Ш.ӨЛЗИЙБАЯР МОСКВАГИЙН ИХ ТЕАТРТ БҮТЭЭЛЭЭ ТОГЛУУЛНА


 Орчин үеийн хөгжмийн “Пентатоника-2012” наадам 2012 оны 8 сарын 23-нд Халимагийн нийслэл Элстад эхэлсэн юм. Уг наадамд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр, Г.Төвшинтөр, Цэн.Эрдэнэбат нар оролцлоо.



Энэ удаагийн наадамд Ш.Өлзийбаяр  “Чавхдаст хөгжимд зориулсан дөрвөл”, Г.Төвшинтөр “Баруун Монгол”  симфонисюит, Цэн.Эрдэнэбат “Rock painting” симфони уран сэтгэмж,  бүтээлүүдээрээ тус тус оролцов.  Монгол туургатны хөгжмийн “Пентатоника” наадам анх 2009 онд Элстад болж байсан бөгөөд тус наадмыг  Халимагийн хөгжмийн зохиолч Аркадий Манжиев санаачилсан юм.

Тус наадам Монгол туургатны хөгжмийн өв соёлыг сурталчлах, хөгжүүлэх, уран бүтээлчдийг дэмжих, олон түмнийг татан оролцуулах ажээ. Наадамд амжилттай оролцсон Ш.Өлзийбаяр 2013 онд Москвагийн их театрын симфони найрал хөгжимд бүтээлээ тоглуулах эрхээр шагнагдсан байна.
Ш.Өлзийбаяр 2010 онд Итали улсад зохион байгуулагдсан залуу хөгжмийн зохиолчдын олон улсын уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлж байлаа.
Итали улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  олон улсын хэмжээнд 16 дахь жилдээ зохион байгуулагдсан  нэр хүндтэй уралдаанд төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан бүтээлээрээ манай улсын уран бүтээлчдээс анх удаа өндөр амжилт гаргасан бөгөөд 1500 еврогийн дагалдах мөнгөн шагнал хүртсэн юм.   
Энэ удаагийн уралдааны ерөнхий шүүгчээр алдарт хөгжмийн зохиолч Ennio Morricone ажилласан аж.
Монголын уран бүтээлчийн үзүүлсэн амжилт шүүгч, мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа бөгөөд шагналтнуудын бүтээлийг 2010 оны 8 дугаар сарын 2- ны өдөр Итали улсын Булоня хотын төв талбайд нэрт удирдаач Riccardo Ceni өөрийн биеэр удирдан эгшиглүүлсэн билээ.
Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр нь Москва хотноо болсон нэрт хөгжмийн зохиолч С.С.Прокофьевын нэрэмжит уралдаанаас мөн тусгай байрын шагнал хүртэж байлаа.
ОХУ-ын Засгийн газрын урилгаар Москва хотын М.И.Гнесины нэрэмжит Хөгжмийн академид суралцаж төгссөн Дорноговь аймгийн харьяат, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяртаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews