Ц.Түмэнбаяр МООДУУН ХААНЫ МАГТААЛ


Эцгийн хатуу зарлигаар

Өстөний оронд цөлөгдөж
Сэлэмний цавчилтаас илүү
Сэтгэлийн шарханд тарчилж
Дотогшоо залгих нулимсны
Цусан амтанд “агсарч”
Гадагшаа асгарах хилэнгийн
Цурхирах галд шатсан
Бага залуу Моодуун
Барс шиг шийртэй эр ээ.
Шилэн хүзүү цавчих
Шидэт  мэсний буулганаас
Шонхор шувуу шиг мултарч
Шоронгийн торноос ниссэн
Амь нэхэн исгэрэх
Арван түмэн сумнаас
Хүлгийн сайнаар сугарч
Хурмастын шувуу шиг дүүлсэн
          Эрийн сайн Моодуун
Эгнэхгүй шандастай нэг ээ
Наранд өглөө залбирч
Саранд шөнөдөө мөргөж
Газарт галаа бадрааж
Гандашгүй сүлдээ өргөж
Дээд тэнгэрийн зарлигаар
Дэлхийн дайдыг донсолгож
Дэргэдэх олон улсын
Дээврийн салхийг дэгдээсэн
          Идэр залуу Моодуун
          Ижилгүй цөстэй эр ээ.
Дуут сумны хурдаар
Дуртай зүгтээ залсан
Газар шороогоо өмгөөлж
Галын дөл шиг бадарсан
Хөрст дэлхийг чичиртэл
Хөлгийн төвөргөөн бөмбөрдөж
Хүннү гүрний алдрыг
Хөх тэнгэрт мөнхөлсөн
          Хүннүгийн хаан Моодуун
          Хүршгүй домогтой эр ээ
         


0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews