Ц.Түмэнбаяр МОНГОЛ ГУТАЛ
Утгын чимэг 2013-ын тусгай байрын шагналт бүтээл /
Би
эртний гуулин тоногтой авдраасаа хэдэн давхар даавуунд нандигнан
баадагнасан хуучин монгол гутлаа гаргаж, хэдэн хором эргүүлж тойруулж
харлаа. Өвөг эцгийн үлдээсэн энэ гутал гөлмөнд удаан үрэгдсэнээс түрий
нь халцарч, зуузай нь хазайж өсгий, ул нь элэгдсэнээс үзэхүл он цагийн
урт, хүнд бэрх аян замыг туулжээ гэдэг нь юм үзэж, нүд тайлсан хүнд
андашгүй танигдана. Элдэв гоёл чимэггүй бүдүүн бааздуухан боловч аян
жин, хар бор ажлын ая даахаар, хэдэн жилийн битгий хэл хэдэн зууныг ч
өлхөнөө элээх гутал санж. Харваас түүнийг өнөөгийн хүн өмсөж хэрэглэхийг
тэгтлээ сонирхохгүй, бас тийм хэрэгцээ ч гарахгүй. Харин музей, үзмэрт
түүхэн үйл явдлын гэрч болгож тавибал илүү ач холбогдолтой байх биз.
Өвгийн гутлыг харж суухад морин дэл дээр дөрөө жийн өндийж, махир сэлэм эргүүлсэн монгол цэргүүдийн уухайн дуу, туурайн тачигнаа, ирт сэлмийн харшилдаан, газар тэнгэр нийлтэл тоос босгон тулалдах дайчдын эрэмгий дүр төрх зурсхийн орж ирнэ. Өвөг эцэг минь зуугаад жилийн тэртээ энэ гуталтайгаа Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэрэгт элсэж нэгдсэн Монгол улс байгуулах их аян дайнд мордож, Цагаан хэрэм хүрээд буцсан гэдэг.
[...]7:07 PM | Labels: Зохиолууд (Монгол хэлээр) | 0 Comments
УС
12:43 AM | Labels: Зохиолууд (Монгол хэлээр) | 0 Comments
Лууны зулзага /өгүүллэг/
6:27 PM | Labels: 2000 - 2009, Зохиолууд (Монгол хэлээр) | 0 Comments
МӨРӨӨДЛИЙН ЭГЧ
Би талхаа тас тэврэн гэрээдээ гүйснээ өөрийн эрхгүй эргэн өнөө эгчийн араас мэлмэртэл ширтэн хоцорсон сон. Тэр эгч цасан шуурганаас гэнэтхэн гарч ирсэн шигээ тэнгэрээс тасралтгүй лавсан унаж өтгөрөн ээрсэн их цасан дунд цоглог алхсаар шингэн алга болсон сон. Түүнээс хойш нөгөө эгчийг гараад ирэх болов уу гэж бүтэн өвөлжин цөхөртлөө хүлээсэн ч бараа сураггүй. Хавар цас хайлж, газар тарлантахад “цасан дундаас ирсэн, цасан дунд шингэсэн мөрөөдлийн эгч минь…” гэж шийдсэнээсээ хойш түүнийг харуулдахаас больсон.
10:12 PM | Labels: 2010 - 2011, Зохиолууд, Зохиолууд (Монгол хэлээр) | 0 Comments
Үхлийн вэб сайт
Чингээд өөр сайтуудаас тоглоом хайтал “Үхлийн вэб сайт” хэмээх этгээд нэр дэлгэцэн дээр гарч ирэх нь тэр ээ. Тоглоомын эхний хуудсанд хохимой толгой, чагталсан хоёр чөмөг бүхий үхлийн зөгнөл, дээр нь тод улаан анхаарлын тэмдэг анивчина.
“Энэ ямар тоглоом бол хэмээн хүүгийн хорхой нь гозногов. “Нээх” гэдэг товчлуурыг дартал нууц үг нэхлээ. “Нууц үг авъя” гэтэл “Тавиас дээш насныханд зориулав. Та амьдралаас уйдаагүй бол энэ тоглоомоор тоглох хэрэггүй” гэсэн бичиг гарч бүр ч аазгайг нь хөдөлгөн санаашралд оруулав. Хүү яаж ч оролдоод энэ сайтад орж чадсангүй. Макрософт компанид хамгийн туршлагатай тоглогч чинь гуйж байна гэж хэд хэдэн захиа бичсэн ч зөвшөөрөл өгсөнгүй. Оронд нь өөр тоглоом явуулжээ. “Үгүй. Энийг чинь би аль хэдийн олоод тоглочихсон” хэмээн тэсэхүйеэ тачъяадан хашгирлаа. Энэ хариу түүний хязгааргүй хүсэл мөрөөдөл, тоглохын агуу хүслийнх нь өөдөөс нулимах шиг.
Аргаа барж суутал утас дуугарав. “Байна уу, миний хүү юу? Ээж нь байнаа. Өнөөдөр аав чинь тавин нас хүрч байгаа шүү дээ. Тэмдэглэнэ шүү. Миний хүү аавыгаа яаж баярлуулахаа бодож байгаарай” гэлээ. Хүү ээжийнхээ үгэнд ч хариу өгөлгүй нүдэнд нь оч гялалзаж “Азны юм” хэмээн дуу алдаад шууд л компьютерынхаа өмнө суулаа.
Аавынхаа регистрийн дугаар, гэрэл зураг, эрхэлдэг ажил, и-мэйлийнх нь хаягийг явууллаа. Гэтэл “Та сайн бодно биз дээ. Та гэр бүлтэй юу? Хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүд чинь бүгд амьдралд биеэ дааж гарсан уу?” гэх мэт олон асуулт дахиад л ирлээ. Хүү “Тоглоом тоглоход тэр ямар хамаатай юм бэ?” хэмээн хашгирч, уурандаа багтарч ядан хоолой нь зангирч байлаа. Маш товчхоноор нь “Гэр бүлгүй” гээд биччихлээ. Гэтэл “таныг регистрийн дугаараар чинь шалгахад гэрлэлтээ батлуулсан байна” гэсэн хариу ирлээ. Хүүд “Энэ тоглоомоор тоглуулахгүй юм биш биз гэх битүүлэг түгшүүр төрж, зүрх нь дэлсэнэ. Тэгэхээр нь “Эхнэртэй, хүүхэдгүй” гэж бичлээ. Гэтэл бас л “Таныг энэ тоглоомоор тоглох уу, үгүй юу гэдгээ дахин нэг бодох боломж олгоё” гэсэн эгдүүтэй хариу ирлээ. “Юугий нь бодоод байх юм. Бодсон, эргэлт буцалтгүй шийдсэн. Дахин бодмооргүй байна” гэсэн ууртай захиа бичлээ. “Таны хязгааргүй хүслийн чинь эрхээр тоглоомыг чинь илгээхэд бэлэн боллоо. Гэвч та уйдсан амьдралаа орхихын тулд 100 доллараар энэ замыг сонгоно” гэсэн даажинтай үг дэлгэцэн дээр гарав.
Шүүгээнд “чухал үед хэрэглэнэ” хэмээн ээжийнх нь хадгалсан õýäýí доллар байлаа. Хүү эргэлзсэнгүй. Банкны салбарт очиж, мөнгөө шилжүүлжээ. Шилжүүлснээс хойш цагийн дараа л түүний и-мэйлээр “Үхлийн вэб сайтад” нэвтрэх түлхүүр үг нь илгээгджээ. Барьж тогтоохын аргагүй их хүслээр түлхүүр үгийг бичиж, вэб сайтад орлоо. Гайхамшигтай азаартуулж хорхой хүргэсэн тоглоом. Түүнээс үхлийн гэх үнэр ч ханхалсангүй. Өнгө үзэмж, хөдөлгөөн, хорхой хүргэж байгаа нь адтай гэж жигтэйхэн аймшигт соронзон мэт татна. Юу нь үхлийнх байгаа юм бэ? Юу нь тавиас доош насныханд гэж. Яагаад амьдралаас уйдсан бол тогло гэж. Хүүгийн бүх бие нь бадайран догдолж, ухаан жолоогүй шунан тоглолоо. Ядрах, алжаах гэдгийг ор тас мартаж, уруулаа химлэн тоглоно. Нуруу гарынх нь алга хөлөрч хулганаа залж чадахгүй гулгахад шууд гар дээрээс нь залж тоглоно. Гарын товчлуурууд бороо шаагих мэт дуугарна. Зүрхний нь хий хөөрч, амь, амьсгаа нь давхцах мэт огшин чамархайны нь судас хагаран алдтал лүг лүг цохилон, зүүгээр шивэх мэт нүүрний нь арьс хатгачин өвдөж байлаа.
Хүү орчин тойрноо мэдрэх ч сөгөөгүй компьютерийн дэлгэцийг залгих мэт ширтэж, эгшин зуур гялсхийн өнгөрөх шар гэрлийг хулганы заагууруур барьж товших гэж мэрийсэндээ царай нь минчийтлээ улайжээ.
Хүүд компьютерийн дэлгэц ухаж баршгүй үүр уурхай болон үзэгдэж, компьютерийн орчин тойрондоо үүсгэсэн цахилгаан соронзон орон, нүдэнд үл үзэгдэгч хэт ягаан туяны хачин содон үнэр, амт хүртэл таатай санагдан хүү нэг ёсондоо компьютерийн салшгүй нэгэн эд эс болсон байлаа.
Энэ тоглоом ялах гэж хорхойссон хүний шунаг хомхойрлын сөрөг эрчим хүчээр нэмэн цэнэглэгдэж нүдээр дамжин эргээд уураг тархийг нь гэрлийн урсгал болгон химлэж байгааг хэн мэдэх билээ.
Ээж нь ирээд хаалганы хонхыг дээд цэгт нь тултал дарсан ч хүү түүнийг мэдсэнгүй. Ээж нь түлхүүрээрээ хаалгаа онгойлгон орж ирэхэд компьютерийнхээ өмнө ухаан мэдрэлээ алдан тоглож буй хүүгээ хараад мөрөн дээр нь гараа тавилаа. Хүү давхийн цочиж эхийгээ хартал “еэ бүү үзэгд” арван гуравхан настай бяцхан хүүгийн царай аль хэдий нь тавь гарсан өвгөний ядарч туйлдсан үрчлээт нүүрээр солигджээ. Баяр баясгалан, хүүхдийн гэнэн цагаан дүрсгүй төрхөөр очтон гялалзаж асан томоогүй бор нүдний оронд шалхайж унжсан зовхин дороос хөх усан хүрээ татаж цэлхэрсэнээс гадна цус хурсан нүдний аяганд асар хурдтай олон өнгийн ширүүн урсгал усны эргүүлэг мэт хүүхэн харааг нь өрөмдөн орж байлаа. Гэтэл нүдтэй нь зэрэгцэн компьютерийн дэлгэц дээр яг тийм урсгал чөлөө завгүй эргэлдэж, компьютер нь үхэл зөгнөсөн хүйтэн хөх инээдээр элэглэн шоолсоор авай.
6:21 AM | Labels: 2000 - 2009, Зохиолууд (Монгол хэлээр) | 0 Comments
Лууны зулзага
Ц.Түмэнбаяр
/өгүүллэг/
Жан овогт өмхөрч муудсан шавар тагзандаа амьсгал хураахаа хүлээн толгой тархи нь маналзан хэвтэхүйд ухаан санаанд нь эрт урьдын түмэн явдал хойно урдаа орон, эмх замбараагүй чихцэлдэн дурсагдах агаад түүний дотроос сэтгэл зүрхнээс нь эдүгээг хүртэл салаагүй нэгэн гашуун дурсамж байн байн голыг нь зурна. Тэр бол гуч гаруй жилийн өмнө болсон явдал. Өндөрлөж зассан тавцан дээр хувьсгалын эсэргүү, ядуу ардыг дарлан мөлжигч газрын эзэд, хаан язгуур угсаатнуудыг олны нүдэн дээр жигшүүлэн цээрлүүлж, цаазлан хороож байсан цаг. Шинэ цагийг бүтээгч залуучууд “улаан хамгаалагч” нэрийн дор юугаа ч мэдэхгүй цөс нь хөөрч, хавьтсан ойртсон болгоноо “хуучирсан, ялзарсан” хэмээн хүйс тэмтэрч, эвдэн сүйтгэж, галдан шатааж, ёстой л газрын хөрстэй тэгшилж байлаа. Тэр дунд Жан овогт улаан тугийг мандуулан хувьсгалын дуу дуулж, “эсэргүүнүүд”-ийг хайр найргүй илчлэн баривчилж, цаажлан хороох тэргүүн шугаманд “Ура” хашгиран давшиж явсан билээ.
Гэтэл яасан гээч. Нөгөө тавцан дээр өвөг эцгийг нь хүлж авчраад энгэрт нь “Хувьсгалын эсэргүү, ялзарсан феодалын үлдэгдэл, дарлан мөлчигчийн залгамж халаа” хэмээсэн томоо гэгчийн пайз зүүж, сөхрүүлэн суулгасан байлаа. Жан овогт өөрийн мэдрэлгүй тавцан дээр үсрэн гарч “энэ чинь юу болж байгаа юм” гэтэл намын хорооны дарга “Намын үүрийн даргаа энгэрт нь байгаа пайзыг харахгүй байна уу. Таны хамар дор, бүр нэг гэрт феодалын үлдэгдэл байхад одоо хүртэл чимээгүй байсныг юу гэж ойлгох вэ. Энэ чинь “хувьсгалын эсэргүүг нуун дарагдуулсан” гэдэг ялд унахад чинь хангалттай шалтгаан болно. Иймд чи үнэхээр хувьсгалч, Хятад орныг шинэчлэгч мөн юм бол энэ дарлагч ангийн үлдэгдлийг өөрийн гараар утсгаж, олны өмнө хувьсгалд үнэнч гэдгээ харуул” хэмээн том гэгчийн мод гарт нь бариуллаа. Жан овогт өвөг эцгийн зүг гэмшилтэйгээр харахад өвөг эцэг “намайг алаад ч болохноо амьд гар” гэсэн харцаар цоо ширтэж байлаа. Жан овогт нөгөө модоо барьсан чигтээ өвөг эцгийн зүг гөлрөн зогсож байтал, “Бушуулаач, дараагийн эсэргүүнүүд дараалаад хүлээж байна” гэж дарга ширүүн догшиноор зандран хашгирлаа. Жан овогт “Аа” хэмээн муухай орилоод өвгийн толгойг хага цохив. Цусанд улангассан араатан мэт “Май, май” хэмээн хар тэнхээгээрээ дахин дахин цохисоор байлаа. Тавцан тэр аяараа цусанд будагдаж, өвөг эцгийн цогцос танигдахын аргагүй тамтаг болоход дарга “Одоо болно” гээд ухаан мэдрэлээ алдсан түүнийг хүчирхэг гараараа шилэн дээрээс нь шүүрч арагш нь татах хүртэл балбасаар л байсан юм. Тэр дөнгөж сэхээ орон цусанд будагдсан модоо шидэхэд намын дарга түүний баруун гарыг дээш нь өргөж, “Энэ хүн хувьсгалд үнэнч гэдгээ харууллаа” хэмээн чанга дуугаар зарлан тунхаглав. Жан овогт гарыг нь сул тавихад эргэж ч харалгүй гэрийн зүг салгалж билээ.
Түүний өмнө тэнгэр, газар дайвалзан эрээлжилнэ. Тархи нь задарч, чамархай нь хагарч байна уу гэмээр толгой нь тэсэхүйеэ бэрх өвдөж байсан юм. “Хувьсгалын ажил” гэсээр өчнөөн хоног барааг нь хараагүй гэртээ орж ирэхэд гэрлээд жилийн нүүр үзээгүй эхнэрийнх нь гар салганан: “Танай овгийнхноос чи л ганцаараа үлдлээ. Одоо чи намайг алах уу” хэмээн хоолой чичрүүлэн асуулаа. Жан овогт “Юу би ганцаараа…Бусад нь, охин дүү, нагац ах… ” гэхэд эхнэр нь “Бүгд та нарын гарт…” гэлээ. Жан овогт сүхээр цохиулсан мэт ханзан дээр яг хийтэл суув. Эхнэрээ хэсэг гөлөрснөө “Нээрээ энэ маань бас л хаан язгууртай эмэгтэй шүү дээ. Өвөг эцэг язгуур угсаатай эхнэр авч өгнө” гэж бид хоёрыг хар багад минь сүйлсэн биш билүү” хэмээн бодож амжсансан.
Өвөг эцэг “Хүү минь манайхан чинь хаан угсаатай хүмүүс. Миний элэнц хаан ширээнд залагдахын даваан дээр Манжид эзлэгдэж, бидний хүсэл газрын гаваар орсон гэдэг. Түүнээс хойш хоёр зуу гаруй жил өөд нар харсангүй. Тэр үед элэнц Манжийн цэрэгт албадан татагдаж Ар Монголд очиход “хожмын өдөр тэнд л улсаа байгуулж, эцэг өвгөдийнхөө хүслийг биелүүлж, сүнсий нь аргадах юм байна” гэдгийг зөн совингоороо мэдсэн гэдэг. Тэгээд тэнд хаан эцгийнхээ сэлмийг нэгэн агуйд нууж, “Нэгэн цагт үр удам маань энэ газарт хаан төрийг мандуулна” хэмээн тангараг өргөсөн гэдэг юм. Миний үед бүтсэнгүй. Чиний эцгийн үед ч бүтсэнгүй. Харин чиний үед юмуу, чиний үр хүүхдийн үед бүтэж магадгүй. Иймд бидний нар урдаас биш, ардаас мандах тул тэр зүгт хараагаа чиглүүлж яваарай. Чи л эдэн дотроо арай цөстэй, холын бодолтой нь” хэмээн аминчлан захиж, сэлэм нуусан агуйн газрын зураг өгч асан нь тов тод. Магадгүй тэр л захиасаар “суусан цэцнээс явсан тэнэг дээр” хэмээн тулгар биетэй эхнэрээ дагуулан өвгөө хөнөөсөн тэр шөнөдөө л Дундад их улсаас оргон зайлж билээ.
Жан овогт бүгшүүлэн ханиаж хэвтэхдээ толгойгий нь түшиж суусан хүүдээ:
-Миний чулуу дэрлэх цаг иржээ. Чи Мин үндэстэн гэдгээ хэзээ ч мартаж болохгүйтэй адилхан хүслээ гүйцээхээс нааш удмын тухай ганц ч үг ганхийж болохгүй. Өдийг хүртэл газар нутгийн эзэн болохын төлөө тэмцэж ирсэн эцэг өвгөдийнхөө сүнсийг… гээд дахин бүгшүүлэн бөглөрснөө арай гэж амьсгаа аваад … амраамаар байна гэлээ. Тамирдсан бие нь хэсэгтээ л тайвширч чадахгүй амьсгаадсанаа:
-Бас нэг захих юм бол ээжийгээ сайн асраарай. Хаан дээд язгууртай, үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байсан юм шүү. Чиний төлөө амиа үйхээс ч буцахгүй, чамайг тэжээх гэж шүдээрээ газар мэрж зүтгэсэн эхийгээ зовоовол хүсэл тань биелэхгүй. Үүнийг битгий мартаарай, чиний цаашаа хөгжиж, хөлжихөд хүрэлцэхээр хэмжээний зоос, бас нөгөө газрын зургийг ногооны талбайн зүүн хойно булсан байгаа. Сайн цаг удахгүй ирнэ. Тэвчээртэй хүлээгээрэй. Санасандаа яаж хүрэхийг чиний ухаан мэднэ гэж арай ядан үгээ зөөж хэлснээ дахин бүгшүүлж, бөглөрөн царай нь цэлдэн хөх боллоо. Гэнэт ганцхан гүнзгий амьсгалахдаа энэ орчлонгоос авах сүүлчийн агаараа нэг мөсөн татах нь тэр ээ. Хүү:
- Ааваа… гээд хэсэг чимээгүй суулаа. Түүнд “Манай Жан овогтууд хаан удамтай юм шүү. Гагцхүү өөрийн газар нутагтай болчихвол дэлхийн эзэн болно хэмээн үе дамжин тангарагласаар өдийг хүрлээ. Дундад улсад соёлын хувьсгал гарахад “хааны удмынхан” гэдгийг минь нэг “гөлөг” илчилснээс манайхан толгой дараалан хядуулж, би ээжийг чинь дагуулан түмэн бэрхшээлийг туулан Ар Халх руу амь зулбаж ирсэн юм. Түүнээс хойш өмхий жорлон ухаж, гол зогоож ирлээ. Даанч гутмаар. Хятад их гүрэнд байгаад нэмэргүй. Түмэн шоргоолж шиг олны дундаас гэрэлтэн гарч хаан болох нь бүү хэл толгойгоо ч цухуйлгаж чадахгүй. Харин энэ Монгол. Чамд Монгол, хятад хэлийг эн тэнцүүхэн сургасны учир энэ. Хоёр сэлэмтэй хүн хоёр гараараа зэрэг байлдана. Ганц сэлэмтэй хүн сэлэмгүй талаасаа цавчуулна” хэмээн сургаж, борви бохисхийлгэлгүй ногооны талбайд сөхөрч унатал нь ажиллуулж, өлөн зөлөм өсгөснөөс биш, сохор зоосны тухай үнэр ч авахуулаагүй билээ. Зоосны тухай эмгэнээ эзгүйд хэлсэнийг бодоход ээжээс нь ч нуусан бололтой.
Х х х
Эцгийн хэлснээр сайн цаг ирлээ. Монголд төрийн эргэлт гарч, паспортыг иргэний үнэмлэхээр солилоо. Жан овогт яаж энэ завшааныг алдах билээ. Мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй нэгэнд хэдэн төгрөг атгуулж, “халх боржигон” овог авч, нэрээ “Жаргалын Баянмонгол” хэмээн солилоо. Монголын шинэ төр газрыг иргэддээ өмчлүүлэх болсон нь Жан овогтод “тэнгэрийн умдаг” атгуулах нь тэр ээ. Эзэнгүй юм шиг цэлийх онгон зэлүүд газрыг харах болгонд шүлс нь сул асгарч, төвөнхөө гүрвэлзтэл залгидаг билээ.
Жан овогт “шинэ төрд суудлаа зассан” гэж цээжээ дэлдсэн нэгэн эртэй гайгүй “зузаарч”, түүний нууц ивээн тэтгэгч боллоо. Тэрээр ямар амьдардгаа үзүүлж, итгэлий нь бүтэн хүлээхийн тулд түүнийг гэртээ урьжээ. Хэний ч хараа булаам европын орчин үеийн загвар хийцтэй, эргэн тойронд нь зүлэг, мод суулгаж тохижуулсан, “энэ цагийн шинэ баячууд” хэмээн хамраа сөхсөн залуусын хэлбэрддэгээр “Рэд Хаус” хэмээх англи нэр өгсөн хоёр давхар орон сууцтай билээ. Түүний гэрт орж ирсэн хэн ч Мин үндэсний Жан овогт гэж төсөөлөхийн аргагүй монголжуу ахуйтай. Харин ажигч гярхай нүдээр сайтар шинжих юм бол цусанд нь шингэсэн….. хятад гэдгийг нь төвөггүй мэдэж болмоор. Одоог хүртэл түүнийг тэгж сонжсон хүн огт үгүй. Гэтэл хятад аялгуутай ярьдаг эх нь шувуун хөлөөрөө цөмцөгнөсөөр орж ирээд, өнөө Монголтой тонголзон мэндэлдэг байгаа. Найз нь ээжийг нь хараад цочих мэт болсноо, царай нь барсхийв. Жан овогт ээжийгээ “гар” хэмээн сэмхэн дохилоо. Зочин:
-Энэ хүн таны юу юм бэ? хэмээн их л сэрдэнгүй асуухад:
-Өө манай түншийн ээж. Ээж минь үхэхээсээ өмнө Ар халхын агаар залгиж үзнэ гээд амар заяа үзүүлэхгүй юм гэж гуйгаад байсан юм. Одоо яая гэхэв түншийнхээ хүчээр л арилжаа наймаа бүтэж, тандаа хүртэл бага сага юм хүртээж байгаа болохоор… гээд инээлээ.
Зочныг явсаны дараа минчийтлээ уурласан Жан овогт:
-Үхсэнээ хийж орж ирсэн юм. Чамаас болж миний хамаг ажил нурлаа хэмээгээд өмднийхөө тэлээг шувт татан авч, хамаг чадлаараа сэгээ сөгөөгүй ороолгоход эх нь орь дуу тавьснаа нуруугаа даран чимээгүй гиншлээ. Жан овогт дэлбэрэх шахан аахилж, “алчихалтай билээ. Даанч даанч аав…” хэмээн хөмхийгөө зуужээ.
Маргаашаас нь эмгэн гараашын ар талын харанхуй зооринд хоригдлоо.
-Ээж минь танд амар, надад ч амар. Нүдээ анитал чинь энд л байлгахаас. Хэзээнээсээ Хан үндэстэн гай болсон бүсгүйчүүдээ харанхуй сүмд насыг нь дуустал нар, салхины бараа харуулалгүй хорьдог нь заншил юм чинь гэжээ.
Х х х
Хоёр жилийн дараа. Жан овогтын эхнэр халамжтай, мөнгөтэй, ажилсаг, эелдэг зантай, “Хэзээ нэгэн цагт би Монголын төрд гарч “хаан” сууна. Би биш гэхэд миний хүү” хэмээн тоглоом шоглоомын дундуур хэлж хэвлийг нь энхрийлэн илдэг нөхрийнхөө ивээлд хүүгээ төрүүлэхээр хүлээж байлаа. Өнөө цагийн Монголд иймэрхүү эрчүүд ховордсон болохоор бүсгүй, түүний эцэг, эх ч “аз таарч, ерөөлөөр учирсан хань” хэмээн ихэд хүндэтгэн хайрлана.
Нэг өдөр нөхрийнхөө эзгүйд бүсгүй салхилахаар гэрээсээ гарчээ. Гэтэл юу харсан гэж санана аа. Хашаан дотор нь хир дагандаа өнгө нь мэдэгдэхээ больсон ноорхой хувцастай, цаас шиг цагаан царай нь хөхөр даасан, ёстой л утсан чинээ улаан гол дээр арьс тохуулсон гэмээр жижигхэн эмгэн нүхний амсар дээр амьсгаадан дээшээ харж хэвтэхийг хараад цочин балмагдаж дуу алдлаа. Бүсгүйг харсан эмгэн, сөөнгөтөж суларсан хоолойгоор:
-Охин минь битгий ай. Би Баянмонголын ээж нь байна хэмээн харь аялгуутай хэлэхэд бүсгүй:
-Юу, та юу хийж байгаа юм бэ? гэлээ. Эмгэн:
-Ойрт охин минь. Би хоёр жил цэвэр агаар амьсгалсангүй. Үхэхийнхээ өмнө гэгээн нарыг үзэх гэж энэ нүхийг жилийн өмнөөс дороос нь ухсан юм. Битгий ай. Миний төрсөн ганц хүү Хятад гэдгээ нуух гэж намайг энд хорьсон юм. Бид хятад хүмүүс. Мин үндэсний Жан овогт. Цаадах чинь миний гарч ирсэнийг мэдвэл намайг ч, чамайг ч ална. Би агаар амьсгаллаа. Одоо боллоо. Охин минь намайг буцаагаад оруулчих. Чи мэдээгүй, гарч ирээгүй бол дээр байсан юм. Намайг орсоны дараа энэ нүхийг мэдэгдэхгүй булаарай. Тэгэхгүй бол чамайг алчихна шүү хэмээн амьсгаадан хэллээ.
Бүсгүй яах учраа олохгүй зогсож байтал нөхөр нь хашаанд орж ирлээ. Бүсгүй нөхрөө хараад давхийн зочиж, айж, гайхсан нүдээр эх, хүү хоёрыг ээлжлэн харж зогстол нөхрийнх нь царай хувхай цайн, хамаг бие нь салгалснаа эхнэрээ “гэртээ ор” хэмээн дохилоо.
Баянмонгол юу ч дуугаралгүй, ухаж гаргасан нүхийг цоргих мэт харснаа эмгэний зүг шүдээ хавиран ойртож, зүүд зэрэглээ шиг түүнийг цаас шиг хумхин чирч, зооринд оруулав. Эмгэн “Би энэний гарт үхэж болохгүй. Урьтахгүй бол эцгийнх нь ч, манай овгийн ч, миний ч сүнс амрахгүй” хэмээн бодлоо. Уурандаа тэсрэх шахсан хүү нь харанхуй өрөөний яажгий муу орон дээр нь тавингуутаа л чахалзууры нь шахлаа. Эмгэн ч хоцорсонгүй. Амьдралынхаа эцсийн хүчийг шавхан, хоёр жил бүргэдийн савар шиг ургасан хумсаа гүрээнийх нь судсанд шигтгэлээ. Яг энэ агшнаа Жан овогтын эхнэр цочирдсондоо өвдөж, төдөлгүй нялх хүүхдийн дуу часхийлээ… Лууны зулзага…
Улаанбаатар
[...]
5:49 AM | Labels: 2000 - 2009, Зохиолууд (Монгол хэлээр) | 1 Comments
Зохиол: Мэргэнд буусан чоно
- Шанью минь есөн зоосны хөлд ёоно буулаа гэж баяртайгаар дуу алдан:
- Чоно чонодоо бүр цагаан чёоно гэж дэлгэсэн алгаа нүдэнд нь ойртуулахад Түмэн шанью:
- Тийм байна. Энээс илүү яаж буухав гээд таатайяа инээмсэглэв. Шанью төлөгчийг гар гэж дохиод жуумалзасхийн бодол боллоо. Тогтсон од шиг торомгор нүдэн хатныхаа төрөх гаж шаналж байхдаа гуйсан хүслийг биелүүлэх боломж олсондоо олзуурхан суув. “Би үхэх нь. Би үхэж магад” гэж уруулаа чичрүүлэн, нулимс торолзуулахдаа “Хэрэв надаас хүү төрж гэмээ нь ширээгээ үалгамжлуулна гэж амлаач” гэхэд нь “Амлая, Ганц чи минь бүү үхээрэй. Чамайгаа үгүй бол би чинь амьдаараа хатна” гэчихэж билээ. Хатнаас хүү төрж, харин талийгаач хатнаас төрсөн ахмад хүүгээ яахин далд оруулах аргаа олж цөхөн хэдэн жил тарчилж билээ. Тэгээд эртний хонзонт Юэчжийнхэн нэг хүгээ барьцаанд өгөхийг шаардсаныг далимдуулан том хүүгээ явуулахаар шийдэж, чингэвэл овог, аймаг, орон гэр, удам угсаанд нь хэр өлзийтэй байхыг зоос татуулж үзсэн нь энэ бөлгөө. Түмэн шанью том хүү Маодуниа дуудаж, дэргэдээ суулгаад их л нухацтайгаар: - Юэчжий ван хүүгээ барьцаалахыг удаа дараа шаардсаныг чи эс мэдэх. Өмсөхзүүхийг тэднээс царайчлах учир та хоёрын нэгнийг барьцаалахаас өөр мэх алга. Дүү чинь томоогүй балчир байна. Харин чи гурван үгний цаадахыг мэдэхийн дайтай эрийн цээнд хүрчээ. Нутаг ус, элгэн саднаа бодож, хүний газар явах болж дээ. Би чамайг нүдэнд торсон үртэс, хумсанд шигдсэн өргөс мод шиг бодоогүй шүү. Чи бол алаг зүрхнээс минь амь шиг зүүгдсэн үр минь. Хүний нутагт “сууна гэж шороо атгаж, суниана гэж чулуу шидэж” яваарай гээд духан дээр нь үнэрлэжээ. Маодунь үдэгдсийг тойруулан харахад түүнийг өрөвдөж хайрласан өөриймсөг царайтай хүн ганц ч байсангүй. Харин арваад настай дүүгийнх нь толгойг илбэн зогсож буй хойт эхийнхээ цатгалан харц, завьжинд нь нуугдсан албин инээмсэглэлтэй тулгарахд ганц хүүгээ гэж амиа дэвсэж явсаар х эдэн жилийн өмнө жилийн одсон ээжийнх нь зовингуй зөөлөн дүр сэтгэлд нь буув аа. “Ээж минь байсан бол” гэж цөхрөнгүй шивнэн хоолойдоо зангирсан бөөн хар нулимсыг төвөнхөө гүрэлзүүлэн залгиад, мориндоо мордон, хүний нутгийн зүг эргэж харалгүй давхин одов оо.Хатан хүүгээ хөтлөн гэртээ ороод хацры нь өхөөрдөн үнсэж:
- Миний бяцхан үр. Аавынхаа ширээг залгана гэж тэсгэлгүй дуу алдан хэлж, баяртайгаар санаа алдахад хацар нь жаргалтайяа гэрэлтэв. Хэдхэн сарын дараа Түмэн шанью Юэчжий аймгийг довтлов. Юэчжийн ван барьцаан дахь хүүг чинь тасчин ална гэж хэдэн удаа хэлүүлсэн боловч эс тоон, нутгийнх нь талыг эзэлж, олон иргэдийг нь алан хядав. Гэтэл шуугитал бороо асгарсан тас хар шөнө залуу хатантайгаа амгалан нойрсох шаньюг цочоон сэрээж, хэн нэг морьтон пижигнүүлэн давхиж ирлээ. Түрмэл цээжтэй, даага шиг том догшин нохой нь давхих нь бүү хэл, боргох ч үгүйг бодоход өөрийн хүн бололтой. Тэр хүн гэрий нь үүдийг сөхөж орж ирээд, гартаа таарсан тагш авч, зүүн хатавчин дахь хөхүүртэй айрагнаас хутган, асгаж цутгалан хүд хүд залгилахад шанью ханан дахь илдээ шүүрэн авч:
- Хэн бэ? Гэж хашгирав. Харанхуйл амьсгаадан тэвдэгч өнөө хүн тагштайгаа айргаа алдах чимээ гарч:
- Тэд намайг хэдэн хэсэг тасчин алах гэлээ. Би арай ядан амь зулбаж оргон ирэв. Эцэг минь хэрхэхээ өөрөө мэдсүгэй! Гээд өмнө нь сөхрөн унахад шаньюй золионд өгсөн хүүгээ таньж гэрэл гаргав. Хамаг хувцас нь усан шалхнаг болтлоо норж, нүд нь маналзан, эрүү амаа тачигнуулан чичрэх хүүгийнхээ ус урсах нүүр өөд шалгах мэт лавлан хараад,
- Оргоод гэнээ. Үнэн үү? Гэж ширүүн дуугаар асуув. Хүү нь:
- Яагаад худал гэж хэмээн гайхаж, гомдмон өнгөөр цухалдан асуухад шанью тоомжиргүй хүйтнээр:
- Үнэн бол буцаад яв. Юэчжий вангийн толгойг авчир! Май! гээд илдээ шидэж өгөв. Хүүгийн алмайрсан нүд догширсон харцаар солигдож, дүрэлзэх мэт эцгийнхээ өөдөөс цоо гөлрөв. Ээцг энэ нүднээс дальдарсхийн ч зориуд хэнэггүй царай гарган, хээвнэг хэвтээд өглөө. Хатан нойрмоглон сэрсэн ч Маодуний ирснийг мэдмэгц хамаг судсаар айдас зарганан гүйж, ар нуруу нь хүйт оргин, шаньюгийн цээжинд туулай шиг хярлаа. Хүү хөмхийгөө цусыг нь нөжирнөл зуугаад, судас нь гүрэлзсэн хуруундаа чинэртэл илдээ атгаж, ухасхийн гарав.
Түмэн шанью өстнөө дарсны их найр хийж, олз омгоо хувааж байлаа. Юэчжий вангийн гавлын ясаар хийсэн аягандаа архи дүүргэн тамшаалж, улаан зуурд болтлоо согтсон тэр, - Хохь нь. Хүүгээ барьж өгчихөөд байхад алдчихаад, гавлаараа тагш хийлгэсэн Юэчжий вангийн хохь. Түмэн шаньюгийн удмын судсаар цус биш гал урсдаг гэдгийг олон аймаг мэдж, мөрт минь мөргөж, сүүдэрт минь сөгдөж яваг! хэмээгээд их хүүгийнхээ мөрөөр тэвэрч:
- Миний хүү. Аав нь хүүгийнхээ баатар зүрх, мэргэн ухааныг үнэлж, түмтийн дарга болгоё. Чи миний хурц илдний ир, хурдан сумны зэв болж яв! Ясны өшөөг сумаар нэхдэг юм гэж аминчирхан хэлснээ, ялимгүй бодолхийлэн, дуугаа зөөллөж,
- Миний хүү аавдаа гомдоогүй биз. Илдийг эхлээд галд ширгээж, дараа нь усанд хөргөж, хат суулгадаг шүү дээ гэж аргадангуй дуугарав. Тэгснээ маасайтал инээж,
- Чи миний мэргэд буусан чоно. Алив наашаа хар гээд өөдөөс нь хөлчүүрч суларсан нүдээр удаан ширтсэнээ,
- Нүдий нь яг чоно. Яг даа гээд ха ха ха инээв. Маодунь ямархан нэгнийг сэхээрэн эцгийнхээ өөдөөс сэрвэсхийн харснаа овтойгоор жуумасхийв.
Маодунь түүнээс хойш эцэгтээ нэг их ойртож сүйд болоогүй ч үнэнч зүтгэж байлаа. Алс холын аян дайнд явах гэж байгаа мэт байлдааны сургууль хийж, цэргүүдээ цэгцлэн дуут сумаар харван, эрчүүдийнхээ хийморь жавхааг сэргээн буй нь хэний ч бахрхалыг төрүүлэм ажээ. Тэр нэг өдөр цэргүүдээ сайн мориныхоо зүг харвахыг тушааж, дуут сумаа тавьтал зарим нь харваж, зарим нь харвасангүй. Харваагүйнх нь толгойг авав. Дараа нь хайртай гэргийгээ харвахад зарим нь харваж, зарим нь эс харвав. Тэр мөн л эс харвасных нь толгойг хяргав. Хожим эцэг шаньюгийн сайн хүлгийг харвав. Энэ удаад дуут сумтай зэрэгцэн бүх сум тусав.
Хүүгийнхээ энэ явдлыг мэдэж байсан ч шаньюй төдийлөн тоосонгүй, үйлийн үргүй төрсөн үр нь бөгөөд барьцаанд өгч жудаггүй хатуу сэтгэл гаргасан ч эргээд ирэхэд нь өршөөл үзүүлж, Юэчжийг хамтран даралцсанд түмтийн дарга болгосон. Эцэгтээ үнэнчдээ л эрэж ирснээс эс зайлах. Түүнээс биш хар буруу санасан бол эцгийнхээ толгойг Юэчжий ванд аваачаад өгчихье гэхнээ нь ч тэр зэргийн зүрх зориг, хорсол занал байлтай л. Яана гэхэв. Хоёр хүүгийн хэн чадалтай нь эцгийн ширээг залгаг. Эрэг шиг эмтэрч, хад шиг хагарч явж эмхлүүлсэн улсыг хэн цөстэй нь толгойлж явах нь ёс! Гэж бодоод хатныхаа улигласан хүслийг тас цохиж, дуугий нь хорьжээ.
Ариун дагшин байгаль үүргэлэн дуниартаж, модны навчис хонгортсон намрын өдөр Түмэн шанью ахмад хүүгийнхээ эр чадал, ид хавыг нүдээрээ үзье хэмээн шийдэж, анд дагуулан гарчээ. Шанью дүүхэлзтэл алхах морины явдал дунд хүүгийнхээ наршиж хүрэнтсэн бүдүүн хүзүү, хоохгор шилийг араас нь харж, шөрмөслөг гарынх нь булчин, багтаж ядсан эрч хүчээр зангирч байхыг үзээд аргагүй л бахархаж явлаа. Хөх үдээр шиг идэр эрүүдийн дунд хүүтэйгээ зэрэгцэн, эн чацуу эрс мэт энэ тэрийг хүүрнэн нутаг ус, удам судрынхаа тухай нуугдмал сонин сайхныг тодруулан ярьж явахад тэрнээс илүү жаргал үгүй мэт санагдана. Тэгтэл ч зуун уулын сугаас азарган чоно гэнэт сунан зугтах нь тэр ээ. Түүнийг харсан эрчүүд уухайлан хойноос нь хөөв. Чих дөжрөм уухайнд зүрх нь хөөрсөн морьд чонын хойноос ам булаалдан давхихад ардаа ойртох олон морьдын туурайн чимээнд зүрх нь хагаран алдаж сүүлээ хавчсан цас шиг цагаан чоно ногоон талаар тэнхээ мэдэн сунаж байлаа. Хүү дуут сумаа тавихад олон эрчүүд, шанью ч харвав.
Тэд олз омог ихтэй, баян тарган энэ өдрийг үзэж, үдэш буцахын хэр Түмэн шаньп мориноосоо бууж булгийн хүйтэн уснаас залгиллаа. Гэтэл араас нь догдолж чичирхийлсний зэрэгцээ өшөө хорсол хосолсон өнгөөр:
-Ааваа! Гэх дуун гарахад Түмэнд битүүлэг түгшүүр төрж, алгуур эргэн, айдас мэлтийх нүдээр харлаа. Хүү нь:
-Би таны мэргэнд буусан чоно буюу гээд сумаа тавихад хүүгийнх нь дуут сумтай уралдан исгэрэх олон сум шаньюн цээжинд шивээлэв. Шахнью гэдэргээ тэнгэр ширтэн алдалж уналаа. Нүдэнд нь сэмжин цагаан үүлний цаанаас чонын шөрмөсөөр хүйг нь боосон улаан нялзрай Маодунь часхийтэл чарлан сарвалзаж асан нь үзэгдэж, “Мэргэнд буусан чоно буюу чоно буюу” гэх дуу нь хадны цуурай мэт давтагдан давтагдс аар бүдгэрэв ээ.
3:34 AM | Labels: Зохиолууд (Монгол хэлээр) | 2 Comments
Зохиол: Цагаан сүүний домог
Аарцаг яс нь задран алдтал өвдөх хоёр тулгар бүсгүй. Гэрийн баруун хатавчинд Ойрадын Шарбаатарын залуу хатан Насан, тэр тушаа гадаа хаяанд олзны бүсгүй, хоёул ханын үдээр шажигнатал зуурч ёолон гиншинэ. Олзны бүсгүйн эр нөхөр халхын баатар жанжин дөнгөж өчигдөрхөн Шарбаатарын хурц илдний ирэнд, хүүг нь тээж үлдэх залуу хатныхаа нүдэн дээр амь эрсэдсэн. Ойрадын жанжин “олзны хатнаас охин төрвөл өршөөнө. Хүү төрвөл дор нь ална. Миний хатнаас голомт залгах хүү төрвөл Халхтай байлдахыг зогсооно” гэж зарлиг буулгасан нь бүсгүйн чихэнд хадна.
Насангийн нүдэнд алалдан байлдах эрчүүдийн хилэнт царай улангасан дайрч амь өрсөн бие биенээ хядах хурц ирэнд хяргагдан унах үе тэнгийнхний нь танил толгой харагдаж, шархандаа тарчлан татвалзаж, амь тэмцэх хүмүүсийн өршөөл эрсэн, хараан зүхсэн гаслант чимээ, өвдөлт ширүүсэх тусам улам тод сонсдож байсан...
Хатан тэсэхүйеэ бэрх өвдсөндөө уруулаа хөхөртөл тас зууж, нүүрэнд нь борооны дусал шиг хөлс бөнжигнөн, ар нурууг нь даган урсах хөлсөнд нимгэн тэрлэг нь нэвчин биеийг нь барина. Гэрийн хаяанд өвдөх олзны бүсгүйгээс ямар хүүхэд төрөхийг үзэх гэж хоёр шивэгчин манаж зогсоно. “Ижий” гэж амь тэмцэн хашгирахтай зэрэгцэн хоёр хүүхэд дуу дуугаа авалцан часхийв. Дөнгөж төрсөн хоёр хүүхдийн хүйг таслан бооход охин төрүүлсэн Насан хаяанд амаржсан бүсгүйн хүүг харлаа. Шарбаатарын хатан хажуудаа тавьсан охиноо өндийж аваад, тамирдангуй дуугаар:
–Монголжин! гэв. Олзны бүсгүй хатны зүг хардангуй харцаар цэрвэн харахад, Насан цээж нь ялихгүй түхэлзэн амьсгаадаж,
– Чи бид хаяа, хатавч хоёрт алтан ясаа хэлтэлж, алаг махаа тасалж эх боллоо! Май миний охиныг ав! Хүүгээ аль! Чамд энээс өөрөөр хүүгийнхээ амийг аврах арга байхгүй. Охиныг минь өрнөөсөө унагасан үр шигээ өврөөсөө салгалгүй өсгөөрэй гэлээ... Монголжин гайхан өндийж,
–Юу гэсэн үг вэ? Эзэн чинь мэдчихвэл... гэтэл Насан,
–Түргэл! Хүн харахаас урьт! гэж шаардангуй хэлэхэд олзны хатан тээнэгэлзэн нэг үг хэлэх гэтэл:
-Май гээд охиноо ханын нүдээр цээжин дээр нь зөөлөн унагалаа. Монголжин ч хүүгээ зөрүүлэв.
,,, Аяны асарт ташаа тулан бодлогоширч суух Ойрадын Шарбаатар өмнөө сөхрөн унасан хиаг цоо ширтэн
–Миний хатнаас хүү төрж, олзны хүүхнээс охин гарлаа гэв үү Хэн хэлүүлэв гэж нухацтай агаад догшин асуув. Хиа:
– Таны залуу хатан Насан ахайтан гэж түргэн хариулаад, өршөөл эрсэн хүлцэнгүй харцаар нүд цавчилгүй ширтэв. Шарбаатарын зүрх нь цээжиндээ багтахгүй дэлбэрэх нь үү гэмээр түхэлзэж,
–Би өөрийн нүдээр үзнэ гэж намуухан хэлснээ, хөмсөг өргөн,
– Морь бэлд! гэлээ.
Шарбаатар мориныхоо амыг таталгүй суран ганзага сарвайтал цогиулсаар шөнө дундаас хойно дайны газраас алсхан барьсан аяны гэрүүдийн гадаа ирлээ. Тэр хөхөл нь сэгсэлзэж зүрх нь хөөрсөн борлог мориныхоо амыг татан ангалзуулж, түмпэнтэй ус барьж, гүйх шахам явсан шивэгчнээс “Хүүхдүүд хаана байна” гэж өндөр дуугаар асуув.
–Тэр! гэж жижигхэн гэрийг заахад Шарбаатар мориноосоо үсрэн бууж, сул орхиод, гэрийн үүдийг ширүүн сөхлөө. Гэвч орчин тойрондоо юу болж байгааг гадарлах ч үгүй нам тайван зэрэгцэн унтаж байгаа алгын чинээхэн хоёр нялх амьтныг хараад зогтусан хэсэг алмайрав. Цэрвэн дайжсан, аль нэг юмнаас айж эмээсэн, шилэмтэн шунасан итгэж цөхсөн аль нь үл мэдэгдэх харцаар хүүхдүүдийн зүг бүлтийн ширтсээр болгоомжлох мэт алгуур дөхөж очлоо. Цээжиндээ багтахгүй оволзох зүрхээ бахим том гараараа дарахад, төвөнх нь гүрэлзэж хөл нь чичирч байлаа. Тэр, өлсгөлөн бүргэд гэнэт олз харсан мэт догшин нүдээр хүүхдүүдийн дээрээс цоо ширтээд “Тэгнээ тэр, Аман хүзүүгээр минь тас харвах атаатны зулзага төрж” гэж шивнэв. Бүсэндээ хавчуулсан илднийхээ ишнээс чанга атгаснаа хөмхийгөө зуухад түүний чамархайн судас луг луг цохилж, тархи нь задарчих шахан ангалзан өвдөнө. Уур хилэн, гомдол цухал шингэсэн хүрлэгэр өнгөөр царай нь хувирч, гэрээс ухасхийн гарлаа. Хатны гэрийн зүг түргэн түргэн алхсаар үүдэнд нь ирэхэд, гэрээс домботой цай барьж гарах шивэгчний “Хатны бие тааруу байгаа шүү” гэж анхааруулах, гуйх зэрэгцсэн өнгөөр хэлэхийг ч анзааралгүй, шууд л яваад орчихов.Тэр арай ядан амьсгаагаа дарж, сая амаржсан хатныхаа зүг хэлмэгдсэн хүний гомдолтой агаад шаардангуй аясаар “Чи юунд намайг мэхлэв” гэж хоолой чичрүүлэв. Тамирдаж туйлдсан хатан нь Шарбаатарын зүг толгойгоо алгуур эргүүлэв. Насангийн царай шөнийн сар шиг цонхийж, улаа бутарч асангэрэлт хацарт нь судлын төдий ч цусны туяа байсангүй. Тормос тормос тоглож байдаг алаг нүдний нь харц сулран нялхарч, нулимс гүйлгэнэнэ. Тэр цээл тунгалаг атлаа сонсдох төдий намуун зөөлөн дуугаар
–Өршөө намайг! Ах дүү нарынхаа цусыг урсгасан аян дайны явдалд алжаан сульдлаа би. Зүрх шимширч, өр минь өмөрлөө. Энэнээс цаашихыг давж чадахгүй нь. Цус нулимсны өнгөнд нүд минь өвдөж байна. Би өөрөө ч одоо үхэх нь. Үхэх хүний сүүлчийн гуйлтыг биелүүлээч! Хүүгийн амийг өршөө! Та минь өршөө! өршөө! гэх дуу нь суларсаар огцом агдасхийв. Түүний өрөвдөн нигүүлсэж, хайр дүүрсэн мэлмийх нь гал аажим буурахад, танхилхан болцгор гар нь сул унжлаа. Шарбаатар ухасхийн гарыг нь атгаж, суун тусч сөхрөв. Хатны нүд “өршөө, өршөө” гэсэн үгийг давтах номхон харцаар ширтсээр... Шарбаатар нүдний нь зовхийг алгаараа зөөлөн илж, буулгахад задгай цээжинд нь уураг чинэн томбойх хун цагаан хөхнийх нь товчин дээр сүү түрэн бөнжийснөө, сугы нь даган нулимс адил урслаа. Шарбаатар яахаа мэдэхгүй манан дунд төөрсөн мэт алмайран халаглахад, түүний хайрлаж дурлаж явсан жаргалтай мөчүүд нь зүүд мэт зурсхийн үзэгдлээ. Тэр гүнзгий эхэр татсанаа, хэзээ ч нулимс гарч байгаагүй болов уу гэмээр хурц догшин нүдэнд нь яах ийхийн зуургүй харуусал гуниг дүүрч, хатныхаа хар үсээр эмжээрлэгдсэн хөөрхөн духыг нь удаан үнслээ. Түүний хучлагыг алгуур дээшлүүлэн нүүрий нь бүтээгээд үлгэн салган амьтан арай ядан хөлөө зөөж гарахдаа үүдэнд зогсож:
-Тунхаглан зарла. Миний хатнаас хүү төрсөн хэмээн хоолой зангируулан хэлээд гуйвлан цааш алхав. Тэртээ зүүн хаяанаас тэнгэр өндөрсөн үүрийн сүүн цагаан туяа орчлонг гийгүүлэн мандав аа.
1991 он Улаанбаатар
3:34 AM | Labels: Зохиолууд (Монгол хэлээр) | 1 Comments
Зохиол: Үхлийн вэб сайт
Хүү тоглосоор л байлаа. Заримдаа улайран галзууртлаа тоглоход цахим машиных нь чадал жолоогүй хүсэл, язганасан хурууных нь хурдыг гүйцэхгүй гацахад компьютерээ хага цохиод хаячихмаар санагдана. Хүү хар тамхинд орсон мэт тоглохын эдгэршгүй аймшигт солиоролд нэрвэгдэж, түүнийгээ мөнхийн диваажин гэж бодно. Энэхүү гайхамшигт тоглоомын амтанд оруулсан хүмүүс бол нь аав ээж хоёр нь. Гурван сар тоглоход хүүд орж үзээгүй тогломын сайт интернэтийн сүлжээнд үлдсэнгүй. Чингээд өөр сайтуудаас тоглоом хайтал “Үхлийн вэб сайт” хэмээх этгээд нэр дэлгэцэн дээр гарч ирэх нь тэр ээ. Тоглоомын эхний хуудсанд хохимой толгой, чагталсан хоёр чөмөг бүхий үхлийн зөгнөл, дээр нь тод улаан анхаарлын тэмдэг анивчина.
“Энэ ямар тоглоом бол хэмээн хүүгийн хорхой нь гозногов. “Нээх” гэдэг товчлуурыг дартал нууц үг нэхлээ. “Нууц үг авъя” гэтэл “Тавиас дээш насныханд зориулав. Та амьдралаас уйдаагүй бол энэ тоглоомоор тоглох хэрэггүй” гэсэн бичиг гарч бүр ч аазгайг нь хөдөлгөн санаашралд оруулав. Хүү яаж ч оролдоод энэ сайтад орж чадсангүй. Макрософт компанид хамгийн туршлагатай тоглогч чинь гуйж байна гэж хэд хэдэн захиа бичсэн ч зөвшөөрөл өгсөнгүй. Оронд нь өөр тоглоом явуулжээ. “Үгүй. Энийг чинь би аль хэдийн олоод тоглочихсон” хэмээн тэсэхүйеэ тачъяадан хашгирлаа. Энэ хариу түүний хязгааргүй хүсэл мөрөөдөл, тоглохын агуу хүслийнх нь өөдөөс нулимах шиг.
Аргаа барж суутал утас дуугарав. “Байна уу, миний хүү юу? Ээж нь байнаа. Өнөөдөр аав чинь тавин нас хүрч байгаа шүү дээ. Тэмдэглэнэ шүү. Миний хүү аавыгаа яаж баярлуулахаа бодож байгаарай” гэлээ. Хүү ээжийнхээ үгэнд ч хариу өгөлгүй нүдэнд нь оч гялалзаж “Азны юм” хэмээн дуу алдаад шууд л компьютерынхаа өмнө суулаа.
Аавынхаа регистрийн дугаар, гэрэл зураг, эрхэлдэг ажил, и-мэйлийнх нь хаягийг явууллаа. Гэтэл “Та сайн бодно биз дээ. Та гэр бүлтэй юу? Хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүд чинь бүгд амьдралд биеэ дааж гарсан уу?” гэх мэт олон асуулт дахиад л ирлээ. Хүү “Тоглоом тоглоход тэр ямар хамаатай юм бэ?” хэмээн хашгирч, уурандаа багтарч ядан хоолой нь зангирч байлаа. Маш товчхоноор нь “Гэр бүлгүй” гээд биччихлээ. Гэтэл “таныг регистрийн дугаараар чинь шалгахад гэрлэлтээ батлуулсан байна” гэсэн хариу ирлээ. Хүүд “Энэ тоглоомоор тоглуулахгүй юм биш биз гэх битүүлэг түгшүүр төрж, зүрх нь дэлсэнэ. Тэгэхээр нь “Эхнэртэй, хүүхэдгүй” гэж бичлээ. Гэтэл бас л “Таныг энэ тоглоомоор тоглох уу, үгүй юу гэдгээ дахин нэг бодох боломж олгоё” гэсэн эгдүүтэй хариу ирлээ. “Юугий нь бодоод байх юм. Бодсон, эргэлт буцалтгүй шийдсэн. Дахин бодмооргүй байна” гэсэн ууртай захиа бичлээ. “Таны хязгааргүй хүслийн чинь эрхээр тоглоомыг чинь илгээхэд бэлэн боллоо. Гэвч та уйдсан амьдралаа орхихын тулд 100 доллараар энэ замыг сонгоно” гэсэн даажинтай үг дэлгэцэн дээр гарав.
Шүүгээнд “чухал үед хэрэглэнэ” хэмээн ээжийнх нь хадгалсан хэдэн доллар байлаа. Хүү эргэлзсэнгүй. Хүү банкны салбарт очиж, мөнгөө шилжүүлжээ. Шилжүүлснээс хойш цагийн дараа л түүний и-мэйлээр “Үхлийн вэб сайтад” нэвтрэх түлхүүр үг нь илгээгджээ. Барьж тогтоохын аргагүй их хүслээр түлхүүр үгийг бичиж, вэб сайтад орлоо. Гайхамшигтай азаартуулж хорхой хүргэсэн тоглоом. Түүнээс үхлийн гэх үнэр ч ханхалсангүй. Өнгө үзэмж, хөдөлгөөн, хорхой хүргэж байгаа нь адтай гэж жигтэйхэн аймшигт соронзон мэт татна. Юу нь үхлийнх байгаа юм бэ? Юу нь тавиас доош насныханд гэж. Яагаад амьдралаас уйдсан бол тогло гэж. Хүүгийн бүх бие нь бадайран догдолж, ухаан жолоогүй шунан тоглолоо. Ядрах, алжаах гэдгийг ор тас мартаж, уруулаа химлэн тоглоно. Нуруу гарынх нь алга хөлөрч хулганаа залж чадахгүй гулгахад шууд гар дээрээс нь залж тоглоно. Гарын товчлуурууд бороо шаагих мэт дуугарна. Зүрхний нь хий хөөрч, амь, амьсгаа нь давхцах мэт огшин чамархайны нь судас хагаран алдтал лүг лүг цохилон, зүүгээр шивэх мэт нүүрний нь арьс хатгачин өвдөж байлаа.
Хүү орчин тойрноо мэдрэх ч сөгөөгүй компьютерийн дэлгэцийг залгих мэт ширтэж, эгшин зуур гялсхийн өнгөрөх шар гэрлийг хулганы заагууруур барьж товших гэж мэрийсэндээ царай нь минчийтлээ улайжээ.
Хүүд компьютерийн дэлгэц ухаж баршгүй үүр уурхай болон үзэгдэж, компьютерийн орчин тойрондоо үүсгэсэн цахилгаан соронзон орон, нүдэнд үл үзэгдэгч хэт ягаан туяны хачин содон үнэр, амт хүртэл таатай санагдан хүү нэг ёсондоо компьютерийн салшгүй нэгэн эд эс болсон байлаа.
Энэ тоглоом ялах гэж хорхойссон хүний шунаг хомхойрлын сөрөг эрчим хүчээр нэмэн цэнэглэгдэж нүдээр дамжин эргээд уураг тархийг нь гэрлийн урсгал болгон химлэж байгааг хэн мэдэх билээ.
Ээж нь ирээд хаалганы хонхыг дээд цэгт нь тултал дарсан ч хүү түүнийг мэдсэнгүй. Ээж нь түлхүүрээрээ хаалгаа онгойлгон орж ирэхэд компьютерийнхээ өмнө ухаан мэдрэлээ алдан тоглож буй хүүгээ хараад мөрөн дээр нь гараа тавилаа. Хүү давхийн цочиж эхийгээ хартал “еэ бүү үзэгд” арван гуравхан настай бяцхан хүүгийн царай аль хэдий нь тавь гарсан өвгөний ядарч туйлдсан үрчлээт нүүрээр солигджээ. Баяр баясгалан, хүүхдийн гэнэн цагаан дүрсгүй төрхөөр очтон гялалзаж асан томоогүй бор нүдний оронд шалхайж унжсан зовхин дороос хөх усан хүрээ татаж цэлхэрсэнээс гадна цус хурсан нүдний аяганд асар хурдтай олон өнгийн ширүүн урсгал усны эргүүлэг мэт хүүхэн харааг нь өрөмдөн орж байлаа. Гэтэл нүдтэй нь зэрэгцэн компьютерийн дэлгэц дээр яг тийм урсгал чөлөө завгүй эргэлдэж, компьютер нь үхэл зөгнөсөн хүйтэн хөх инээдээр элэглэн шоолсоор авай.
2004.06.26 УБ
3:27 AM | Labels: Зохиолууд (Монгол хэлээр) | 0 Comments
Зохиол: Лууны зулзага
Лууны зулзага
/өгүүллэг/
Жан овогт өмхөрч муудсан шавар тагзандаа амьсгал хураахаа хүлээн толгой тархи нь маналзан хэвтэхүйд ухаан санаанд нь эрт урьдын түмэн явдал хойно урдаа орон, эмх замбараагүй чихцэлдэн дурсагдах агаад түүний дотроос сэтгэл зүрхнээс нь эдүгээг хүртэл салаагүй нэгэн гашуун дурсамж байн байн голыг нь зурна. Тэр бол гуч гаруй жилийн өмнө болсон явдал. Өндөрлөж зассан тавцан дээр хувьсгалын эсэргүү, ядуу ардыг дарлан мөлжигч газрын эзэд, хаан язгуур угсаатнуудыг олны нүдэн дээр жигшүүлэн цээрлүүлж, цаазлан хороож байсан цаг. Шинэ цагийг бүтээгч залуучууд “улаан хамгаалагч” нэрийн дор юугаа ч мэдэхгүй цөс нь хөөрч, хавьтсан ойртсон болгоноо “хуучирсан, ялзарсан” хэмээн хүйс тэмтэрч, эвдэн сүйтгэж, галдан шатааж, ёстой л газрын хөрстэй тэгшилж байлаа. Тэр дунд Жан овогт улаан тугийг мандуулан хувьсгалын дуу дуулж, “эсэргүүнүүд”-ийг хайр найргүй илчлэн баривчилж, цаажлан хороох тэргүүн шугаманд “Ура” хашгиран давшиж явсан билээ.
Гэтэл яасан гээч. Нөгөө тавцан дээр өвөг эцгийг нь хүлж авчраад энгэрт нь “Хувьсгалын эсэргүү, ялзарсан феодалын үлдэгдэл, дарлан мөлчигчийн залгамж халаа” хэмээсэн томоо гэгчийн пайз зүүж, сөхрүүлэн суулгасан байлаа. Жан овогт өөрийн мэдрэлгүй тавцан дээр үсрэн гарч “энэ чинь юу болж байгаа юм” гэтэл намын хорооны дарга “Намын үүрийн даргаа энгэрт нь байгаа пайзыг харахгүй байна уу. Таны хамар дор, бүр нэг гэрт феодалын үлдэгдэл байхад одоо хүртэл чимээгүй байсныг юу гэж ойлгох вэ. Энэ чинь “хувьсгалын эсэргүүг нуун дарагдуулсан” гэдэг ялд унахад чинь хангалттай шалтгаан болно. Иймд чи үнэхээр хувьсгалч, Хятад орныг шинэчлэгч мөн юм бол энэ дарлагч ангийн үлдэгдлийг өөрийн гараар утсгаж, олны өмнө хувьсгалд үнэнч гэдгээ харуул” хэмээн том гэгчийн мод гарт нь бариуллаа. Жан овогт өвөг эцгийн зүг гэмшилтэйгээр харахад өвөг эцэг “намайг алаад ч болохноо амьд гар” гэсэн харцаар цоо ширтэж байлаа. Жан овогт нөгөө модоо барьсан чигтээ өвөг эцгийн зүг гөлрөн зогсож байтал, “Бушуулаач, дараагийн эсэргүүнүүд дараалаад хүлээж байна” гэж дарга ширүүн догшиноор зандран хашгирлаа. Жан овогт “Аа” хэмээн муухай орилоод өвгийн толгойг хага цохив. Цусанд улангассан араатан мэт “Май, май” хэмээн хар тэнхээгээрээ дахин дахин цохисоор байлаа. Тавцан тэр аяараа цусанд будагдаж, өвөг эцгийн цогцос танигдахын аргагүй тамтаг болоход дарга “Одоо болно” гээд ухаан мэдрэлээ алдсан түүнийг хүчирхэг гараараа шилэн дээрээс нь шүүрч арагш нь татах хүртэл балбасаар л байсан юм. Тэр дөнгөж сэхээ орон цусанд будагдсан модоо шидэхэд намын дарга түүний баруун гарыг дээш нь өргөж, “Энэ хүн хувьсгалд үнэнч гэдгээ харууллаа” хэмээн чанга дуугаар зарлан тунхаглав. Жан овогт гарыг нь сул тавихад эргэж ч харалгүй гэрийн зүг салгалж билээ.
Түүний өмнө тэнгэр, газар дайвалзан эрээлжилнэ. Тархи нь задарч, чамархай нь хагарч байна уу гэмээр толгой нь тэсэхүйеэ бэрх өвдөж байсан юм. “Хувьсгалын ажил” гэсээр өчнөөн хоног барааг нь хараагүй гэртээ орж ирэхэд гэрлээд жилийн нүүр үзээгүй эхнэрийнх нь гар салганан: “Танай овгийнхноос чи л ганцаараа үлдлээ. Одоо чи намайг алах уу” хэмээн хоолой чичрүүлэн асуулаа. Жан овогт “Юу би ганцаараа…Бусад нь, охин дүү, нагац ах… ” гэхэд эхнэр нь “Бүгд та нарын гарт…” гэлээ. Жан овогт сүхээр цохиулсан мэт ханзан дээр яг хийтэл суув. Эхнэрээ хэсэг гөлөрснөө “Нээрээ энэ маань бас л хаан язгууртай эмэгтэй шүү дээ. Өвөг эцэг язгуур угсаатай эхнэр авч өгнө” гэж бид хоёрыг хар багад минь сүйлсэн биш билүү” хэмээн бодож амжсансан.
Өвөг эцэг “Хүү минь манайхан чинь хаан угсаатай хүмүүс. Миний элэнц хаан ширээнд залагдахын даваан дээр Манжид эзлэгдэж, бидний хүсэл газрын гаваар орсон гэдэг. Түүнээс хойш хоёр зуу гаруй жил өөд нар харсангүй. Тэр үед элэнц Манжийн цэрэгт албадан татагдаж Ар Монголд очиход “хожмын өдөр тэнд л улсаа байгуулж, эцэг өвгөдийнхөө хүслийг биелүүлж, сүнсий нь аргадах юм байна” гэдгийг зөн совингоороо мэдсэн гэдэг. Тэгээд тэнд хаан эцгийнхээ сэлмийг нэгэн агуйд нууж, “Нэгэн цагт үр удам маань энэ газарт хаан төрийг мандуулна” хэмээн тангараг өргөсөн гэдэг юм. Миний үед бүтсэнгүй. Чиний эцгийн үед ч бүтсэнгүй. Харин чиний үед юмуу, чиний үр хүүхдийн үед бүтэж магадгүй. Иймд бидний нар урдаас биш, ардаас мандах тул тэр зүгт хараагаа чиглүүлж яваарай. Чи л эдэн дотроо арай цөстэй, холын бодолтой нь” хэмээн аминчлан захиж, сэлэм нуусан агуйн газрын зураг өгч асан нь тов тод. Магадгүй тэр л захиасаар “суусан цэцнээс явсан тэнэг дээр” хэмээн тулгар биетэй эхнэрээ дагуулан өвгөө хөнөөсөн тэр шөнөдөө л Дундад их улсаас оргон зайлж билээ.
Жан овогт бүгшүүлэн ханиаж хэвтэхдээ толгойгий нь түшиж суусан хүүдээ:
-Миний чулуу дэрлэх цаг иржээ. Чи Мин үндэстэн гэдгээ хэзээ ч мартаж болохгүйтэй адилхан хүслээ гүйцээхээс нааш удмын тухай ганц ч үг ганхийж болохгүй. Өдийг хүртэл газар нутгийн эзэн болохын төлөө тэмцэж ирсэн эцэг өвгөдийнхөө сүнсийг… гээд дахин бүгшүүлэн бөглөрснөө арай гэж амьсгаа аваад … амраамаар байна гэлээ. Тамирдсан бие нь хэсэгтээ л тайвширч чадахгүй амьсгаадсанаа:
-Бас нэг захих юм бол ээжийгээ сайн асраарай. Хаан дээд язгууртай, үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байсан юм шүү. Чиний төлөө амиа үйхээс ч буцахгүй, чамайг тэжээх гэж шүдээрээ газар мэрж зүтгэсэн эхийгээ зовоовол хүсэл тань биелэхгүй. Үүнийг битгий мартаарай, чиний цаашаа хөгжиж, хөлжихөд хүрэлцэхээр хэмжээний зоос, бас нөгөө газрын зургийг ногооны талбайн зүүн хойно булсан байгаа. Сайн цаг удахгүй ирнэ. Тэвчээртэй хүлээгээрэй. Санасандаа яаж хүрэхийг чиний ухаан мэднэ гэж арай ядан үгээ зөөж хэлснээ дахин бүгшүүлж, бөглөрөн царай нь цэлдэн хөх боллоо. Гэнэт ганцхан гүнзгий амьсгалахдаа энэ орчлонгоос авах сүүлчийн агаараа нэг мөсөн татах нь тэр ээ. Хүү:
- Ааваа… гээд хэсэг чимээгүй суулаа. Түүнд “Манай Жан овогтууд хаан удамтай юм шүү. Гагцхүү өөрийн газар нутагтай болчихвол дэлхийн эзэн болно хэмээн үе дамжин тангарагласаар өдийг хүрлээ. Дундад улсад соёлын хувьсгал гарахад “хааны удмынхан” гэдгийг минь нэг “гөлөг” илчилснээс манайхан толгой дараалан хядуулж, би ээжийг чинь дагуулан түмэн бэрхшээлийг туулан Ар Халх руу амь зулбаж ирсэн юм. Түүнээс хойш өмхий жорлон ухаж, гол зогоож ирлээ. Даанч гутмаар. Хятад их гүрэнд байгаад нэмэргүй. Түмэн шоргоолж шиг олны дундаас гэрэлтэн гарч хаан болох нь бүү хэл толгойгоо ч цухуйлгаж чадахгүй. Харин энэ Монгол. Чамд Монгол, хятад хэлийг эн тэнцүүхэн сургасны учир энэ. Хоёр сэлэмтэй хүн хоёр гараараа зэрэг байлдана. Ганц сэлэмтэй хүн сэлэмгүй талаасаа цавчуулна” хэмээн сургаж, борви бохисхийлгэлгүй ногооны талбайд сөхөрч унатал нь ажиллуулж, өлөн зөлөм өсгөснөөс биш, сохор зоосны тухай үнэр ч авахуулаагүй билээ. Зоосны тухай эмгэнээ эзгүйд хэлсэнийг бодоход ээжээс нь ч нуусан бололтой.
Х х х
Эцгийн хэлснээр сайн цаг ирлээ. Монголд төрийн эргэлт гарч, паспортыг иргэний үнэмлэхээр солилоо. Жан овогт яаж энэ завшааныг алдах билээ. Мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй нэгэнд хэдэн төгрөг атгуулж, “халх боржигон” овог авч, нэрээ “Жаргалын Баянмонгол” хэмээн солилоо. Монголын шинэ төр газрыг иргэддээ өмчлүүлэх болсон нь Жан овогтод “тэнгэрийн умдаг” атгуулах нь тэр ээ. Эзэнгүй юм шиг цэлийх онгон зэлүүд газрыг харах болгонд шүлс нь сул асгарч, төвөнхөө гүрвэлзтэл залгидаг билээ.
Жан овогт “шинэ төрд суудлаа зассан” гэж цээжээ дэлдсэн нэгэн эртэй гайгүй “зузаарч”, түүний нууц ивээн тэтгэгч боллоо. Тэрээр ямар амьдардгаа үзүүлж, итгэлий нь бүтэн хүлээхийн тулд түүнийг гэртээ урьжээ. Хэний ч хараа булаам европын орчин үеийн загвар хийцтэй, эргэн тойронд нь зүлэг, мод суулгаж тохижуулсан, “энэ цагийн шинэ баячууд” хэмээн хамраа сөхсөн залуусын хэлбэрддэгээр “Рэд Хаус” хэмээх англи нэр өгсөн хоёр давхар орон сууцтай билээ. Түүний гэрт орж ирсэн хэн ч Мин үндэсний Жан овогт гэж төсөөлөхийн аргагүй монголжуу ахуйтай. Харин ажигч гярхай нүдээр сайтар шинжих юм бол цусанд нь шингэсэн….. хятад гэдгийг нь төвөггүй мэдэж болмоор. Одоог хүртэл түүнийг тэгж сонжсон хүн огт үгүй. Гэтэл хятад аялгуутай ярьдаг эх нь шувуун хөлөөрөө цөмцөгнөсөөр орж ирээд, өнөө Монголтой тонголзон мэндэлдэг байгаа. Найз нь ээжийг нь хараад цочих мэт болсноо, царай нь барсхийв. Жан овогт ээжийгээ “гар” хэмээн сэмхэн дохилоо. Зочин:
-Энэ хүн таны юу юм бэ? хэмээн их л сэрдэнгүй асуухад:
-Өө манай түншийн ээж. Ээж минь үхэхээсээ өмнө Ар халхын агаар залгиж үзнэ гээд амар заяа үзүүлэхгүй юм гэж гуйгаад байсан юм. Одоо яая гэхэв түншийнхээ хүчээр л арилжаа наймаа бүтэж, тандаа хүртэл бага сага юм хүртээж байгаа болохоор… гээд инээлээ.
Зочныг явсаны дараа минчийтлээ уурласан Жан овогт:
-Үхсэнээ хийж орж ирсэн юм. Чамаас болж миний хамаг ажил нурлаа хэмээгээд өмднийхөө тэлээг шувт татан авч, хамаг чадлаараа сэгээ сөгөөгүй ороолгоход эх нь орь дуу тавьснаа нуруугаа даран чимээгүй гиншлээ. Жан овогт дэлбэрэх шахан аахилж, “алчихалтай билээ. Даанч даанч аав…” хэмээн хөмхийгөө зуужээ.
Маргаашаас нь эмгэн гараашын ар талын харанхуй зооринд хоригдлоо.
-Ээж минь танд амар, надад ч амар. Нүдээ анитал чинь энд л байлгахаас. Хэзээнээсээ Хан үндэстэн гай болсон бүсгүйчүүдээ харанхуй сүмд насыг нь дуустал нар, салхины бараа харуулалгүй хорьдог нь заншил юм чинь гэжээ.
Х х х
Хоёр жилийн дараа. Жан овогтын эхнэр халамжтай, мөнгөтэй, ажилсаг, эелдэг зантай, “Хэзээ нэгэн цагт би Монголын төрд гарч “хаан” сууна. Би биш гэхэд миний хүү” хэмээн тоглоом шоглоомын дундуур хэлж хэвлийг нь энхрийлэн илдэг нөхрийнхөө ивээлд хүүгээ төрүүлэхээр хүлээж байлаа. Өнөө цагийн Монголд иймэрхүү эрчүүд ховордсон болохоор бүсгүй, түүний эцэг, эх ч “аз таарч, ерөөлөөр учирсан хань” хэмээн ихэд хүндэтгэн хайрлана.
Нэг өдөр нөхрийнхөө эзгүйд бүсгүй салхилахаар гэрээсээ гарчээ. Гэтэл юу харсан гэж санана аа. Хашаан дотор нь хир дагандаа өнгө нь мэдэгдэхээ больсон ноорхой хувцастай, цаас шиг цагаан царай нь хөхөр даасан, ёстой л утсан чинээ улаан гол дээр арьс тохуулсон гэмээр жижигхэн эмгэн нүхний амсар дээр амьсгаадан дээшээ харж хэвтэхийг хараад цочин балмагдаж дуу алдлаа. Бүсгүйг харсан эмгэн, сөөнгөтөж суларсан хоолойгоор:
-Охин минь битгий ай. Би Баянмонголын ээж нь байна хэмээн харь аялгуутай хэлэхэд бүсгүй:
-Юу, та юу хийж байгаа юм бэ? гэлээ. Эмгэн:
-Ойрт охин минь. Би хоёр жил цэвэр агаар амьсгалсангүй. Үхэхийнхээ өмнө гэгээн нарыг үзэх гэж энэ нүхийг жилийн өмнөөс дороос нь ухсан юм. Битгий ай. Миний төрсөн ганц хүү Хятад гэдгээ нуух гэж намайг энд хорьсон юм. Бид хятад хүмүүс. Мин үндэсний Жан овогт. Цаадах чинь миний гарч ирсэнийг мэдвэл намайг ч, чамайг ч ална. Би агаар амьсгаллаа. Одоо боллоо. Охин минь намайг буцаагаад оруулчих. Чи мэдээгүй, гарч ирээгүй бол дээр байсан юм. Намайг орсоны дараа энэ нүхийг мэдэгдэхгүй булаарай. Тэгэхгүй бол чамайг алчихна шүү хэмээн амьсгаадан хэллээ.
Бүсгүй яах учраа олохгүй зогсож байтал нөхөр нь хашаанд орж ирлээ. Бүсгүй нөхрөө хараад давхийн зочиж, айж, гайхсан нүдээр эх, хүү хоёрыг ээлжлэн харж зогстол нөхрийнх нь царай хувхай цайн, хамаг бие нь салгалснаа эхнэрээ “гэртээ ор” хэмээн дохилоо.
Баянмонгол юу ч дуугаралгүй, ухаж гаргасан нүхийг цоргих мэт харснаа эмгэний зүг шүдээ хавиран ойртож, зүүд зэрэглээ шиг түүнийг цаас шиг хумхин чирч, зооринд оруулав. Эмгэн “Би энэний гарт үхэж болохгүй. Урьтахгүй бол эцгийнх нь ч, манай овгийн ч, миний ч сүнс амрахгүй” хэмээн бодлоо. Уурандаа тэсрэх шахсан хүү нь харанхуй өрөөний яажгий муу орон дээр нь тавингуутаа л чахалзууры нь шахлаа. Эмгэн ч хоцорсонгүй. Амьдралынхаа эцсийн хүчийг шавхан, хоёр жил бүргэдийн савар шиг ургасан хумсаа гүрээнийх нь судсанд шигтгэлээ. Яг энэ агшнаа Жан овогтын эхнэр цочирдсондоо өвдөж, төдөлгүй нялх хүүхдийн дуу часхийлээ… Лууны зулзага…
2008 оны 7 сарын 1
Улаанбаатар
3:20 AM | Labels: Зохиолууд (Монгол хэлээр) | 0 Comments
- 1980 - 1989
- 1990 - 1999
- 2000 - 2009
- 2010 - 2011
- 2012-2013
- Аян замын тэмдэглэл
- Го.Дашням
- Гэрэл зураг
- Дурсамж
- Дуу
- Дууны үг
- Дүрс бичлэгүүд
- Жүжиг
- З.Эрдэнэбат
- ЗАРЛАЛ
- Зохиолууд
- Зохиолууд - Хятад хэл дээр (Stories in Chinese)
- Зохиолууд (Cолонгос хэл дээр) - Stories in Korean
- Зохиолууд (Англи хэлээр) - Stories in English
- Зохиолууд (Англи хэлээр) -Poem's in English
- Зохиолууд (Монгол хэлээр)
- Зохиолууд (Орос хэл дээр)
- Кино бүтээлүүд
- Мэдээ
- Нийтлэл
- Ном
- Судлал шүүмжлэл
- Судлал шүүмжлэл (Орос хэл дээр)
- Хобби
- Хөгжим
- Шүлгүүд (Орос хэл дээр)
- Шүлэг
- Ярилцлага
- Яруу Найраг
- Д.Пүрэвдорж
- Б.Мөнхболд /хөгжмийн зохиолч/
- Калиграфчин Ц.Бямбажав
- Ш.Өлзийбаяр
- Хөх Гацуурхан Театр
- Газарзүй
- Монгол бичиг
- Зураач Д.Бадам
- Д,Сумъяа
- Үүлэн бор
- Их Мянгат
- Д.Наранцогт
- Мэдээллийн шилдэг сайт
- Адаацаг
- aaaz
- Говь талын эгшиглэн
- Р. Чойном
- Го. Аким
- З. Эрдэнэбат
- Я.Баяраа
- Найман залуу
- Галаарид
- Бадамжав
- Баярхүүгийн Ичинхорлоо
- Сүхзориг
- Болор-Эрдэнэ
- Гантулга
- Монголын Зохиолчдын Эвлэл
- Ш.Баатар
Хубилай хааны хаврын хотод
Хубилай хааны хаврын хотод
Танилцуулга
Шагнал
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал 1999 он
- Удвал сангийн нэрэмжит шагнал 2008
- Утгын чимэг богино өгүүллэгийн наадамд оролцож 12 удаа эхний байруудад шалгарсан.
- Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" шагналт
Ном
- 2012 он - Дөргөнэ хатны алтан зоос
- 2010 он - Цагаан сүүний домог (Англи хэл дээр)
- 2009 он - Нар хурайлсан хийморь
- 2007 он - Шөнийн танго
- 2005 он - Тэнгэрийн зүүд
- 2005 он - Согоо суман
- 2002 он - Өнчин чавхдас дуулдаггүй
- 1998 он - Мэргэнд буусан чоно
- 1993 он - Удган
- 1987 он - Толгодын шивнээ
- 1985 он - Хараацайн жигүүр
Тайз, дэлгэцийн бүтээлүүд
- 2009 он - "Нүцгэн натур" уран сайхны кино
- 2011 он - Хурдан том болмоор байна
- 2011 он - "Тусгаар тогтнолын төлөө" теле жүжиг
- 1999 он - Тэнгэр мэднэ кино
- 2000 он - Нохойтой нөхцсөн бүсгүй кино
- 2000 он - Цагаан сүүний домог кино
- 2003 он - Мэргэнд буусан чоно балет
- 2008 он - Уулын бяцхан зоргол хүүхдийн балет
Холбоо барих
Шуудангийн хайрцаг: 54/210620A, Улаанбаатар хот, Монгол Улс
Телефон утас/факс: 976 - 11 - 310333
Утас: 976 - 99249466
Мэйл: tumenbayar_59@yahoo.com
Вэб: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Books
1987 - “Whisper of hills” stories.
1993 - “Shaman” stories
1999 - “The wolf in divination” stories
2000 - “One string makes no voice” stories
2000 - “The legend of egg stone” stories
2005 - “Horse like deer” stories
2005 - “Heaven’s dream” poems
2007 - “Night tango” stories
Movies
1999: “Heaven knows”
2000: “The girl coming together with dog”
2000: “Legend of white milk”
Plays
2005: “The log of love” modern dance in nature
2005: Solo show under the topic “The wolf in divination”
Songs
“Lost lottery” by Erdenesukh
“Whose child” by Erdenesukh
“Locked door” by Erdenesukh
“Mother’s milk” by Purevkhuu
“For my spouse” by Enkhbayar
“Praying “ by Enkhbayar
“Cradle song” by Purebkhuu
“Mongol Ger” by Ser-Od
“Let’s dance around bonfire” by Battumur
"Blue wolf of the steppe, I love you" By SH. Ulziibayar
Prizes and place winning in contests
2004: “Honorary labor medal” high prize by the state.
2006: The Natsagdorj prizewinner
2009: The S.Buyannemekh prizewinner
“Delicacy of meaning” state contest of short stories
1989: Movie “The routine to meeting” won the second place in the contest of movie writing organized by Mongolian Railroad.
1993: “The best of tea” 1st and 2nd places
1994: “The legend of inscribed rock” 2nd place
1996: “Heaven’s dream” 3rd place
1997: “Solitude” 3rd place
2000: “Gold coin of queen Turkina” 3rd place
2005: “Uraliin tes mod” 2nd place
1998: “The fellow in white shirt” 1st place in the contest of short stories dedicated to 360th anniversary of Ulaanbaatar
2003: “Thirsty horse” 2nd place in the state contest of short stories.
2006: “Gun galuutai” 4nd place in the state contest of short stories.
“Golden feather” the contest of the best works
2001: “Lonely musician” the best
2002: “The wolf in divination” modern ballet as the best
2003: “Journey without return ticket” the best
2004: “The site of death” the best
2005: “Horse like deer” the best
Contact
Post address: P.O.Box-54/210620A. Ulaanbaatar, Mongolia.
Tel/fax: 976-11-310333
Mobile: 976-99249466
Email: tumenbayar_59@yahoo.com
Web: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр