ТҮҮХЧ, ОЛХОНУД ДҮГЭРИЙН ГОНГОР

Түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Д.Гонгор 1924 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын ард Дүгэрийн гэр бүлд төрж, 1936-1941 онд бага, дунд, багшийн сургууль, 1954-1957 онд Улсын их сургуулийн түүхийн ангид суралцан төгсчээ.

Д.Гонгор 1941 оноос эхлэн бага, дунд сургуулийн багш, аймгийн гэгээрлийн хэлтсийн байцаагч, дарга, Ховд аймгийн хөгжимт драмын театрын анхны дарга зэрэг ажил хийж байгаад 1953-1957 онд МУИС-ийн түүхийн ангид суралцаж төгсөөд, сургуульдаа 1960 он хүртэл багшилжээ.  1960 оноос ШУА байгуулагдахад Түүхийн хүрээлэнд шилжин эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилласан байна.
Түүхч Д.Гонгор нь 1967 онд Улаанбаатар хотноо Халх Монголчуудын өвөг дээдэс ба Халхын хаант улс /VIII-XVII зуун/ сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1974 онд Москва хотноо  Овгийн байгууллаас феодализмд шилжих үеийн түүхэн зааг дахь Монгол орон /XI-XIII зуун/ сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Ойг тэмдэглэх ажлын хүрээнд Архивын ерөнхий газар, Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхмээс хамтран “Түүхч, Олхонуд Дүгэрийн Гонгор” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагаас МУИС-ийн нэгдүгээр  байрны Эрдмийн танхимд зохион байгуулах гэж байна.
Эрдэмтний мэндэлсний 80 жилийн ой, 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд, найз нөхөд шавь нарынх нь дурсамж, Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа хувийн хөмрөгийн зарим баримт бичиг, гэрэл зургаас бүрдсэн 35 орчим хэвлэлийн хуудас номыг он дотроо багтаан хэвлүүлэхээр бэлтгэж байна. Мөн ойг тэмдэглэх ажлын хүрээнд телевиз, радиогийн хөрөг нэвтрүүлэг явагдаж, сонины нийтлэлүүд хэвлэгдэх болно.
Түүнчлэн 2015 онд түүний одоо нэн ховор болсон “Халх товчоон” I, “Халх товчоон” II хэмээх Монголын түүхийн шинжлэх ухааны тулгуур бүтээл хоёр боть, “Ховдын хураангуй түүх”, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллүүдийг нэгтгэсэн нэг боть, нийт дөрвөн боть ном хэвлүүлэх юм.

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews