүй байна. Яг сэтгэлд хүрсэн залуустаа унш, сэтгэ, бод гэж хэлдэг. Юмны учир шалтгаан, цаад логикийг ол гэдэг. Хаа хамаагүй тэнд нисэж яваа шувуутай энд сууж байгаа хүнийг хэрхэн холбох вэ гээд чи бод доо. Энд ямар холбоос хэрэгтэй вэ. Түүнийг холбож чадъя гэвэл хүнийг шувуу эсвэл шувууг хүн болгоод бичиж болно. Зүгээр нэг санааг уран санаа болгож байж сая уран зохиол болдог. “Хүжийн гал” зохиолын уран санаа нь юу вэ. Чи ингэж бодож байсан уу. Хүжийн гэрэл гэдэг ямар өчүүхэн билээ. Тэгвэл Монголын соёл, бичиг үсэг тэр хүжийн гал шиг өчүүхэн байж.  Уран санаа нь гэвэл энэ. Тэр гэрэлд ном уншина гэдэг асар их идэвхи зүтгэл мөн биз. Ард түмэн нь тийм их тэмүүлэлтэй байхад өнөөх бичиг соёл нь тийм өчүүхэн. Зохиолыг уншаад өнгөрөх биш, түүний цаад учрыг олох гэж хичээдэг, олж чаддаг хүн л зохиолч болно.
-Зохиолч болсноосоо зүрхшээж шантрах үе тохиолдож байв уу?
-Хэзээ ч үгүй. Гэхдээ больё гэсэн бодол төрж байсан удаа бий. Гэвч чаддаггүй юм. Бичих хүсэл гэдэг хоригддог зүйл биш.
-Таны богино өгүүллэгүүд хүнд их хүрдэг, бүр хоногшиж үлдэх нь ч бий. Энэ бүгдийг нууц нь юундаа байна. Та яаж ингэж сайхан бичдэг болов?
-Би өөрийгөө мундаг гэж байгаа юм биш. Нууц гэх юм бас алга. Хамгийн гол нь зохиолч хүний үг жирийн хүний ярианаас илүүтэйгээр хүнд нөлөөлөх ёстой. Тэгэхийн тулд ур чадвартай, уран сайхан бичих хэрэгтэй болно. Хөдөлмөрлөх нь маш чухал. Дараа нь бид хоёрт байдаг жаргал, бас зовлон. Хэн хэн маань мэдэх мөртлөө бичиж чаддаггүй. Хүн болгон бичиж чадахгүй мөртлөө хүний бичсэнийг хараад мэдрээд ингэж л хэлж, бичих ёстой байж гэж боддог. Түүнийг яаж гаргах вэ гэж бодож, сэтгэж түүнийхээ төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Жишээлбэл надад 20 жилийн турш бодогдож яваад гарсан өгүүллэг байдаг. Ер нь миний бусдаас сайн гэсэн үнэлгээ аваад буй өгүүллэгүүд ихэнх нь олон жилийн хөдөлмөр шингэсэн байдаг юм. Миний “Өндгөн чулууны домог” гэж өгүүллэг бий. Хоёрдугаар ангид байхад ээжийн минь ярьсан домог. Эрхийн чинээ чулуун дотор хоёр амьд алтан загас байдаг. Хүүхэд нь тоглодог байсан тэр эрдэнийн чулууг үнэ хүргэж зарахын тулд усанд хийгээд угаачихсан чинь өнөөх нь юу ч биш болчихдог. Надад ийм л домог ээж минь ярьсан. Тэгээд түүгээр өгүүллэг бичих гэж би хэд хэдэн удаа оролдоод чадаагүй. Яахав бичиж болно. Хүмүүс уншаад өгүүллэг байна гэж ойлгож болно. Харин түүний цаад ач холбогдол юу юм, би юу хэлэх гээд байгаа юм гэдэг нь дутагдаад болдоггүй. Тэгээд бичиж чадахгүй олон жил явсан. Гэтэл нэг өдөр геологич Гонгоржав багш чулууны үзэсгэлэн гаргадаг юм. Түүн дээр академич Д.Цэрэнсодном гуайтай юм яриад зогсож байтал, “Нутгаас чулуу гаргана гэдэг их учиртай. Нутагтаа эргэж ирэхгүй гэсэн хүн бол чулуу авч төөрүүлж болдоггүй юм” гэж байна. Устай чулууны талаар яриа өрнөж галт уулын дэлбэрэлтээс үүсдэг юм гэлээ. Тэгснээ “Устай чулуу байгаа газар нутгийн хүйс байдаг юм” гэхгүй юу. Надад зурс гээд л өнөөх домог ороод ирсэн. Нөгөө миний хэдэн жил хайж байгаа өгүүллэгийн санаа надад тэгж л олдсон. Тэр эрдэнийн чулуу усны ундаргыг газрын гүнээс гаргаж, нутаг усанд нь ган болдоггүй байж. Энэ бол уран санаа. Үүнийг бодож олоогүй бол өгүүллэг маань амьд болохгүй байхсан.
-Ээжийнхээ ярьсан бяцхан домгийг хожмоо өгүүллэг болгоно гэдэг их сайхан санагдаж байна. Таныг уран зохиолд хөтөлсөн багшаа нэрлээч гэвэл та хэнийг онцлох бол?
-Ардын аман зохиол болон бичгийн зохиол хамгийн анхны багш минь юм. Ер нь ном их уншдаг байсан нь намайг их түшсэн. Яагаад заавал ертөнцийн гурав гэж нэрлэсэн юм. Эмээгээсээ нэг удаа ертөнцийн гурван цагааны тухай асуулаа. “Яагаад шүд, үс, яс гурвыг онцолсон юм бэ. Өөр цагаан юм зөндөө л байна” гэхэд энэ гурав огт хувирдаггүй юм аа гэж надад хариулсан. Тэнгэр одоор баян, далай усаар баян, газар үндсээр баян. Хэн ч тоолж, хэмжиж үзээгүй. Чадахгүй. Энэ л миний хамгийн анхны багш юм даа. Утга зохиолд хөтөлсөн гэвэл М.Цэдэнжав, Дарь.Нацагдорж, С.Эрдэнэ, С.Пүрэв гээд олон сайхан багш бий.
-Сүүлийн үеийн залуусыг түрүү үеийнхэн ихэнхдээ шүүмжлэх болжээ. Өнөөгийн залуус таны нүдээр?
-Бэлэнчлэх сэтгэлгээтэй болж л дээ. Гэхдээ тэгэхээс ч аргагүй зүйл гэж байх юм. Мэдээлэл авахын тулд заавал ном унших хэрэг алга. Манай хүү саяхан тэгж байна. “Ээжээ, энэ цаг хурдан яваад байна гэдэг үнэн юмаа” гэж байна. Яаж байна гэтэл, “Дэлхийн бөмбөрцөг агшиж байгаа юм гэнэ лээ. Тэгэхээр эргэлт нь хурдасч байгаа гэсэн үг биз дээ” гэсэн. Энэ бол зүгээр л хүүхдийн сэтгэмж юм. Мэдээлэл их хурдтай болж байна. Залуус тархиндаа хийх мэдээлэл улам олширч байна. Хэдий чинээ бэлэнчилнэ төдий чинээ тархиных нь багтаамж мэдээлэл ядуу болно. Хүүхэд залуусаа их уншаасай гэж бодож явдаг.
-Яриагаа хил, хилчний тухай хандуулъя. Хэзээ анх хил дээр очиж байв. Тэр үед төрж байсан мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Би ерөөсөө хилээр явж үзээгүй. Тэр үеийн Улаан-Уулын заставыг холоос харж байсан. Машинаар явж байхад “тэр чинь одоо хилийн зурвас шүү дээ” гээд трактороор хагалсан газар харуулж байсан. Хилийн багана тэр байна гээд их хол зааж билээ. Би хил дээр очиж үзэх юмсан гэж байнга боддог. Би хэдийгээр хилээр явж үзээгүй ч  хилчдийн тухай кино, зохиол, түүх их сонирхдог.
-Таны хил, хилчдийн тухай бичсэн “Зүрхэн дээр босгосон сүлдэт багана” өгүүллэгийг хүмүүс сайн мэднэ. Энэ өгүүллэг хэрхэн бичигдэх болов. Зохиол бичих үүдэл санаа яаж төрсөн юм бэ?
-Нэг өдөр Ш.Арвай генералтай уулздаг юм. Бид хоёр нэлээд ярилцлаа. Хил гэж юу юм гээд л ярьж байснаа би хилийн зурвасыг хэрхэн тогтоодог юм бэ гэж асуулаа. Уулын дандаа оройгоор тогтоох ёстой байдаг юм байна. Гэтэл тэр Байтаг богдын тулгаралтад оролцсон нэг хилчний харуулын ээлж солигдох болоход морь нь явахгүй болохоор нь уулын бэлээс бууж байгаад солигдсон байгаа юм. Тэр хооронд нь нөгөө өндөрлөгийг нь эзэлчихсэн байж л дээ. Тэгэхээр нь нөгөө ээлжийнхэн чинь буцаж ирээд байлдаж. Байтагийн баатрууд мэдээж ялалт байгуулсан. Гэхдээ арван цэрэг амь үрэгдсэн. Түүний төлөө даргыг нь цэргийн дүрэм зөрчсөн хэмээн тушаал бууруулсан байна. Байтагийн тэр арван баатрыг гавъяа байгуулсан гэж үзээд хилийнхээ дотор талд оруулж оршуулсан юм байж. Гэтэл хилийн маргаантай асуудал гарч нөгөө цэргүүдийн шарилыг ухаж үзээд яг энд хилээ хамгаалаад үхсэн байна гээд тэнд хилийн дээсээ тогтоосон байна. Байтагийн арван баатрыг наанаа оршуулчихсан чинь хил тогтооход Байтаг богд цаанаа гарчихсан. Тэгээд тэр баатруудын шарил дээр баганаа босгосон гэсэн санаагаар би “Зүрхэн дээр босгосон сүлдэт багана” гэдэг өгүүллэгээ бичиж байлаа. Хил дээр эх орныхоо төлөө тэмцэж яваад гавъяа цол ч үгүй, тэр бүү хэл нэр нь тодроогүй, хоцорч хаягдсан олон баатар бий гэдэг.

Эх сурвалж:  "Эх орны манаа" сонин

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews