Монгол улсын Цэргийн Яамнаас Герман улсын худалдааны пүүстэй холбоо тогтоох гэсэн нэгэн оролдлого

Г.Дашням, И.Будбаяр

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараа ардын Засгийн газар, түүний зарим зүтгэлтнүүдээс нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгааг үл харгалзан ЗОУ-аас гадна дэлхийн тэргүүний хөгжил бүхий улс орнуудын пүүсүүдтэй эдийн засгийн холбоо тогтоож, хамтран ажиллах бодлого баримтлах болжээ. Үүний нэгэн баримт нь, 1922 оны хавар Цэргийн яамны тэргүүн сайд, бүх цэргийн жанжин Д. Сүхбаатар нараас Герман улсын харьяат Юэнь Фунг Трейдинг хэмээх пүүстэй худалдааны гэрээ байгуулан, хамтран ажиллах гэсэн оролдлого юм.
1922 оны 3 сарын 28-нд Цэргийн яам тус пүүсийн Нийслэл Хүрээн дэхь төлөөлөгч Х. Мандл нарт цэргийн хувцас хийх зориулалтаар бор өнгийн цэмбэ, цагаан янбуу, цагаан, хар утас, өнгөлөн далдлах будаг зэрэг 9 нэр төрлийн барааг нийлүүлэх хүсэлт тавьжээ. Эдгээр бараа нь зун цагийн цэргийн хувцас хийхэд зориулагдсан тухайн үедээ нилээд их хэмжээний бөөнөөр худалдан авах бараа байв. Юэнь Фунг Трейдинг пүүсийн төлөөлөгчид хүсэлтийг хүлээн авч, харилцан хэлэлцсэний дүнд гэрээний төслийг бэлэн болгожээ. Гэвч тодорхой шалтгааны улмаас уг гэрээ хэрэгжиж биелээгүй байдаг.
Бүх Цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч Э.Ринчино энэхүү гэрээ, эс бөгөөс гэрээний төсөлтэй танилцаад дэмжин, Сангийн Яамны зөвлөх Бутины саналыг авахаар илгээжээ. Бутин тус төсөлтэй танилцаад, 1922 оны 3 дугаар сарын 30-нд Бүх Цэргийн Зөвлөлийн тэргүүлэгчдэд саналаа бичиж ирүүлжээ. Саналд дээрх гэрээ нь “зүйд эс нийлэлцэх хэлтгий хэлэлцээ” хэмээн нэрлээд, “энэхүү хэлэлцээ бол Монголын Засгийн газраас хүлээн зөвшөөрч огт болохгүй. Үүнийг хэлэлцэн тогтооход худалдааны явдал ба гэрээ байгуулах хууль ёс мэдэх хүмүүс эс оролцсон мэт”1 хэмээн эрс буруушаан шүүмжлээд түүнийхээ нотолгоо болгон хэд хэдэн шалтгааныг дурджээ. Тухайлбал, “захисан бараа зүйлийн үнийг эс тодорхойлсон, бараа зүйлийг төдийд авчран тушаана хэмээн тогтсон хугацаа байхгүй учир тэрхүү барааны ирэх нь Цэргийн газраас чухал зүйлийг хэрэглэх цагт эс тушаан оройтож саатуулж болзошгүй, хугацаанд хэмээх зэрэг үг оруулсан нь хугацаа тогтоосон бус, үүнийг баримтлан хэрэв бараа хэрэглэх цагт авчран тушааж эс чадвал түүний гэмийг Цэргийн Яам өөрөө хүлээх болно, захиж авчруулсан бараа зүйлийн үнэ өртгийн 1/3-ийг цагаан мөнгөөр, үлдэх 2/3 хувийг янчаанаар төлөхөөр хэлэлцсэн нь зах зээл дээр бусад мөнгө зоосны үнийг бууруулж элдэв асуудал гарахад хүргэнэ, цэргийн хэрэглэх бор ногоон өнгийн цэмбэ Сангийн Яамнаа буй бөгөөд гутлын ул хийх америк арьсыг хямд үнээр Оросоос авч болно, сураглаж үзвэл, Козулин хэмээгч сайн худалдаачны тоонд орж чадаагүй мэт хүн тул тэдгээр Козулин ба Мендаль хэмээх хоёр хүмүүс Герман улсын пүүсийн төлөөлөгч болсон нь магадлахад бэрхтэй ажгуу”2 гэжээ. Бутины саналд, уг гэрээг батлан тогтооход чухлаар холбогдох зөв зүйтэй саналууд байгаа боловч уг саналын хуудас нь гэрээ байгуулахад бодитойгоор туслахыг эрмэлзсэнгүй, нэг талыг баримтлан гэрээг шууд зогсооход чиглэгджээ.
Мөн Бутин уг бичигтээ, Цэргийн Яамны гадаад худалдааны эрхийг хязгаарлахыг оролдож, “ихээхэн худалдааны гэрээ ба хэлэлцээг ялангуяа гадаадын пүүс лүгээ хийх хэлэлцээг Сангийн Яамнаас хэлэлцэн тогтоовол зохино… Цэргийн Зөвлөл цэргийн хэргийг эрхлэвэл зохих мэт надад санагдахын дээр Цэргийн Зөвлөлийн гишүүн нар худалдааны явдалд боловсорсонгүй ч байж болох”3 хэмээн дайржээ.
БЦЗ-ийн тэргүүлэгч Э.Ринчинод Сангийн Яамны зөвлөх Бутины санал огтхон ч таалагдсангүй тул харилцан үл ойлголцох байдал бий болж, нөгөөдөр нь буюу 1922 оны 4 дүгээр сарын 1-нд Засгийн газарт Бутины саналыг Германы пүүстэй тогтоосон гэрээ бичгийн хамт илгээж, Бутин юуны учир тийнхүү бичих болсны учрыг байцаан шийтгэх, Германы Юэнь Фунг Трейдинг пүүснээс цэргийн хувцас хийлгэх бараа худалдан авахаар Цэргийн Яамнаас хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг болох, эсэхийг батлан тогтоох, хэрэв үл болох аваас дурдсан барааг хэрхэн хэлэлцэж авбаас зохихыг нэн даруйхан тогтоож, хойш хариу ирүүлмүү хэмээн бичжээ.4
Засгийн газар уг бичигтэй танилцаад, Цэрэг, Сангийн яам хамтран нарийвчлан хэлэлцэн тогтоохыг даалгасан байна. Тэр дагуу тус хоёр яам хамтран шүүн хэлэлцээд, Германы нэр дээр дурдсан пүүс байгуулсан гэрээнд уг бараа юмны үнэ, авчран хүлээлгэн өгөх хугацааг тодорхой заагаагүйн дээр тээврийн хөлс, Нийслэл Хүрээнд хураалгах гаалийг Цэргийн Яам хариуцах нь чирэгдэл сүйтгэл үлэмж бөгөөд уг барааг тэдний пүүсэд захиж авчруулах үнэ нь Нийслэл Хүрээнээс бусад газраас худалдан авах үнээс ашиггүй мэт тул уг барааг Юэнь Фунг Трейдинг хоршоо пүүсэд захиж авчруулах явдлыг бүрмөсөн зогсоож, түүгээрээ Америкийн нэгэн пүүсэнд түшмэл томилон одуулж барааных нь яс чанар үнийг хэлэлцүүлэх тухайг үзэж гүйцэтгэхээр тогтож, тэр тухайгаа Засгийн газарт 1922 оны 4 дүгээр сарын 8-нд мэдэгдэж, заан тогтоохыг эржээ.5 Засгийн газар тэрхүү албан бичигтэй танилцаад, “энэ гэрээг харъяат хоёр яамнаас уул төлөвлөсөн ёсоор нэн даруй түшмэдийг томилон илгээж, тэрхүү америкийн пүүсийн эд барааг нарийвчлан хянан үзээд яс, өнгө тохирвоос үнийг хэлэлцэн худалдан авч гүйцэтгэвээс зохино.6 гэсэн хариу өгчээ.
Байдал ийнхүү эргэсэнд Юэнь Фунг Трейдинг пүүс уг хэлэлцээнээс татгалзахаар шийджээ. Уг пүүснээс 1922 оны 8 дугаар сарын 4-нд Монгол улсын Бүх Цэргийн жанжин Д. Сүхбаатарт ирүүлсэн бичигт, “Монгол цэргийн цагаан хэрэглэлд зориулах эд барааг юуны өмнө явуулна уу хэмээсэн таны хүсэлтийг штабын орлогч дарга Меркуловоор дамжуулан энд хүлээн аваад бид өөрийн зүгээс Тяньжин дахь салбартаа нэн даруй утас цохисонд, Монголын худалдааны хоршооны төлөөлөгчидтэй одоо хүртэл хэлхээ холбоо тогтоосон зүйлгүй байгаа гэсэн хариуг сая хvлээн авав. Ингэхлээр бид таны хvсэлтийг биелүүлж чадахгүй болсондоо нэн их харамсаж байна. Энэхүү бичгийн хуулбарыг Монголын Харилцан туслалцах хоршоонд явуулав. Гүнээ хvндэтгэн ёсолсон Мендаль”7 гэжээ.
Ийнхүү Монгол улсын Цэргийн Яамны Герман улсын худалдааны пүүстэй холбоо тогтоон, худалдааны гэрээ байгуулах гэсэн нэгэн оролдлого талаар өнгөрчээ. Цэргийн яам, Сангийн Яамнаас Америк улсын пүүстэй дээрх асуудлаар худалдааны гэрээ байгуулсан, эсэхийг магадлан байцаах баримт бидний гарт хараахан алга байна.
Цэргийн Яамнаас Герман улсын Юэнь Фунг Трейдинг пүүстэй байгуулсан гэрээ нь Монгол улсын Цэргийн Яам, түүний сайд Д.Сүхбаатар нараас өрнөдийн пүүсийн төлөөлөгчтэй гэрээ тогтоосон анхны хэлэлцээний нэг байжээ. Гэвч уг гэрээ нь хэрэгжин биелэлээ олж чадалгүй цуцлагджээ. Дээрх гэрээтэй холбогдсон баримтаас үзвэл, Цэргийн Яам, түүний сайд Бүх Цэргийн жанжин Д.Сүхбаатар нар ЗОУ-тай цэрэг, улс төр, эдийн засгийн салбарт нягт хамтран ажиллахын зэрэгцээ гуравдагч орон, тухайлбал, тухайн үедээ тэргүүний хөгжилтэй улсын тоонд зүй ёсоор тооцогдож байсан Герман улсын худалдааны пүүстэй эдийн засгийн хэлхээ холбоо тогтоохыг оролдож байсан нь тодорхой байна.
Ишлэл
Д.Сүхбаатар /баримт бичгийн эмхэтгэл/ УБ., 2003 тал 114-р тал
МАХН-ын Төв архив Ф-21, Д-1, ХН-68.
МУҮТА. Ф-1, Д-1 , ХН-89, Х.127.
МАХН-ын ТА. Ф-12, Д-1, ХН-175, Х.10-11, орос эх нь Х.12-т буй.
МУҮТА. Ф-1, Д-1, ХН-89, Х.127
МУҮТА. Ф-1, Д-1, ХН-89, Х.159.
Д.Сүхбаатар /баримт бичгийн эмхэтгэл/ УБ., 2003 он, 234-р тал
Эх сурвалж: ШУА, ОУСХ, “Герман судлал” төв, Герман: судалгаа, мэдээл сэтгүүл, 2003(2)

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews