ЯРУУ НАЙРГИЙН ГАЛЫН ДЭРГЭД




Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” наадам саяхан болж өнгөрсөн юм. Тус наадмын тэргүүн шагналыг утга зохиолын томоохон төлөөлөгчдийг ардаа орхин залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш “Миний бүтээсэн бүх юм хийгээд хэзээ ч бүтээж чадахгүй нэг юм” шүлгээрээ хүртсэн билээ. Тэрбээр их найрагчийн 80 насны ойд зориулсан, Завханы есөн хутагтын нэрэмжит “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” яруу найргийн наадамд мөн түрүүлж байв.Хөвсгөл аймагт зохиогдсон “Чингүнжавтусгаар тогтнол-газар шороо 300” наадмын тэргүүн байр, “Болор цом-2008” наадамд аман хүзүүдэж байсан түүнийг яруу найраг сонирхогчид мэдэх биз ээ. О.ЦэндАюушийн шүлгийг толилуулж байна.
Миний бүтээсэн бүх юм хийгээд хэзээ ч бүтээж чадахгүй нэг юм
Хамгийн цэлгэр талыг би алгаараа бүтээсэн мөртлөө
Харин энэ уулсыг би бодлоороо бүтээсэн
Хамгийн том тэнгис далайг би нүдээрээ бүтээсэн мөртлөө Харин энэ гол мөрнийг би бодлоороо бүтээсэн
Хамгийн хуурай элсэн цөлийг би ганцаардлаараа бүтээсэн мөртлөө
Харин энэ манхадыг би хүн чанараараа бүтээсэн
Хамгийн хуурамч үзэгдлийг би хэнд ч хэлээгүй үгээрээ бүтээсэн мөртлөө
Харин энэ зэрэглээг би үйлийн үрээрээ бүтээсэн
Хамгийн өтгөн буданг би төөрсөн хүнээр бүтээсэн мөртлөө
Харин энэ мананг би тэр хүнийг хайрлаж бүтээсэн
Хамгийн харанхуй шөнийг би гомдол цөхөрлөөрөө бүтээсэн мөртлөө
Харин энэ үдшийг би хүүхэд насаараа бүтээсэн
Хамгийн хатуу чулууг би амссан бүхнээрээ бүтээсэн мөртлөө
Харин энэ боржинг би амталсан жаргалаараа бүтээсэн
Хамгийн ширүүн аадрыг би дайсныхаа үгээр бүтээсэн мөртлөө
Харин энэ цагаан бороог би нөхрийнхөө сэтгэлээр бүтээсэн
Хамгийн сайхан бүсгүйг би өргөсөөр бүтээсэн мөртлөө
Харин энэ хөөрхөн охины үсийг би өвсөөр бүтээсэн
Энэ хорвоо ертөнцийг би цээжиндээ зоргоороо бүтээсэн мөртлөө
Ээжийгээ санаж суугаад би сайхан сэтгэлийг бүтээсэн
Эх орноо би цээжиндээ дураараа бүтээсэн мөртлөө
Энхрий үр минь чамайг би хүслийнхээ оргилд мацаж гараад бүтээсэн
Газар шороогоо би зүрхэндээ дээдийн дээдээр бүтээсэн мөртлөө
Ганцхан ээжийгээсээ илүүг бүтээж чадахгүй нь ээ.

Эх сурвалж

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews