Монгол Улсын Шашин төрд туслах сайдын яам, түүний үйл ажиллагаа



Г.Дашням /Ph.D/ 
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд тогтсон Шашин төрийг хослон барьсан хаант Монгол Улсын төрийн тогтолцоонд эрх, үүргийн хувьд нэгэн онцлог яам байдаг. Энэ нь Шашин төрд туслах сайдын яам юм. Тус яам үүсэн байгуулагдсан нөхцөл шалтгаан, эрх үүрэг, үйл ажиллагааны үндсэн чиглэл, хамрах хүрээ, онцлог, татан буугдсан шалтгааныг судлан тодруулах нь өгүүлэн буй үеийн түүх судлалын сонирхолтой бөгөөд нэн чухал сэдэв болно. Гэтэл манай түүх судлалд тус яамны тухай тогтож  хийсэн судалгаа өнөө хэр байхгүй, түүх бичлэгт тус яамны талаар зарим ташаа ойлголт байсаар байна. Иймд, эл илтгэлд архивын баримтанд тулгуурлан уг асуудлыг тодруулан авч үзэхийг оролдов.
 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үйлсэд санал хүчнээ нэгтгэн тэмцэж явсан Монголын томоохон, нөлөө бүхий ноёд, лам нарын хооронд тогтсон эв нэгдэл нь үндэсний тусгаар тогтнолоо тунхаглан байнгын Засгийн газрыг байгуулсан өдрөөс эхлэн задарч эхэлсэн байна. Монголын ноёд, лам нарын хоорондын энэ зөрчил тэмцэл нь гэнэтийн зүйл биш бөгөөд урьд өмнө нь хуримтлагдаж ирсэн зөрчил нь түүхийн шинэ нөхцөлд бүр ч хүчтэй дахин илрэн гарч ирсэн хэрэг байв. Энэ зөрчил тэмцлийн шалтгаан нь дараахь хэдэн зүйлд оршиж байсан. Үүнд:
 1.Их шавийн болон хутагт нарын шавь  ард нь улсын аливаа албанаас чөлөөлөгдөж, тэдний ноогдлыг сум ард, ноёд, тайж нарын хамжлага нар үүрч байсан.

 2. Шашины том хутагт нар нь ноёд, тайж нарын хамжлага ардыг ялангуяа чинээлэг ардыг нь янз бүрийн аргаар булаан авдаг байв. Нөгөө талаар тэдгээр хамжлага ардууд ч аль нэг хутагтын шавь болж элдэв албанаас чөлөөлөгдөх сонирхолтой байсан.
 3.Шавийн харъяат нар Богдын нэрээр түрээ барьж хошууны аль сайн бэлчээр газрыг булаан эзэмшиж байсан нь ноёд, тайж нар төдийгүй хошууны энгийн ардуудын ч дургүйцлийг төрүүлж байв.
 Эдгээр хуучин зөрчлийн дээр шинээр тогтсон Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд хэний эрх ашгийг илэрхийлсэн, ямар анги давхаргын төлөөлөгчийг сонгон томилох асуудал шинээр тавигдаж, төрийн хэрэгт лам нар хутгалдан, Чингисийн угсааны ноёдыг шахах болсон нь тэдний хоорондын зөрчлийг улам хурцатгажээ.
 1911 оны 12 сарын 29 нд Монгол Улсын байнгын Засгийн газрыг таван яамтайгаар байгуулахад Дотоод яамыг тэргүүлэх яам байхаар тогтоож, тус яамны тэргүүн сайдаар Их шавийн да лам Г.Цэрэнчимэдийг томилсон.Гэтэл Гадаад яамны тэргүүн сайд, чин ван М.Ханддорж тэргүүтэй ноёд эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, элдвээр мөчөөрхөх болжээ. Монгол албан бичигт бичгийн эх, адагт хэрэглэдэг тогтмол үг нь харилцагчдын эрх хэмжээ, бие биедээ үзүүлэх хүндэтгэлээс хамаарч ихээхэн нарийн байдаг. Гадаад яамны тэргүүн сайд М.Ханддорж нь Дотоод яаманд илгээсэн албан бичигтээ “Илгээв” хэмээх тогтмол үгийг байнга хэрэглэх болжээ. Монгол албан бичигт “Илгээв” гэдэг тогтмол үгийг эрх тушаалын хувьд адил боловч нэг нь нөгөөгөө хүндэтгэсэн биш, ердийн харилцаатай байгууллага хүмүүс хоорондоо харилцахдаа хэрэглэдэг. Иймд, Гадаад яамнаас Дотоод яаманд явуулж байсан албан бичиг нь Дотоод яамны тэргүүлэх үүргийг хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам, дорд үзсэн хэрэг мэт болсон байна. Иймд, Дотоод  яамны тэргүүн сайд Г.Цэрэнчимэд, дэд сайд В.Гомбосүрэн, Г.Цэдэнсоном нар Богд хаанд айлтгал өргөж, яамдын зэрэг дэсийг албан ёсоор тогтоож, харилцахдаа ямар тогтмол үг хэрэглэхийг заахыг эрж мэдүүлжээ. Богд хаан энэ айлтгалын дагуу яамдын зэрэг дэсийг Дотоод яам, Гадаад яам, Цэргийн яам, Сангийн яам, Шүүх таслах яам хэмээн тогтоож, дээдхи яам дараахь дэсийн яаманд бичихэд “Илгээв” хэмээж, доодхи дэсийн яам дээд дэсийн яаманд бичихэд “Өргөн” хэмээн бичиж, үүрд дагаж явуултугай хэмээн цохжээ.
 Ийнхүү Богд хаан төрийн яамдын зэрэг дэсийг тогтоож, Да лам Г.Цэрэнчимэдийн толгойлсон Дотоод яамыг тэргүүлэх яам буюу нэг ёсондоо Сайд нарын Зөвлөлийн үүрэг гүйцэтгэх эрхийг баталгаажуулжээ. Гэвч энэ шийдвэр Чингисийн угсааны ноёд, тайж нарын дургүйцэл мөчөөрхлийг арилгаж чадсангүй, улмаар Дотоодын зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд буюу албан ёсны Ерөнхий сайдын орон тоог буй болгож, түүнд Чингисийн угсааны ноён Сайн ноён хан Т.Намнансүрэнг тохоон томилоход хүргэсэн байна. Сайн ноён хан Т.Намнансүрэн нь Дотоодын зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайдын тамгыг Олноо өргөгдсөний 2-р оны намрын сүүл сарын 15 буюу 1912 оны 10 сарын 25, 26-нд нээн хэрэглээд,  зөвлөх сайдад Сэцэн хан Наваанэрин, дэд сайдад Жирмийн чуулганы засаг жүн ван Гончигсүрэн нарыг томилуулах саналыг Дээр айлтгаж ёсоор болгуулжээ. Гэтэл лам  нарын төлөөлөгчид ч үүнийг зүгээр харж суусангүй. Бүгд ерөнхийлөн захирах яамтай бараг нэгэн зэрэг өөрөөр хэлбэл, Олноо өргөгдсөний 2-р оны намрын сүүл сарын 14 буюу Ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэн тамгаа нээн хэрэглэхээс нэг хоногийн өмнө Шашин төрд туслах сайдын яамыг байгуулж, уг сайдын албан тушаалд Эрдэнэ шанзудба Бадамдоржийг томилох тухай Зарлиг гаргуулан улмаар Олноо өргөгдсөний 2-р оны  намрын сүүл сарын 24 буюу 1912 оны 11 сарын 3-нд  Шашин төрд туслах сайдын тамгыг нээн хэрэглүүлсэн байна.
Мөн 1913 оны 1 сарын 7-нд “Эрдэнэ шанзудба шашин төрд туслах сайдад эрхлэн зөвлөх сайд”-ын тушаалыг бий болгож уг албан тушаалд  Да лам Дашжавыг тохоон томилуулсон байна.  Гэвч цаашдын судалгаанд анхаарвал зохих нэг зүйл бий. Энэ нь Монгол Улсын төрийн тогтолцоо нь шашин төрийг хослон барьсан хаант төр байсан, төр засах бодлого нь төр, шашныг хослон барих хоёр ёсон байсныг харгалзан үзэх хэрэгтэй. Тиймээс цаашид Шашин төрд туслах сайдын яам байгуулагдсан нөхцөл, шалтгаан, түүний үйл ажиллагааг эл өнцөгөөс нь харж гүнзгийрүүлэн судлах зайлшгүй шаардлагатайг цохон тэмдэглэхийг хүсэж байна.
Монгол Улсын төрийн яамдын дотор Шашин төрд туслах сайдын яамны эзлэх байр суурь, зэрэг дэсийг тогтоосон хууль эрх зүйн чанартай акт олдохгүй байна. Гэвч энэ нь тус яамны нийгэмд эзлэх байр суурь, зэрэг дэсийг тогтоох боломжгүй гэсэн хэрэг хараахан биш юм.
Богд хаан төрийн яамдын зэрэг дэсийг анх тогтоохдоо тэдгээр яамд нь харилцан бичиглэхдээ, тогтоосон зэрэг дэсийг харгалзан, дээд яам дорогш бичихдээ “Илгээв”, доод яам дээд яамандаа бичихдээ “Өргөн” хэмээн бичиж, үүрд дагаж явтугай хэмээн Зарлиг буулгасан тул Шашин төрд туслах сайдын яам нь төрийн бусад яамд, байгууллагуудтай харилцсан албан бичигтээ чухам ямар тогтмол үгийг хэрэглэж байсныг тогтоох нь түүний нийгэмд эзлэх байр суурь, зэрэг дэсийг тогтоох үндэслэл болж байна. Төрийн бусад яамдаас Шашин төрд туслах сайдын яаманд илгээсэн бичигт “Илгээв”,  “Явуулах учир”, “Үүний тул илгээв” хэмээх тогтмол үгийг, Шашин төрд туслах сайдын яамнаас бусад зургаан яаманд илгээсэн бичигт “Өргөн илгээв”,  “Өргөн явуулахын учир”,  “Үүний тул өргөн илгээв” зэрэг тогтмол үгийг хэрэглэдэг байжээ.
Харин Шашин төрд туслах сайдын яаманд аймгийн чуулганы дарга, жанжин, бүгдийн дарга нараас илгээсэн бичигт “Өргөн”, “Мэдүүлэх учир”, “Үүний тул өргөв” гэх мэт тогтмол үгийг, Шашин төрд туслах сайдын яамнаас тэдгээрт илгээсэн бичигт “Тушаав”,  “Тушаан илгээв”, “Үүний тул тушаав” гэх зэрэг тогтмол үг хэрэглэдэг байжээ.
 Үүнээс үзвэл, тус яам нь бусад зургаан яамнаас зэрэг дэсийн хувьд доогуур байжээ. Тус яамнаас бусад зургаан яаманд илгээсэн албан бичигт “Өргөн” гэдэг тогтмол үгийг хэрэглэдэг байхад бусад  яамнаас тус яаманд ирүүлсэн  албан бичигт “Өргөн” гэдэг тогтмол үгийг хэрэглэдэггүй, харин эрх тушаалын хувьд адил боловч нэг нь нөгөөгөө хүндэтгэсэн биш ердийн харилцсан бичигт хэрэглэдэг  “Илгээв”, “Явуулах учир”, “Үүний тул илгээв” гэдэг тогтмол үгийг хэрэглэдэг байсан нь үүнийг гэрчилнэ. Мөн тус яам, түүний сайд нь эрх тушаалын хувьд аймгийн чуулганы дарга, жанжин, бүгдийн дарга нараас дээгүүр байсан нь тэдгээр байгууллагуудтай харилцсан албан бичигт хэрэглэсэн тогтмол үгнээс мэдэгдэж байна. Тус яамны эрхлэн зөвлөх сайд нь ноёдын жагсаалд зэрэг дэвийн хувьд бусад яамны дэд сайдуудын хууль ёсоор жагсдаг байжээ. Шашин төрд туслах сайдын яам нь зэрэг дэсийн хувьд бусад яамдаас доогуур боловч энэ нь тус яамны сайдын эрх хэмжээ, нэр нөлөө бусад яамдын сайдаас доогуур гэсэн хэрэг биш юм. Шашин төрд туслах сайдын яам нь төрийн эрхэнд дээд лам нарын байр суурийг бататган бэхжүүлэх зорилгоор байгуулагдсаны хувьд Богд хааны нэр нөлөөнд дулдуйдан Бүгд ерөнхийлөн захирах яам болон төрийн бусад яамдын ажилд хөндлөнгөөс оролцон, дээд лам нарын санаа бодол, хүсэл сонирхлыг тулган хүлээлгэж чаддаг байжээ. Баримт дурдвал, Шашин төрд туслах сайд Эрдэнэ шанзудба Бадамдоржийн санаачлагаар Гадаад яамны тэргүүн сайд М.Ханддоржийг Хүрээн дэх Хаант Орос Улсын консултай харилцаж битүүлэг мэдээ дамжуулсан гэж 1914 оны эхээр буруушаан шийтгэж, М.Ханддоржид ял хэлэлцэхэд алгуурласан гэж Ерөнхий сайд Т.Намнансүрэн, түүнийг Хаант Орос Улсад айлчлахад хамаарсан Ерөнхий сайд байсан Сэцэн хан Навааннэрин нарыг донгодон шийтгэж байжээ.  Энэ нь Богд хааны Зарлигаар Шашин төрд туслах сайдын яам анх байгуулагдахдаа “шашин төрийн хэрэгт чухам эрхэмлэн айлтгаваас зохихыг нь шууд айлтгаж явахыг үүрд дагаж шийтгүүлэх”  эрх олсноор төрийн яамдын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй болсноор тайлбарлагдана.
 Шашин төрд туслах сайдын яамны бүтэц зохион байгуулалт, орон тоо хууль  эрх зүйн актанд тусгагдаагүй, тодорхойгүй байна. Энэ нь тус яам гуравхан жил ажиллаад  Монгол Улсын хууль зүйлийн бичиг зохиогдохоос өмнө татан буугдсан, уг яам нь Эрдэнэ шанзудбын яамны суурин дээр байгуулагдаж, сайд нь Нийслэл Хүрээний Эрдэнэ шанзудбын яамны сайдын тушаалыг хавсран эрхэлж, түүний эрхлэн зөвлөх сайдад Нийслэл Хүрээний Да лам нарын дотроос нэгийг нь сонгон айлтгаж томилдог журамтай байсан, Эрдэнэ шанзудбын яамны аппаратад ажиллаж байсан албан хаагчид Шашин төрд туслах сайдын яаманд нэгэн адил ажиллах болсон зэргээр тайлбарлагдах бололтой.
 Шашин төрд туслах сайдын яамыг байгуулах талаар гаргасан Богд хааны Зарлигт тус яамны гүйцэтгэх үндсэн үүргийг “Шашин төрийн хэрэгт шууд эрхэмлэн айлтгаваас зохихыг шууд айлтгаж явахыг үүрд дагаж шийтгүүлэгтүн” хэмээснээс үзвэл, тус яамны эрхлэн гүйцэтгэх үйл ажиллагаа нь шашины ба төрийн гэсэн хоёр чиглэлтэй байсан байна.
 Төрийн хэргийн хувьд тус яам нь ямар нэгэн тусгай салбар буюу асуудлыг дагнан хариуцаж байсангүй. Харин төрийн яамдын хийж гүйцэтгэж буй ажилтай танилцан, санал солилцон зөвлөлдөж, улс төрд чухал холбогдох асуудлаар өөрийн саналыг Богд хаанд шууд айлтгаж, Зарлигийг гуйн шийдвэрлүүлдэг байжээ. Нэг үгээр хэлбэл төрийн гүйцэтгэн захирамжлах байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, түүнд дээд лам нарын хүсэл сонирхлыг тусган хамгаалахад үйл ажиллагаа нь чиглэгдэж байжээ.
 Нийслэл Хүрээний Эрдэнэ шанзудба нь Шашин төрд туслах сайдын тушаалд томилогдож, уг хоёр тушаалыг хавсардаг тул түүний үйл ажиллагаанд Эрдэнэ шанзудбын яамны эрхэлдэг ажил тодорхой хэмжээгээр зохих байр суурь эзлэх нь ойлгомжтой. Гэвч нэгэнт Шашин төрд туслах сайдын албыг хүлээсэн тул шашин, сүм хийд, шавь нарын талаар явуулах үйл ажиллагаа нь дан ганц Богдын харъяат шавь нараар хязгаарлагдахгүй, нийт улсын хэмжээнд холбогдох болжээ.
 Богд хаантаны 1913 оны 1-р сарын 5-ны өдөр буулгасан Зарлигт Шашин төрд туслах сайдын шашины талаар эрхлэн шийтгэх ажлыг заан тогтоосон байна.Тэрхүү Зарлигийг зарлан мэдэгдсэн бичгээс сийрүүлбэл: “...энэ жил өвлийн дунд сарын хорин долооноо  шашин төрд туслах сайд, Эрдэнэ шанзудба манай газраас айлтгасан нь: Эрдэнэ шанзудба, Шашин төрд туслах сайдын эрхлэн шийтгэвээс зохих зүйлийг ялган салгаж дүрэм хэмжээ тогтоох явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад, Богд эзэн гэгээнээр толилж заалхийлэн сургахыг гуйхын учир, мөнөөхөн Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамнаас хүргэж ирсэн бичгийн дотроо Нийслэл Хүрээний Эрдэнэ шанзудбад Шашин төрд туслах сайдын тамга шагнаж, үүрд сайдын албаныг хавсран хаалгасны тулд үүнээс урагш олон хутагт хувилгааны зэрэг лам нарт гавьяа буй агаад тусгайлан Богд эзний хишгийг гуйн айлтгаваас зохих нь байх буюу сүмд нэр шагнуулахыг гуйх хэргийг цөм Нийслэл Хүрээний Эрдэнэ шанзудба ,Шашин төрд туслах сайдын газраас уламжлан Зарлигийг гуйн айлтгах зэргээр эрхлэн шийтгүүлсүгэй хэмээн айлтгаад, улаан бийрээр цохсон Зарлиг гуйсан ёсоор болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж шийтгүүлэн бичиг хүргэн ирсний тулд, үүнээс урагш олон хутагт хувилгааны зэрэг лам нарт гавьяа буй агаад Да ламын ямбаас дээш хишгийг гуйваас зохих нь болбоос уг айлтгаад тогтоосон хэргийн ёсоор Эрдэнэ шанзудба, Шашин төрд туслах сайдын газраас Зарлигийг гуйн айлтгахаас гадна Да ламын ямбад үл хүрэх хишиг завшаан олгох хэргийг хэвээр Хамба номун хан,  Эрдэнэ шанзудба нарын газраас эрхлэн шийтгүүлсүгэй.
Олон хошууны сүмд нэр шагнуулахыг гуйх нэгэн хэргийн дотроо уг сүмийг Дээр өргөх ба хүн ам дагалдан шавь болох жич, ном хурлыг залгамжлуулахын тул хувийн хөрөнгөний албыг хэлтрүүлэхийг гуйн мэдүүлж ирэх нь мөн буй. Хянаваас, шашины хэрэгт хааяа онц зүтгэсэн хүн нарыг Зарлигаар сайшааж хөрөнгөний алба улаа хэлтрүүлэх жич шавь болгох нь цөм тусгай хишгээс гармуй. Ер шавь боолын зоригоор аваачих хэрэг бус тул энэ мэт мэдүүлэн ирэхийг хэрэгсэхгүй болгож, гагцхүү хошууны сүмд Зарлигаар нэр шагнахыг гуйх нь болбоос харъяат засгийн газраас чуулганы даргад мэдүүлээд улмаар Эрдэнэ шанзудба, Шашин төрд туслах сайдын газраа мэдүүлэн ирснийг үзэж Зарлигийг гуйн айлтгасугай. Бас олон хошуунаас Богд эзэн гэгээнээ сүм хурал өргөх нэгэн зүйлийг хуучин удаагаар явуулахад эрхбиш харъяат засгийн газраас Нийслэл Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзудба нарын газраа бичиг илгээгээд Дээр соёрхол айлтгах зэргээр гүйцэтгэн дагаж явуулсугай. Ийм төлөвлөсөн болох нь ба үл болох явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад, Богд эзэн гэгээнээр толилж заалхийлэн сургах ажааму.Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй хэмээн айлтгасанд, дараа хорин найманд  хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон Зарлиг гуйсан ёсоор болгогтун хэмээсэн”  гэжээ.
Энэ баримтаас үзвэл, Шашин төрд туслах сайд нь улс төрд холбогдох шашины чухал хэргийг хариуцан Богд хаанд айлтган шийдвэрлүүлэхээс гадна сүм хийд лам нарт нэр, цол, хэргэм ямба шагнах хэргийг мөн эрхлэх болсон байна.Чингэхдээ Да ламын ямбанаас дээшхи хишгийг Эрдэнэ шанзудба ,Шашин төрд туслах сайдын газраас Зарлигийг гуйн айлтгах, Да ламын ямбанаас доошхи хишгийг хуучин ёсоор Хамба номун хан, Эрдэнэ шанзудба нарын газраас эрхлэн шийтгэх, хошуудын сүмд нэр шагнахад харъяат газраас чуулганы даргад мэдүүлэн улмаар Эрдэнэ шанзудба ,Шашин төрд туслах сайдын газар мэдүүлэн ирснийг үзэж, Зарлигийг гуйн айлтгаж шийдвэрлүүлж байхаар тогтсон байна. Харин Богд хаантанд сүм, шавь өргөх, шашины хэрэгт онц хүчин зүтгэсэн зарим хүнийг улсын алба, улсаас чөлөөлөх хэрэг нь Богд хаантаны тусгай Зарлигаар гүйцэтгэгдэх хэрэг тул уг хэргийг Шашин төрд туслах сайдад мэдүүлэлгүй, Богд хаантанд шууд айлтгаж шийдвэрлүүлэх болсон ажээ.
1915 онд Хиагтын гурван улсын гэрээгээр Монгол Улсын “статус кво”-г  “автономит” болгосон, нөгөөтэйгүүр улсын санхүүг хэмнэх шаардлагатай уялдан 1915 оны 10 сарын 12-нд Богд хаантаны Зарлигаар төрийн зарим яамдыг татан буулгахад Дотоодын зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн шийтгэх сайдын яам,  Шашин төрд туслах сайдын яам, Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэгч яамыг татан буулгажээ.

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews