Монгол гэр

I.
Орж гарсан олны хөлд
босго нь элэгдэж
тотго нь өндөрссөн
Аавын минь бор гэр
Орон хот, алс газар явахад
Аргалын гал,
утаа нь хүртэл санагддаг
Борцны нь үнэр дээвэртээ нэвчтэл
цайгаа даргиулсан
Ээжий минь дулаан гэр

Өд нь гүйцсэн шувуу шиг
огторгуйн хөлгөөр хөөрөхөд
Өндөг шиг бяцхан харагдсан
миний жаахан гэр
Ойр холын аянд
Олон ч удаа намайг үдэж
Ээрэм талдаа аргамжаатай тором шиг
Элсэн дундаа торойж үлдсэн дээ

II
Үүд нь үргэлж нээлттэй гэж
Үнсий нь салхи хөндөөгүй
Орой нь цоорхой тоонотой гэж
Од харваж унаагүй
Үрийн бүүвэйнд зүүрмэглэж
Үүрийн гэгээнээр сэрж
Ассан гал нь хэвээрээ
Аралтай тэргэнд ачигдсан
Миний ардын гэр

Туулсан олон зууны
Шуургалан өнгөрөх салхинд
Туурга нимгэрч байснаас биш
Тулга хөрч үзээгүй
Миний монгол гэр ээ.

Улаанбаатар
1987-4-10

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews