УС

2012-06-19 15:14:27

 Хөгшин зээрдийн дэлэн дээр гийнгоо цангинаж, магнай, хондлой нь айргаар мялаалгаж явсангүй. Унаган цагаасаа нутгийнхаа дээснээс гарч, Туулаас өөр голоос ус ууж үзээгүй морь. Харин энэ айлын хэдэн хүүхдийн хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэж, унааны дөртэй болгосон, ноолоход номхон, нойрмог нүдтэй морь юм.
Гэвч зөөлөн явдалтай, газрын бартаанд хөл чангатай, хурдлан давхидаггүй ч хазаар даран дөмөлзтөл хатирдаг, шавилхан, хөөрхөн унаа. Энэ удаа нэлээд хол аялах тул эзэн нь хэд хоног нуруу, хөлийг нь амрааж, ижилд нь тавьжээ. Ингэхлээрээ л алсхан явдгийг зөнгөөрөө мэдэх зээрд Туулынхаа уснаас ханатал залгиллаа. Зээрд морь сүүл шарван, чихээ солбилзуулан эзнийхээ жолоо залсан зүгт хазаар даран хатирлаа.


Уул, ус, бартаа, даваа, нугачаа ихтэй зам юм. Ер хээр хөдөө холхон явахад унасан мориноос илүү нөхөр гэж юу байх билээ. Бутан дороос болжмор нисэхийн төдий л бусгаж ухасхийгээд хээр явгалчих ч юм уу, тас ороолгуулж байж урагшаа гишгэдэг ургаа хад шиг унаатай бол ажил бүтээнэ гэж ярихгүй. Харин зээрд морь хар туурайгаа сэтэртэл хөлөрсөн ч явдал саадаггүй, сайн усалчихвал хоёр хоног ч замын ая даана. Ийм морьд мэр сэр дуулдах авч, олоод унахад бэрх ээ. Эзэн шөнө хугаслан явж айлын бараа харлаа. Цайлж, хооллоод, ойрхоны булаг заалгаж, морио услахаар гарав. Амгайг нь мулталтал булгийн тунгалаг хар усыг үнэрлэчихээд уусангүй. Эзэн сэнгэнэтэл исгэрсэн ч чихээ хулмалзуулаад уруул ч хүргэсэнгүй. “Цангаагүй юм байлгүй дээ, ингэсгээд ууна биз” хэмээн бодоод ойролцоох ширгэн дээр чөдөрлөж орхилоо.
Зээрд морь хурдан хурдан алхах эзнийхээ араас хэд дэгээд гүйцэлгүй, аргадах мэт аяархан үүрсээд хоцров. Аянд ядарсан эр сүхээр цохиулсан мэт нам унтжээ. Харин зээрд морь булгийн усыг дахиж нэг үнэрлээд бас л уруул хүргэлгүй, нутгаа зүглэх нь тэр ээ. Бэрх зам туулж, уул хадан дундуур зүтгүүлж, улдаж ирснийг хэлэх үү. Дэгэн сөхчин, бүдчин тэмүүлэхэд хөлсөндөө навтас шиг норж, цээж нь эгшинэ. Түүний нүдэнд цэлэлзэн мяралзах Туулын тунгалаг уснаас өөр юу ч үл үзэгдэн, бэдэрч, шөнө туршийг өнгөрлөө. Атар хөлийг захирсан чөдөр гэдэг юутай гачлантай. Хичнээн дэвхцэвч, тасарна, мултарна гэж даанч үгүй. Анх Туулын усанд ээжийгээ даган ирж, сүүтэйгээ амласан болоод ч тэр үү, уух бүрт эхийнх нь сүү амтагдаж, хамаг биеийнх нь тамир тэнхээ сэлбэгдэж, нүд нь тунгалагшин, хөл нь хөнгөрдөг билээ. Зээрд морь бусдын адил зүгээр нэг залгилдаггүй. Зэрмэлзсэн зээрд унага эрх цовоо явахдаа тонгочин тоглож, үргэж бусгаж, одтой, сартай, нартай нь шимэн амтлан тамшаалан, сүүлдээ бүүр ямбатай ууж сурснаа яахин мартах билээ.
Усанд нь сэлэх загас, өнгө өнгийн чулууг нэвт харж, дүрээ тольдон, ижил сүргийнхээ үнэртэй хамт шимэн шимэн аажуухан, удаан ууж зөвхөн амны цангаа биш, сэтгэлийн цангааг тайлдаг билээ. Энэ бүхэн дурсагдах тусам элэг нь эгшиж, хөлийнх нь чөдөр чангарах шиг болохуйд үлийд бүдрэн годройтлоо. Чөдөртэй амьтан амь тэмцэн тэмүүлэвч, босч чаддаггүй, магадгүй бараг эцсийн хүчээ шавхаж чадлаараа тийчигнэхэд чөдрийн сум тас үсэрлээ. Зөв талынх нь хойд хөл сулармагц ухасхийтэл урд хоёр хөл тушаатай. Гэвч ямарч атугай дөрвөн хөл дээрээ бослоо. Замд тааралдсан ус шалбааг бүрийг үнэрлэвч нэг л биш. Бүхэл өдөржин сэвхийх чөлөөгүй тэмүүлэхэд чөдөртөө холгож, урт замд улдсан хөл дороосоо халуу оргин, дээрээс гал халуун нар шарж, агь сэнгэнүүлсэн салхинд хоолой нь улам аргана. Зээрд морь эгээ л нүд бүрэлзэн, харангадаж унах нь халаг явлаа. Чингэтэл өрнөөс сэвэлзэх салхины үзүүрээс Туулын усны мансуурам сайхан үнэр сэнгэнэж, тушаатай хөл нь хөнгөрөх шиг болов. Тэртээ хойно ижил сүрэг нь усанд тийрч, ялаархан зогсоно.
Түүнийг харсан зээрд хангинатал янцгааж дуудъя гэтэл хатсан хоолойноос ганц ч авиа гарсангүй. Тэр зүгт амь тэмцэн дэгэж, сөхчин бүдэчсээр... Усандаа ойртох тусам хоёр нүдний нь нулимс бөмбөрч, их бэтгэрэл, гансрал нь сад тавьж, аюулхайны нь ачаа хөнгөрөх шиг. Бага насандаа ногт чагтнаасаа алдууран ижийдээ чавхдах мэт тэмүүлэв. Усны захад хүрэв үү, үгүй юу л нүдээ анин, дэлээ чичрүүлэн ухаангүй залгиллаа. Хүйтэн ус хамаг биеийг нь нэвчин эзэлж, сэнгэнэн цангаа тайлагдлаа. Сагаг нь улаан нялга болсон хоёр хөл нь тогтож ядан чичигнэнэ. Зээрд морь баярлан, унаган цагийнх нь шигээ тонгочин, ижил сүргээ дуудах гэтэл гэнэт гэдэс ходоод нь дэлбэрэх гэж буй мэт цэрийн, тэсгэлгүй өвдөж, усны захад тэрийн уналаа. Дээд хөх тэнгэр Туулын усан мэт цэнхэрлэж, тэндээс унгалдан ирэх ээж нь дуудах мэт янцгаах сонсдож, төгрөг хар нүднээс нь нэг их том хар нулимс тасран уналаа. Санаа нь амарч, хүсэл нь биелсэн амьтан л ийм байдаг болов уу гэмээр урт амьсгаа аван, дээш сарвайсан дөрвөн хөл нь алгуур сулрав.
Дахиад би энэ нутгаасаа хэзээ ч гарахгүй гэсэн шиг амгаланаар амьсгал хураалаа. Энэхэн агшнаа давхарлан суунаглах олон уулсын цаана хүний нутагт үлдсэн эзэн нь ааг амтагдсан шаргал цайнд биеийнх нь алжаал тайлагдаж, хамар дээгүүр нь хөлс бурзайж суулаа.
 Ц.ТҮМЭНБАЯР (Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч)                                1993-2012.2.16 Улаанбаатар хот

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews