Ц.Түмэнбаяр: Эх оронч байна гэдэг ганц газар шороогоо харамлахын нэр биш

2013-08-16 14:30:00


МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Ц.Түмэнбаяртай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр саяхан хүүтэйгээ Санкт-Петербург хотоор яваад иржээ.
-Явсан газрын сонин сайхнаасаа хуучлахг үй юу. Санкт-Петербургт дэлхийн олон үндэстэн ястан, тэр дундаа Дорно дахины болоод Монголын түүх соёлын хосгүй дурсгал хадгалагддаг гэдгээрээ алдартай. Та ямар ажлаар яваад ирэв? 

-Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийнхний урилгаар явсан. Тэндхийн Төвд, Монголын тэнхимийн монгол судлалын багш, оюутнуудтай уулзаж, заримынх нь шалгалтад хүртэл сууж үзлээ. Дорно дахины хүрээлэнгийн номын санд манайд байхгүй бичгийн ховор дурсгалууд байна. Тухайлбал, “Ганжуур”, “Данжуур” “Монголын нууц товчоо” хятад хэлээр, Манжийн хаанаас баруун Монголын ноёнд явуулсан захидал бүрэн эхээрээ гэх мэт эртний 1000 гаруй эх бичмэл фондод нь байдаг юм байна. “Ганжуур”-ын 113 дэвтэр гэхэд л их сонин тохиолдлоор Монголоос тэнд очсон байх юм. Нэрт монголч эрдэмтэн П.К.Козлов XX зууны эхэн үед Монголд байхдаа нэг баян хүн “Ганжуур”-ыг зарах гэж байгаатай тааралдаад, худалдаж авах гэтэл цаадах нь маш өндөр үнэ хэлж. Тэгэхээр нь Орос руу буцах гэж байснаа болиод,“Энд “Ганжуур” хэмээх чухал ач холбогдолтой бичгийн дурсгал байна. Би худалдаж авах гэтэл мөнгө алга, дэмжлэг үзүүлнэ үү” хэмээн Санкт- Петербургийн их сургууль руу захидал бичин, бүтэн жил хүлээсэн байгаа юм. Тухайн үед тус сургуулийн багш нар цалингаа нийлүүлж байгаад нааш нь явуулснаар Козлов “Ганжуур”-ыг худалдаж аваад тэнд хүргүүлсэн юм билээ.
-Хэрэв хүсэлт гаргавал тэр бүтээлүүдээс хуулбарлуулж өгдөг болов уу?
-Би тэр талаар нарийн асууж тодруулсангүй. Тэндхийн багш, оюутнуудын хэлснээр хуулбарлуулахад ихээхэн хөрөнгө мөнгө орохоос эхлээд нэлээд ярвигтай юм шиг байна лээ. Харин тус сургуульд манайхаас Засгийн газрын тэтгэлгээр хэд хэдэн оюутан түүх, хэлний чиглэлээр суралцдаг юм билээ. Монгол, Оросын харилцааны түүх, орос, манж хэл судлалаар магистр хамгаалах гэж буй хүүхдүүд ч байна.
-Оросуудыг нэрт зохиолчдынхоо музейгээр алдартай гэдэг. Та ч бас зохиолч учраас тэр түүхэн музейнүүдийг үзэж сонирхсон байх.
-Тийм ээ. Ф.М.Достоевский, А.С.Пушкиний гэр музей, Пушкин хотыг үзлээ. СанктПетербург дэх Невскийн гудамжийг Ф.М.Достоевскийн зохиолын баатруудынх гэдэг юм байна. Нэрт зохиолч тэнд амьдарч, эндхийн хүмүүсийн аж амьдралаас сэдвээ олж, зохиол бүтээлээ туурвиж байсан учраас одоо ч Ф.М.Достоевскийн зохиолын баатрууд байдаг гэж петербургчүүд үздэг гэнэ. Үнэхээр ч тэр үеийн байшин барилгууд нь яг хэвээрээ болохоор “Гэм зэм” романд гардаг хүмүүс гудамжаар нь явж байгаа мэт сэтгэгдэл төрөх өөр юм билээ. Оросуудын нэг гайхалтай нь “Пушкин халз тулаан хийхийнхээ өмнө энэ зоогийн газраар үйлчлүүлж, сүүлчийн хундагаа тулгаж байсан”, “Есенин тэр зочид буудлын хоёр давхарт нас барсан” гэх мэтээр байшин барилгуудынхаа түүхийг хүртэл хойч үедээ захиж үлдээдэг.
А.С.Пушкиний гар бичмэлүүд, халз тулаан хийсэн гар буунаас эхлээд физикийн хичээлдээ муу авч байсан дүнгийн хуудсыг нь хүртэл музейд байршуулсан байх жишээтэй. Тэндхийн хуучин номууд асар үнэтэй. Ямар ч гэсэн зорьж очсоных хуучин номын дэлгүүрээс нь Пушкиний залуучууд, хүүхдүүдэд зориулж 1914 онд хэвлүүлсэн “Үргэлжилсэн үгийн зохиолын түүвэр”-ийг худалдаж авлаа. Тэр ном бараг зуун жилийн өмнөх гэхэд зураг хөрөг яг л өнөөдрийнх шиг тод байх юм. Санкт- Петербургийн аяллын минь бас нэг дурсгалтай, үнэ цэнэтэй хэсэг нь Монголын эртний болоод орчин үеийн уран зохиолын нэрт судлаач, эрдэмтэн, академич Л.К.Герасимович гуайтай уулзсан явдал байлаа. Саяхан 90 нас хүрсэн гэхэд хөнгөн шингэн, ухаан саруул тэр хүн Монголыг хоёр дахь эх орноо гэж үздэг юм билээ. Тийм сайхан хүн намайг гэртээ хүлээн авч, манай үе үеийн зохиолчдын тухай дурсамж хууч дэлгэсэн нь дахин олдохгүй ч байж мэдэх алтан хором байлаа.
-Эрмитажаар орсон л биз дээ?
-Тэгэлгүй яахав. Эрмитажийн Дорно дахины болон хэд хэдэн танхимаар нь орлоо. Манай түүх, соёлын хосгүй үнэт дурсгалуудыг тэнд эхээр нь хадгалж байдаг шүү дээ. Би 30 жилийн өмнө Санкт-Петербург хотод очиж байсан. Тухайн үед залуухан байсан болохоор Эрмитажийн тэр олон дурсгалаас яг юуг нь үзэж харахаа сайн мэдэхгүй байж. Одоо бол арай өөр өнцгөөс нь харах жишээтэй. I Петр хааны үед байгуулсан гэхэд Эрмитажийн үзмэр, дурсгалууд янзаараа. Оросын ард түмэн түүх, соёлын дурсгалд ямар их хайртай, яаж харж хамгаалж ирсэн бэ гэдэг нь тэндээс илт. Жишээ нь, Санкт-Петербургийн их сургууль нь 1727 онд барьсан байшинд өнөө хэр байдаг. Тэр байшингийн нэг км урт хонгилд цуварсан 12 хаалгаар Петр хааны Засгийн газрын 12 сайд гарч ирж, уулздаг байж.
Мөн Монгол судлалын тэнхим 1853 онд Казаниас Санкт-Петербургийн их сургуульд нүүж ирсэн яг тэр өрөөндөө өнөөг хүртэл байдаг юм билээ. Энэ мэтээр түүх, соёл, шинжлэх ухаандаа сэтгэлээсээ ханддаг гайхамшигт ард түмнийг бишрэхийн зэрэгцээ монголчууд бид яавал тэр хүмүүс шиг болох вэ гэж бодсоор яваад л ирлээ. Хятадууд, өвөрмонголчууд ч тийм байдаг шүү дээ. Уг нь манай нүүдэлчний ахуйд тэр Эрмитажийн үзмэрүүдээс дутахааргүй, дэлхий дахины нүдийг хужирлаж, сэтгэлийг соронздох дурсгалууд бий. Тэгсэн хэрнээ манай дурсгалууд нэг л мэдэхэд алга болдог, эсвэл гадагшаа гарчихдаг. Үндэсний үзэлтэй, эх оронч байна гэдэг ганц газар шороогоо харамлахын нэр биш. Түүх, урлаг соёл, төрөлх хэл бичгээ эзний ёсоор хайрлах сэтгэл манайханд дутаад байна уу даа.
-Эрх чөлөө, тусгаар тогтнол, үндсэрхэг, эх оронч үзэл таны зохиол бүтээлийн гол сэдэв байдаг шигээ хаана ч явсан дотроос тань хатгаж байдаг бололтой. Сая наадмаар таны бас нэгэн теле жүжиг үзэгчдийн хүртээл болсон. Энэ жүжиг “Тусгаар тогтнолын төлөө” жүжгээс юугаараа өөр вэ?
-“Улсын цол Монгол” нэртэй энэ жүжгийн маань зохиолын уг нэр нь “Зөв эргэсэн шуурга” байсан юм. Үүнийг манай найруулагч өөрчилсөн ч би санал нэг их зөрөөгүй. Учир нь энэ жүжигт тусгаар тогтнолоо олсныхоо маргааш Богд хаанаас Дайчин улсад явуулсан бичигт “Улсын цолыг Монгол хэмээж, умар зүгийн орон газрыг уул эзэн нь хураан авч бүрэн болгон батлавай” гэж байдаг. “Улсын цол Монгол” жүжиг маань 2011 онд тохиосон олон түүхт ойн нэг Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилд зориулан бичсэн “Тусгаар тогтнолын төлөө” жүжгийн үргэлжлэл гэж болно. 2009 онд түүхийн ухааны доктор Гонгорын Дашням бид хоёр 24 ангит киноны төлөвлөгөө гаргасан юм. Төлөвлөгөө ёсоор 1900-1924 он хүртэлх Монголын түүхийн сайн судлагдаагүй, судалсан ч улс төрийн ямар нэгэн нөлөө орж гуйвсан ээдрээтэй хэсгүүдийг үнэн зөвөөр нь хойч үеийнхэндээ ойлгуулах зорилготой байсан. Тэгэхдээ зөвхөн түүхийн зохиол төдий бус архивын баримтад үндэслэсэн уран сайхны бүтээл буюу кино, жүжиг болгохоор төлөвлөсөн юм. Тухайн үеийн нөхцөл байдал, ивээн тэтгэгч олох зэрэг олон асуудлаас болоод бүтээл маань цаг хугацааны хувьд энд тэндээсээ үзэгчдэд хүрч байна. Ер нь түүхэн хүнээс гадна түүхэн чухал үйл явдал гэж байдаг. 1911 оны үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл бол Манж Чин улсаас манайд хэрэгжүүлэх гэж байсан Шинэ засгийн бодлоготой салшгүй холбоотой. Монголын ард түмнийг хятадчилах, улс гэрийг нь эзэлж, ашигт малтмал, нутаг орныг нь булаан авах, ерөнхийдөө үндэстнийх нь хувьд мөхөлд хүргэх зорилготой Шинэ засгийн бодлогын талаар “Улсын цол Монгол” жүжигтээ харуулсан.
-Таны хэлсэнчлэн түүхэн чухал үйл явдал нь гарцаагүй мөн учраас жүжиг болгон хүмүүст хүргэхээр шийдсэн үү?
-Түүхийн баримтуудыг уншиж байхад 200 гаруй жилийн өмнө Манжид дагаар орохдоо Монголын алтан ургийн ноёд зургаан зүйлийг тохиролцсон байдаг юм. Тэр хүнд хэцүү цагт ухаан сийлж, Манжийн хаанаар зарлиг гаргуулан, 200 гаруй жил огт хөндөж зөрчилг үйгээр ирсэн тэдгээр зүйлсийг дурдмаар байна. Нэгдүгээрт, Монголын нутагт газар хагалуулахгүй, хоёрдугаарт, хятад хүнийг монгол нутагт олноор суурьшуулахгүй, монголчуудыг хятад иргэнтэй ураг барилдуулахг үй, гуравдугаарт, төрийн албан хэргийг хятад хэл, бичгээр хөтлөхгүй, монгол хүнийг хятад хэлтэй болгохгүй, дөрөвдүгээрт, газрын хэвлийг хөндөж ашигт малтмал олборлуулахг үй, энэ чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт оруулахгүй, тавдугаарт, орон нутгийн засаг захиргааны нэгжийг алтан ургийн ноёд удирдах, зургадугаарт, Монголд байх манж, хятад цэргийн тоог хязгаарлах зэрэг юм. Гэтэл Манжийн хааны зарлигаар 1907 оноос эхлээд манайд хэрэгжүүлэх гэж байсан Шинэ Засгийн бодлого нь энэ бүгдийг зөрчиж, язгуурын эрх ашгийг хөндсөн учраас үүнийг Монголын алтан ургийн ноёд, томоохон лам нар, ард олон ихээхэн эсэрг үүцэж байсан. Тэр дундаа Богдод мандал өргөх нэрийдлээр Хүрээнд цугласан ноёдын нууц чуулган чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг юм.
Ялангуяа Түшээт хан аймгийн Чуулганы дарга Г.Чагдаржав, Чин ван М.Ханддорж, Сэцэн хан аймгийг хамаарсан туслагч жанжин В.Гомбосүрэн, Да лам Г.Цэрэнчимэд, Түшээт хан аймгийн улсад туслагч гүн Намсрай, Харчин ван Гүнсэнноровын хошууны дэд зэрэг түшмэл Хайсан нарын зургаан хүн онцгой идэвхийлэн оролцож, Халхын Хүрээний Бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар байгуулжээ. Тэд Шинэ засгийн бодлогыг эсэргүүцэж, үүнийгээ тусгаар тогтнолоо олж авах шалтаг, шалтгаан болгон тэмцэж үр дүнд хүрсэн. Түүгээр ч зогсохгүй нэгдсэн Монгол Улсыг байгуулах үе шат руу яаравчлан орсон байдаг. Гэтэл өнөөдөр гурван сая шахам хүн амтай, бүрэн тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн орон байтал тэр үед манжуудын хэрэгжүүлж чадаагүй Шинэ засгийн бодлого яг л өнөөх зургаа, долоон зүйлээрээ сэм хэрэгжээд байна. Монгол цус судсаар нь урсаж байгаа хүн бүрт үнэн түүхийг л хүргэхийг хүссэн юм.
-Тийм орчин нөхцөлд, улс орныг Алтан ургийн хэдхэн ноён аварч үлдсэний үндэс нь юу байв. Одоо манайхан дээр байгаа энэ хэдэн олигархи идчихлээ, уучихлаа, бүгдийг нь өөрчилмөөр байна гэцгээдэг. Таны бодлоор өнөөдрийн манай төрийн түшээдэд юу дутаж байна вэ?
-Би түүхч биш, зүгээр л түүхдээ хайртай, түүх сонирхдог зохиолч. Гэхдээ өөрийнх өө болоод бусад улс орны түүхийг уншиж байхад нарийн дээрээ эх орноо худалдчихъя гэсэн бодолтой төрийн түшээ байдагг үй юм шиг. Миний бодлоор манайханд мэдлэг, чадвар, ухаан дутсанаас болоод алдаж бурууддаг. Бас зориг нь дутдаг. Зориг дутсанаас болоод өөрийнхөө үзэл бодолд үнэнч байж чадахгүй урваж, хөрвөж, олонхийнхоо нөлөө эрхшээлд автдаг юм уу даа гэж бодогддог. Миний хэлэх ганц зүйл бол манайхан намын ялгаа гаргаж талцдагаа болих цаг болсон. Бид бүгдээрээ нэг л монгол шүү дээ. Түүхээс харсан ч, монголчууд баруун зүүн, ар, өвөр болж хуваагдсанаасаа болоод л бусдын өгөөш болж байсан. Тийм цөөхүүлээ байж ялалтад хүрсний гол үндэс нь эв нэгдэлтэй байж чадсаных гэж би боддог. Түүхийн эх сурвалжаас үзэхэд монголчууд бид XX зуунд 1911, 1921, 1991 оны аль ч хувьсгалыг хийхдээ өөр хоорондоо байлдаж цусаа урсгаж байгаагүй юм билээ. Харин харийн түрэмгийлэгчийн эсрэг л байлдаж байжээ. Тухайн цаг үеийн орчин нөхцөлд нь тааруулж бидний ухаант дээдэс зөв нүүдэл хийж чаддаг байсан.
-Бидний өвөг дээдсийн туулж ирсэн түүхийн үнэнийг харуулсан иймэрхүү бүтээлийг болж өгвөл олон хүнд, дахин дахин үзүүлэх хэрэгтэй байх. Ингэхийн тулд театрт тавих, эсвэл телевизийн жүжиг болгох хоёрын аль нь хүмүүст илүү хүрэх бол?
-Драмын театрын тайзнаа жүжгээ тавиад арван удаа тоглолоо гэхэд их сайндаа 4000 хүн үзнэ. Харин теле жүжгийн хувьд бол нэг удаа гарсан байлаа ч тухайн телевизийн фондод хадгалагдана, хувилж, олшруулж ч болно, цахим ертөнцөөр дамжуулаад орон зайн хязгаарг үйгээр хүмүүст хүргэж болдгоороо онцлог. “Улсын цол Монгол” жүжгийн үг, үсэг болгоныг түүхийн зөвлөхөөр ажилласан Г.Дашням хянасан. Үүгээрээ энэ жүжиг үнэ цэнэтэй болсон.

Л.Ганчимэг

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews