Улсын хүүхэд залуучуудын театрын буурин дээр сүндэрлэсэн “Мөрөөдлийн үзэг”

 Улсын хүүхэд, залуучуудын театрын гал голомтыг сэргээн, хөгжүүлэхийн эхлэл болох нэгэн үйл явдал уржигдар тохиов. Энэ үгийг би биш, Улаанбаатар чуулгын тайзнаа “Хөх гацуурхан” театрын жүжигчдийн анхны уран бүтээл “Мөрөөдлийн үзэг” жүжиг тоглогдох үеэр урлагийн томчууд хэлсэн юм. Тус чуулгын танхимд хүүхэд багачуудаас гадна 1950 онд байгуулагдсан Улсын хүүхэд, залуучуудын театрын тайзнаа анх тоглосон “Цасан охин” жүжгийн уран бүтээлчид буюу ардын жүжигчин А.Очирбат тэргүүтэй арваад буурал хүрэлцэн ирсэн байв.
Хүүхэд залуучуудыг театрын урлагтай ойр өсгөж, зөв хүн болгон төлөвшүүлэх чиглэлээр өнгөрсөн зууны хагаст эхлүүлсэн эрхэм үйлсийг нь ардын жүжигчин Б.Мөнхдоржийн “хүүхдүүд” үргэлжлүүлэх болсонд тэд их л баяртай буйгаа илэрхийлсэн юм. МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаярын дээрх зохиолыг ах дүү хоёр буюу ардын жүжигчин Б.Мөнхдорж, төрийн шагналт Б.Мөнхболд нар нэг нь найруулж, нөгөө нь хөгжмийн зохиолчоор ажилласан бол тайзны зураач нь “Гэгээн муза”-гийн эзэн О.Баярмагнай байв.

Жүжиг багачуудад таалагдсан нь танхим дахь чив чимээгүй байдал, үзэгдэл бүрийн дараах нижигнэсэн алга ташилтаас илт. Өсвөр үеийнхний сэтгэлзүйн онцлог, хүсэл мөрөөдөл хийгээд эцэг, эх, багшийн харилцаа тэдэнд ямар эмзэг тусдагийг алдагдсан (үнэндээ багшийн үзэг цүнхнийх нь уранхайд нуугдсан) үзэгнээс улбаатай олон үйл явдал харуулах болно. “Мөрөөдлийн үзэг”-ийг өнөөдөр Улаанбаатар чуулгад, маргааш МХО-д тоглох юм.

Л.АРГАМЖИН

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews