Урсула ле Гуин Омеласаас одогсод


/Уилъям Джеймсийн сэдвээр хийсэн хувилбар/
 Хараацай шувуудыг үргээсэн хонхон дуутай хамт тэнгисийн эрэгт сүндэрлэсэн гоёмсог цамхагуудтай Омелас хотод зуны баяр ирлээ. Усан зогсоолд зогсох хөлөг онгоцны шургууд хурц өнгийн далбаагаар чимэглэгджээ. Ханых нь будаг шинэхнээрээ улаан дээвэртэй байшингууд хөвдөнд дарагдсан сүрлэг модод бүхий нүсэр цэцэрлэг, том том барилгуудтай гудамжаар ёслолын цуваа хөвөрнө. Тэдний зарим нь биеэ барьсан байртай гэлдэрнэ. Саарал ширүүн эдээр хийсэн урт хувцастай хөгшчүүл цуврах агаад /тэд тайван бөгөөд царай нь ширүүн харагдана/ хүүхнүүд өөр хоорондоо цовоо цолгиун дуугаар хөөрөлдөн нялхсаа тэврэн алхацгааж байна. өөр нэг гудманд хөгжмийн хэмнэл арай түргэн, Харанга их хэнгэрэг наранд гялалзан баярт оролцогсод бүжиглэн нэгэн хэмээр урагшилна. 

 Ёслолын цуваанаас хүүхдүүд үсрэн гарч алтан хараацай нисэх адил хойш урагш гүйх бөгөөд тэдний цангинасан дуу хөгжмийн дууг дарна. Цуваа бүхэлдээ Ногоон талбай гэж нэрлэгдэх хотын хойд зүгийг чиглэсэн ба идэрхэн охид хөвгүүд нарны гэрэл нэвт гэрэлтүүлсэн хувцас өмсчээ. Тэдний шулуун чилгэр хөл нь шавар шавхай болжээ. Ногтноос өөр тоног үл үзэгдэх морьд нь тогтож ядна.Харин дэлэнд ногоон, алтан шармал өнгийн тууз зүүжээ. Морьд хамраа сарталзуулан бие биеийн өмнүүр хөндөлдөн хойд хоёр хөл дээрээ босож цовхчин алдах нь баярт оролцож байгаадаа хөөрч орхио юудаа гэмээр. Удахгүй морин уралдаан эхэлнэ. 
 Омелас хотын хойд, мөн баруун тал, тэнгисийн тохойгоор хагас дугуйрсан уулс хөглөрчээ. Өглөөний агаар тугалаг. Арван Найман Оргилд титэмлэх цас алтан шаргал зул мэт бадамлана. Салхи ширүүсэхэд уралдааны зам дагуух дарцаг дэрвэлзэнэ. 
 Нам гүм нугын хөндийд цэнгэлийн дуун нэг чангарч, нэг намдах ялдамд хонхон дуу түрэн ээлжлэнэ.
 Ямар их баяр баясгалан бэ? Үүнийг хэрхэн өгүүлэхээ хэлж эс чаднам. Омелас хотынхны тухай яаж дүрслэхээ би үл мэднэ. 
 Тэд хэдийгээр аз жаргалтай ч эгэл хүмүүс биш. Гэвч бид тэднээс ялгагдах юм гэвэл бид сайн сайхан зүйлд ер үл баярлана. Бид бүр инээж чаддаггүй аж. Энэ бүхнийг бичихийн тулд тодорхой юмс л хэрэг болно биз ээ. Өндөр мундаатай сайхан морь унасан баян тансаг өрлөгүүдээр хүрээлүүлсэн хаан, эсвэл тэр хааныг булчин шөрмөс нь зангирсан боолууд жуузанд залан авч явааг хараад та юу гэхсэн бол. Гэвч ийм хаан байхгүй. Хотынхон сэлэм ч хэрэглэдэггүй, бас боол ч байхгүй. Ингэхлээр тэд зандалчид биш нь ойлгомжтой. Ямар хууль, дүрэм энэ нийгэмд үйлчилдэг юм бүү мэд, ер нь тийм журам, дүрэм байхгүй л юм шиг байдаг. Тэдний ажил үйлс нь ямар нэгэн эзэн хаан, боол, бирж, реклам, нууц цагдаагийн газар, цөмийн зэвсэггүйгээр л бүтэж орхино. Гэхдээ тэд тийм ч богино бодолтнууд, гэнэн цайлган зэрлэгүүд, цайлган сэтгэлт хүсэл мөрөөдөлтэй хүмүүс биш. Харамсалтай нь бид аз жаргалтай байхын тулд заавал мангуу тэнэг амьтад байх ёстой гэж итгэдэг /хоосон номлогчид, цэцэрхэгчид биднийг ингэж итгүүлсэн шүү дээ/. Бид энд зөвхөн зүрх шимшрүүлсэн зовлонг үзүүлж, оюуны хувьд хар муу явдлыг л сонин болгодог байлаа. Муу явдал бол бидний хувьд улиг домог, харин зовлон зүдгүүр бол аймшигтай уйтгартай зүйл гэж хүлээн зөвшөөрөх нь цэвэр урвалт болох буй заа. Яг л “Дайснаа дийлэхгүй бол түүнтэй эвс” гэдэг зарчмаар. Ямар нэгэн зовлон чамд учирвал түүнийг чи дахин дахин туулах ёстой гэнэ. Уйтгар гунигийг магтан дуулснаараа баяр баясгаланг гутааж, хүчирхийллийг үг дуугүй хүлээн авснаараа бүхнийг алдаж байгаа хэрэг юм. Бид бараг бүхнээ алдсан, тэр дотроо бүр аз жаргалтай хүнийг төсөлж чадахаа байгаад ямар ч баяр баясгаланг өдөр тутмын амьдралаасаа ялгаж чадахаа байсан улс. 
 Омелас хотынхны тухай би та нарт юу ярилтай билээ. Тэд гэнэн томоогүй хүүхдүүд биш боловч ний нуугүй хэлэхэд тэдний хүүхдүүд ч бас аз жаргалтай улс. Тэднийг аз жаргалгүй гэж хэн ч хэлэхгүй. Тэдний амьдрал хачин сонин. Би тэр бүхнийг бичиж чадахгүй байгаадаа та бүхэнд магад үнэн гэж итгэгдэхүйц бичиж чадахгүй байгаадаа харамсаж байна. Миний өгүүлэх гээд байгаа Омелас хот бол “Эртээ урьд цаг ...” гэж эхэлдэг үлгэрийн орон л гэсэн нь дээр юм шиг байна. Учир нь би хүн бүрийн сэтгэл зүрхэнд таарахуйцаар дүрслэн үзүүлж чадахгүй болов уу. Жишээ нь: Техник байна. Гудамжинд автомашин байхгүй бас тэнгэрт нь нисдэг тэрэг байхгүй. Хэрэв энэ бүхэн байх юм бол Омеласынхан аз жаргалтай байж чадахгүйд хүрнэ. Аз жаргалтай байхын үндэс нь хэрэгтэй зүйлээ хэрэггүйгээс, аюултайг аюулгүйгээс ялгаж сурахдаа оршдог билээ. Хэрэгтэй биш, аюултай биш буюу тав тухтай, тансаг цатгалан байдал гэгчид тэд төвийн халаалт, метро, угаалгын машин мөн шинжлэх ухаан техникийн гайхамшиг өөрөө хэлбэл манайд байхгүй агаарт тогтдог цахилгаан үүсгүүр, орчныг бохирдуулахгүй энерги олборлолт, ханиадны эм зэргийг оруулах байх гэж бодож байна уу? Тийм юм тэдэнд байхгүй. Тэдэнд эдгээр нь нэг их ач холбогдолтой зүйл биш. Та нар юу гэж ойлгонов, дураараа бол. Миний ойлгосноор Омеласын хоёр эргийн оршин суугчид Зуны баярт ирэхдээ тийм ч хурдан биш галт тэрэг, хоёр давхар трамвайгаар ирдэг агаад галт тэрэгний буудал нь хамгийн гоё уран барилга боловч Тариачны захыг арай л гүйцэхгүй. Хэдийгээр тэнд галт тэрэг байдаг ч гэсэн Омелас хот нэлдээ хошигнох наргиа, хонхны дуун, баяр наадам, морьд мэтээрээ ая таатай сэтгэгдэл төрүүлж болох юм. Хэрэв танд Омелас энд өгүүлсэн шигээр төсөөлөгдөж байгаа бол үүн дээр бас цайлган цагаан шалиглахыг нэмэх хэрэгтэй болно. Гэхдээ нэг их сайхан сахил санваартнууд, эрэгтэй эмэгтэй мэрэгч, төлөгч нар эрчүүд, эмэгтэйчүүд, дурлалт хүмүүс, таних танихгүй хүнтэй энгэр зөрүүлж бурхны өмнө нүгэл үйлдэж эхэлнэ гэж та бодож байна уу. Үнэн хэрэгтээ Омеласт сүм дуган гэж байхгүй, сүсэгтнүүд ч байхгүй. Бурхан шашин бүр ч байхгүй. Гоо сайхан нүцгэн биеэрээ зугаалан явж, бурхнаас заяасан тэр л төрхөөрөө байдаг гэж төсөөл л дөө. Баяр наадмын ёслолд яг тэр чигээрээ оролцоно. Энгэр зөрүүлэх тэр агшинд зуу бүрээ хангинаж, хүсэл шуналын оргилд хүрэхэд цан хэнгэрэг нижигнэж л байдаг. Энэхүү сэтгэл булаам эргэл мөргөлийн үр дүнд хожим нь бүх нийтийн хайр халамжийг хүлээх хувь заяатай тэр хүн хорвоод мэндэлнэ. Омеласт амьдрагсад буруутан болно гэж үгүй. Энэ бүхнээс нь Омеласт бий гэж итгэж болно. Эхлээд би тэнд мансуурах бодис байхгүй юм байна гэж бодож байлаа. Гэтэл ингэж бодох нь энэ хотыг хэт өөгүй байлгах гэсэн хэрэг байлаа. Хотын гудамж талбай бүрд хар тамхины модны тансаг үнэр ханхална. Энэхүү аз жаргалаар бялхсан хотод өөр юу байж болох вэ? Ялан дийлэхүйн мэдрэхүй нь эр зоригийг шүтэх явдал байв. Бид шажинтанг олоогүйн адил цэрэг цагдааг эрж олох гэж оролдохоо болъё. Урагштай болсон тулалдааны дараах баяр баясгалан нь бидний хүсэн хүлээдэг баяр бус харин айдас хүйдэс төрүүлдэг аж. Хязгааргүй, эцэс төгсгөлгүй төгөлдөр өгөөмөр, халамжит байдал, эрхэмсэг баяр ёслол ямар нэгэн биет дайсан бус харин бүх хүмүүсийн яруу сайхан сэтгэл зүрх, зуны тансаг улирал бүхэн Омеласынхны зүрх сэтгэлийг баяр жаргалаар дүүргэнэ. Энэ бол амьдрал ялсны баяр. Хар тамхины мод эндэхийн хүмүүст их хэрэгтэй байдаг гэсэн авч би итгэхгүй л байна. Баяр ёслолын цуваа ногоон талбайд орж ирлээ. Улаан цэнхэр сүүдрэвчээс ер бусын сайхан үнэр анхилна. Хүүхдүүдийн гэрэл гийсэн нүүр амтатнаар будагдаж, хэн нэгний сайхан буурал сахалд бингийн үйрмэг тогтжээ. 
 Морь унасан охид хөвгүүд уралдааны замд ирж зогсоно. Намхан нуруутай бүдүүн авгай инээмсэглэн цэцэг тараахуйд, өндөр нуруутай идэрхэн хөвгүүд түүнийг нь гялалзсан үсэндээ зүүнэ. Хажуухан талд нь ес арван насны хүү модон лимбээр тоглоно. Хүмүүс зогсон лимбийн эгшгийг сонсож хоорондоо үг үл хэлэлцэнэ. Өөрийнхөө тоглолтонд автсан хүүгийн бор нүд тэднийг үл харах агаад тунгалаг зөөлөн аялгуу түүнийг илбэджээ. Хүү тоглож дууслаа. Тэр лимбэ барьсан гараа доош буулгав.Түүний лимбийн эгшиг зогсохыг хүлээж байсан мэт тэртээх цацарт уралдааны замын гараан дээр уйтгартай, гэхнээ бүх хүнийг эзэмдэнгүйгээр зуун бүрээ хангинав. Морьд хойд хоёр хөл дээрээ цовхрон, зарим нь газар цавчилна. Идэрхэн эзэд нь тэдний хүзүү рүү нь тонгойж: “Сайхан маьтан минь итгэл найдвар минь тайван... тайван” хэмээн шивнэн тайтгаруулна. Морьтонгууд гарааны шугаманд ирлээ. Уралдааны замыг тойрон суусан хүмүүс салхины аясаар найгах цэцэг адил харагдана. 
 Зуны баяр эхэллээ. Та итгэж байна уу. Баярыг, хотыг, хөөр цэнгээнийг өгүүлж байгаад маань итгэж болохоор байна уу? Тэгвэл цааш нь бас өгүүлье. 
 Омелас хотын нэгэн сайхан барилгын доод хонгилд магадгүй хувийн гэмээр тэр цэлгэр байшингийн хонгилд жижигхэн өрөө байдаг. Тэр өрөө цонхгүй бөгөөд түүний ганцхан сүв болох хаалга нь түгжээтэй. Банзны завсараар бүдэгхэн саарал гэгээ тусах агаад тэр нь цаад хонгилын аалзны шүлсэнд торлогдсон жижигхэн цонхноос тусч байгаа бололтой. Өрөөний буланд зэвэнд идэгдсэн муу хувин, хатаж өмхийрөх шахсан далдуу модны хальсаар хийсэн хоёр гурван шүүр хөндлөн гулд хэвтэнэ. Хуурай шороон шалтай энэ өрөө уртаараа гурав, өргөнөөрөө хоёр алхам хэртэй байгаа нь шүүр, багаж хэрэгслийн пүнз гэлтэй. Хувин шүүрнээс зайдуухан энэхүү өрөөний мухарт жаахан хүүхэд сууна. Хүү эсвэл охин болох нь үл танигдана. Зургаа, магадгүй есөн настай болов уу. Тэр ухаан дутуу бололтой. Ийм төрсөн юм уу, айдгаас болж өвдсөн эсвэл асаргаа сувилгаа ч дутсан байж болох юм. Тэрээр сөхрөн сууж хамраараа оролдон, хөл бөгсөө үе үе займчина. Шүүрнээс айж, их айдас жихүүцэл түүнд төрнө. Тэрээр нүдээ анив. Хаалга түгжээтэй болохоор түүн рүү хэн ч үл ирнэ. Өнөөх шүүрнүүд л дэргэд нь хэвтэнэ. Хааяа хаалга чихран нээгдэхэд нэг эсвэл хэд хэдэн хүн ирсэн байна. Тэдний нэг нь орж ирээд хүүг өшиглөн босгоно. Цаадуул нь хаалганы цаана үлдэж айдас зэвүүцэл хүрсэн нүдээр харанхуй нүхэнд суугаа зовлонт амьтныг харна. Тэр хүмүүс энэ үед ганц ч үг дуугарахгүй. Гэвч тэр хүүхэд үргэлж энд байгаагүй учир нарны гэрэл ээжийнхээ дууг санана. Заримдаа ганцаар ярина. “Би сайн хүүхэд болно, намайг гаргачих л даа, би сайн хүүхэд болно “. Түүнд хэн ч хариу эс дуугарна. Хүү хэлээд хүмүүсийг дуудан хашхирч их уйлдаг байлаа. Одоо бол “ы-хыы, ы-хыы” гэж улин өдрөөс өдөрт ярьж чадахаа больж байв. Тэрээр маш туранхай, хөл нь савх шиг, гэдэс цүдгэр. Түүнийг өдөрт нэг удаа эрдэнэшишийн гурилаар хийсэн зутан, түлэгдсэн  гахайн өөхөөр хооллоно. Нүцгэн шалдан амьтан тэр хурууны өндөг, өвдөг гуя нь сайранд идэгджээ. Омеласын хүн бүр түүнийг мэднэ. Зарим нь үзэх гэж ирнэ, заримд нь түүний тухай дуулгахад л хангалттай. Бүгдээрээ л түүнийг тэнд байх ёстой гэж ойлгоно. Гэтэл зарим нь гэхдээ бүгд биш л дээ. Тэдний аз жаргал, хотын гоо сайхан, уян зөөлөн сэтгэл, хүүхдүүдийнх нь эрүүл энх, эрдэмтдийнхэн нь цэцэн ухаан, гар урчуудынх нь ур чадвар, баян ургац, тэнгэрийн хайр халамж энэ хүүгийн аймшигт зовлон тарчлал дээр байдгийг ойлгоно. Үүнийг бүх хүүхдүүдэд найман нас хүрэхэд нь тэднийг тэр хүү дээр очиж үзэхийг зөвшөөрнө. Тийм учраас түүнийг голдуу залуус ирж үзнэ. Тэдэнд хэдий чинээ эрт яринав төдий чинээ залууст пинд байгаа тэр амьтан их цочрол төрүүлнэ. Тэдний айдас зэвүүцэл урьд өмнө тэгж хөдлөөгүйгээрээ хөдөлнө. Уурлах, арга мөхөсдөх зэрэг бол юу ч биш. Хүүд туслах юмсан гэдэг сэтгэл төрнө. Хүүг тэндээс гаргаж, гэрэл гэгээ үзүүлж, угааж цэвэрлэн хооллож, тайтгаруулах юмсан гэж бодох боловч хэрэв энэ бүхнийг хийвээс Омелас хотын цэцэглэн мандалт, гоо үзэсгэлэн, сэтгэл татам сайхан чанар ор мөргүй алга болох ёстой байлаа. Энэ бол гарцаагүй. Нэг хүүгийн амьдралыг жаахан сайжруулснаараа Омелас хотын мянга мянган хүний аз жаргалыг арилгах нь том нүгэл болно. Хүүд сайн үг ч хэлж болдогггүй байв. 
 Хүүг үзсэн хөвгүүд охид гэртээ уйлж унжин, уур уцаартай очдог байлаа. Энэ аймшигт байдал тэдний зүрх сэтгэлийг долоо хоног, сар, жилээр тарчилгана. Гэхдээ хүүг суллаад нэмэргүй, хоол дулааныг мэдрэх төдий болоод нэг их баярлаж хөөрөхгүй гэдгийг тэд яваандаа ойлгодог байв. Түүний ухаан санаа хэтэрхий муудсан учраас хүний ёсоор баярлаж хөөрч чадахаа бүр больжээ. Бас айдас хүйдсээс салж чадахаасаа ч өнгөрч. Энэ удаан хугацаагаар шорон шиг юманд байж, харанхуй шахам нүхэнд дассан тэрбээр энэ бүхнээсээ салбал харин ч зовлонт амьтан болно. Сайхан сэтгэл гаргах хүсэл, түүнээ хэрэгжүүлж чадахгүйдээ хүчин мөхөсдсөн уйтгар гуниг, уйлаан нь Омелас хотынхны дотоод ертөнцийг ямар нэгэн байдлаар баяжуулдаг ч байж болох юм. Ингээд бодоход тэдний аз жаргал тийм ч хөнгөн сайхан биш аж. Тэд өөрсдийгөө энэ хүүхэд шиг эрх чөлөөгүй болохоо ойлгож эхэлнэ. Хүний зовлон зүдгүүрийг хуваалцах чанар ч ойлгомжтой хэрэг. Чухам тэр хүүг тэнд байгааг ойлгож буй нь тэдний уран барилгыг сүрлэг сайхан, хөгжмийг хүсэл тэмүүллээр дүүрэн, тэдний шинжлэх ухааныг гүн гүнзгий болгодог ажгуу. Чухам энэ учраас тэд нялхсад тун эелдэг ханддаг аж. Хэрэв тэр азгүй амьтан хүйтэн харанхуй пинд гиншиж уйлаагүй бол гудманд лимбээр тоглож суусан тэр хүү ч юмуу зуны өглөө нарны гэрэлтэй уралдахаар завдан буй тэдний тэр идэр хөвгүүдийн нэг нь тэнд байх байсан. 
 Та итгэхгүй байна гэж үү? Итгэхэд хялбар болж байна гэж үү. Одоо итгэхэд тун бэрх ганц зүйлийн тухай яръя. 
 Тэр хүүг үзэхээр очсон хэн ч гэсэн зөвхөн уйлж унжаад зогсохгүй гэртээ огт харьдаггүй юм. Зарим нас ахисан харчууд, бүсгүйчүүд үг яриа дэлгэхээ огт больж, чив чимээгүй байж байгаад нэг л өглөө гэрээсээ аян замд гардаг байлаа. Тэрбээр явсаар ёс бусын хаалгаар гарч Омелас хотоос явна. Ойролцоох тариалангийн талбайг өнгөрч, хөвгүүн ч бай, охин ч бай, залуу ч бай, бүсгүй ч  бай гав ганцаараа явна. Аян замд гарсан тэр хүн шөнө болохын хэрд цонх нь гэрэлтэй тариачдын байшингийн хоорондуур тосгоны гудамжаар холын хол харлан бараантах тариан талбайг чиглэн одно. Тэрээр ганцаар баруун зүг, эсвэл хойд зүг, уулс зүглэн одно. Омелас хотоос холдон холдсоор... Тэд хэзээ ч эргэж ирдэггүй. Эдгээр хүмүүс лав тэртээд үлдэнэ. Аян замын хүмүүс хаана очдогийг хаа оддогийг мэдэх юм алга. Бидний хувьд бол аз жаргалын хот Омеласаас л илүүтэйгээр төсөөлөхөд түвэгтэй газар байх. Би  тодорхой бичиж чадахгүй нь. Тэдний очдог газар байдаггүй ч юм билүү. Омеласаас одож байгаа тэр хүмүүс л өөрсдөө хаашаа явж буйгаа илүү сайн мэддэг байх даа. 
Орчуулсан З.Эрдэнэбат

Урсула Ле Гуин  /Le Guin, Ursula Kroeber 1929-…./ бол шинжлэх ухааны зөгнөл, утга зохиолын үлгэр хоёрын нийлбэр болох “Фэнтэзи” хэмээх төрөл зүйлийн хамгийн том төлөөлөгчийн нэг юм. Тэр кино, жүжиг, шүлэг, шүүмж бичдэг бөгөөд "Диваажингийн токарийн машин", “Зэрэглээний хот”, “Харанхуйн зүүн гар", “Тэнгэрийн дүрэм журам” зэрэг тууж романууд нь алдартай.  Энэхүү түүвэрт буй «Омеласаас одогсод» хэмээх туурь түүний багагүй алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд 19-р зууны америкийн сэтгэлзүйч, философич Уильям Жеймсийн «Ёс суртахууны амьдрал» хэмээх  бүтээлийг уншаад төрсөн сэтгэгдэлээрээ бичжээ. Далимд өгүүлэхэд Омелас гэдэг нь Салем буюу Иерусалим хотын нэрний эерүүлсэн дуудлагын тонгоруу аж.  


0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews