Л.К.Герасимович: “Миний сэтгэл зүрхний эгшиглэнг М.Цэдэндорж орчуулсан”

2014 оны 1 сарын 15
        Санкт-Петербургийн Улсын их сургуулийн багш, профессор, доктор, нэрт монгол судлаач Л.К.Герасимовичтой уулзах гэж яваадаа миний сэтгэл маш их хөдөлж байв. Миний утга зохиолын багш нартай халуун дотно нөхөрлөж, бүтээлийг судалж, монголын зохиолчдын дунд амьд домог болсон энэ их хүн надтай уулзахыг зөвшөөрсөнд, бас энэ их эрдэмтэнтэй нүүр тулж уулзахад тусалсан Мария Петровадаа хязгааргүй баярлаж явлаа. Энэ өдөр 2013 оны зургадугаар сарын 16-ны ням гараг. 11 цагт уулзахаар тохирсон болзооноосоо хожигдохгүй хичээн Петрова, хүү бид гурав эртхэн гарлаа.
         Людмила Константиновна Герасимовичийн бичсэн Монголын уран зохиолын тухай олон арван өгүүлэл, судалгааны бүтээлийг нэрлэж барахгүй. 1965 онд хэвлэгдсэн “Литература Монгольской Народная республика, 1921-1964 годов” /Монгол Ард Улсын Утга зохиол 1921-1964 он/, “Монгольская стихосложение” /Монгол шүлгийн тогтолцоо 1975 он/, “Литература Монгольской Народной Республика” /Монгол Ард Улсын утга зохиол 1965-1985/, “Очерки прозы –хүүрнэл зохиолын найрууллууд” /1991/, “Монгольская литература XIII начало-XX вв” /Монголын утга зохиол XIII-XX зууны эхэн үе/ /2006/ зэрэг судалгааны бие даасан зохиолыг дурдахад л Монголын уран зохиолын судлалд ямархан хувь нэмэр оруулсан нь тодорхой юм. Эдгээр бүтээлээс “Монгол Ард Улсын утга зохиол” ном нь англи хэлээр орчуулагдан Америкт хэвлэгдэж, олон орны уншигчдын хүртээл болсноор Монголын уран зохиолын судлал дэлхий дахинд бас нэг алхам урагшлахад чухал нөлөө үзүүлсэн гэдэг юм.
Ер Монголын уран зохиол төдийгүй олон улсын Монгол судлалыг Санкт-Петербурггүйгээр төсөөлөх аргагүй юм. Монгол судлалын төв Петербургт 1853 онд анх байгуулагдсан гэдэг. Анх байгуулагдсан Петербургийн улсын их сургуулийн яг тэр л бяцхан өрөөндөө одоо болтол байрлаж байна. Нэрт монголч эрдэмтдийн хөрөг зураг хананд нь өлгөөстэй байна. Тэнхмийнхэн эдүгээ 90 насыг зооглосон ч ухаан саруул, ид хөдөлмөрлөж байгаа Герасимович гуайн мэндэлсний түүхт ойг долдугаар сарын 30-нд тэмдэглэнэ хэмээн ярьцгааж байсан юм.
        Герасимович гуай 1856 онд баригдсан Үнэн алдартны сүмийн ажилтнуудын суудаг асан үлгэр домог шиг “буурал” байшингийн  гурван өрөө байранд ганцаараа амьдарч байна. Ердөө зүүхэн талд нь Достоевский амьд ахуйдаа мөргөдөг байсан Үнэн алдартны сүм байна. Тэр сүмд Герасимович гуай мөргөдөг. Достоевскийн гэр музей сүмийн зүүн талд. Эдүгээ Достоевский ч мөн энх амгалангийн орноосоо энэ сүмдээ мөргөдөг байх даа гэж бодогдлоо.
        Людмила Константиновнагийн гэр тэр чигтээ л номын сан. Том өрөөнийх нь хананд Чингис хааны хөрөг бүхий хивс хадаатай байна. Түүнийг манай соёлын гавьяат зүтгэлтэн доктор Ч.Билигсайхан Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор бэлэглэсэн хэмээн ихэд бэлэгшээдэг юм байна.
        Би Санкт-Петербург руу аялахаасаа өмнө түүний “Монгол бол миний хайртай орон, хоёрдахь эх орон минь билээ” хэмээх номыг уншсан юм. Энэ номын нэр бол эрдэмтэн зохиолч Д.Цэдэвийн тэмдэглэлийн дэвтэрт 2008 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Л.К.Герасимович “Монголия моя любимая страна. Для меня это вторая Родина” гэдэг үгийн орчуулга ажээ. Номын өргөл үгэнд:
        “Хүндэтгэхгүй байхын аргагүй хүн гэж байдаг. Олон түмний, уншигчдын, судлаач сонирхогчдын хүндлэлийг олж авна гэдэг нь тухайн хүний нөр их хичээнгүй хөдөлмөрч чанар, шинжлэх ухааны арвин их мэдлэг, тууштай үнэнч голч зан чанар зэргээс шууд хамааралтай. ХХ зууны монголын уран зохиол судлалд энэхүү хүндлэлийг авч яваа хүн бол яах аргагүй Санкт-Петербургийн Улсын их сургуулийн багш, профессор, доктор, нэрт монгол судлаач Л.К.Герасимович мөн юм” гэж доктор, профессор Ж.Байгалсайхан бичсэнийг эргэн саналаа.
        Биднийг ирнэ хэмээн бяцхан идээ, цай бэлджээ. Тэр хэдийгээр монголч эрдэмтэн ч гэсэн монголд ирэлгүй хорь гаруй жил болсон болохоор шууд монголоор ярьж чадахгүй байлаа. Харин миний ярьж байгааг сайн ойлгож, Герасимович оросоор, би монголоор ярилаа. Бидний яриаг түүний шавь М.Петрова орчуулж, Регина бидэнд үйлчилж, багшийгаа халамжилж байлаа.
        Ингээд түүнтэй товчхон ярилцсанаа уншигч танаа толилуулъя.
Таны тухай би уран зохиолын босгыг алхсан цагаасаа эхлэн сонсож байлаа. Харин тантай энэ их өндөр насанд чинь, алс холын Санкт-Петербург хотод уулзана гэж тэр үед төсөөлж ч байсангүй. Тантай уулзсандаа маш их баяртай байна.
Би ч гэсэн Монголын орчин үеийн уран зохиолын дунд үеийн төлөөлөгчтэй уулзсандаа баяртай байна. Бас Петровадаа баярлаж байна. Би Монголд очилгүй, монголын зохиолчидтой нүүр учралгүй их уджээ. 20 гаруй жил болж. Петербург Москваг бодвол хол болохоор монголын зохиолчид энд ирэх нь ховор юм. Би өндөр настай учир гэрээс бараг гардаггүй. Би таныг ирнэ гэж эртнээс сонссон. Нэг жижгэвтэр ном тань надад байдаг.
Монголд таны ном хэвлэгдсэн. Таны 90 насны ойд зориулж хэвлэсэн юм билээ. Би олж үзсэн. Бас таны шавь эрдэмтэн С.Байгалсайханы санаачилгаар Улаанбаатар их сургууль дээр 1997 оноос жил бүр “Геросимовичийн семинар” нэртэй оюутны эрдэм шинжилгээний хурал болдог. Энэ хурал утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн залуу халааг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тэр хуралд оролцсон залуус, ер нь монголын уран зохиол судлаачид таныг багшаа хэмээн хүндэтгэж явдаг.
Тиймээ. Би Д.Цэдэв, С.Байгалсайхан нарт маш их баярлаж байгаа. Монголын уран зохиолын тухай бичсэн өгүүлэл, шүүмж, судлал, бас ярилцлага багтсан сайхан ном хэвлүүлж өгсөнд талархаад барахгүй. Надад нэг хувь ирсэн. Бас Б.Баастаас захиа ирсэн. Бид нар нас чацуу. Баастын маань захиа нааш нь илгээснээсээ хойш дөрвөн сарын дараа ирсэн. Би их хүлээсэн энэ захиаг. Харин хариу захидлаа чамаар өгч явуулбал илүү хурдан хүрэх юм шиг байна. Бас Цэдэвт талархлаа илэрхийлсэн нэг захиа бичсэн. Түүнийг ч бас өгнө.
Таныг Ц.Цэдэнжав, Д.Пүрэвдорж, М.Цэдэндорж, С.Эрдэнэ зэрэг миний багш нар үргэлж ярьдаг байлаа. Таны бичсэн утга зохиолын судлалын өгүүллүүдээс монголд орчуулагдсаныг нь уншсан.
Одоо миний үеийнхэн бараг байхгүй болжээ. Ганц Бааст л үлдээ шив дээ. Сэтгэл зүрхэнд минь мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн Д.Сэнгээ, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, С.Удвал, С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж, С.Дашдооров, М.Цэдэндорж, Ц.Цэдэнжав, Ч.Чимид, Б.Явуухулан, Ц.Гайтав, Д.Мягмар зэрэг шижир алт шиг зохиолчид, судлаачдаас Ц.Хасбаатар, Ц.Мөнх, Ч.Билигсайхан нар маань алга. Надад жаахан гунигтай байна. Гэвч уран бүтээл нь тэднийг мөнхөлж байна. Залуу үеийнхнийг төдийлөн мэдэхгүй юм. Одоо тантай л уулзаж байна. Танаас юм асууж болох уу?
Бололгүй яахав.
Сонсоод байхад Монголд маш олон зохиолчид төрж, маш олон ном хэвлэгдэх болжээ. Интернэтээр ч зохиол бүтээл их тавигдах болж. Тэр болгон уран зохиолын чанарын шаардлагыг хангасан байдаг уу? Танай уншигчид шинэ үеийн уран зохиолыг яаж хүлээж авч байна вэ?
Тиймээ, Монголд маш олон зохиолч гарч ирж байна. Эндээс жинхэнэ зохиолч, жинхэнэ зохиолыг ялгахад бэрх байгаа. Цагийн аясыг дагаад янз бүрийн урсгал чиглэлээр, янз бүрийн сэдэвтэй зохиолууд гардаг болсон. Ихэнх нь арилжааны бүтээлүүд. Уншигчдыг дагуулах биш, ихэнхдээ олонхи уншигчийн сонирхолд тохируулсан бүтээл их гардаг болсон. Тэрэнд ямар нэгэн босго, үнэлэмж өгөхөд их хэцүү. Хэр настай, чанартай бүтээл болохыг цагийн шалгуур л мэдэх байх. Интернэтэд маш олон өгүүллэг шүлэг тавигдаж байна. Залуучууд интернэтээс уншиж байна.
Манайд ч ялгаагүй тийм байна. Хэдийгээр шинжлэх ухааны ололт амжилтыг үгүйсгэх аргагүй ч ном бол хэвлэмэл л байх ёстой. Би хэвлэмэл номоо л хүндэтгэнэ. Цаг үе өөр болсон. Миний үе нэгэнт өнгөрсөн. Би өнгөрсөн үедээ үнэнч байна. Залуу үеийнхэн та нарт нэг хэлэх юм байна. Монголын орчин үеийн уран зохиол хөгжихөд Орос-Зөвлөлтийн уран зохиол, орос хэлээр дамжуулан монгол уншигчдын хүртээл болсон өрнийн утга зохиол маш их үүрэг гүйцэтгэж, монголын зохиолч, уншигчдын нүдийг нээсэн гэж би боддог. Орос хэлээр дамжсан уран зохиолыг уншсанаар монголын зохиолчид боловсорсон гэж ойлгодог. Тиймээс Орос хэл сурч, оросын уран зохиолыг их унших ёстой гэж бодож байна. Миний монгол найзууд энийг их сайн мэддэг байсан.
Таны олон шавь нар Монголын уран зохиолыг судалж байна. Би таны шавь нараас Петрова, Регина хоёрыг таньдаг. Олон жил нөхөрлөж, хамтран ажиллаж байна.
Тиймээ. Петрова, Регина хоёр Монголд очиж ажилласан. Би Монголын орчин үеийн уран зохиолыг судалж байгаа энэ хоёр шавьдаа нилээд найдлага тавьж байгаа. Танаас бас нэг юм асууя. Монголын зохиолчид хаанахын уран зохиолыг их уншиж байна вэ?
Янз бүр. Америкийн, бас дорно дахины хятад, япон, солонгосын уран зохиолыг орчуулгаар уншиж байна. Дэлхийн утга зохиолтой монголчууд танилцахдаа төрөлх хэлээс нь биш ихэвчлэн орос орчуулгаар дамжуулан уншиж байсан болохоор тухайн орны зан заншил, ахуйг бүрэн ойлгоход дутагдалтай байсан байх аа. Манай Монголын зохиолчид хуучин социалист системийн орнуудаас гадна англи, япон, хятад хэлээр бүтээлээ гаргаж байна. Дорноосоо олон жилээр хөндий байсан нүүдэлчин монголчуудын уран зохиолыг орчуулахад хэцүү байдаг бололтой.
Тийм биш ээ. Хүн төрөлхтөн гэдэг нэг юм. Хүний дотоод сэтгэл зүрх гэдэг адилхан зовлон жаргал хосолно. Ази, Америк, Европ, өрнө дорнын ямарч утга зохиолыг орос хэлээр дамжуулан ойлгож болно. Гагцхүү орчуулагчийн чадал эрдэм мэднэ. Тэр нь хэцүү, тэр нь амархан гэх юм байхгүй.
Оросын уран зохиолыг Д.Нацагдоржоос эхлээд Монголын олон орчуулагч, зохиолчид орчуулж, монгол уншигчдын хүртээл болгосон. Танд хэний орчуулга бусдынхаасаа илүү санаанд чинь хүрсэн бэ?
Би бол Монголын уран зохиол судалдаг. Монголын уран зохиолоос цөөвтөрийг орос хэл рүү орчуулсан. М.Цэдэндоржийн орчуулсан нэг шүлгийн тухай хэлмээр байна. Блокийн шүлгүүдээс монгол хэл рүү анхааралд өртмөөр орчуулсан зохиолыг төдийлөн олныг үзээгүй. Миний дуртай шүлгийг Цэдэндорж монгол хэл рүү санаанд хүртэл орчуулсан. Тэгэхээр бидний дотоод сэтгэл ижил мэдрэмжтэй санагдсан. Тэр бол: Блокийн “Девушка пела в церковом хоре” буюу “Сүмийн найрал дуунд бүсгүй дуулав” гэдэг шүлэг. Энэ шүлэг насан туршид минь миний сэтгэл зүрхний эгшиглэн болж ирсэн юм гэлээ.
Тэр шүлгийг М.Цэдэндоржийн орчуулсан Зөвлөлтийн шилдэг яруу найргийн түүврээс уншиж байснаа саналаа. Тэрээр Герасимович гуайн хүүхэд ахуй нас дэлхийн хоёрдугаар дайны хүнд бэрх жилүүдтэй давхцаж, Ленинградын бүслэлтэд өнгөрсөн байдаг. Энэ шүлэг өлсгөлөн, өнчрөл хагацлын гашууныг нялх балчир сэтгэл, турьхан жаахан биеэрээ амсаж, амьдралын төлөө бяцхан охинд ахадсан их тэмүүлэл, хатуу чанга тэвчээрээр туулж ирсэнтэй нь холбоотой юм шиг санагдсан юм. Хань нөхөр нь өөд болж, эдүгээ үр хүүхэдгүй ганцаараа үлдсэн нь ч тэр дайны эмгэнэлт үр дагавар гэлтэй. Улаанбаатарт ирсэн хойноо түүний хэлснээр сэтгэлийнх нь дуулал болсон шүлгийг олж авсан юм/ 
СҮМИЙН НАЙРАЛ ДУУНД БҮСГҮЙ ДУУЛАВ
Тэнгист гарсан хамаг онгоцны тухай
Тэртээд яваа хамаг ядрагсдын тухай
Тэгээд бас мартагдсан баярынхаа тухай
Сүмийн найрал дуунд бүсгүй дуулав
Бүсгүйн дуу бөмбөгөр орой өөд хадаж
Бөмбөгөр цагаан мөр нь гэрэлд цайвалзана.
Цав цагаан өмсгөлтний гэрэлд дуулахыг
Хүн болгон харанхуйгаас харан чагнана.
Хамаг онгоц намуун зогсоолд хүрч
Харьд яваа ядарсан хүмүүс амарч
Баясгалант сайхан амьдралыг олж
Баяр жаргал амсах мэт бүхэнд санагдана.
Гэрэл гэгээ нь тодхон, дуу хоолой нь содхон
Гэтэл эзэн хааны өндөр босгоны тэнд
Элдэв нууцад холбоотой энхрий хүүхэд уйлах нь
Эргэж хэн ч ирэхгүй гэж тодхон үглэнэ хэмээсэн шүлэг юм.
Эрхэм хүнтэй хоёр цаг гаруй ярьжээ. Регина, Петрова, миний хүү Билэгжаргал бид дөрөв хамтдаа цайлж, Ч.Билигсайхан агсаны бэлэглэсэн Чингис хааны хөргийн өмнө дурсгалын зураг авахууллаа. Би түүнд гарын үсэг зурсан номоо дурсгаж, Герасимович гуай надад Христийн элч тэнгэрийн баримал, нэг гоёмсог алчуур бэлэглэсэн юм. Герасимович гуайнхаас гараад Достоевский тэр хоёрын шүтээн Үнэн алдартны сүмд ороход мөргөлийн дуу цангинаж байлаа. Энэ дууг сонсож зогсоход яагаад ч юм Ленинградын бүслэлтийг тэсч гарах гэж толгойгоо ноосон алчуураар ороож, хар нялхаараа хэрсүүжсэн ухаалаг нүдээр ирээдүйгээ гэрэлтэй сайхнаар төсөөлөх гэж оролдон наран зүг ширтсэн бяцхан охин, амьдралын хатуу хүтүү, сайн сайхныг үзэж амсан, өнгөрсөн амьдралаа эргэцүүлсэн буурал эмээ хоёр ээлжлэн дүрслэгдэж билээ. Ер дэлхийн хоёрдугаар дайны аюул гамшигт нэрвэгдсэн орос хүүхдүүдийн хувь заяа элгэнд үргэлж хөндүүрлэж байдгийг ч хэлэх үү. Тэр хүнд хэцүүгээс гарах гэж тэмүүлсэн гэрэл гэгээ, амьдралынх нь утга учир Монголын минь уран зохиол байсанд гүн хүндэтгэл төрөхөөс аргагүй байлаа.
Багш нарын минь халуун дотны анд Герасимович хэмээх эрхэм хүндэт хүн амьдралынхаа далаад жилийг монгол, тэр тусмаа монголын уран зохиол судлалд зориулсандаа сэтгэл дүүрэн сууна. Бас монголчуудад, монголын уран зохиолд хичнээн хайртайг түүний ярьсан хэлсэн, хийсэн бүтээсэн болгоноос мэдэрч, гүнзгий ухаан, амьдралын асар их туршлагатай, эдүгээ өндөр насны оргил ирсэн ч эрчимтэй хөдөлмөрлөсөөр байгаа энэ хүнтэй уулзсан гайхамшигт тохиол насан туршид минь мартагдахгүй гэдгийг би сайн мэдэж байна.
                                                Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр
Эх сурвалж "Зууны мэдээ" сонин

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews