Заг

Заг би
Захгүй говийн зах би
Дэвж гарах бөх шиг
Дэргэж ирэх морь шиг
Ороож цоройх могой шиг
Оргилж буцлах булаг шиг

Заг би
Захгүй говийн зах би
Зандны үнэртэй төрөөгүй ч
Заяандаа гомдохгүй

Үзэм жимс алагласан
Үзэсгэлэнт навчис цэцэглээгүй ч
Үндэс хавсан хөрснөөсөө
Үхсэн хойноо ч хагдрахгүй

Гучин гурван говь
Гурван сар шуурахад
Дороо сөхөрч уналгүй
Талаа түшиж өндийсөн

Хур гуйж
Хурмаст өөд сарвайсаар
Хувхай болтлоо хатсан ч
Хөвчид нахиалж зүүдлээгүй

Голоо хүртэл нэвчсэн
Нарны илчтэйдээ бардам
Тэнгэрээс өгөөгүй хурыг
Газраас олсондоо омой

Үлэг гүрвэлийн удам
Өндөгөө итгэж үлдээсэн
Эрт урьдын домог
Элсэн дороос нь лугших
Элэнц хуланцын говьдоо
Эзэн нь болсондоо босоо.

Улаанбаатар
1989-12-4

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews