Ц.Түмэнбаяр ТАНГАРАГ



 Хүчит тэнгэрийн зарлигаар
Зүрхэнд буцлах омогшилтой
Хөөрөх нарны илчээр
судсанд лугших эрчилтэй
Газрын гүнээс огшсон
Халуун цөмийн цэнэгтэй 
Галын дөл шиг ассан
Монгол түмний минь заяа
Туурга тусгаар улсыг
Туйлын ихээр хүсэж байна.


Тийм тусгаар тогтнол
Төрсөн нутагт минь байна уу? гэж

Сөхөрсөн ард түмний
Цөхөрсөн итгэл асууж байна
Эхэр татсан хүүхдийн
Энэлсэн нүд асууж байна  (Өнчирсөн)
Боолын боолд зүтгэж
Босгоны шороо долоож
Харийн бүүдгэр тэнгэр дор
Хар хөлсөө цувуулсан
Халх Монголын удам
Идэр залуус асууж байна
Сохор зоосны үнээр
Солигдсон заяа нь тэнэж
Харанхуй шөнө шиг амьдралд
Хамхуул шиг хийсч яваа
Хайран сайхан охидын
Харцны гуниг асууж байна
Шархандаа шархирах нутгийн минь
Шаналсан салхи нь асууж байна.
Ундаргаа таслуулж хатсан
Усны гольдрол асууж байна
Түүхийн нугачаанд бүдэчсэн
он жилүүд асууж байна
Түмнээ түүчээлж эрсдсэн
Төрийн түшээд асууж байна
Арван нэгэн оны
Асгарсан цус асууж байна
Арвин хэвлийгээ цөлмүүлсэн
Аглаг тал асууж байна.
НҮБ-ын тэнгэрт мандсан
Соёмбот далбаа асууж байна.
Хэлмэгдлийн суманд өртсөн
Гучин долоон он асууж байна.
Хилийн дээснээс хальсан
Байтагийн баатрууд асууж байна.
Хилэнт давалгаа шидлэх
Халхын гол асууж байна.


Улайдсан зоосны нүхээр
Урагдсан зүрх асууж байна.
Урт хэрмийг шавхуурдсан
Вангийн жинс асууж байна.
Омог бардам нөгчигсөн
Хаадын удам асууж байна.
Онго юугаа онгичуулсан 
Дээдсийн сүнс асууж байна.
Монгол хэмээн сийлсэн
Эзний тамга асууж байна.
Модуун хааны харвасан
Дуут сум асууж байна.
Тэнгэр заяаг тэрсэж
Титэмтэй толгойгоо гудайлгаж
Өлгий нутгаа худалдаж
Өстний эрхэнд өмөлзөж    
Бусдын хаадын өлмийд
Бурханчилж хэн мөргөв гэж
Мохошгүй зарлигаа буулгасан
Мөнх тэнгэр асууж байна.
Гаслант цээжээ дэлдэж
Гашуун үнэнийг хэлье.
Нүд хальтран эмзэглэх
Нүгэлт үнэнийг хэлье.
Туурга тусгаар улс гэж
Тунхаг төдий зарлаж байна.
Туйлдсан эх орон минь
Туулайн зүрх шиг чичирч байна.
Ганцхан эх орон минь
Гарын салаагаар урсаж байна.
Ганирсан салхи шиг шуналын 
Галзуурсан галд шатаж байна.
Эрх чөлөөг хүссэн
Эс бүхнээрээ тангараглая
Эрдэнийн агаараар тэтгэгдсэн
Амьсгалынхаа тоогоор тангараглая
Хорсож урсах нулимсаа
Зүрхэндээ нэрж хатуужъя
Хөсөр хаягдсан заяа
Сүлдэндээ залбирч босьё.
Төрийн хатуу зарлиг
Төмөр цаазаар хангинаж
Түүхийн хуудасны тоосыг
Сэгсэрч босохын төлөө
Дээд тэнгэрийн зарлигаар
зүрхэнд буцлах омогшилтой
Дэлгэр нарны илчээр
судсанд эрчлэх хүсэлтэй
Дээдсийн ухаанд оршсон
атар онгон нутагтай
Дэлхийн зулайд мандсан
хүчирхэг төрийн нударгатай
Туурга тусгаар улсыг
Тунхаглан зарлахын төлөө
Үеийн үед үргэлжлэх
Үрсийнхээ заяаг дуудъя
Үрийн үрд үлдээхээр
Үхлийг мартаж ¿çýëöýíý.

2011-11-08






0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews